Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Б.Гончигсумлаа |
Хэргийн индекс | 183/2021/01343/И |
Дугаар | 183/шш2023/00100 |
Огноо | 2023-01-10 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 183/шш2023/00100
2023 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2023/00100 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.З,
Нэхэмжлэгч: ц.ц нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш ХХК,
Хариуцагч: А.Б нарт тус тус холбогдох,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 1404 дүгээр байрны 52 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг хариуцагч А.Б хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Ш ХХК-тай байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг цуцлах, гэрээний дагуу алданги 28.654.192 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол 10.400.000 төгрөг, нийт 39.054.192 төгрөгийг хариуцагч Ш ХХК-иас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Ш ХХК-ийн нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, урьдчилгаанд өгсөн 27.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц нэхэмжлэгч Д.З итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мя , хариуцагч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , хариуцагч А.Бая итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө , хариуцагч А.Б өмгөөлөгч К шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.З , Ц.Ц нар хариуцагч А.Б болон Ш ХХК-д тус тус холбогдуулан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 1404 дүгээр байрны 00 уль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Ш ХХК-тай байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг цуцлах, гэрээний дагуу алданги 28.654.192 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол 10.400.000 төгрөг, нийт 39.054.192 төгрөгийг хариуцагч Ш ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлагч Д.З , Ц.Ц нарын зүгээс анх хариуцагч Ш ХХК-д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж, нэмэгдүүлсэн болно. Үүнд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б нь маргаан бүхий орон сууцанд амьдарч, эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон тул бид түүнийг хариуцагчаар тодорхойлж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 1404 дүгээр байрны 52 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг хариуцагч А.Б хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүнийгээ дэмжиж байна. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 221.6, 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар нэхэмжлэгч Д.З , Ц.Цэрмаа болон Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, тус гэрээний 5.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алданги буюу 28.654.192 төгрөг, түүнчлэн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хохирол 10.400.000 төгрөг, нийт 39.054.192 төгрөгийг хариуцагч Ш ХХК-иас гаргуулж өгнө үү. Харин хариуцагч Ш ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд А.Б болон ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнээс харахад тухайн гэрээнд дурдсан орон сууцны байршил нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн байртай таарахгүй, өөр байршилд, өөр орон сууц худалдах авах агуулгатай гэрээ хийсэн атлаа нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцанд орж, амьдраад түүнийг чөлөөлж өгөхгүй гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн Ш ХХК-тай байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн гэрээг бид цуцалж, өгсөн авснаа буцаах шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу хүлээн авсан 27.000.000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзаад байх зүйлгүй, гагцхүү гэрээ байгуулсан, тухайн гэрээ хүчинтэй, гэхдээ бид одоо цуцлах шаардлага гаргаж байгаа тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй болно гэжээ.
2. Хариуцагч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Манай Ш ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ц.Ц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 2А блок, 9 дүгээр давхрын 000 тоотод байрлах, 71,06 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнэ 2.200.000 төгрөгөөр тооцож, нийт 156.332.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу Ц.Ц-д 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 7.000.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 27.000.000 төгрөг төлсөн байдаг. Гэтэл дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас барилгын салбарт хүндрэл гарч, манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалтай болсон ба үүнээс үүдэн нэхэмжлэгчид үлдсэн төлбөрөө төлж чадаагүй. Бидний хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг зөрчсөн буюу Ц.Ц нь маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй болохоо нотлохгүйгээр тухайн гэрээг байгуулсан, өөрөөр хэлбэл, өмчлөгч Д.З зөвшөөрөлгүйгээр тухайн гэрээ байгуулагдсан байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна. Түүнчлэн Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдаагүй. Иймээс тухайн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц 27.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч А.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нарын гаргасан хариуцагч А.Б холбогдуулан гаргасан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь А.Б нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ш ХХК-ийн захирал Б гэрээ байгуулж, тухайн компанийн барьж байсан Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Богд вилла хотхоны В блокны 2 дугаар орц, 4-11 дүгээр давхарт 3 өрөө орон сууц худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 83.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 19.300.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1.302.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 108.602.000 төгрөгийг төлсөн. Улмаар байрандаа 2020 онд нүүн орж, өнөөдрийг хүртэл хугацаанд амьдарч байна. Гэтэл нэхэмжлэгч нар А.Б амьдарч буй орон сууцны гэрчилгээг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гаргуулан авч, ийм нэхэмжлэл гаргажээ. Тухайн үед энэ байрыг давхар хэн нэгэнд зарсан талаар мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй. Иймд А.Б холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 722.877 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч Д.З иргэний үнэмлэхний болон оршин суугаа хаягийн лавлагаа, Д.З өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А ХХК болон Д.З нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18/10/05-04 дугаар Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ний хуулбар, Ш ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 01/26 дугаар төлбөр барагдуулах тухай албан бичиг, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 09/03 тоот баталгаа, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, Тооцоо гэх баримт 3 хуудас, Д.З иргэн З.Н олгосон итгэмжлэл, Д.З Ц.Ц нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Ц.Ц Ш ХХК-тай байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдах авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, төлбөр төлөлтийн тодорхойлолт, Д.З с Ц.Ц олгосон итгэмжлэл, Ц.Ц болон иргэн С.С нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, иргэн Б.А болон Д.З нарын хооронд байгуулагдсан 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн орон сууц түрээслүүлэх гэрээ, нэхэмжлэгч нарын Шинэ өнгө төрх ХХК-ийн захирал Д.Б 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн байр чөлөөлүүлэх тухай мэдэгдлийн хуулбар, Д.З Г.М олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамж 327.221 төгрөгийн баримт, мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 77.350 төгрөгийн баримт, Ц.Ц Хаан банк дахь дансны хуулга зэргийг ирүүлсэн.
5. Хариуцагч Ш ХХК-иас ирүүлсэн тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компаниас Б.С олгосон итгэмжлэл, Б.С иргэний үнэмлэхний лавлагаа, тус компанийн өмгөөлөгч Ш.Б байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С татгалзах тухай хүсэлт, тус компаниас Б.О олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Д.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 939.610 төгрөг төлсөн баримт зэргийг ирүүлсэн.
6. Хариуцагч А.Б Т.Ө олгосон итгэмжлэл, Ш ХХК-ийн 604 дүгээр орлогын баримтын тасалбар 3 хуудас, Ш ХХК-тай А.Б байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ-ний хуулбар, өмгөөлөгч К.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 1404 дүгээр байрны 00 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг хариуцагч А.Б хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Ш ХХК-тай байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг цуцлах, гэрээний дагуу алданги 28.654.192 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол 10.400.000 төгрөг, нийт 39.054.192 төгрөгийг хариуцагч Ш ХХК-иас гаргуулах тухай шаардлагын тухайд
Нэхэмжлэгч Д.З нь маргаан бүхий Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 1404 дүгээр байр, 52 тоотод байрлах, 71,06 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077203 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь хэргийн 6-9 дүгээр талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А ХХК болон Д.З нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18/10/05-04 дугаар Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ний хуулбараар тогтоогдож байна.
Ингээд нэхэмжлэгч Ц.Ц нь Ш Х ХК-тай 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, мөн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдах авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулж, гэрээнд дурдсанаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 2А блок, 9 дүгээр давхар,00 тоотод байрлах, 71,06 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 156.332.000 төгрөгөөр, дахин нэмэлт гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 167.624.440 төгрөг хэмээн тус тус тогтоож, уг төлбөрийг Ш ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор худалдагч Ц.Ц Д.З нарт төлөхөөр тохиролцсон.
Үүний дараа талууд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, 184.986.192 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор хариуцагч Ш ХХК-иас нэхэмжлэгч нарт төлөх, мөн 2020 оны 5 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгч нарт 27.000.000 төгрөгийг төлсөн талаар хэргийн 12 дугаар талд авагдсан баримтаар баталгаажуулсан байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.З Ц.Ц болон хариуцагч Ш ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх боловч хариуцагч нь нэхэмжлэгч нарт гэрээний дагуу 27.000.000 төгрөг төлснөөс өөрөөр ямар нэгэн төлбөр төлөөгүй, Ш ХХК-иас өгсөн амлалт, баталгаанд дурдагдсан хугацаа өнгөрсөн, цаашид хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй болох нь илэрхий болсноос үүдэн нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, ямар нэг үр дүн гарахгүй болох нь илт бол нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй, хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг буцаан өгөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасан байна.
Тэгэхээр нэхэмжлэгч нарын Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй ба Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар хариуцагч А.Б хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх үндэслэлтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч нар гэрээний 5.2-т Худалдагч худалдан авагчийг гэрээний хугацаандаа төлбөрөө бүрэн төлөөгүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алданги төлөхийг худалдан авагчаас шаардах эрхтэй гэж заасныг, мөн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээнд дурдсан алданги төлөхөөр тохиролцсон, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн актад дурдагдсан алданги 28.654.192 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дотор Ш ХХК-иас нэхэмжлэгч нарт төлөхөөр тооцоо нийлж баталгаажуулсан баримтуудыг тус тус үндэслэн алданги гаргуулахаар шаарджээ.
Тухайн алдангийн хэмжээг талууд өөрсдөө хүлээн зөвшөөрч, холбогдох баримт бичгээр баталгаажуулсан, нөгөө талаар тухайн алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хэмжээнээс хэтрээгүй, 232.5-д заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч нарын алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болно.
Мөн нэхэмжлэгч нар гэрээнээс учирсан хохирол буюу орон сууцаа буцаан авч чадаагүйгээс өөр газар орон сууц хөлслөн амьдарч, түрээсийн төлбөрт 10.400.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, хариуцагч Ш ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь 1 жил 4 сарын хугацаанд орон сууцны үнийг төлөх үүргээ зөрчсөн ба нэхэмжлэгч нараас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан нь хэргийн 10-12 дугаар талд авагдсан хариуцагч компанийн төлбөр барагдуулахаар гаргаж байсан баталгаа, албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгч нарын болон хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогддог.
Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч нарт хохирол учрахгүй бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч Д.З иргэн Б.А байгуулсан 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц түрээслэх гэрээ /хх-45-46/, нэхэмжлэгч Ц. Хаан банк дахь дансны хуулга /хх-161-165/ үндэслэн гэрээнээс учирсан хохирлыг хариуцагч Ш ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нар 10.400.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч Ц.Ц дансны хуулгаас үзэхэд 10.050.000 төгрөгийг түрээсийн буюу орон сууц хөлслөх гэрээний дагуу бусдад төлж, хохирсон нь тогтоогдсон тул хариуцагч Ш ХХК-иас 10.050.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 350.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
3. Хариуцагч Ш ХХК-ийн нэхэмжлэгч Д.З , Ц.Ц нарт холбогдуулан гаргасан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, мөн гэрээний дагуу шилжүүлсэн 27.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд
Ш ХХК нь нэхэмжлэгч Ц.Ц Д.З зөвшөөрөлгүйгээр 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, мөн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй гэсэн 2 үндэслэл дурддаг.
Хэдийгээр хэрэгт Д.З Ц.Ц итгэмжлэл олгож, өөрийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг Ш ХХК-д худалдах эрхийг олгоогүй байх боловч П.З Ц.Ц ар гэр бүлийн гишүүд болохоо гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотолсон, мөн Ш ХХК-иас П.З тооцоо нийлсэн акт үйлдэж байсан, мөн өөрийн албан бичиг буюу баталгаандаа Д.З Ц.Ц нарт төлбөр төлөх нь үнэн гэсэн агуулга тусгаж байсан зэргээс дүгнэхэд Д.З нь эхнэрээ Ш ХХК-тай дээрх гэрээг байгуулсныг мэдэж байсан, үүний үр дагаврыг хүссэн, нөгөө талаар тухайн гэрээний дагуу төлбөрөө нэхэмжилж байсан, мөн шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргасан зэрэг нөхцөл байдал нь хариуцагчийн Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг няцааж байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдаагүй нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг хангаж байна гэх боловч Иргэний хуулийн 145 дугаар зүйл нь энэхүү хэрэг маргааны хувьд хэрэглэгдэхгүй болно.
Нөгөө талаар хариуцагч Ш ХХК нь гэрээг 2020 онд байгуулсан атлаа хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан.
Гэвч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан ба хариуцагч нь нэхэмжлэгч нарт төлбөр төлөхөө удаа дараа илэрхийлж байсан үйл баримтаар тухайн хэлцлийг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч байсан гэж үзнэ.
