Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 132/ШШ2019/00231

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг, Дашинчилэн сумын 2 дугаар баг, Лах гэх газарт оршин суух, Хавчиг овогт ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Дашинчилэн сумын 3 дугаар багт оршин суух, Боржигон овогт  холбогдох,

Гэм хорын хохирол 31966251 төгрөг гаргуулах, Б.А16 насанд хүртэл сар бүр 680133 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг З.Баянмөнхөд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00174/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б., нэхэмжлэгч Г.Э нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр,

Хариуцагч З.Б******* итгэмжлэгдсэн төлөөлөгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 11 дүгээр хороолол, 17А-46 тоотод оршин суух, Дээд чуулгант овогт, нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дашдондогийн Баянжаргал нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нас барж эхнэр Г.Э*******, түүний үр хүүхдэд нөхөж баршгүй гарз тохиолдсон. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 400 дугаар тогтоолоор З.Баянмөнх нь Д.Баяржаргалыг болгоомжгүй буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаа буюу 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр талийгаач Б.Баянжаргалын охин Б.А******* нь /2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн/ 7 нас, 2 сар, 11 хоногтой байсан ба Б.А******* охины хувьд эцэг, эхийн асрамжид байсан ч эцэг нь цаг бусаар гэмт хэргийн улмаас нас барсантай хамааралтайгаар 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 195000 төгрөгийн тэтгэмж тогтоолгосон юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1"...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.3...Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заасны дагуу Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багт оршин суух Д.Баянжаргал нь ам бүл дөрвүүлээ амьдарч байсан ба холбогдох төрийн байгууллагын тодорхойлсноор өрхийн хөдөлмөрийн насны 1 хүнд ноогдох сарын дундаж орлого 875133 төгрөг гэж тооцсоны дагуу охин Б.А*******ыг 16 нас хүртэл буюу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сард 680133 төгрөг болж байгаа тул 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 дугаар 12-ны өдрийг хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 31966251 төгрөг, энэ хугацаанаас хойш буюу 2024 он хүртэл Б.А*******ыг 16 нас хүртэлх хугацаанд дээрх тэтгэмжийн зөруүг сар болгон тогтмол гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд Иргэний хуульд заасны дагуу З.Баянмөнхөөс 31966251 төгрөг гаргуулах, энэ хугацаанаас хойш Б.А*******ыг 16 нас хүртэлх хугацаанд дээрх тэтгэмжийн зөрүү болох 680113 төгрөгийг сар бүр тогтмол гаргаж нэхэмжлэгчид олгохыг З.Баянмөнхөд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрий 48 дугаар шийтгэх тогтоолоор З.Баянмөнхийг бусдын амь насыг болгоомжгүй хохироосон гэм буруутайд тооцсон. Энэхүү шийтгэх тогтоолыг үндэслэж Г.Э******* нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийг гардан аваад хариу тайлбартаа нэхэмжлэл нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэх тайлбарыг урьд өгсөн ба одоо дэлгэрүүлэн яръя. Эрүүгийн хэрэг нь 3 жилийн хугацаанд эцэслэн шийдвэрлэгдсэн. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолд хохирогч тал гэм хорын хохирлын нэхэмжлэлдээ багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэж цалин тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн байдаг боловч шүүхийн шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь 2015 онд тэжээгчээ алдсаны тэтгэмж 195000 төгрөг, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ мөн 195000 төгрөг байсан тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно гэж заасны дагуу зөрүү гарахгүй учраас хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлд дурьдсаны дагуу нэхэмжлэлийн зүйл нь 2019 оноос, эсхүл талийгаачийг нас барснаас хойш тооцсон эсэх нь ойлгомжгүй байна. Нэг хүнд ногдох орлогын дундаж 875133 төгрөг үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжээ хасаж тооцоод 680133 төгрөг болно гэжээ. 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 31966251 төгрөгийг нөхөн гаргуулах, 680133 төгрөгийг Б.А*******ыг 16 насанд хүртэл сар бүр хариуцагчаас гаргуулна гэж шаардаж байна. Тус шийтгэх тогтоолоор талийгаач тухайн үед ямар нэгэн цалин хөлс, орлогогүй байсан учир зөрүү гарахгүй байна гэж дүгнэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 195000 төгрөгөөр тогтоосон. Хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалин тэтгэмжийн зөрүү нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн тэтгэмжийн дэвтэрт 2019 оны 01 дүгээр сард 143000 төгрөг, 2 дугаар сард 270000 төгрөг, 3 дугаар сард 270000 төгрөг авсан байна. Энэхүү тэтгэмжийн дэвтрээс тооцоолж үзэхэд талийгаачийн ажилласан 12 жил 6 сарын дундажаар тооцвол цалин нь 151125 төгрөг байна. Нэхэмжлэгч тал эрүүгийн хэрэгт авагдсан төрийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэж 1 хүнд ноогдох орлого 875133 төгрөг гэжээ. Цалин орлоготой байсныг төрийн байгууллага тодорхойлохгүй. Нөхөн гаргуулах болон сар бүр төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримт шинжлэн судлахад эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар зүйлд тэтгэмжийн зөрүүг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосныг уншсан. Бидний нэхэмжилж буй зүйл бол олох ёстой байсан орлогын зөрүү 680133 төгрөгийг Б.А*******ыг 16 насанд хүртэлх хугацаанд сар бүр гаргуулах буюу 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацаанд 31966251 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж байна. Хууль зүйн үндэслэл нь Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заасан. Бид үүний дагуу тэтгэмжээ хасаж нэхэмжилж байгаа ба тэжээгчээ алдсаны зөрүү гэж шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болсон зүйлийг нэхэмжлээгүй. Олох ёстой байсан орлогыг бид тодорхойлох шаардлагагүй бөгөөд үүнийг шүүхээр тогтоолгохоор нэхэмжилж байна. Хариуцагч шүүхийн шийдвэрээр өгөх ёстой төлбөрөө одоог хүртэл бүрэн төлөөгүй. Битүүмжилсэн мал, байр нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Хэрвээ талийгаач амьд байсан бол малынхаа үр ашгийг авч энэ мөнгийг олох байсан. Энэ гэмт хэргийн улмаас мал маллах хүнгүй болж арга барахдаа малчин авч ажиллуулж байна. Энэ хүний нэхэмжилж буй зүйл нь тэтгэмжийн зөрүү биш, олох байсан орлого юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Э******* нь З.Баянмөнхөөс гэм хорын хохирол 31966251 төгрөг гаргуулах, Б.А*******ыг 16 насанд хүртэл сар бүр 680133 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг З.Баянмөнхөд даалгуулахаар нэхэмжлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч хариуцагч З.Баянмөнхөөс тэжээгчээ алдсаны тэтгэмж, түүний олох байсан орлого зэргийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

З.Баянмөнх нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө 32-02 БУЛ улсын дугаартай Экстрал маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ иргэн Д.Баянжаргалын амь насыг болгоомжгүй хохироосон үйл баримт тогтоогджээ.

Үүнтэй холбоотойгоор З.Баянмөнхөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор З.Баянмөнхийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар З.Баянмөнхийг 4 /дөрөв/, жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасныг баримтлан Монгол Улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар З.Баянмөнхөд оногдуулсан 4 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар З.Баянмөнхөөс 9158838 төгрөг гаргуулж хохирогч Б.Мягмар, Г.Э******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 24122050 төгрөг, нийт 25122050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, олох байсан орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 7-16/

Нэхэмжлэгч нь талийгаач нөхрийн хамт мал маллаж ашиг шимээр нь орлого олдог байсан. Гэр бүлийн гишүүдийн 1 хүнд ногдох сарын дундаж орлого 875133 төгрөг бөгөөд охин Б.А*******ын тэжээгчээ алдсаны тэтгэмж 195000 төгрөгийг хасч зөрүү 680133 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 дугаар 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 31966251 төгрөг, Б.А*******ыг 16 нас хүртэлх хугацаанд 680133 төгрөгийг сар бүр хариуцагч З.Баянмөнхөөс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэж заасан бөгөөд нас барагч Д.Баянжаргал нь тодорхой ажил хөдөлмөр эрхлэдэггүй байсан талаар Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурджээ. /хх-ийн 15/

Нэхэмжлэгч нь өрхийн нэг гишүүнд ногдох сарын дундаж орлогыг 875133 төгрөг гэж тодорхойлсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ...тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй болно.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т малчин өрх гэж хувийнхаа өмчийн малыг байнга маллаж, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдог гэр бүлийг ойлгоно гэж заасан ба Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 64 тоот тодорхойлолтод Д.Баянжаргал нь 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 43, үхэр 28, хонь 478, ямаа 145, бүгд 694 толгой мал тоолуулсан. 2013-2014 онд 30 бод, 250 бог, арьс шир, түүхий эд борлуулсан талаар тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх эд зүйл, хөрөнгийг борлуулсан орлогоосоо хуульд заасан хувь хэмжээгээр албан татвар төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, орлогоо баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл Засаг даргын тодорхойлолтоор нэхэмжлэгчийн орлого тодорхойлогдсон гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Г.Э*******ийн хариуцагч З.Баянмөнхөөс гэм хорын хохирол 31966251 төгрөг гаргуулах, Б.А*******ыг 16 насанд хүртэл сар бүр 680133 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг З.Баянмөнхөд даалгуулах тухай Г.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар хариуцагч З.Баянмөнхөөс гэм хорын хохирол 31966251 /гучин нэгэн сая есөн зуун жаран зургаан мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг гаргуулах, Б.А*******ыг 16 насанд хүртэл сар бүр 680133 /зургаан зуун наян мянга нэг зуун гучин гурав/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг З.Баянмөнхөд даалгуулах тухай нэхэмжлэгч Г.Э*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Э******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ,                     ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ 

   ШҮҮГЧИД                                       Г.МЯГМАРСҮРЭН

                                                           Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