Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 273

 

 

                                        

 

 

 

2019 оны 10-р сарын 08-ны өдөр                     136/ШШ2019/00273               Сайншанд сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 4-р баг, 877 км гудамж, 2-р байр, 04 тоотод оршин суух, Дарьганга овогт Энхтөрийн У /РД:ЛБ82060100/,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 4-р баг, 877 км гудамж, 2-р байр, 04 тоотод оршин суух, Дархчуул овогт Гантөмөрийн Г /РД:ЕС83081019/ нарын  нэхэмжлэлтэй,

 

             Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 7-р баг, Найрамдалын гудамж, 119 дүгээр байрны 03 тоотод оршин суух, Шаргалзуут овогт Болдын Сд  /РД:ЕС78041308/ холбогдох

 

   Дансанд шилжүүлсэн 22 476 804 төгрөг, сүлжээнд элсэхэд төлсөн 400 000 төгрөг, 2 900 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зээлийн төлөлтөд өөрийн зүгээс төлсөн 5 610 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаатар хариуцагчийн өмгөөлөгч М.Чулуун, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.У миний бие нөхөр Г.Гантулгын хамт Турк улсад 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажил хийж олсон орлогоо өөрийн Хаан банкны 5376087068 тоот дансанд шилжүүлж байсан. Гэтэл дансыг хамтран эзэмшигч иргэн Б.С миний өөрийн дансанд Турк улсаас шилжүүлсэн орлогыг миний бизнесийн зээлийг төлсөн гэх ор үндэсгүй шалтгаанаар өгөхгүй байгаа болно. Б.С нь миний Хаан банкнаас авсан бизнесийн зээлийг төлж хаана гэж намайг Турк улс явахын өмнө миний өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай 73 м.кв талбай бүхий Сайншанд сумын 4 дүгээр баг, 43 дугаар байрны 01 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг 45,000,000 төгрөгөөр үнэлэн худалдах, худалдан авах гэрээ хийж, гэрээний нэмэлт нөхцөлд 33,500,000 төгрөгийг урьдчилж төлсөн гэж, мөн миний өөрийн өмчлөлийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 43 дугаар байрны 02 тоотод байрлалтай 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 25,000,000 төгрөгөөр үнэлэн худалдах, худалдан авах гэрээ хийж, гэрээний нэмэлт нөхцөлд 7,500,000 төгрөгийг урьдчилж төлсөн гэж тусган тус тус өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Мөн миний эзэмшилд байсан худалдаа үйлчилгээний зориулалттай, Сайншанд сумын 4 дүгээр баг, 43 дугаар байрны баруун талд байрлалтай 73 м.кв талбай бүхий газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Б.Стэй хийсэн худалдах, худалдан авах гэрээний нөхцлөөр бол миний бие 2 үл хөдлөх хөрөнгөө түүнд 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээнүүдийн нэмэлт нөхцөлд заасан нийлбэр дүн бүхий 41,000,000 төгрөгөөр миний бизнесийн зээлийн үлдэгдлийг төлж хаахаар тохиролцсон бөгөөд миний бизнесийн зээл 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 39,398,229 /2 зээлийн нийлбэр/ хаагдсан. Гэтэл миний Турк улсаас өөрийн дансанд оруулсан орлогыг зээл төлсөн нэрийдлээр, мөн дэлгүүр болон орон сууц худалдсан үнийн дүнгийн зөрүү 25,300,000 төгрөгийг ч өнөөг хүртэл өгөлгүй намайг гэрээний нөхцлийг хуулийн дагуу зөв, бүрэн гүйцэд ойлгоогүй, бичиг үсэг мэдэхгүй байдлыг далимдуулан хүний мөсгүй зан гаргаж, ер нь манай гэр бүлээс худалдаж авсан 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй, дээр нь нөхрийнхөө хамт харь улсад ажиллаж олсон орлогыг хүртэл ямар ч шалтгаангүйгээр хувьдаа ашиглан хохироож байна. Иймд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5376087068 тоот дансанд Турк улсад ажиллах хугацаанд шилжүүлж байсан 20,516,729 төгрөгийг хариуцагч Б.Сээс гаргуулахаар танай шүүхэд хандаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Би Турк улсаас явуулсан 20 516 729 төгрөг, Турк улсаас явуулсан цалин 1 960 075 төгрөг, сүлжээний 400 000 төгрөг, хөргөгч хөлдөөгч гэх мэт 2 900 000 төгрөгийн эд зүйлийг тус тус нэхэмжилж байна. Би байраа 2 газартайгаа худалдах, худалдан авах гэрээ хийгээд зарсан. Газрыг 25 жилээр манай нөхөр авсан байсан. Зарж байх үед гэрчилгээг нь шилжүүлэх боломжгүй байсан. Бид хоёр Турк улсаас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ирээд эд зүйлээ авъя гэхэд өгөөгүй. Миний сүлжээнд орсон кодыг эдгээр хүмүүс ашигладаг. Хуулийн дагуу зарсан байхад энэ хүн дүр эсгэж хийсэн гэж байна гэв.

 

Хариуцагч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаатар шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Аман гэрээгээр хоорондоо тохирсон гэрээ гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Турк улсаас явуулсан мөнгийг банкны зээлэнд төлж байсан. 1 960 000 төгрөг нь Турк улсаас явуулж байсан дансны хуулгад энэ талаар байгаа. 400 000 төгрөг нь сүлжээний зүйлд орсон ба энэ мөнгө нь цахим мөнгө юм. Бойжилтын шатанд явж байгаа учир хэрэглэх боломжгүй юм. Энэ мөнгийг одоо гаргаж өгөх боломжгүй. 2 900 000 төгрөг гэж байна. Би өөрөө 5 610 000 төгрөгийг энэ хүний өмнөөс банкны зээлд хийсэн учир хэрэг шийдсэний дараа өгөхөөр өөрийнх нь үл хөдлөх хөрөнгө дотор түгжээтэй байгаа гэв.

 

Хариуцагч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаатар  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Аман гэрээгээр зээл эхнэр бид хоёрын нэр дээр шилжээд банкны барьцаанаас түр хойшлуулсан арга байсан. У нь манай эхнэртэй эгч дүүсийн хүүхдүүд ба намайг хүргэн болж байхад манай гэрт амьдарч байсан. Цуг амьдардаг байхдаа бид нарыг муу хэлээд байдаг байсан. Би нэг сүмд явдаг ба нэг өдөр У сүмд орж ирсэн. Одоо бодоход энэ бүхнийг эртнээс төлөвлөсөн башир арга байжээ гэж үзэж байна. Турк явах үедээ энэ талаар хэлээгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад У, Г нартай хийсэн дэлгүүрийн үл хөдлөх хөрөнгө, орон сууц үл хөдлөх хөрөнгө, эзэмшил газар гэх гурван гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж тооцуулахаар шаардлага гаргасан. Бичиг баримтын хувьд хуулийн дагуу хийгдсэн мэт харагдаж байгаа ч аман гэрээ байсан учир хууль бус, хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. 5 610 000 төгрөг нь Уээс явуулсан мөнгөөр банкны төлөлт хийж байсан. Хамгийн сүүлд У байраа зар гээд бид хоёрыг хаясан. Энэ үед 2018 оны 04 дүгээр сард 710 000 төгрөг явуулсан. Энэ мөнгө дээр өөрийн зүгээс 670 000 төгрөг нэмж банкны төлөлт хийсэн. Мөн 2018 оны 06 дугаар сард 1 210 000 төгрөг явуулсан ба энэ мөнгө дээр 170 000 төгрөг нэмж төлөлтийг хийсэн. 2018 оны 08 дугаар сард 1 400 000 төгрөгийг бид хоёр хийсэн, 09 дүгээр сард 1 380 000 төгрөгийн төлөлт хийсэн, 10 дугаар сард 1 400 000 төгрөг хийсэн. Мөн бид хоёрын данснаас банк 100 000 төгрөг татан авсан байсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн татварын мөнгө 450 000 төгрөг тушаасан. Ингээд нийт 5 610 000 төгрөг нэхэмжилж байна. У удаа дараа худал хэлж гүтгэж байна. У Турк улсаас сүүлийн 3 сар зээлийн эргэн төлөлт хийгээгүй, бид хоёр төлсөн байхад Монгол улсад ирээд эд хөрөнгөө авъя гэж байгааг нь ойлгохгүй байна. Бид аман гэрээ хийсэн. 2017 онд хүчтэй салхи шуурч дэлгүүрийн дээвэр эвдэрсэн. Энэ үед бид тухайн газрыг эзэмшилдээ авах гэж байсан бол дээврийг өөрөө засах байсан. Мөн 2 500 000 төгрөгийн төлөө итгэмжлэл хийсэн гэж байна гэж байна. Миний гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт 2016 оны 10 дугаар сард Банкок улс ороход заавал итгэмжлэгч болох шаардлагатай гэх үүднээс итгэмжлэл хийсэн гэж бичсэн байна. Энэ хугацаа зөрж байгаа. Хаан банкнаас гаргаж өгсөн баримтаар 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр буусан байгаа. Гэтэл энэ хугацааг 7,8 сараар зөрүүлж хэлж байна. Мөн Уийг яваад ирэхэд хүүхдүүдийг нь харж байна гэж хэлсэн гэж байна. Би 5 хүүхэдтэй хүн. Гэтэл танай хүүхдүүдийг харж, хандана гэж юу байх вэ? Би өөрөө найман нэрийн хүнсний дэлгүүртэй ба танай газрын мухарт байгаа дэлгүүрт сонирхол алга. Мөн Турк улсаас дарамтлуулсаар байгаад тэгж бичсэн гэж хэлж байна. Би яаж дарамталсан бэ? Хавтас хэргийн 30-43, 48-50 дугаар хуудсанд бичсэн мэссеж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн тайлбарын хавсралтанд ажил хийгээд нэмэр алга, бид хоёр банкны мөнгө төлж чадахгүй тул дэлгүүрээ зар гэх агуулага бүхий мэссеж бичсэн байгаа. Зээл гарсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, С гялгар уутанд хийгээд аваад гарсан гэж хэлээд байдаг. Үүнийг Хаан банкны эдийн засагч Батнаран гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Уийн дансанд орсон гэж хэлдэг гэв.

 

Нэхэмжлэгч Э.У, Г.Г нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Татварын 450 000 төгрөг надад хамаагүй. Учир нь энэ эд хөрөнгө хариуцагч талд шилжсэн. Би баримтаа хавтаст хэрэгт өгсөн. Зээлэнд төлсөн гэх мөнгийг зөвшөөрөхгүй. Хариуцагч тал тэр байрыг худалдаад авчихсан. Би Турк улсаас явуулсан цалингаа авъя гэсэн. Би байр зарсан мөнгө авъя гэж хэлээгүй. Суутгасан гэх 100 000 төгрөгийг би зөвшөөрөхгүй. Гэрээ хуулийн дагуу хийгдсэн. Цаашлаад би байр зарсан гэх мөнгийг нэхэмжилнэ. Ядаж хувцасаа авах гээд очиход өгөөгүй гэв.

            

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.У, Г нар нь хариуцагч Б.Сд холбогдуулан Турк улсаас шилжүүлсэн 22 476 804 төгрөг, сүлжээнд элсэхэд төлсөн  400 000 төгрөг, 2 900 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах,

хариуцагч Б.С 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 5 610 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.С нэхэмжлэлийн шаардлагын 2 900 000 төгрөгийн эд зүйл гаргуулах шаардлагыг зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч дансанд шилжүүлсэн мөнгөнөөс Э.Уийн 22 476 804 төгрөгийн өр, зээлийг төлсөн, 400 000 төгрөгийн хариуцагч биш гэж маргана.

 

Нэхэмжлэгч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хуулийн дагуу хийгдсэн гэрээ, хариуцагч Б.Сийн өөрийн зээлд төлсөн мөнгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчид харилцан тохиролцож ХААН банкны 5376087068 тоот дансанд хамтран эзэмшигчээр Б.Сийг бүртгүүлж, улмаар уг дансанд 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд шилжүүлсэн нийт 22 476 804 төгрөгийг хариуцагч Б.С зарлага гаргаж захиран зарцуулсан болох нь тогтоогдсон, шилжүүлсэн мөнгөний үнийн дүнд талууд маргаагүй болно.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Э.У, Г.Г, Б.С нарын хооорнд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, гэрээний зүйл болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 02 тоот орон сууц, тус байрын баруун талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус дэлгүүрийн 73 м2 талбай бүхий газрыг хариуцагч Б.Сийн өмчлөлд шилжүүлсэн байна.  

