Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2020/00757

 

С.С-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/00819 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1226 дугаар магадлалтай,

С.С-ы нэхэмжлэлтэй,

Д.Б-д холбогдох,

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Бын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 5-р хороолол, 11-р байрны 27 тоот хаягт байрлах, Орон сууц өмчлөх эрхийн 000132023 дугаар бүхий гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Ү-2203012675 дугаар бүхий 51 м2 талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм.

2019 оны 01 сарын 08-ны өдөр иргэн Н.Амармэндтэй Орон сууц хөлслөх гэрээ байгуулан, уг гэрээний дагуу Хөлслөгчид уг орон сууцыг хүлээлгэн өгөхөөр очтол уг орон сууцны албан ёсны өмчлөгч болох С.С надтай ямар нэгэн гэрээ хэлцэл огт хийгээгүй, ямар ч хөлс төлөөгүй Д.Бынх гэх айл миний орон сууцанд амьдарч байсан бөгөөд уг орон сууцыг суллаж, чөлөөлж өгөх талаар 2019 оны 01 сарын 06-ны өдрөөс хойш удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл уг орон сууцыг суллаж, чөлөөлж өгөхгүй байгаа тул арга буюу тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд орон сууцыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/00819 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч С.Сы өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, 11-р байрны 27 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012675 дугаарт бүртгэлтэй 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Бын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Сд буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1226 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 181/ШШ2019/00819 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1226 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Миний бие нас 70 хүрсэн, хууль зүйн мэдлэггүй тул өмгөөлөгч авч хэрэгт хариу тайлбар өгөхөөр шүүхийн туслахад өмгөөлөгчтэй оролцоно гэж хэлсэн. Улмаар шүүхийн туслах надаар хэдэн цаасан дээр гарын үсэг зуруулаад авсан, би сайн ойлгохгүй зурах ёстой юм байх гээд гарын үсэг зурсан. Надад эрх, үүргийг танилцуулаагүй зөвхөн гарын үсэг зуруулсан. Мөн шүүх хуралдааны товыг хэлээгүй, би өмгөөлөгч аваад шүүхэд очиход болно гэж бодсон.

Ингээд хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчтэй уулзаж зөвлөгөө авч шүүх хурал дээр хариу тайлбар, нотлох баримтаа гаргаж өгөхөөр болж 2019 оны 04 дүгээр сарын 09-нд Монголын хуульчдын холбооны хуульч, өмгөөлөгч Б.Азжаргалтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан.

Өмгөөлөгч Б.Азжаргал хэргийн материалтай танилцахаар шүүхэд очиход шүүх хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 08-нд болсон гэсэн. Надад шүүхээс хуралдаа ирж байна уу, хаан а явж байна гэж хурал болох өдөр над руу яриагүйд маш их гомдолтой байна. Шүүхээс анхнаасаа надад мэдэгдэлгүй шүүх хуралдааныг хийх ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж үзэхэд хүргэж байна.

Анхан шатны шүүх хариуцагч миний өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн, шүүх хуралдааны товыг мэдэгдэх зэрэг хариуцагчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн байхад эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шударгаар мэтгэлцэх боломжоор хангаж, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1226 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.С хариуцагч Д.Бт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх эрх, үүргийг танилцуулаагүй, зөвхөн хэдэн цаасан дээр гарын үсэг зуруулсан, ...хуралдааны товыг хэлээгүй, ...өмгөөлөгчтэй уулзаж, зөвлөгөө аваад 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулаад, өмгөөлөгч хэрэгтэй танилцахаар шүүх  дээр иртэл 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаан болсон байна.  Миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн тул шударгаар мэтгэлцэх боломжийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн  72.2.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3.-т зааснаар түүний эзгүйд хэргийг хэргийг шийдвэрлэнэ гэж, 76 дугаар зүйлийн  76.2.1.-д хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.2.3.-т хэргийн оролцогч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

Шүүх хариуцагчид 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариу тайлбар ирүүлэхийг мэдэгдсэн, энэ өдөр эрх үүргийг танилцуулсан нь хэргийн 7, 8, 9 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.

2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлснийг хариуцагч 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан, тэрээр 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж, хэргийн материалтай танилцаж, хурлын тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан боловч 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх, өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй тул “...хуралдааны товыг мэдэгдээгүй, ...эрх үүрэг танилцуулаагүй, ...өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн...” талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 11 дүгээр байрны 27 тоот хаягт байрлалтай 2 өрөө орон сууц  нэхэмжлэгч С.Сы өмч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000132023 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хариуцагч Д.Б нэхэмжлэлийг гардаж аваад хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар хариу тайлбар өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т заасныг үндэслэн хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийг хангаж, орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлага хангасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/00819 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1226 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Бын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД