Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 202/МА2019/00016

 

 2019         07           18                                       202/МА2019/00016

Э.У-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 136/ШШ2019/00165 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын .... дүгээр баг, ...... гудамж, 2 дугаар байр ..... тоотод оршин суух, 198.... онд төрсөн, ......настай, эмэгтэй, Дарьганга овогт Э-ийн У /РД:ЛБ............00/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сумын ....... дугаар баг, .......... дүгээр байрны ...... тоотод оршин  суух, 19.... онд төрсөн, ....... настай, эмэгтэй, Шаргалзуут овогт Б-ын С /РД:.........08/-д холбогдох,

20 516 729 төгрөг гаргуулах үндсэн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 5 610 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, хариуцагч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч М.Чулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Г.Гын хамт Турк улсад 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажил хийж олсон орлогоо өөрийн Хаан банкны 5376087068 тоот дансанд шилжүүлж байсан. Гэтэл уг дансыг хамтран эзэмшигч иргэн Б.С миний өөрийн дансанд Турк улсаас шилжүүлсэн орлогыг миний бизнесийн зээлийг төлсөн гэх ор үндэсгүй шалтгаанаар өгөхгүй байгаа болно. Б.С нь миний Хаан банкнаас авсан бизнесийн зээлийг төлж хаана гэж намайг Турк улс явахын өмнө миний өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай 73м2 талбай бүхий Сайншанд сумын 4 дүгээр баг, 43 дугаар байрны 1 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг 45 000 000 төгрөгөөр үнэлэн худалдах, худалдан авах гэрээ хийж, гэрээний нэмэлт нөхцөлд 33 500 000 төгрөгийг урьдчилж төлсөн гэж, мөн миний нөхрийн өмчлөлийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 43-р байрны 2 тоотод байрлалтай 32м2 талбайтай 2 өрөө орон  сууцыг 25 000 000 төгрөгөөр үнэлэн худалдах, худалдан авах гэрээ хийж, гэрээний нэмэлт нөхцөлд 7500000 төгрөгийг урьдчилж төлсөн гэж тусган тус тус өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Мөн миний эзэмшлд байсан Худалдаа үйлчилгээний зориулалттай, Сайншанд сумын 4-р баг, 43-р байрны баруун талд байрлалтай 73м2 талбай бүхий газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан.

Б.С-тэй хийсэн худалдах, худалдан авах гэрээний нөхцлөөр бол миний бие 2 үл хөдлөх хөрөнгөө түүнд 70 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээнүүдийн нэмэлт нөхцөлд заасан нийлбэр дүн бүхий 41 000 000 төгрөгөөр миний бизнесийн зээлийн үлдэгдлийг төлж хаахаар тохиролцсон бөгөөд миний бизнесийн зээл 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 39 398 229 /2 зээлийн нийлбэр/ хаагдсан. Гэтэл миний Турк улсаас өөрийн дансанд оруулсан орлогыг зээл төлсөн нэрийдлээр, мөн дэлгүүр болон орон сууц худалдсан үнийн дүнгийн зөрүү 25 300 000 төгрөгийг ч өнөөг хүртэл өгөөгүй. Намайг гэрээний нөхцлийг хуулийн дагуу зөв, бүрэн гүйцэт ойлгоогүй, бичиг үсэг мэдэхгүй байдлыг далимдуулан хүний мөсгүй зан гаргаж, ер нь манай гэр бүлээс худалдаж авсан 2 үл хөдлөх хөрөнгийн үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй, дээр нь нөхрийнхөө хамт харь улсад ажиллаж олсон орлогыг хүртэл ямар ч шалтгаангүйгээр хувьдаа ашиглан хохироож байна. Иймд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5376087068 тоот дансанд Турк улсад ажиллах хугацаанд шилжүүлж байсан 20 516 729 төгрөгийг Б.Сээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: У надтай ах дүүсийн холбоотой. Миний ээж Ц.Ц, Э.Уийн өвөө Ц.Н хоёр төрсөн ах дүү хоёр. Анх У өрийн төрсөн эцэг эх, эгч дүүс нь харж хандахгүй явахад нь миний аав, ээж хоёр гэртээ авчирч энэ хүнийг мэддэг болсон. У миний төрсөн гэрт байхдаа нөхөр Гатай танилцаж гэр бүл болж байсан. Миний гэр бүлийнхэн Ут их зүйлийг зааж өгсөн. Тусдаа гарснаас нь хойш миний аав ээж өөрсдийн чадах зүйлээр тусалж байгаад, аав ээж маань өнгөрснөөс хойш бид холбоогүй байсан. 2016 оны сүүлээс буцаад бие биетэйгээ мэнд устай болж ойр зуурхандаа ярьдаг болсон. Тухайн үед У 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг, нөхөр 3 хүүхдийн хамт тэр байрандаа амьдарч байсан. Тэгээд тэдний банкны зээл хоцрогдолтой, дэлгүүртээ бараа ч байхгүй байхад нь өөрийн боломжоор бараа зээлж авч өгч байсан, тухайн үед өөрсдөө байраа зарна гэж байнга зар тавьдаг байсан боловч зарагдаагүй, банкны зээлээ төлж чадахгүй олон сараар хоцрогдолтой байсан. Зээлээ төлж чадахгүй банкинд хураалгах гээд байна, энэ асуудлаа шийдэж чадахгүй байна, та туслаач гэж гуйж байсан. Надад анх У та өөрийнхөө нэр дээр шилжүүлээд бид хоёрт туслаач гэж гуйхад нь би нөхрөөсөө асууя гээд хариу хэлээгүй байсан. Тухайн үеийн Хаан банкны эдийн засагчид Уийн төлөлт хоцрогдол их байгаа, боломжтой бол туслаач гэж хэлж байсан. Тэгээд нөхөр Гатай ирж манай нөхөр бид хоёртой уулзаад бид хоёр ямар ч асуудал гаргахгүй, зээлээ цаг хугацаанд нь төлж байгаад буцаагаад нэр дээрээ шилжүүлж авна гэж тохиролцож зээлийг нэр дээрээ шилжүүлж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тэгээд хоёулаа Солонгос явах материалаа бүрдүүлэх болоод байршуулах 5 000 000 төгрөг хэрэг болсон. Өөрсдөд нь бэлэн мөнгө байгаагүй, тухайн үед зээлийг хаах мөнгөн дээр зардлын мөнгийг гаргаж зээлийн асуудлыг шийдсэн. Нөхөр нь компанийхаа нэрээр бичиг баримтаа бүрдүүлж У 5 000 000 төгрөг байршуулж виз мэдүүлсэн боловч Солонгосын виз нь татгалзсан. Зээлээ Монголд байж төлөх чадвар байхгүй, хэцүү байна, Турк явж ажиллая гээд нөхөр нь ахынхаа ангийн залуутай холбогдсон ч ямар ажил хийх нь тодорхойгүй, очоод ажил шууд олдохгүй гэсэн байхад нь би Туркэд байдаг найд Чимэдчулуунтай холбогдож ажил асууж тусламж гуйсан. Найз минь надруу холбогдож шууд очоод байрлах байртай бэлэн ажил олж өгөөд явуулах болсон. Ингээд явах болоход өөрийн Хаан банкны дансанд хамтран эзэмшигч болгож өөрийн банкны картаа үлдээсэн. Туркэд байхдаа явуулсан мөнгөний зарцуулалт баримт нь бүгд байгаа. Мөн надтай холбогдож байсан яриа бүгд баримтаар байгаа. Би Уээс нэг ч төгрөг хувьдаа аваагүй, энэ бүгдийг миний эгч Б.С, Б.О гэрчилнэ. Мөн тухайн үед зээл хариуцаж байсан мэргэжилтэн хүртэл баталж өгнө. Би нөхөр 5 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй эгчийн хамт наймуулаа амьдардаг. Би өөрөө Амьтай рашаан нэртэй дэлгүүр ажиллуулдаг. Надад Уийг ашиглах ямар ч ашиг сонирхол байхгүй. Харин У миний зээлэнд нь хийсэн мөнгийг өгч байраа буцааж авахад надад ямар ч асуудал байхгүй. Би өөрөө банкны зээлийг нь төлөх боломжгүй, найдваргүй зээлдэгч болоод хохироод явж байна. Тиймээс намайг хохиролгүй болгож өгнө үү гэж Ут хэлмээр байна гэжээ.