 

Гэрч Н.Батнарангийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-101-104/, /хх-72-73/ зохигчийн тайлбар, Турк улсад ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэгч Э.Уээс хариуцагч Б.Сд сар бүр шилжүүлсэн мөнгөн дүн зэргээс үзэхэд Э.У,/хх-5-6/ Г.Г нар нь 39 398 229 төгрөгийн зээлийн үлдэгдэлийг  төлж, зээлийг хаалгах зорилгоор өөрсдийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч улмаар өмчлөх эрхийг хариуцагч Б.Сд шилжүүлж, Б.С Хаан банкнаас 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 49 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, нэхэмжлэгч нарын зээлийн үлдэгдэл 39 398 229 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төлж, зээлийн гэрээ дуусгавар болсон байна. /хх-152-154, 245/

 

Мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нар 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 49 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн үүргийг гүйцэтгэж, үл хөдлөх хөрөнгүүдээ буцааж авахаар тохирсон гэх хариуцагчийн тайбар илүү үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Зохигчид 22 476 804 төгрөгийг хэрхэн юунд захиран зарцуулсан талаар маргасан ба захиран зарцуулалтыг авч үзвэл:  

 

Хаан банк дахь 5376087068 тоот дансанд нэхэмжлэгч нарын шилжүүлсэн мөнгөнөөс хариуцагч 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд зээлд сар бүр 1 400 000 төгрөг, нийт 15 сарын, 21 000 000 төгрөгийг төлсөн болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Э.У үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлсөн 90 000, хүү Тэмүүлэнд өгсөн 20 000, ээж Даариймаад өгсөн 600 000, өөрийн компаний тайлан гаргахад төлсөн 100 000, гар утасны нэгж 20 000 төгрөг, нийт 830 000 төгрөгийн зарцуулалтыг хүлээн зөвшөөрч байгаа ба дэлгүүрийн эрчим хүчний төлбөр 53 230 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч төлсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-26/

 

Харин ломбардны хүү-138 150 төгрөг, барааны үнэ-545 960 төгрөг, газрын албанд төлсөн-25 000 төгрөг нийт 709 110 төгрөгийн зарцуулалт бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Б.Сээс 709 110 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 хаалгатай босоо хөргөгч, зайрмагны хөргөгч, хөдлөөгч, шилэн лангуу-10 ширхэг, төмөр тавиур-10 ширхэг, хяналтын камер-2 ширхэг нийт 2 900 000 төгрөгийн эд зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөд татгалзахгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь сүлжээний бизнест элссэн 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба тухайн мөнгийг хариуцагч хариуцан төлөх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Э.У, Б.С нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 02 тоот орон сууц худалдах худалдан авах гэрээ, мөн тус байрын баруун талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, тус дэлгүүрийн 73 м2 талбай бүхий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан.

 

Талуудад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй зөвхөн барьцаанд тавихын тулд гэрээ байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үндсэн шинжийг агуулж байна.

 

 Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 02 тоот орон сууц, тус байрын баруун талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус дэлгүүрийн 73 м2 талбай бүхий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Хаан банк болон Б.С нарын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн БГ20174263093 тоот барьцааны гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн БГ201742936093-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 171.1, 172.1, 172.4-т зааснаар өмчлөгч ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд барьцааны зүйл нь гагцхүү барьцааны шаардлагын хамт нэгэн зэрэг шилждэг байна. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээний өмчлөгч өөрчлөгдсөн ч тухайн эд хөрөнгөд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр үлдэх тул шинэ өмчлөгч нь барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийн өмчлөгч болно.

 

Өөрөөр хэлбэл Э.Уийн орон сууц, дэлгүүр, газарт ногдуулсан үүрэг хэвээр үлдэнэ.

 

Б.С нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2018 оны 08-10 дугаар сарын 4 180 000 төгрөг 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдр 100 000 төгрөг нийт 4 280 000 төгрөг төлсөн болох нь  зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Э.У, Г нараас  4 280 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Сд олгох нь зүйтэй.  

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1330 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар хариуцагч Б.Сээс 709 110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.У, Г нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 167 694 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.У хариуцагч Б.С нарын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 02 тоот орон сууц, тус байрын баруун талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус дэлгүүрийн 73 м2 талбай бүхий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Э.У, Г.Г нараас 4 280 000 төгрөгийг гаргуулан Б.Сд олгож, сөрөг нэхэмжлэлийн  шаардлагаас үлдэх 1 330 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхбаатар нэхэмжлэгч нарын өмчлөлийн 2 хаалгатай босоо хөргөгч, зайрмагны хөргөгч, хөдлөөгч, шилэн лангуу-10 ширхэг, төмөр тавиур-10 ширхэг, хяналтын камер-2 ширхэг нийт 2 900 000 төгрөгийн эд зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөд татгалзахгүй гэснийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260 600 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 21 568 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчаас илүү төлсөн 437 750 төгрөгийг хариуцагчид  буцаан  олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 153 630 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.  

           

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                                  

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА