Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01081

 

 Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй

               иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 132/ШШ2019/00562 дугаар шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр магадлалтай, 

Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй,

З.Баянмөнхөд холбогдох, 

Гэм хорын хохиролд 31,966,251 төгрөг гаргуулах, Б.Амаржаргалыг 16 насанд хүртэл сар бүр 680,133 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангаравын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баянжаргал нь 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 400 дугаар тогтоолоор З.Баянмөнх нь Д.Баянжаргалыг болгоомжгүй буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаа буюу 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр талийгаач Б.Баянжаргалын охин Б.Амаржаргал нь /2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн / 7 нас, 2 сар, 11 хоногтой байсан ба Б.Амаржаргал охины хувьд эцэг, эхийн асрамжид байсан ч эцэг нь цаг бусаар гэмт хэргийн улмаас нас барсантай хамааралтайгаар 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 195,000 төгрөгийн тэтгэмж тогтоолгосон.  Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багт оршин суух Д.Баянжаргал нь ам бүл дөрвүүлээ амьдарч байсан ба холбогдох төрийн байгууллагын тодорхойлсноор өрхийн хөдөлмөрийн насны 1 хүнд ногдох сарын дундаж орлого 875,133 төгрөг гэж тооцсоны дагуу охин Б.Амаржаргалыг 16 нас хүртэл буюу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сард 680,133 төгрөг болж байгаа тул 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 дугаар 12-ны өдрийг хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 31.966.251 /гучин нэгэн сая есөн зуун жаран зургаа мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг, энэ хугацаанаас хойш буюу 2024 он хүртэл Б.Амаржаргалыг 16 нас хүртэлх хугацаанд дээрх тэтгэмжийн зөруү 680,113 төгрөгийг сар болгон тогтмол гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч З.Баянмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: Намайг Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор З.Баянмөнхийг бусдын амь насыг болгоомжгүй хохироосон гэм буруутайд тооцсон. Эрдэнэцэцэгийн нэхэмжлэл нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлохгүй байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 132/ШШ2019/00562 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар хариуцагч З.Баянмөнхөөс гэм хорын хохирол 31,966,251 /гучин нэгэн сая есөн зуун жаран зургаан мянга хоёр зуун тавин нэг/ төгрөг гаргуулах, Б.Амаржаргалыг 16 насанд хүртэл сар бүр 680,133 /зургаан зуун наян мянга нэг зуун гучин гурав/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг З.Баянмөнхөд даалгуулах тухай нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр магадлалаар: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангаравын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 132/ШШ2019/00562 дугаар шүүхийн шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь нас барсан эцгийнхээ олж байсан буюу цаашид олох боломжтой байсан орлогоос тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж байгаа ба шүүхийн тогтоолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох чиг үүргийг нас барсан хүний орлого тодорхойлсон үйл байдалд өөрөөр нотлох баримт цуглуулах боломжгүй юм. Мөн талийгаач Д.Баянжаргал нь ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдгийн хувьд хувиараа нийгмийн даатгалыг тасралтгүй төлж байсан болохыг анхаарч үзсэнгүй. Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2015 оны 6 сарын 04- ний өдрийн 64 тоот тодорхойлолтод дурдсаны дагуу 694 толгой малтай нэг өрх жилд ямар хэмжээний орлого олох, мөн уг орлогоос 1 хүнд ногдох сарын дундаж орлого хэдэн төгрөг болохыг тогтоолгохоор мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилуулах хүсэлт гаргасны дагуу Далайван Аудит ХХК-ийг томилсон гэх боловч тус газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 01/26 дугаар албан бичгийг үндэслэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн, ажиллагаа сэргээсэн нь үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй гаргуулах шаардлагатай, захирамжийн биелэлтийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж хүсэлт, гомдол гаргасан боловч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Далайван Аудит ХХК нь шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийхийн тулд ямар нэгэн үйлдэл гаргаагүй, албан бичигт дурдсанчлан ямар баримт шаардсан талаар нэхэмжлэгч тал мэдээгүй, шинжээчийн дүгнэлт гаргахад шаардлага хангах баримт материал байхгүй гэсэн боловч яг ямар баримт сэлт нэхээд байгаагаа дурдаагүй албан бичгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны Ф 11 дүгээр сарын 12-ны өдрийн 132/ШШ2019/00562 дугаар шүүхийн шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Г.Эрдэнэцэцэг нь З.Баянмөнхөд холбогдуулан гэм хорын хохирол 31,966,251 төгрөг гаргуулах, Б.Амаржаргалыг 16 нас хүртэл сар бүр 680,113 төгрөг төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ... талийгаач Д.Баянжаргал хувиараа нийгмийн даатгалыг тасралтгүй төлж байсан болохыг анхаараагүй, ...шинжээчээр Далайван Аудит ХХК-ийг томилсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн нь үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй гаргуулах шаардлагатай гэх агуулга дурдаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор З.Баянмөнх нь Д.Баянжаргалын амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцжээ /хэргийн 7-23 дугаар тал/. 

Нэхэмжлэгч шийтгэх тогтоолыг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан, хариуцагч нь нэхэмжлэлээс татгалзахдаа ...хавсаргасан баримтууд нэхэмжлэлийг нотлохгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

Хохирогч Д.Баянжаргал нас барсанд хариуцагч З.Баянмөнх гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон ба түүнийг нас барах үед охин Б.Амаржаргал эцэг, эхийн асрамжид байсныг хариуцагч үгүйсгээгүй байна.  

Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахыг зохицуулсан Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2.-т гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй гэж заасан. 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.  

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3.-т зааснаар төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна. 

Нэхэмжлэгч төлбөрийн хэмжээг ...нэг хүнд ногдох сарын дундаж орлого 875,133 төгрөг, үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаад зөрүү 680,133 төгрөг гэж шаардлагаа тодорхойлсон байна. 

Анхан шатны шүүх ...эд зүйл, хөрөнгийг борлуулсан орлогоосоо албан татвар төлсөн баримтыг ирүүлээгүй, орлогоо баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр нас барагчийн орлогыг тодорхойгүй гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.  

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж зөвтгөөгүй нь буруу. 

Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах төлбөрийн хэмжээг түүний сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоохоор хуульд заасан, харин цалин хөлс, орлогогүй байсан, орлогыг тодорхойлох боломжгүй нь гэм хорыг төлөхгүй байх, төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүйг шүүх анхаараагүй байна. 

  Нас барагчийн цалин хөлс, орлогыг тодорхойлох боломжгүй бол тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоох бөгөөд зохигч талууд энэ талаар маргаж мэтгэлцээгүй, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно. 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 132/ШШ2019/00562 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Г.ЦАГААНЦООЖ

Х.ЭРДЭНЭСУВД