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Э.У, Га хоёр нь 2017 оны 02 дугаар сарын сүүлчээр ирж Б.С надтай уулзан “Манай байр банкны барьцаанд хураагдах гээд байна, та нэр дээрээ байр, дэлгүүрийг шилжүүлж аваач, бид хоёр одоо Солонгос улсад ажиллахаар болж байгаа, Солонгос  улсаас ажилласан мөнгөөрөө энэ зээлээ төлөөд байраа буцаагаад авчихна” гэж удаа дараа гуйсан. Би энэ хоёрыг өрөвдөөд “би тусалмаар байна, гэхдээ нөхөртэйгээ зөвлөнө” гэж хэлсэн. Нөхөр маань зөвшөөрөөгүй, олон гуйсны эцэст энэ хоёрт туслахаар болсон. Мөн энэ үед Хаан банкны эдийн засагч н.Г, н.Б нар нь 2017 оны 02 дугаар сард зээл авахаас өмнө удаа дараа манай дэлгүүрт ирж Уийн  байр, дэлгүүрийн зээл хоцрогдол ихтэй байгаа, та хоёр дэлгүүрийг нь авчихаач гэсэн санал удаа дараа тавьж байсан. Э.У Солонгос явж ажил хийхэд барьцааных нь 5 000 000 төгрөгийг гаргуулж болох уу гэхэд болгоно гэсэн. Хаан банкны эдийн засагч Г, Б нар нь нэг нэгээрээ ирж уулзаж байсан. Үүний үндсэн дээр миний бие Хаан банкнаас бизнесийн зориулалтаар 49 000 000  төгрөгийн зээл гаргуулсан. Энэ бүх мөнгө Уийн дансруу орсон. Үүнийг банкны ажилтнууд зээлийнхээ эрсдлийг бууруулах зорилгоор биднийг ашиглаж зээл авахуулсан болохыг мэднээ. Иймд энэ зээлийг бидний өөрийн санаачилгаар хийгдээгүй, банкны эрсдэлгүй ажиллах явцуу эрх ашгийн үүднээс төөрөгдүүлж, хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 26.3, ИХШХШТХуулийн 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл, мөн 59.1-д засан хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд, уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэсэн заалтуудын дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Э.У сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн “...худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлагын тухайд: Би тухайн үед нөхөр бид хоёрын өмчлөлд байсан үйлчилгээний зориулалт бүхий дэлгүүр болон орон сууцны барилгуудыг зарж худалдахаар 2016 оны 04 сарын үед Дорноговь зар мэдээлэл, Дорноговь шуурхай зар, фэсбүк группийн хаягуудад 5-6 өдөр дараалан зарж тавьж, зарын дагуу олон хүн холбогдож асууж байсан хэдий ч үнийн хувьд тохиролцоонд хүрээгүй. Гэтэл ийнхүү зар тавиад хэсэг хугацаа өнгөрсөн хойно Б.Сээс манай нөхөр Гын нэрээр чат бичиж хэдээр зарах юм, газартай юу гэж асуухад 50 000 000 төгрөгөөр зарна гэхэд үнэтэй байна, 49 000 000 гэвэр шууд авна гэж хариу өгсөн.

Би цаг хугацааг нь тодорхой санахгүй байна, үүнээс хойш би христийн чуулганд оролцдог болж Б.Сийн хамт суудаг байсан. Нэг өдөр бид хоёр чуулган тараад тэдний гэрт очоод байж  байхдаа би гадаадад гарч ажил хийх санаатай, дэлгүүрээ бүх бараатай нь орхино гэж ярьж байсан юм. Энэ явдлаас хойш удаагүй С манай гэрт нөхөр Энхбаатарын хамт ирээд бид хоёр та хоёрт тусалъя гэж байна, ямар нэгэн асуудал гаргахгүй шүү гэж хэлсэн. Ингэж уулзахдаа С би та хоёрыг ирэх хүртэл хүүхдүүдэд чинь идэх уух юм, мөнгө төгрөг өгч байна, дэлгүүрийн түрээсийн мөнгө өгнө, нийгмийн даатгалыг чинь бүрэн төлөөд дансаар чинь тодорхой орлого оруулж гаргаад, ирээд зээл авахад ямар ч асуудалгүй болгоод байж байя гэж хэлсэн.

Б.С надтай 2017 оны 02 сарын эхээр утсаар яриад та хоёр дэлгүүр, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ аваад нотариатын газар хүрээд ир, худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Хаан банкны эдийн засагчаас банкны зээлийн барьцаанд байсан дэлгүүр, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг аваад нотариат дээр очиж худалдах, худалдан авах гэрээ хийж үйлчилгээний зориулалт бүхий дэлгүүр болон орон сууцны барилгуудаа Б.Сийн нэр дээр шилжүүлсэн. Би Б.Сийг тухайн үед банкны эдийн засагчид манай дэлгүүр, орон сууцны барилгыг авахаар боллоо, бичиг баримтыг надаар өгч явуулаарай гэж тохиролцсон байсан гэж ойлгож байгаа, түүнээс банк надад бичиг баримтыг шууд өгөхгүй.

2017 оны 03 сарын 07-нд С зээл авах боллоо, банкин дээр ирж гэж надруу яриад би очсон. Тэгээд банкнаас 49 сая төгрөгийн зээл аваад миний нэр дээрх бизнесийн 2 зээлийг 39 398 229 төгрөгөөр хааж би банкны баримтад гарын үсэг зурсан. Харин үлдсэн 9 сая гаруй төгрөгийг бэлнээр С гялгар торонд хийгээд явах үед үүнийг харсан банкны эдийн засагч Б наад Утээ мөнгө өгөөрэй, болохгүй шүү гэхэд С зүгээрээ гээд аваад явсан, би тэр мөнгөнөөс нэг ч төгрөг ваагүй байхад зээлийн бүх мөнгө Уийн дансанд орсон гэж үндэслэлгүйгээр бичсэн байна.

Худалдах, худалдан авах гэрээ хийчихээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахаар хөөцөлдөж  байхдаа С дэлгүүр, орон сууцаа надад зарсан гэж ах дүү нартаа  битгий хэлээрэй, бөөн юм болно шүү гэж хэлж байсан. Би Стэй 2017 оны 1 сард анх хамт очихдоо дэлгүүр, орон сууцаа зарах тухайгаа ярьснаас өөрөөр тэднийд дахин очоогүй, олон удаа гэрээр нь очиж гуйгаагүй болно.

Миний хувьд Хаан банкны оролцоотой хийгдсэн хууль бус худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох гэдгийг ойлгохгүй байна. Тэгээд Хаан банкны оролцоотой юм бол Хаан банкийг хариуцагч гэхгүй яагаад дан ганц намайг гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Харин ч С өөрөө банкны эдийн засагч нартай далдуур тохиролцож банкны барьцаанд байсан манай гэр бүлийн дэлгүүр, орон сууцны барилгын бичиг баримтуудын эх хувийг нотариатад авчруулж хуулбарлуулан гэрээ хийлгэж, өөрийн нэр дээр шилжүүлж улмаар зээл гаргуулсан үйлдлээрээ намайг хууран мэхэлсэн нь тодорхой, гэрээг хүчингүй болгож манай гэр бүлд үл хөдлөх хөрөнгүүдийг буцаан олгохоор ойлгогдож байна.

Нэхэмжлэлийн үндэслэлээ “...банкны ажилтнууд зээлийнхээ эрсдлийг бууруулах зорилгоор биднийг ашиглаж зээл авахуулсан...зээлийг бидний өөрийн санаачилгаар хийгдээгүй банкны эрсдэлгүй ажиллах явцуу эрх ашгийн үүднээс төөрөгдүүлж, хууль зөрчиж хүчин төгөлдөр бус хийгдсэн хэлцэл гэж үзэж байна” гэж Хаан банкнаас авсан зээлийн талаар гаргаад байгаа нь шаардлагаа үгүйсгэж, нотолж чадахгүй, шаардлага үндэслэл хоёр хоорондоо холбоо хамааралгүй зөрчилдөж байна.

Миний зүгээс Хаан банкны зээлийн мэргэжилтнүүдтэй дэлгүүр, орон сууцны барилгаа Б.Сд худалдах, зээл гаргуулах талаар ярилцсан, тохиролцсон асуудал огт байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 2 үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан хоёр гэрээний чухам алиныг нь эсхүл хоёуланг нь хүчин төгөлдөр бусад тооцуулахыг тодорхой заагаагүй байна.

Зээлийн төлөлт болох 5 610 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: С нь манай гэр бүлийн өмчлөлийн 2 барилга буюу үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөлдөө авсан. Нэгэнт Б.Сийн өмч болж, захиран зарцуулах эрх шилжсэн, нэхэмжлэгч нөхөр Ч.Энхбаатарыг хамтран зээлдэгчээр оролцуулан гэрээ хийж банкнаас хөрөнгө оруулалтын зээл авсан. Би Сийг хөрөнгө оруулалтын зээл авахад хамтран зээлдэгчээр оролцоогүй, зээлийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй тул 5 610 000 төгрөгийг надаас нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Б.Сд холбогдуулан гаргасан 20 516 729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар Э.У, Б.С нарын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаарсарын 08-ны өдрийн Дорноговь аймаг, Сайншанд сумын 4-р баг, 43-р байрны 02 тоот орон сууц, 01 тоот дэлгүүрийг худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн 000488771 тоот газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Э.Уээс 4 730 000 төгрөг гаргуулж хариуцагч Б.Сд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 880 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Э.Уээс төлсөн 260 600 төгрөг, хариуцагч Б.Сээс төлсөн 612 660 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

Нэхэмжлэгч Э.Уээс илүү төлсөн 66 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Э.Уээс 598 580 төгрөг гаргуулж хариуцагч Б.Сд тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-д зааснаар хариуцагч Б.Сээс хавтаст хэрэгт хавсарган өгсөн цагаан өнгийн 2 ширхэг Содоо-1, Содоо-2 тэмдэглэгээтэй дууны  бичлэг /CD/-ийг хавтаст хэрэгт хавсаргаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн буюу үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь 20 516 729 төгрөг гаргуулах, харин зээл, зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй. Анхан шатны шүүх эрх зүйн маргаантай харилцаа нь зээлийн гэрээ, маргааны зүйл нь зээл гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитой үнэлж, хуулийн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн атлаа нотолгооны бусад  хэрэгслээр нотлогдоогүй байхад зөвхөн facebook-ээр харилцсан зурвасууд, хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн орон сууц, дэлгүүрийг худалдах, худалдан авах гэрээнүүдийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж хүчингүй болгож хийсвэр дүгнэлт хийж, улмаар ямар ч үндэслэлгүйгээр Уээс 4 730 000 төгрөг гаргуулж хариуцагчид олгохоор, нэгэнт гэрээ хүчингүй болсон, үл хөдлөх хөрөнгүүд нэхэмжлэгчид буцаан олгогдох байтал, банкны зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрээнүүдийг үндэслэлгүйгээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд хохироож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн  шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах зөрчигдсөн эрхээ хамгаалуулхаар, нөгөөтэйгүүр гэр бүлээрээ гадаад улсад хамтран хөдөлмөрлөж олсон, эзэмшлийн дансандаа байршуулсан 20 516 729 төгрөгийг хариуцагч ямар ч гэрээ, хэлцэл, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар зарцуулсныг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар гэр бүлийн дундын мөнгөн хуримтлал учраас нэхэмжлэгч мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар нөхөр Гатай харилцан тохиролцож захиран зарцуулна. У Турк улсаас өөрийн эзэмшдэг дансандаа гуйвуулгаар байршуулсан мөнгөн хуримтлалаар хариуцагч Сд өөрийнхөө зээлийг төлөх эрх олгож гэрээ, хэлцэл хийгээгүй, хийсэн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, ямар нэг байдлаар зөвшөөрөл өгөөгүй. Зөвхөн Номин дэлгүүр, үл хөдлөх хөрөнгийн татвар, ломбардны барьцаа чөлөөлүүлэх зэрэг бусдад төлөх төлбөр тооцоог хийлгэх зорилгоор, ах дүү хүмүүс болохоор итгээд дансныхаа хамтран эзэмшигчээр бүртгүүлж, цахим картаа үлдээсэн.

