Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00380

 

  Э.Уранчимэг, Г.Гантулга нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2019/00273 дугаар шийдвэр,

 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 202/МА2019/00026 дугаар магадлалтай,

 Э.Уранчимэг, Г.Гантулга нарын нэхэмжлэлтэй,

Б.Содгэрэлд холбогдох,

Хаан банкны дансанд шилжүүлсэн 22,476,804 төгрөг, сүлжээнд элсэхэд төлсөн 400,000 төгрөг, 2,900,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын зээлийн төлбөрт төлсөн 5,610,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Уранчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаатар, гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Уранчимэг миний бие нөхөр Г.Гантулгын хамт Турк улсад 2017.04.15-ны өдрөөс 2018.09.18-ны өдөр хүртэл ажил хийж олсон орлогоо өөрийн Хаан банкны 5376087068 тоот дансанд шилжүүлж байсан. Гэтэл дансыг хамтран эзэмшигч иргэн Б.Содгэрэл миний өөрийн дансанд Турк улсаас шилжүүлсэн орлогыг миний бизнесийн зээлийг төлсөн гэх ор үндэсгүй шалтгаанаар өгөхгүй байгаа болно. Б.Содгэрэл нь миний Хаан банкнаас авсан бизнесийн зээлийг төлж хаана гэж намайг Турк улс явахаас өмнө миний өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай 73 м.кв талбай бүхий Сайншанд сумын 4 дүгээр баг, 43 дугаар байрны 01 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг 45,000,000 төгрөгөөр үнэлэн худалдах-худалдан авах гэрээ хийж, гэрээний нэмэлт нөхцөлд 33,500,000 төгрөгийг урьдчилж төлсөн гэж, мөн миний өөрийн өмчлөлийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 43 дугаар байрны 02 тоотод байрлалтай 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 25,000,000 төгрөгөөр үнэлэн худалдах-худалдан авах гэрээ хийж, гэрээний нэмэлт нөхцөлд 7,500,000 төгрөгийг урьдчилж төлсөн гэж тусган тус тус өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Мөн миний эзэмшилд байсан худалдаа үйлчилгээний зориулалттай, Сайншанд сумын 4 дүгээр баг, 43 дугаар байрны баруун талд байрлалтай 73 м.кв талбай бүхий газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Б.Содгэрэлтэй хийсэн худалдах-худалдан авах гэрээний нөхцөлөөр бол миний бие 2 үл хөдлөх хөрөнгөө түүнд 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээнүүдийн нэмэлт нөхцөлд заасан нийлбэр дүн бүхий 41,000,000 төгрөгөөр миний бизнесийн зээлийн үлдэгдлийг төлж хаахаар тохиролцсон бөгөөд миний бизнесийн зээл 201703.07-ны өдөр 39398229 /2 зээлийн нийлбэр/ хаагдсан. Гэтэл миний Турк улсаас өөрийн дансанд оруулсан орлогыг зээл төлсөн нэрийдлээр, мөн дэлгүүр болон орон сууц худалдсан үнийн дүнгийн зөрүү 25,300,000 төгрөгийг ч өнөөг хүртэл өгөлгүй намайг гэрээний нөхцөлийг хуулийн дагуу зөв, бүрэн гүйцэд ойлгоогүй, бичиг үсэг мэдэхгүй байдлыг далимдуулан хүний мөсгүй зан гаргаж, ер нь манай гэр бүлээс худалдаж авсан 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй, дээр нь нөхрийнхөө хамт харь улсад ажиллаж олсон орлогыг хүртэл ямар ч шалтгаангүйгээр хувьдаа ашиглан хохироож байна. Иймд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5376087068 тоот дансанд Турк улсад ажиллах хугацаанд шилжүүлж байсан 20,516,729 төгрөгийг хариуцагч Б.Содгэрэлээс гаргуулахаар танай шүүхэд хандаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Уранчимэг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2016 оны 10 дугаар сард хариуцагч Б.Содгэрэл One Coin гэдэг сүлжээнд намайг элсүүлнэ хэмээн хэлж итгүүлснээр би түүнд 400,000 төгрөг өгсөн. Дээрх сүлжээнд оруулахад болзол нь 400,000 төгрөгөөс дээш төгрөгийн хураамжаас гадна мөн данс хамтран эзэмших ёстой гэсэн хариуцагчийн шаардлагаар би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5376087068 тоот дансанд Б.Содгэрэлийг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. One Coin сүлжээнд элссэн гишүүнд цахим хуудсанд нэвтрэх нууц код өгдөг гэсэн ба энэ талаар Улаанбаатар хот дахь төв офиссоос нь утсаар ярьж асуухаар Б.Содгэрэлтэйгээ ярьж кодоо ав, тэр хүнд байгаа гэсэн хариуг өгдөг. Б.Содгэрэлийг өөрийн дансны хамтран эзэмшигчээс хасуулъя гэхээр банкин дээр ирдэггүй, нууц кодыг өгөхгүй байгаа нь миний банкны данс, нууц кодыг ашиглан миний нэрээр дээрх сүлжээнээс өөртөө ашиг орлого олж байгаа нь илэрхий бөгөөд өнөөдрийг хүртэл сүлжээний ашиг орлого гэж Б.Содгэрэл надад нэг ч төгрөг өгөөгүй.

Мөн Турк улс руу явахаас өмнө хариуцагч Б.Содгэрэл манай гэр бүлийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай 73 м.кв талбай бүхий Сайншанд сумын 4-р баг 43-р байрны 1 тоотод байрлалтай дэлгүүр, мөн сумын 4-р баг, 43-р байрны 2 тоотод байрлалтай 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус хууль, гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Ийнхүү үл хөдлөх хөрөнгүүдээ худалдах-худалдан авах гэрээгээр өгөхдөө Турк улсаас ирээд авахаар тохирч дэлгүүрт хоёр хаалгатай хөргөгч 1,300,000 төгрөг, зайрмагны хөлдөөгч 450,000 төгрөг, махны хөлдөөгч 250,000 төгрөг, 10 ширхэг шилэн лангуу 500,000 төгрөг, 10 ширхэг төмөр тавиур 250,000 төгрөг, хяналтын камер 150,000 төгрөг, нийт 2,900,000 төгрөгийн эд хөрөнгийг үлдээгээд явсан. Турк улсаас ирээд Б.Содгэрэлтэй дээрх эд хөрөнгүүдийг авах тухай 2 удаа утсаар ярьж, 3 удаа биеэр очиж уулзсан боловч иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл өгөхгүй гэж ямар ч үндэслэлгүй шалтаг заан элдэв үг хэлээр доромжилж, дээрэнгүй аашлан, хуульгүй мэт загнаж миний өмчлөх эрхэнд халдаж хохироож байна. Иймд сүлжээнд элсүүлэх нэрээр авсан 400,000 төгрөгийг гаргуулах, өөрийн өмчлөлийн дээрх эд хөрөнгүүдийг албадан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Мөн 2017.05.26-ны өдөр өөрийн дансандаа 1,960 075 төгрөг шилжүүлэхээр хариуцагч Б.Содгэрэлийн найз тухайн үед Турк улсад амьдарч байсан Чимэдчулуунд өгснийг Чимэдчулуун нь Б.Содгэрэлийн 5376075891 дугаарын Хаан банкны дансанд шилжүүлсэн. Иймд дээрх 1,960,075 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлага 20,516,729 төгрөг дээр нэмж нийт 22,476,804 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Б.Содгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед Э.Уранчимэг нь найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг, нөхөр, гурван хүүхдийн хамт тэр байрандаа амьдарч байсан. Тэгээд тэдний банкны зээл хоцрогдолтой, дэлгүүртээ бараа ч байхгүй байхад нь өөрийн боломжоор бараа зээлж авч өгч байсан. Тухайн үед өөрсдөө байраа зарна гэж байнга зар тавьдаг байсан боловч зарагдаагүй, банкны зээлээ төлж чадахгүй олон сараар хоцрогдолтой байсан. Зээлээ төлж чадахгүй банканд хураалгах гээд байна, өөрсдөө энэ асуудлаа шийдэж чадахгүй байна, та туслаач гэж гуйж байсан. Надад анх Э.Уранчимэг та өөрийн нэр дээр шилжүүлээд бид хоёрт туслаач гэж гуйхад нь би нөхрөөсөө асууя гээд хариу хэлээгүй байсан. Тэгээд нөхөр Г.Гантулгатайгаа ирж манай нөхөр бид хоёртой уулзаад бид хоёр ямар ч асуудал гаргахгүй зээлээ цаг хугацаанд нь хийж байгаад буцаагаад нэр дээрээ шилжүүлж авна гэж тохиролцож зээлийг нэр дээрээ шилжүүлж худалдан авах гэрээ хийсэн. Тэгээд хоёулаа Солонгос улс руу явах материалаа бүрдүүлэх болоод байршуулах 5,000,000 төгрөг хэрэг болсон. Өөрсдөд нь бэлэн мөнгө байгаагүй. Тухайн үед зээл хаах мөнгөн дээр зардлын мөнгийг гаргаж зээлийн асуудлыг шийдсэн. Нөхөр нь компанийхаа нэрээр бичиг баримтаа бүрдүүлж, Э.Уранчимэг 5,000,000 төгрөг байршуулж виз мэдүүлсэн боловч Солонгос улс руу явах виз нь татгалзсан. Ингээд би Туркэд байдаг найз Чимэдчулуунтай холбогдож шууд очоод байрлах байртай, бэлэн ажил олж өгөөд явуулах болсон. Явахад нь өөрийн Хаан банкны дансанд хамтран эзэмшигч болгож өөрийн банкны картаа үлдээсэн. Туркэд байхдаа явуулсан мөнгөний зарцуулалтын баримт нь бүгд байгаа. Мөн надтай холбогдож байсан яриа бүгд баримтаар байна. Э.Уранчимэгээс би нэг ч төгрөг хувьдаа аваагүй. Энэ бүгдийг миний эгч Б.Сонинбаяр, Б.Одгэрэл нар гэрчилнэ. Мөн тухайн үед зээл хариуцаж байсан мэргэжилтэн хүртэл баталж өгнө. Надад Э.Уранчимэгийг ашиглах ямар ч ашиг сонирхол байхгүй. Харин Э.Уранчимэг миний зээлэнд нь төлсөн мөнгийг өгч байраа буцааж авахад надад ямар ч асуудал байхгүй.

Түүнчлэн 2016.08.12-ны өдөр Э.Уранчимэг нь One Coin сүлжээнд элсэн орсон. Би Э.Уранчимэгийг ятгаагүй, ийм боломж байгааг хэлсэн. Э.Уранчимэг нь өөрөө шийдвэрээ гаргаж элсэн орсон. Би ямар нэгэн хүчээр тулган элсэн оруулаагүй болно. Уг сүлжээнд ороход данс хамтран эзэмшигчтэй байхыг шаарддаггүй ба 3 жилийн өмнө Хаан банкны 5376087068 тоот дансыг хамтран эзэмшигч болсон гэсэн байна, гэтэл зээл нь гараад Турк явахаас нь өмнө 3 сард дансны хамтран эзэмшигч болсон. Мөн энэхүү One Coin хэмээх цахим мөнгө нь бирж дээр гараагүй бойжилтын шатандаа явж байгаа ба одоо ямар ч ашиглах боломжгүй мөнгө юм гэжээ.

Хариуцагч Б.Содгэрэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э.Уранчимэг, Г.Гантулга нар нь 2017 оны 02 сарын сүүлээр ирж Б.Содгэрэл надтай уулзан Манай байр банкны барьцаанд хураагдах гээд байна. Та нэр дээрээ байр, дэлгүүрийг шилжүүлж аваач, бид хоёр одоо Солонгос улсад ажиллахаар болж байгаа, Солонгос улсаас ажилласан мөнгөөрөө энэ зээлээ төлөөд байраа буцаагаад авна гэж удаа дараа гуйсан. Би энэ хоёрыг өрөвдөөд туслахаар болсон. Нөхрийгөө олон гуйсны эцэст зөвшөөрүүлсэн. Ингээд тэр хоёрын нэр дээр байсан №000379024 дугаартай 73 м.кв талбай бүхий дэлгүүр, мөн №0151942 дугаартай 32 м.кв бүхий орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж, банкнаас зээл гаргуулж өгсөн байдаг.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Содгэрэл миний бие болон Э.Уранчимэг, Г.Гантулга нарын хооронд байгуулагдсан 2017.02.08-ны өдрийн 32 м.кв талбай бүхий Сайншанд сумын 4-р баг, 43-2 тоотод байрлах орон сууцыг худалдан авах гэрээг, мөн өдрийн Б.Содгэрэл болон Э.Уранчимэг бидний хооронд байгуулагдсан 73 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай байр Сайншанд сумын 4-р баг, 43-1 тоотод байрлах дэлгүүрийг, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй 73 м.кв бүхий газрыг худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хаан банкны эдийн засагч Н.Ганбат, Н.Батнаран нар нь удаа дараа ирж Э.Уранчимэг болон түүний нөхөр Г.Гантулга нарын байр, дэлгүүрийн зээл хоцрогдол ихтэй байгаа, та хоёр дэлгүүрийг нь авчихаач гэсэн саналыг удаа дараа тавьж байсан. Үүний үндсэн дээр миний бие Хаан банкнаас бизнесийн зориулалтаар 49,000,000 төгрөгийн зээл гаргуулсан. Энэ бүх мөнгө Э.Уранчимэгийн данс руу орсон. Банкны ажилтнууд зээлийнхээ эрсдэлийг бууруулах зорилгоор биднийг ашиглаж зээл авахуулсан болохыг мэдлээ. Иймд энэ зээлийг бидний өөрийн санаачилгаар хийгдээгүй, банкны эрсдэлгүй ажиллах явцуу эрх ашгийн үүднээс төөрөгдүүлж, хууль зөрчиж, хүчин төгөлдөр бус хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Г.Гантулгын төлөөлөгч Э.Уранчимэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Содгэрэлийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Бидний хувьд Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р баг 877 км гудамж 2-4 тоотод байрлах 32 м.кв талбайтай орон сууц, 73 м.кв талбайтай дэлгүүрийн байруудыг эзэмших эрхийн 2 төрлийн гэрчилгээтэй газрын хамтаар худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж өгсөн. Б.Содгэрэлийн нэр дээр эд хөрөнгүүд шилжсэн. Бидний хооронд байгуулагдсан гэрээ ч хүчин төгөлдөр байгуулагдсан. Гэрээгээр тохиролцсон 70,000,000 төгрөг миний дансанд орсон. Үүнээс 39,398,229 төгрөг миний зээлийн данс руу орсноор миний нэр дээр байсан зээл хаагдаж үлдэгдэл мөнгийг Б.Содгэрэл, Г.Гантулга бид хоёрыг гадагшаа явахад чинь өгнө гэж хэлээд гүйцээж өгөөгүй. Бид өөрсдийн Турк улсад ажиллаж олсон цалин мөнгөө Б.Содгэрэлийг мөнгө явуулаарай гэж хэлэхээр нь өгдөг байсан. Б.Содгэрэл биднийг гадагшаа яваад ирэхэд чинь бүх зүйлийг чинь сайхан болгоно гэж хэлдэг байсан болохоор бид ч Б.Содгэрэлд итгэж найдаж явснаар эцэстээ хохирч үлдэж байна гэжээ.

 Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2019/00273 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар хариуцагч Б.Содгэрэлээс 709 110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Уранчимэг, Гантулга нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,167,694 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.Уранчимэг хариуцагч Б.Содгэрэл нарын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 02 тоот орон сууц, тус байрын баруун талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус дэлгүүрийн 73 м2 талбай бүхий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Э.Уранчимэг, Г.Гантулга нараас 4,280,000 төгрөгийг гаргуулан Б.Содгэрэлд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,330,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхбаатар нэхэмжлэгч нарын өмчлөлийн 2 хаалгатай босоо хөргөгч, зайрмагны хөргөгч, хөлдөөгч, шилэн лангуу 10 ширхэг, төмөр тавиур 10 ширхэг, хяналтын камер 2 ширхэг, нийт 2,900,000 төгрөгийн эд зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөд татгалзахгүй гэснийг дурдаж,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,600 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 21,568 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчаас илүү төлсөн 437,750 төгрөгийг хариуцагчид буцаан олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 153,630 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 202/МА2019/00026 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 136/ШШ2019/00273 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 238 дугаар зүйлийн 238.1, 399 дүгээр зүйлийн 399.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Содгэрэлээс 2,900,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гантулга, Э.Уранчимэг нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 22,876,804 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Гантулга, Э.Уранчимэг, хариуцагч Б.Содгэрэл нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 02 тоот хаягт байрлах, 32 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, нэхэмжлэгч Э.Уранчимэг, хариуцагч Б.Содгэрэл нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 1 тоотын баруун талд байрлалтай 73 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны А/238 тоот шийдвэрээр эзэмших эрх үүссэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны баруун талд байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 73 м.кв газрыг эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 02 тоот хаягт байрлах, 32 м.кв талбай бүхий орон сууц, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны 1 тоотын баруун талд байрлалтай 73 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 43 дугаар байрны баруун талд байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 73 м.кв газрыг хариуцагч Б.Содгэрэлээс гаргуулан нэхэмжлэгч Г.Гантулга, Э.Уранчимэг нарын өмчлөлд шилжүүлж олгох, нэхэмжлэгч нараас нийт 22,487,365.68 төгрөг гаргуулж хариуцагч Б.Содгэрэлд олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,610,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дугаар заалтыг 2 гэж дугаарлан заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 270,386 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Содгэрэлд олгож, хариуцагч Б.Содгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд 61,350 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Содгэрэлийн илүү төлсөн нийт 76,660 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Б.Содгэрэлд олгосугай. гэж тус тус өөрчилж, 2 дугаар заалтыг хүчингүй болгож, 4, 5 дугаар заалтыг 3, 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын давж заалдсан гомдлыг хангаж,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Уранчимэг нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Зээлийн 49,000,000 төгрөг, Э. Уранчимэгт төлөлт хийсэн 5,610,000 төгрөг, нийт 54,610,000 төгрөгийг Э. Уранчимэг хариуцаж төлөх үндэслэлтэй болох нь хариуцагчийн шүүхэд бүрдүүлж өгсөн нотлох баримтуудаар тодорхой байхад шат шатны шүүгч нар тооцоололтыг сайтар нягтлан үзэхгүйгээр 5,610,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Иргэний хэргийн 172 дугаар зүйлийн 172.4-д заасан ... ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно ... ипотек болон шаардлага нь өмнөх үүрэг гүйцэтгэгчид байсан хэмжээгээр шинэ үүрэг гүйцэтгэгчид шилжих тухай хуулийн заалтыг шат шатны шүүгчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа нь хариуцагчийг төөрөгдүүлж нэхэмжлэгчид ашигтай байдал үүсгэж байна.

3. Банкны ажилтнууд зээлийнхээ эрсдэлийг бууруулах зорилгоор харилцагчийг ашиглаж хүчин төгөлдөр бус хийгдсэн хэлцэл гэдгийг шүүх тогтоосон байхад Б. Содгэрэл Турк улсаас Э.Уранчимэгийн ирүүлсэн мөнгийг зээлийн төлөлтөнд өгч байсныг даалгаврын гэрээ гэж үзэхгүй байгаа нь ойлгомжгүй байна.

4. Шүүх Иргэний хуулийн 243 худалдах-худалдан авах гэрээ, 158, 159 барьцаалагчийн шаардлага, 56.1.2 дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 399 даалгаврын гэрээг харилцан адилгүй тайлбарлаж хариуцагчийг илтэд хохироосон, хуулийн заалтыг харилцан адилгүй хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 202/МА2019/00026 тоот магадлалд өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар хяналтын гомдолд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж, хэргийн нөхцөл байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн, тус шүүхийн 2019.11.21-ний өдрийн 202/МА2019/00026 дугаар магадлал нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлүүд нь ойлгомжгүй, тухайлахад Банкны ажилтнууд зээлийнхээ эрсдэлийг бууруулах зорилгоор харилцагчийг ашиглаж хүчин төгөлдөр бус хийгдсэн хэлцэл гэдгийг шүүх тогтоосон... гэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын алинд ч хууль зүйн дүгнэлт хийгдээгүй, шийдвэр болж тусгагдаагүй асуудлыг дурдсан, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдэд нийцээгүй байгааг хэрэг хянан шийдвэрлэхэд анхааран үзнэ үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д зааснаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх санал гаргаж байна гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Нэхэмжлэгч Э.Уранчимэг, Г.Гантулга нар нь Б.Содгэрэлд холбогдуулан Хаан банкны дансанд шилжүүлсэн 22,476,804 төгрөг, сүлжээнд элсэхэд төлсөн 400,000 төгрөг, 2,900,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын зээлийн төлбөрт төлсөн 5,610,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагчаас 709,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч нараас 4,280,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр бүхий 2,900,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөд татгалзахгүй гэснийг дурдаж шийдвэрлэсэн.

 Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 2,900,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулах, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, тус гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч нараас 22,487,365.68 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,610,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Нэхэмжлэгч Э.Уранчимэг, Г.Гантулга нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2017.04.15-ны өдрөөс 2018.09.18-ны хугацаанд Турк улсад ажиллаж олсон орлого 22,476,804 төгрөгийг Хаан банкны 5376087068 дансыг хамтран эзэмшигч Б.Содгэрэл зөвшөөрөлгүй ашигласан, ...мөн хариуцагч нь One Coin сүлжээнд элсүүлнэ гэж итгүүлэн 400,000 төгрөгийг авсан боловч тус сүлжээнд нэвтрэх дансны нууц кодыг өгөлгүй өөрөө ашиг олж байна. ...түүнчлэн Турк улс руу явахаасаа өмнө гэр бүлийн өмчлөлийн худалдаа, үйлчилгээний зориулалттай 73 м.кв талбай бүхий дэлгүүр, 2 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагчид шилжүүлэхдээ буцаж ирээд авна гээд нийт 2,900,000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч, хөлдөөгч, шилэн лангуу, тавиур, хяналтын камер зэрэг эд хөрөнгийг үлдээгээд явсан боловч эдгээр хөрөнгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул Хаан банкны данснаас зөвшөөрөлгүй ашигласан 22,476,804 төгрөг, сүлжээнд элсүүлэх нэрээр авсан 400,000 төгрөг, 2,900,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэж тайлбарлаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч нар нь банкны зээлээ төлж чадахгүй дэлгүүр, орон сууцаа хураалгах гээд байна гээд худалдахаар зар тавьсан боловч зарагдаагүй, намайг өөрийн нэр дээр шилжүүлж туслаач, зээлээ төлж барагдуулаад буцаагаад нэр дээрээ шилжүүлж авна тохиролцсон тул худалдах-худалдан авах гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлж, барьцаалж, банкнаас 49,000,000 төгрөгийн зээл авч, тэдний зээлийн төлбөрт 39,398,229 төгрөгийг төлж, Солонгосын визэнд ороход нь 5,000,000 төгрөгийг байршуулж, Турк явах нислэгийн тийз зэргийг авч, зээлийг бүхэлд нь нэхэмжлэгч нарт зарцуулсан. Хаан банкны дансанд орсон мөнгөөр тэдний зээлийг төлж байсан тул 22,476,804 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, ...One Coin сүлжээнд өөрөө шийдвэрээ гаргаж элсэж орсон, би түүнийг ятгаагүй, хүчээр тулган элсүүлээгүй, элсэлтийн мөнгийг би аваагүй, сүлжээ нь ямар нэг ашиг өгөөгүй, харин 2,900,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй... гэж маргаж, ...худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, зээлийн төлбөрт өөрөөс төлсөн 5,610,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулах-аар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 1.   Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.Уранчимэг, Г.Гантулга нар нь 2017.05.25-наас 2018.07.02-ны хооронд Турк улсад ажиллах хугацаандаа Хаан банкны 537607068 дансанд 22,476,804 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Б.Содгэрэл дээрх дансыг хамтран эзэмшигч бөгөөд нэхэмжлэлд дурдсан мөнгийг зарлага гаргаж, захиран зарцуулсан болох нь тогтоогдсон, мөнгөний үнийн дүнгийн талаар зохигч маргаагүй байна.

 Талууд 2017.02.08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Э.Уранчимэг, Г.Гантулга нар нь өөрийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сум, 4-р баг, 43 дугаар байрны 01 тоотын баруун талд байрлах 73 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлж, тус газар дээр байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 45,000,000 төгрөгөөр, 43 дугаар байрны 02 тоот 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдан авагч Б.Содгэрэлийн өмчлөлд шилжүүлсэн, Б.Содгэрэл дээрх хөрөнгийг барьцаалан 2017.03.07-ны өдөр Хаан банкны Дорноговь, Сайншанд ТТ-өөс 49,000,000 төгрөгийн зээл авч, үүнээс нэхэмжлэгч нарын бизнесийн зээлийн үлдэгдэл 39,398,229 төгрөгийг төлж, зээлийг хаасан, тэдний Турк улс руу явах онгоцны тийз, замын зардал зэрэгт нийт 43,371,829 төгрөгийг нэхэмжлэгчид зарцуулсан, улмаар Хаан банкны дансанд шилжүүлсэн нэхэмжлэгч нарын мөнгийг дээрх зээлийн төлбөрт болон нэхэмжлэгчийн заасан этгээдэд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй байна.

 Тухайлбал Зохигчийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн атлаа хариуцагчаас гэрээний үнэд 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нараас 22,487,365.68 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгуулахаар шийдвэрлэж, зөрчилтэй дүгнэлт хийжээ.

 Хэрэгт 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримтгүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс төлбөр гаргуулахыг шаардаагүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтыг зөрчжээ.

 Хариуцагч нь нэхэмжлэгч нарын зээлийн төлбөрийг хаахын тулд тэдний хөрөнгийг барьцаалж, өөрийн нэр дээр зээл авсан, улмаар хамтран эзэмших дансанд орсон мөнгөнөөс зээлийн төлбөрийг төлж, мөн нэхэмжлэгчийн заасан этгээдэд шилжүүлж, төлбөр төлж байсан нь тогтоогдсон тул шүүх Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1., 238 дугаар зүйлийн 238.1. дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцнэ, харин нэхэмжлэгч нараас төлбөр гаргуулан хариуцагчид олгуулахаар шийдвэрлэсэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

 2.   Хууль болон гэрээнд зааснаар Б.Содгэрэл, Хаан банкны хооронд байгуулсан 2017.03.07-ны өдрийн Зээлийн гэрээний зээлийг буцаан төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ. Хариуцагчийн зээлийг төлөх гэрээний үүрэг дуусгавар болоогүй, энэ талаар маргаагүй тул зээлийн төлбөрт төлсөн 5,610,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлага сөрөг нэхэмжлэлд хамаарахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 3.   Зохигчийн хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож, барьцааны хөрөнгийн өмчлөгч Э.Уранчимэг, Г.Гантулга нар болж өөрчлөгдсөн боловч энэ нь зээлийн төлбөрийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд барьцааны хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн байтал зээлийн гэрээний үүргийг хамтад нь нэхэмжлэгчид шилжүүлээгүй гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

 4.   Нэхэмжлэгч нарын Турк улс руу явахдаа үлдээгээд явсан 2,900,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагч буцааж өгөхөөс татгалзаагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, хариуцагчийг нэхэмжлэгчийн сүлжээний бизнест элсүүлнэ хэмээн өгсөн 400,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 492 дугаар зүйлийн 492.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.2., 40.2. дахь заалтад нийцжээ.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, талуудын мэтгэлцэх зарчим хангагдсан байна.

 Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний болон найруулгын, мөн улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалттай холбоотой заалтад холбогдох өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 202/МА2019/00026 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...нэхэмжлэгч нараас 22,487,365.68 төгрөг гаргуулж хариуцагч Б.Содгэрэлд олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,610,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар 5,610,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, ...260,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 270,386 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Содгэрэлд олгож, Б.Содгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 61,350 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.Содгэрэлийн илүү төлсөн 76,660 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Б.Содгэрэлд олгосугай гэснийг ...260,600 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 612,660 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар нь 74,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгч нараас 507,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, хариуцагчаас 74,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, 12,650 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Б.Содгэрэлд олгосугай. гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Содгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 431,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Х.СОНИНБАЯР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                     П.ЗОЛЗАЯА

                                                   Б.УНДРАХ

                                                             Х.ЭРДЭНЭСУВД