Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1448

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01044 дүгээр шийдвэртэй, Х.Гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 961 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1523 дугаар тогтоолоор “Нида” ХХК-аас 764 547 285 төгрөг, Ц.Оюумаагаас 232 164 309 төгрөгийг гаргуулж “Чингис хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө буюу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж 59 дүгээр байр 27 тоотод байрлах 147.68 м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаарт бүртгэлтэй Х.Гийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 236 264 400 төгрөгөөр үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна.

Үл хөдлөх хөрөнгө нь хотын төвийн А бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Үнэгүй.мн /unegui.mn/ зарын сайт болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулдаг Ремакс компаниас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн судалгааг авахад 1 800 000 төгрөгөөс 2 000 000 төгрөг байхад үнэлгээгээр 1 599 000 төгрөг гэж үнэлсэн байдаг. Иймд тус үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ц.Оюумаагаас 232 164 309 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 659 385 төгрөг, “Нида” ХХК-аас 764 547 285 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 4 482 123 төгрөг, нийт 1 001 853 102 төгрөг гаргуулж “Чингис хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу ажиллаж байна.

Тус шийдвэрээр төлбөр төлөгч “Нида” ХХК болон Ц.Оюумаа нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байр, 3 тоот 87.37 м.кв талбай бүхий орон сууц, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 байр, 294 тоот, 35 м.кв талбай бүхий орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж, 59 байр 27 тоот, 147.68 м.кв талбай бүхий орон сууц, Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, “Долоон бар” ХХК-ийн хойд талд байрлалтай, орон сууцны зориулалттай, 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын 2.882 м.кв талбайтай бүхий орон сууцны барилга зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгчид төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул барьцаа хөрөнгөөр төлбөрийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Б.Төгөлдөр, Х.Г нарын өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн, хурааж, тус үл хөдлөх эд хөрөнгийг мөн хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шинжээч томилон 236 264 400 төгрөгөөр үнэлсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Бид байрыг бодитой үнэлсэн гэж үзэж байна. Үнэлгээг гаргахад 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр орон сууцтай танилцаад мөн сарын 28-ны өдөр тайланг гаргасан. Тухайн үед зарагдаж байгаа Оранж хотхоны байрнуудын үнэ м.кв нь 1 500 000 төгрөгөөс 1 700 000 төгрөг, нэг давхарт байрлалтай үйлчилгээний зориулалттай байрны м.кв нь 1 700 000 төгрөг, бусад давхарт байрлалтай орон сууцны 1 м.кв дундаж үнэ нь 1 600 000 төгрөг орчим байсан. Бид нар зах зээлийн ханшийг бодитой, зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлаж гаргасан гэв.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулахаар Б.Төгөлдөр, Х.Г нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж 59 байр, 27 тоот 147.68 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаартай орон сууцыг үнэлсэн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланд зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээний хүснэгтэд Оранж хотхон дахь 3 төрлийн орон сууцны худалдахаар зарлагдсан үнэ, барилгын хэмжээ, зарлагдсан он, зарагдсан үнэ, зар тавигдсан цахим холбоос зэргийг тусгасан байх тул шинжээчийн үнэлгээ бодитой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах гомдлыг хариуцагч тал эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэл заан маргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 1523 дугаар тогтоолоор “Нида” ХХК болон Ц.Оюумаа нараас  232 164 309 төгрөгийг, “Нида” ХХК-аас 764 547 285 төгрөгийг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулан “Чингис хаан банк” ХХК-д олгож, төлбөр төлөгч нар шийдвэрийг эс биелүүлбэл Б.Төгөлдөр, Х.Г нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхон /17041/, Туул гол гудамж, 59 дүгээр байрны 27 тоотод байрлах орон сууцны зориулалттай 147.68 м.кв талбайтай дөрвөн өрөө бүхий орон сууц болон бусад 5 үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 6-15 дахь тал/

Дээрх шийдвэрийг “Нида” ХХК, Ц.Оюумаа нар сайн дураар биелүүлээгүйгээс  “Чингис хаан банк” ХХК Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ГХ2018/00114 дүгээр гүйцэтгэх хуудас бичүүлсэн байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасанд нийцжээ. /хх 34-35 дахь тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар харилцан тохиролцоогүйн улмаас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 04 дугаартай тогтоол гарган “Х” ХХК-ийг шинжээчээр томилж, орон сууцанд үнэлгээ хийлгэхэд Б.Төгөлдөр, Х.Г нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхон /17041/, Туул гол гудамж, 59 дүгээр байрны 27 тоотод байрлах орон сууцны зориулалттай 147.68 м.кв талбайтай дөрвөн өрөө бүхий орон сууцыг 236 264 400 төгрөгөөр үнэлжээ. /хх 36-50 дахь тал/ Уг үнэлгээ нь талуудын маргааны зүйл болсон байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлж, “Х” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгийн үнэлгээ хийхдээ тухайн орон сууцны давхрын байршил, нарны тусгал, харагдах орчин, ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг шинж байдал, онцлогыг харгалзсан эсэх нь тодорхойгүй байх тул уг үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01044 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ

                                          ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

                                                                                                 Ч.ЦЭНД