Нэхэмжлэгч дансанд байршуулсан мөнгөн хуримтлалаа захиран зарцуулах эрхийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчид шилжүүлээгүй, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч, хариуцагч хоёрын дундын өмч биш, харин нөхөртэйгөө хамтран хөдөлмөрлөж олсон,  хуульд заасан үндэслэл бүхий гэр  бүлийн дундын өмч гэдгийг хариуцагч үгүйсгэж маргаагүй. Харин хариуцагч С нь дансны хамтран эзэмшигчийн давуу байдлаа ашиглан Гын гэр бүлийн дундын өмчийг дур мэдэн захиран зарцуулж өөрийн банкны зээлээ төлсөн. Дээрх нөхцөл байдал, хуулийн үндэслэлүүдээр маргаантай эрх зүйн харилцаа нь гэр бүлийн дундын өмчийг захиран зарцуулах, харин маргааны зүйл нь захиран зарцуулах эрх гэж үзэж байна. Хариуцагчийн CD бичлэгээр гарган өгч, үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн бэхжүүлсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын facebook-ээр харилцсан зурвасуудыг  амаар хийсэн зээлийн гэрээ гэж үзэх хуулийн үндэслэлгүй, маргааны үйл баримтад огт хамаарахгүй, хариуцагчийн зүгээс Турк улсад ажилладаг найзаараа зуучлуулж нэхэмжлэгчийг нөхрийн нь хамт явуулсан гэдгээр далимдуулж өдөр алгасалгүй, өглөө үдэшгүй чатаар Ут дарамт, шахалт үзүүлж аргагүй байдалд оруулан хэлүүлж бичсэн зурвас, эцэстээ нэхэмжлэгчийн эсрэг ашиглаж байгаа, анхнаасаа У нэр дээрээ зээл авахуулья, миний зээлийг хаагаад өгөөч гэж хэлээгүй, ярилцаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. С анх дэлгүүр, орон сууцыг авья гэсэн саналыг гаргасан, мөн банкны зээл судлах, банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээг худалдах худалдан авах гэрээ хийхээр банкнаас авах асуудлыг биечлэн хөөцөлдсөн нь гэрч Гын мэдүүлгээр нотлогдож байгаа. Хариуцагч үнэхээр туслая гэсэн сэтгэл зорилгоор зээл авахаар тохиролцсон, өөртөө ашиг хараагүй юм бол зээлийн үлдэгдэл 9 601 771 төгрөгийг зээл авсан даруйд Ут өгөлгүй яах гэж өөрөө авч хэрэглэсэн, эсхүл нэхэмжлэгчийн зээлийг хаах хэмжээний дүнд тохирсон зээл авахгүй илүү хэмжээгээр зээл авсан, мөн худалдах, худалдан авах 2 гэрээний нэмэлт нөхцөлд урьдчилгаа мөнгө төлсөн мэтээр тусгаж  хийсэн нь урьдаас төлөвлөж, өөрт ашигтай байсан учраас зээл авсан нь хэн бүхэнд тодорхой ойлгомжтой байгааг шүүх бүрэлдэхүүн анхааран үзнэ үү. Иймд Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  06 дугаар сарын 04 ний өдрийн 136/ШШ2019/00165 дугаар шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Э.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Турк улс руу явсан. Би гадуур нийтдээ 2 430 000 төгрөгийг өртэй байсан. Тэгээд эгчийгээ өөрийнхөө дансаа хамтран эзэмшигч болгосон. Би байраа зараад худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Би байраа зараад нэг ч төгрөг аваагүй. 39 500 000 төгрөгийн бизнесийн зээлийг хаасан. Надад зуун ч төгрөг өгөөгүй. Банкин дээр надаар гарын үсэг зуруулчихаад зээлийг төлөөд үлдэгдэл мөнгийг торонд хийгээд аваад гарсан. Тэгтэл одоо болохоор би мөнгийг аваагүй, хүүхдүүдийг нь бодсон гэж хэлээд байгаа. Би ээжийнхээ алтан бөгжийг тавиад Турк улс руу явсан. Монголд 1 ой 8 сартай хүүхдээ орхиод явсан. Надад хэцүү байсан. Байнгын мөнгө нэхээстэй. Би тэгээд байрыг зараарай, та яагаад 70 сая гэж хэлээд байгаа юм бэ, би 50 сая гээд зар тавьчихсан байсан шүү дээ гэж С эгчид хэлж байсан. Дэлгүүрийг үзсэн хүнд 70 сая төгрөгөөр зарна гэж хэлж намайг хохироосон. Би гэрт байгаа бүх эд зүйлээ үлдээсэн. Би байраа зараад үлдэгдэл мөнгийг аваагүй. 39 500 000 төгрөгөөр бизнесийн зээл хаасан. Надад С эгчээс авах мөнгө байгаа. Мөн намайг сүлжээнд оруулсан, чамайг ирэхэд 10 сая төгрөг болчихно чи ирээд аваарай гэж хэлсэн. Кодыг нь нэхэхээр надад хэлэхгүй, өөрөө хэрэглээд ашиглаад байж байгаа. Хаан банкинд дансны хамтран эзэмшигч болгосон. Салгуулая гэхэд С эгч үгүй бүх зүйл дууссаны дараа салгуулна гэж хэлсэн байгаа. Би үүнийг ойлгохдоо С эгч намайг сүлжээнд оруулсан мөнгөө авах гээд байна гэж ойлгож байна. Би хадмууддаа байраа зарсан гэж хэлээгүй явсан. Хадам сүүлдээ мэдээд намайг загнасан. Чи яагаад байр саваа зарж байгаа юм бэ. Тэр Содоо чинь ганц чамайг ч биш зөндөө хүн луйвардаад явж байгаа гэдэг, би ингээд хадмын дарамтанд байгаа. Миний хүүхдүүдийн дэргэд байнга намайг бичиг үсэг мэдэхгүй энэ тэр гэж хэлдэг. Би орох оронтой болмоор байна. Би эднийд зарц  хийдэг байсан. Би нэг ч зуун төгрөг авч гараагүй. Намайг 2 удаа луйвардсан. Би 3 хонь, 2 ямаатай ирж байсан. Тэгтэл 3 хонь 2 ямаа чинь 80 000 төгрөг болж байна шүү гэж хэлээд надад өгч байсан удаа байгаа. Би тэр үед ганцаараа байсан. Би эднийд байгаа юм чинь гээд тэр асуудлыг хаяж байсан. Намайг 2 удаагаа луйвардаж байна. Үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. 20 519 729 төгрөгийг нэхэмжилж байна, би аргагүй эрхэнд шүүхэд хандсан гэв.

Хариуцагч Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Утэй ах дүүсийн холбоотой. Аав ээж маань ах дүү нартаа их тусалдаг хүмүүс байсан. Манай аав ээж 2 Уийг авчраад, бид хамт амьдарч байсан. Тэр хугацаандаа нөхөр Гатайгаа танилцаад гэр бүл болж гарсан. Миний Ут туслах болсон шалтгаан нь энэ хүний амьдралыг мэдэж байгаа учраас туслах болсон. Би нөхөр 3 хүүхдүүдийн хамт, мөн өөрийнхөө эгчтэйгээ амьдардаг. У нөхрийнхөө хамт зээл аваад түүнийгээ төлж чадахгүй асуудал үүсгээд банкинд удаа дараа асуудал гаргаад, ийм байдал үүсээд байна гэсэн асуудлыг хэлсэн. Өөрөө дэлгүүр ажиллуулдаг байсан. Өөрийнхөө бололцоогоороо найзуудаасаа бараа авчруулаад заруулдаг байсан. Ийм байдал үүсээд байна туслах хүн байдаггүй, намайг туслаач гэж Уийг хэлэхэд нь би нөхөртэйгөө ярьж үзье гэж хэлсэн. Нөхрийгөө Солонгос улс руу явуулах гээд виз мэдүүлчихсэн байсан. Би тэгээд нөхөртөө Уранаад асуудал үүсээд байна гэнээ хоёулаа зээлийг нь өөрсдийнхөө нэр дээр шилжүүлье. Өөрсдөө найдвартай төлнө гэнээ. Хоёулаа хамт явчихбал энэ асуудлаас нь амархан гарах юм байна гэж энэ асуудлыг ярьсан. Манай нөхөр өмнө нь ийм онцгүй зан гаргаж байсан гэж хэлэхэд нь нөхөр, хүүхэдтэй болчихсон юм чинь гайгүй байлгүйдээ гээд хоёулаа тус болчихъё гэж хэлсэн. Өмнөх байдлыг нь мэдэж байсан юм чинь амаар энэ зээлийг хийсэн. Солонгос виз мэдүүлэхэд нь татгалзсан. Тэгээд Турк улс визгүй учраас би Турк улсад байдаг найз руугаа ярьж гуйгаад Турк улс руу явсан. Явахаасаа өмнө өөрийнхөө банкны дансан дээрээ надтай хамтран эзэмшигч болсон. Та миний зээлийг төлөх юм чинь хоёулаа хамтран эзэмшигч болчихоё. Би өөрийнхөө данс руу мөнгө хийгээд байя, та зээлээ төлөөд бай. Миний дансаар мөнгө төгрөг ороод байвал дараа нь зээл авахад гайгүй гэж хэлж байсан. Би хэрэгт Уийн над руу явуулсан мөнгийг юунд зарцуулсан талаар дэлгэрэнгүйгээр хавсаргасан байгаа. Би нэг ч төгрөгийг өөрийнх нь мөнгөнөөс аваагүй. Тухайн үед Хаан банкны эдийн засагчаар ажиллаж байсан Бг гэрчээр дуудаж мэдүүлэг авахуулсан байгаа. Ут тус болоод зээлийг нь өөрийнхөө нэр дээр авсан. У нөхрөөсөө нууцаар явуулж байгаад сүүлдээ явуулахаа болиод одоо Хаан банкны найдваргүй зээлдэгч болсон байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Чулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С нь Уийн хүсэлтээр банкин дээр очиж зээлийн гэрээг хийгээд харилцах дансаа хамтран эзэмшигч болгосон байдаг. Хаан банкны Б, Г нар мэдүүлэг өгсөн байгаа. У, С нар нь Б, Г нартай банкыг хохиролгүй болгох талаар ярилцаж тохиролцсон. Анхан шатны шүүхээс эдгээр хүмүүсийн хоорондын харилцаагаар зээлийн гэрээ хийгдсэн байна гэж үзээд шийдвэрлэснийг миний зүгээс хүлээн зөвшөөрч харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Б.Сд холбогдуулан Турк улсад ажиллах хугацаандаа ХААН банкны 5376087068 дансанд шилжүүлсэн 20516729 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.С эс зөвшөөрч шилжүүлсэн мөнгийг өөрийнх нь өр, зээлийг төлсөн гэж маргаж, улмаар тэдний хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, зээлд төлсөн 5610000 төгрөг гаргуулахаар  сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Э.У сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ХААН банкны зээлийн мэргэжилтнүүдтэй дэлгүүр, орон сууцны барилгаа Б.Сд худалдах, зээл гаргуулах талаар ярилцсан зүйл байхгүй, ... дэлгүүр орон сууц гэсэн 2 үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан 2 гэрээний алиныг хүчин төгөлдөр бусад тооцуулах нь тодорхойгүй гэж маргажээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчид харилцан тохиролцож ХААН банкны 5376087068 дансанд хамтран эзэмшигчээр Б.Сийг бүртгүүлж, улмаар уг дансанд 2017.06.30-2018.07.02-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 20516729 төгрөгийг хариуцагч Б.С зарлага гаргаж захиран зарцуулсан болох нь тогдоогдсон байх ба гагцхүү уг мөнгийг хэрхэн юунд зарцуулах байсан, нэхэмжлэгч Э.Уийн ямар өглөг, зээлийг Б.С уг дансанд шилжүүлсэн мөнгөөр төлөхөөр буюу итгэмжлэн шилжүүлсэн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах талаар зохигчид маргажээ.

            Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй буюу талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүйн гадна  уг маргаан бүхий данс нь Э.У, Г.Га, Б.С нарын эзэмшилд бүртгэлтэй /хх-4/ байх ба нэхэмжлэгч Э.У нь данс эзэмшигч Г.Гыг төлөөлж байгаа эсэх нь тодорхойгүй буюу өөрийн нэрийн өмнөөс эсхүл Г.Га, Э.У нарын хэн алины нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй, түүнд энэ талаар итгэмжлэл олгогдоогүйгээс Г.Гын эрх ашиг хөндөгдсөн байгааг анхаараагүй байна.

            Түүнчлэн хариуцагч Б.С нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ /хх-109/ ХААН банкны оролцоотой хууль бус хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн шаардлага гаргасан байх боловч чухам хэзээ, хэнтэй байгуулагдсан, юу худалдан авсан гэрээ болох талаар нэхэмжлэлд тодорхой дурдаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй, улмаар шүүх хуралдаанд мөн энэ талаар тодруулаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд сөрөг нэхэмжлэлийг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй.

            Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.С нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 02 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч Э.У болон түүний нөхөр Г.Га нартай, мөн өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 1 тоотын баруун талд хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч Э.Утэй байгуулсан байх бөгөөд эдгээр гэрээг бүгдийг хүчин төгөлдөр бус гэж тооцох эсэх, мөн Г.Гатай гэрээ байгуулсан атлаа түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, мөн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний талаар нэхэмжлэлд дурдаагүй байхад анхан шатны шүүх уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь Г.Гын эрх ашгийг зөрчсөний гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д нийцээгүй гэж үзнэ.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүд нь анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлын үндэслэлд эрх зүйн дүгнэлтийг эцэслэн хийх боломжгүй тул хангахгүй орхив.

            Гэхдээ нэгэнт хэргийг анхан шатны шүүхэд буцааж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260600 төгрөгийг буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 136/ШШ2019/00165 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Э.Уээс давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                             Н.БАТЧИМЭГ