Иймд хариуцагч Ш ХХК-ийн нэхэмжлэгч Д.З , Ц.Ц нарт холбогдуулан гаргасан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна.
Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц 27.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг шаардлагын тухайд
Шүүх талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч Д.З , Ц.Ц нар гэрээг цуцлах шаардлага гаргасныг хангасан учир Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц Д.З нараас 27.000.000 төгрөгийг буцаан гаргаж хариуцагч Ш ХХК-д олгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Өөрөөр хэлбэл, хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар бус харин гэрээг цуцалсантай холбоотой талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нар хүлээн авсан мөнгөн төлбөрөө буцаан өгөх нь зүйтэй.
4. Хариуцагч А.Б , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хариу тайлбарын тухайд
Хариуцагч А.Б хариуцагч Ш ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ-нээс үзэхэд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла хотхоны Б блок, 2 дугаар орц, 4-11 дүгээр давхарт, 70,04 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг А.Б өмчлөлдөө хүлээн авч, Ш ХХК-д орон сууцны үнэ 108.602.000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.
Өөрөөр хэлбэл, А.Б дээрх гэрээний дагуу хүлээн авах ёстой орон сууцны байршил нь нэхэмжлэгч Д.З өмчлөлийн орон сууцнаас өөр хотхонд байрлах бөгөөд байршлаас гадна тухайн орон сууцны давхар, талбайн хэмжээ илт зөрүүтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Мөн А.Б Ш ХХК-д төлбөр төлсөн тухай хэргийн 126-128 дугаар талд авагдсан баримтаас харахад Богд вилла, В блок, 54,98 м.кв, 2 өрөө орон сууцны үнэ 83.000.000 төгрөг, Богд Б 70,04 м.кв талбай бүхий байрны урьдчилгаа 1.302.000 төгрөг, Богд Б 54,98 м.кв А.Баясгалан 19.300.000 төгрөг гэсэн утгаар тус тус төлбөр төлжээ.
Тэгэхээр А.Б нь Ш ХХК-ийн барьж байсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Богд вилла хотхоны орон сууцнаас гэрээнд заасан орон сууцаа хүлээн авч, ашиглах бүрэн боломжтой байхад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 1404 дүгээр байрны 00 тоотод байрлах, 71,06 м.кв талбай бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн хэрэгт Ш ХХК болон А.Б нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээнээс өөр гэрээ буюу орон сууцны байршил, талбайн хэмжээгээ өөрчилж байгаагаа тусгайлан тохиролцсон гэрээ, хэлцэл авагдаагүй тул А.Б нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцанд хууль бусаар оршин сууж, өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзнэ.
Иймд дээр дурдсанчлан хариуцагч А.Б хууль бус эзэмшлээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 1404 дүгээр байр 00 тоотод байрлах, 71,06 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206077203 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц, Д.З нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.127.448 төгрөг, хариуцагч Ш ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 939.610 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц Д.З нарт, мөн хариуцагч Ш ХХК-иас 27.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 292.950 төгрөгийн нөхөн гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж, мөн Ш ХХК-иас гэрээний үнэ 156.332.000 төгрөг, алданги 28.654.192 төгрөг, хохирол 10.050.000 төгрөг, нийт 195.036.192 төгрөгөөс 27.000.000 төгрөгийг хасаад, үлдэх 168.036.192 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 998.131 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц , Д.З нарт олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар хариуцагч А.Б хууль бус эзэмшлээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 1404 дүгээр байр, 00 тоотод байрлах, 71,06 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсүгэй.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5-д зааснаар Ц.Ц болон Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г цуцлаж, хариуцагч Ш ХХК-иас алданги 28.654.192 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 10.050.000 төгрөг, нийт 38.704.192 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.З , Ц.Ц нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 350.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц , Д.З нарт холбогдох Ц.Ц болон Ш ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Ш ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц , П.З нараас худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан 27.000.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ш ХХК-д олгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ц , Д.З нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.127.448 төгрөг, хариуцагч Ш ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 939.610 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц Д.З нарт, мөн хариуцагч Ш ХХК-иас 292.950 төгрөгийн нөхөн гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж, мөн Ш ХХК-иас 998.131 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц , Д.З нарт олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА