Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 10

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 231 дугаартай шийдвэртэй,

Г.Э.н нэхэмжлэлтэй, З.Б.д холбогдох, гэм хорын хохирол 31 966 251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд:

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч           Д.О       

    Нарийн бичгийн дарга                                        Б.Энхзул нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нас барж эхнэр Г.Э, түүний үр хүүхдэд нөхөж баршгүй гарз тохиолдсон. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 400 дугаар тогтоолоор З.Б нь Д.Б.г болгоомжгүй буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан “бусдыг болгоомжгүй алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаа буюу 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр талийгаач Б.Б.н охин Б.А нь /2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн/ 7 нас, 2 сар, 11 хоногтой байсан ба Б.А охины хувьд эцэг, эхийн асрамжид байсан ч эцэг нь цаг бусаар гэмт хэргийн улмаас нас барсантай хамааралтайгаар 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 195000 төгрөгийн тэтгэмж тогтоолгосон юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д "...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “...Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна…” гэж заасны дагуу Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багт оршин суух Д.Б нь ам бүл дөрвүүлээ амьдарч байсан ба холбогдох төрийн байгууллагын тодорхойлсноор өрхийн хөдөлмөрийн насны 1 хүнд ноогдох сарын дундаж орлого 875133 төгрөг гэж тооцсоны дагуу охин Б.А.г 16 нас хүртэл буюу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сард 680133 төгрөг болж байгаа тул 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 дугаар 12-ны өдрийг хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 31966251 төгрөг, энэ хугацаанаас хойш буюу 2024 он хүртэл Б.А.г 16 нас хүртэлх хугацаанд дээрх тэтгэмжийн зөруүг сар болгон тогтмол гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд Иргэний хуульд заасны дагуу З.Б.с 31966251 төгрөг гаргуулах, энэ хугацаанаас хойш Б.А.г 16 нас хүртэлх хугацаанд дээрх тэтгэмжийн зөрүү болох 680113 төгрөгийг сар бүр тогтмол гаргаж нэхэмжлэгчид олгохыг З.Б.д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрий 48 дугаар шийтгэх тогтоолоор З.Б.г бусдын амь насыг болгоомжгүй хохироосон гэм буруутайд тооцсон. Энэхүү шийтгэх тогтоолыг үндэслэж Г.Э нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийг гардан аваад хариу тайлбартаа нэхэмжлэл нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэх тайлбарыг урьд өгсөн ба одоо дэлгэрүүлэн яръя. Эрүүгийн хэрэг нь 3 жилийн хугацаанд эцэслэн шийдвэрлэгдсэн. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолд хохирогч тал гэм хорын хохирлын нэхэмжлэлдээ багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэж цалин тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн байдаг боловч шүүхийн шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь 2015 онд тэжээгчээ алдсаны тэтгэмж 195000 төгрөг, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ мөн 195000 төгрөг байсан тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно” гэж заасны дагуу зөрүү гарахгүй учраас хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлд дурьдсаны дагуу нэхэмжлэлийн зүйл нь 2019 оноос, эсхүл талийгаачийг нас барснаас хойш тооцсон эсэх нь ойлгомжгүй байна. Нэг хүнд ногдох орлогын дундаж 875133 төгрөг үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжээ хасаж тооцоод 680133 төгрөг болно гэжээ. 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 31966251 төгрөгийг нөхөн гаргуулах, 680133 төгрөгийг Б.А.г 16 насанд хүртэл сар бүр хариуцагчаас гаргуулна гэж шаардаж байна. Тус шийтгэх тогтоолоор талийгаач тухайн үед ямар нэгэн цалин хөлс, орлогогүй байсан учир зөрүү гарахгүй байна гэж дүгнэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 195000 төгрөгөөр тогтоосон. Хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалин тэтгэмжийн зөрүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн тэтгэмжийн дэвтэрт 2019 оны 01 дүгээр сард 143000 төгрөг, 2 дугаар сард 270000 төгрөг, 3 дугаар сард 270000 төгрөг авсан байна. Энэхүү тэтгэмжийн дэвтрээс тооцоолж үзэхэд талийгаачийн ажилласан 12 жил 6 сарын дундажаар тооцвол цалин нь 151125 төгрөг байна. Нэхэмжлэгч тал эрүүгийн хэрэгт авагдсан төрийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэж 1 хүнд ноогдох орлого 875133 төгрөг гэжээ. Цалин орлоготой байсныг төрийн байгууллага тодорхойлохгүй. Нөхөн гаргуулах болон сар бүр төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ

   Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 231 дугаартай шийдвэрээр:

   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар хариуцагч З.Б.с гэм хорын хохирол 31966251 /гучин нэгэн сая есөн зуун жаран зургаан мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг гаргуулах, Б.А.г 16 насанд хүртэл сар бүр 680133 /зургаан зуун наян мянга нэг зуун гучин гурав/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг З.Б.д даалгуулах тухай нэхэмжлэгч Г.Э.н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурьдаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нас барсан эцгийнхээ олж байсан буюу цаашид олох боломжтой байсан орлогоос тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж байгаа ба шүүхийн тогтоолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох чиг үүргийг нас барсан хүний орлого тодорхойлсон үйл байдалд өөрөөр нотлох баримт цуглуулах боломжгүй юм. Мөн талийгаач Д.Б нь ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдогийн хувьд хувиараа нийгмийн даатгалыг тасралтгүй төлж байсан болохыг анхаарч үзсэнгүй. Сум, багийн Засаг даргын хувьд хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг, малчин өрхийн малын ашиг шимээс хүртэх орлого, маллаж буй малын тоо хэмжээг тодорхойлох эрх бүхий субъект бөгөөд энэхүү баримтыг үнэлдэг нийтэд илэрхий үйл байдал юм. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргний анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 231 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хчнан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т  заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч З.Б.с гэм хорын хохиролд 31.966.251 төгрөг гаргуулах, Б.А.г 16 насанд хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэмж сар бүр 680.113 төгрөгийг нэхэмжлэгчид олгохын З.Б.д даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нэхэмжлэгч нь З.Б.с тэжээгчээ алдсаны тэтгэмж, түүний олох байсан орлого зэргийг нэхэмжлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж мэтгэлзсэн байна. 

 Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч З.Б  нь 2015 оны 4 дүгээр сарын 12-ний өдрөөс 13-нд шөнө **-** БУЛ улсын дугаартай “Экстрал” маркын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ иргэн Д.Б.н амь насыг болгоомжгүй хохироосон үйл баримт болжээ

Анхан шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.3,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар  нэхэмжлэгч Г.Э.н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг дээр дурьдсан байдлаар эцэслэн шийдвэрлэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д зааснаар шүүхийн шийдвэр гаргах байтал тогтоол гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж,нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлүүлэх талаар гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1.Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 231 дүгээр тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.      

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ё.БЯМБАЦЭРЭН

                                       ШҮҮГЧИД                        С.УРАНЧИМЭГ    

                                                                               М.ХҮРЭЛБААТАР