Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1242

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Д.У-гийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 183/ШШ2019/01078 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Д.У-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.У- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 00573 тоот захирамжаар Ц.Эрдэнэцэцэгээс 224 769 900 төгрөг гаргуулах “Ориент Инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант хотхон, 60 дугаар байр, 25 тоот хаягтай, улсын бүртгэлийн Ү-2206010637 дугаартай үл хөдлөх хөрөнгийг хураан авч, шинжээчээр 245 769 900 төгрөгөөр үнэлүүлсэн байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нь Д.У- миний бие бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмгөөлөгчөөс үнийн санал авах ажиллагааг хийгээгүй, шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байх тул уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. НШШГГ- 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Д.У-д мэдэгдэл явуулсан гэжээ. “Монгол шуудан” ХХК-ийн хэд дүгээр салбараар явуулсан. Уг мэдэгдлийг Д.У- гардаж авсан, аваагүй нь тодорхойгүй байна. Шууданд хүлээлгэж өгсөн бол гардаж авсанд тооцогдох зохицуулалт байхгүй. Мөн үнэлгээний талаар мэдэгдсэн гэж тайлбарласан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд шинжээчээр үнэлүүлсэн бол ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж тайлбар авч тэмдэглэл хөтөлнө. Ингэж мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн байна. Харин бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдэд гомдол гаргах хугацаа заагаагүй байна. Яагаад үнийн санал тухай мэдэгдлийг гардуулалгүй шуудангаар явуулах болсон шалтгаан нь тодорхойгүй байна. Үнийн саналын тухай мэдэгдлийг Д.У-д гардуулсан гэж үзэхгүй байна. Уг шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч талын эзгүйгээр хуралдаж хэрэг маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 573 дугаар захирамжаар Ц.Эрдэнэцэцэгээс 224 048 700 төгрөгийг гаргуулж “Ориент инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 17290958 дугаар тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Эрдэнэцэцэгт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил, Махамта ганди гудамж 60 дугаар байр 25 тоот орон сууц, 18 тоот авто зогсоолыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17290958/04 дугаар тогтоолоор битүүмжилж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17290958/05 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр хураагдсан хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал өгөхийг төлбөр төлөгч Ц.Эрдэнэцэцэг, өмчлөгч Д.У- нарт 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4/578 дугаар албан бичгээр мэдэгдэж, мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлэхэд санал ирүүлээгүй тул 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 7 дугаар тогтоолоор үнэлгээ тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө Эстимейт” ХХК-ийн томилоход 245 769 900 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2346 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Ц.Эрдэнэцэцэг, өмчлөгч Д.У- нарт мэдэгдэж мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Д.У-гийн нэхэмжлэлд дурдсанаар үнийн санал аваагүй гэх нь үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөв явагдсан гэж үзэж байна. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үнийн саналаа өгнө үү гэсэн мэдэгдлийг Д.У-, н.Эрдэнэцэцэг нарт хүргүүлсэн байдаг. Шуудангаар хүргүүлж болохыг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан байдаг учир хуулийн дагуу явагдсан. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллага нь үнийн саналаа өгөхгүй байгаа тул шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцоогүй учраас үнийн саналыг шинжээчээр хийлгэсэн. 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарч, үүнийг 3 хоногийн дотор мэдэгдээгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргасан байдаг. Түүнийг ажлын 3 хоногт гэж заасан бөгөөд хуульд заасны дагуу 1 дүгээр сарын 10-ны өдөр шуудангаар хүргүүлсэн ба хуульд гардуулсанд тооцохоор заасан. Мөн нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг хэт багаар үнэлсэн байна гэж тайлбарладаг. Гэтэл өөрсдөө тус хөрөнгийг хэдэн төгрөг болохыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байж ажиллагаанд гомдож байгаа нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Жаргалан хотхоны 60 дугаар байр 25 тоотод байрлах орон сууц, гараашийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.У-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.У-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар талууд гэдэг ойлголтод: төлбөр төлөгч, төлбөр авагч ...ийг хамааруулсан байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд нэр нь бичигдээгүй. Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд Д.У-г “талууд” гэсэн ойлголтод хамааруулсан байна.

“Талууд” гэсэн ойлголтод Д.У-г хамааруулсны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацааг Д.У-д хамааруулж “гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралтай хуулийн зүйл заалтыг оновчтой баримтлаагүй тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.У- хариуцагч НШШГГ-т холбогдуулан орон сууц, гарааш үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 183/ШЗ2017/00573 дугаар захирамжаар хариуцагч Ц.Эрдэнэцэцэг нь зээлийн төлбөр 224 048 700 төгрөгийг “Ориент инвест ББСБ” ХХК-д 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. / хх 5-6 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Ц.Э төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлдэг тул уг шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг хариуцагч байгууллага явуулсан байна. НШШГГ- 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 17290958 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбар гаргажээ.

 

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. Үнэлгээний талаар талууд, өмчлөгч тохиролцоогүй нь шинжээчээр үнэлгээ хийлгэх үндэслэл болно.

Хариуцагч байгууллага эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-г зөрчөөгүй байна.

 

Хэргийн 56-66 дугаар талд “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан авагдсан байх бөгөөд уг тайланд 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 01/01 тоот дүгнэлтээр тус орон сууц, гарааш зэрэг барьцаа хөрөнгийг үнэлэхдээ орлогын хандлагын, зардлын хандлагын, зах зээлийн хандлагын аргаар нийт 245 769 900 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд уг үнэлгээг тогтоохдоо эрх бүхий байгууллага нь холбогдох хууль дүрмийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

НШШГГ- 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2346 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч Д.У-, төлбөр төлөгч Ц.Э нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 245 769 900 төгрөгөөр үнэлсэн болохыг хаягийн дагуу шуудангаар мэдэгджээ. /хх 67 дугаар тал/

 

Уг ахлах гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрсөн боловч дээрх үнэлгээний талаар дахин гомдол гаргаагүй байх ба энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д хуульд заасан хугацааг хэтрүүлж, уг нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нь хуулиар тогтоосон 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээн хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 183/ШШ2019/01078 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4” гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

 

      ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Ц.ИЧИНХОРЛОО