Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 136/шш2023/00206

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: Ц /РД:************/-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Ч-И ХХК /РД:********/

  Нэхэмжлэлийн шаардлага:Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.Ц, түүний өмгөөлөгч З.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,

Гэрч Э.У,

Нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ц ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6,731,999 төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Ш.Ц миний бие нь тус компанид 2018 оны 09 дүгээр сарын 17-нд кассын нярваар ажилд ороод 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын байрыг жинхлэн ажиллаж ирсэн. Би ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө хийж гүйцэтгэх ажил үүргийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж биелүүлж ирсэн. Ч-И ХХК-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/** дугаартай тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна.

Дэлгэрэх салбараас эхлээд 100 ширхэг грандирны ир авах захиалгын хуудас ирээд тухайн захиалга нь эрх бүхий албан ташаалтангуудаар цохогдоод захирал Эаар баталгаажуулагдсан байсан. Баталгаажуулагдсаны дараагаар хангамжийн менежер худалдан авалтыг нь хийгээд өгч явуулсан байхад үүнийг нь надад хамааруулж намайг ажлаа өг гэх мэтээр ажлын байрны дарамтыг удаа дараалан үзүүлэн ажлаас халсан. Захирал Э өмнө нь захиалгын хуудсаа баталгаажуулан худалдан авалтыг хийлгүүлэх зөвшөөрлийг олгосон хирнээ, шаардах хуудсаар 20 ширхэг грандирны ирний цохолт хийсэн гэж захиалгын хуудас, шаардах хуудас хоёрын зөрүүтэй байдлыг үүсгэж өөрийнхөөрөө тайлбарлан дайрч дарамталж, ажлаас халах арга хайж шалгалт хийсэн. Дийн салбараас захиалгаар орж ирсэн 100 ширхэг грандирны ирийг хангамжийн менежер См худалдан авалт хийгээд, материалын нярав Нэд өгсөн байсныг Нд салбар хариуцсан нягтлан Хд өгсөн байсан. Х Дх салбар руу явуулаад Дэлгэрэх салбарын дарга Бн шаардах хуудсаа бичиж явуулсан байсан. Үүний цохолтыг нь захирал Э хийхдээ 100 ширхэгийг авахаар шаардсан хуудсанд 20 ширхэгийн цохолт хийж өгсөн байсан. Тухайн үед материалын нярав Нд салбарын дарга Бнд танайх авсан 100 ширхэг грандирны ирний тайлбарыг захиралд хэлэхгүй бол хасаж цохоод байна гэж хэлээд орхисон. Тэгэхэд Эр захирал хангамжийн менежерийг 2 няравтай дуудуулж байна гэхээр нь орж уулзахад энэ бараа материалын олголтын зарчим чинь яаж яваад байгаа юм бэ гэж асуусан. Н складанд бэлэн байгаа бараа материалд шаардах хуудас бичээд цохосны дараа олгож байгаа харин захиалгаар орж ирсэн байраа материалыг хангамжийн менежер худалдан авалтыг нь хийгээд бараа материалыг нь захиалгын хуудасны дагуу олгож байгаа гэсэн тайлбарыг тавьсан. Тэгсэн захирал би 20 ширхэгийг цохож байхад чи 80 ширхэгийг илүү явууллаа, илүү явуулсан грандирны ирээ өөрөө төл гэсэн ба Н би яагаад гэхэд би 20-ыг цохсон байхад чи 80-ийг илүү явуулсан болохоор чи төлөх ёстой гээд байхаар нь би хажуунаас нь алба салбарыг бараа материал нөөцөлдөггүй гэж бодож байна. тухайн өдрөө юм уу долоо хоног, сараар хэрэглэх бараа материалаа авч байгаа байх гэж бодож байна. Тийм болохоор хангамжийн менежерийн авч өгсөн бараа материалыг захиалгынх нь дагуу явуулсан гэж хэлсэн. Тэгэхэд чи явуулсан бараа материалынхаа араас хяналт тавьдаг уу гээд асуухаар нь би хяналт тавьдаггүй. Хяналт тавьдаг хүн нь салбарын дарга, инженер, салбар хариуцсан нягтлан нар нь хяналт тавьдаг гэхэд чи хяналт тавина, чамайг хяналт тавьдаг болгоно, чамайг ер нь өргөдлөө өгөөд зайл гэж хэлсэн байгаа чи өргөдлөө өгөөд зайлуул яасан юм гээд загнаж байгаад ер нь чамайг хална гээд л халахаар болсон.

Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөө гэнэт л тооллогыг хийсэн. Тооллогоор бараа материалууд илүү болон дутуу гэж гарсан. Илүү гарсан бараа материалууд нь явуулах ёстой байсан салбарууд руугаа явуулж чадаагүй байсан. Гэхдээ явуулахаар шаардах хуудас гарчихсан байсан бараанууд илүү гэж тоологдсон. Дутсан бараа материал гэж байхгүй. Тооллогоор дутсан гэж үзсэн нь алба салбарын авсан бараа материалын шаардах хуудас нь ирээгүй байсан болохоос биш огт дутсан юм байхгүй. Бараа материалыг авсан алба, салбаруудаас шаардах хуудаснууд тооллогын дараагаар ирсэн. Би дутсан бараа материалуудыг шаардах хуудастайгаа тулгачихаад захиралд хандаж та бараа материал авсан алба, салбараас нь лавлаж асуугаад шаардахаа цохохгүй бол би тооцоо нийлж болохгүй байна гэхэд мэдэж байгаа би 20-ны шаардахыг чинь албаар үлдээсэн, үзэж амжихгүй байна гээд надад өр төлбөргүй гэсэн тойрох хуудсыг зурж өгсөн. Манай үйлдвэрийн ажил байнгын тасралтгүй явагдах шаардлагатай байдаг учир алба, салбаруудад хэрэгцээ шаардлагатай барааг нь өгч явуулдаг. Дараа нь бараа материалуудаа авсан алба, салбарууд шаардах хуудсаа бичээд цахимаар илгээхээр нь эрх бүхий албан тушаалтан болох ХАБ-ын инженер болон захирал цохоход надад программ дээр харагддаг. Үүнийг нь би хүлээн аваад тооцооны нягтлангаар зарлага гаргуулдаг. Өөрөөр хэлбэл би өөрөө дур мэдээд бараа материалыг орлого, зарлага гаргадаггүй. Зөвхөн бараа материалаа алба салбарууд руу өгч явуулаад, шаардах хуудастайгаа тулгаад л тооцоогоо нийлүүлээд явдаг. Мөн сумдад байдаг салбарууд унаа олдсон дээр гээд хэрэгцээ шаардлагатай бараа материалаа яаралтай авмаар байна гэсэн хүсэлтийнх нь дагуу өгч явуулдаг бөгөөд ажилчдын сарын хөдөлмөр хамгааллын нормыг, жагсаалтын дагуу ХАБ-ын инженерийн цохолтоор өгч явуулдаг. Эдгээр нь эргээд шаардах хуудсаар зарлага нь гардаг. Бараа материалын зарлагын шаардах хуудас ямар байдлаар шаардах хуудас бичигдэж зарлага гардгийг тооцооны нягтлан У энэ талаар сайн мэднэ. Би хөдөлмөр хамгааллын хувцас, ажлын бээлий, сарын нормын бараа материалууд, бичиг хэргийн бараа материалууд, интернэт сүлжээний бараа материал хэрэгслүүд, үйлдвэрийн гадна дотно камеруудыг, касс, цайны газрын тооцоо, шатахууны тооцоо зэрэг бараа материалуудын тооцоог хариуцдаг. Над дээр байдаг ухаалаг худгийн карт байсныг тооллого хийсэн комиссынхон хараад бүртгэлгүй бараа материал байна гэж үзсэн байсан. Энэ нь өмнөх нярвын үед байсан бөгөөд надад хүлээлгээд өгсөн болохоос биш, өөрөөр тухайн картуудыг бүртгэлд авах талаар хэлээгүй. Ухаалаг худаг ашиглалтад орох үед картууд иргэдэд үнэгүй тараагдаж байсан болохоор энэ ч үүднээсээ бүртгэлд авах шаардлагагүй байсан. Ухаалаг худгийн 3000 ширхэг карт өнөөдрийн зах зээлийн ханш болох 5000 төгрөгөөр тооцоход 15,000,000 төгрөгийн бараа материал бүртгэлгүй байна. Чи бүртгэж авахгүй байснаар хувьдаа завших гэсэн санаа гэж намайг санаж бодоогүй явсан зүйлээр элдэвлэж дайрч дарамталж ажлын байрны дарамтыг үзүүлсэн. Тухайн картуудыг компанийн үндсэн хөрөнгөд бүртгэх эсэхийг ерөнхий нягтлан мэдэхээс гадна, би тэр картыг компанийн үндсэн хөрөнгөд бүртгэх эрхгүй, мөн зарж борлуулж байсан удаа байхгүй байхад хэтэрхий намайг хардах, сэрдэж дарамталж байна. Картыг шууд ашиглах боломж ч байхгүй. Тооцооны нягтлан идэвхжүүлэлт хийж байж ашиглах боломжтой болдог. Хэрхэн яаж идэвхжүүлдгийг нь би ч мэдэхгүй. Мэдэх ч шаардлага байхгүй. Намайг захирал зөвхөн хувийн үзэл бодлоороо тулган шаардаж, үндэслэлгүй бараа материалын илүүдэл, дутагдлыг гарган ирж ажлаас халсан тул ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гартал хугацаагаар гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. .

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Компанийн дотоод журмын 4.4.2-т зааснаар захирлаар батлуулаад удирдамжийн дагуу зохион байгуулна гэж заасан байгаа. Гэтэл тухайн тооллогын акт дотоод журамд заасан үндэслэл болохгүй байна гэж үзэхээр байдаг. ... тооллогын актаар бараа материал дутсан, илүүдэж маш их хэмжээний алданги гаргасан байсан бол Цыг ажлаас халж байгаа тушаалд яагаад өр төлбөр тавигдаагүй юм. Энэ зүйл хүртэл халсан тушаалын үндэслэлд байдаггүй. Гэтэл өнөөдөр төлбөр гараад ирчихсэн. Энэ хүн дутаасан юм уу, өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байгаа, байхгүй гэх зүйлүүд байдаггүй. Харин ч Цын шаардах хуудсаар өгсөн бараа материал өгсөн нь өөрийнх нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу бараа материалыг өгөөд харин дараагийн сарын эцсийн тооллого болоогүй байхад гэнэтийн шалгалт хийсэн байдал харагддаг. Ажлын байрны тодорхойлолтод юу гэж заасан байгаа вэ гэхээр 9.4-т бүх төрлийн бараа материалыг хүлээн авах, салбар болон алба хэсгүүдэд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заагдсан. Ажлын тайланг сар бүр гаргаж тооцоо, судалгаатай ажиллаж тайлагнах үүрэгтэй байгаа. Гэтэл энэ тайлан, тооцооны судалгаа нь тухайн сардаа гарах болоогүй ба дөнгөж 21-н өнгөрөөд байж байхад гэнэтийн тооллого ороод ирсэн. Гэнэтийн тооллого нь өөрөө хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу биш, компанийнхаа дүрэм, журмыг зөрчиж хийсэн заалтаар хийсэн. ... Мөн Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 1.5-т заасныг үндэслээд ажлаас халсан тушаалын үндэслэх хэсэгтээ авсан байдаг. Энэ заалт нь тухайн ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, захиран зарцуулах эрх бүхий ажилтан, ажил олгогчийн итгэлийг алдсан, буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь тогтоогдсон гэж байгаа. Энэ нь ямар эрх бүхий байгууллагын албан шийдвэр, эцсийн шийдвэрээр тогтоогдсон юм. Нэхэмжлэгч мөнгө дутаасан уу, эд хөрөнгө дутаасан уу, эсвэл эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр илтгэлийг нь алдаад бүхий л компанийн эд хөрөнгийг зарцуулсан гэх үйлдэл тогтоогдсон гэдэг үйл ажиллагаа нь хуулийн шаардлагаар нарийн заагдсан. Үүнийг эрх бүхий байгууллага л эцэслэн шийдэж тогтооно гэхээс зүгээр өнөөдөр төлөвлөгөөт бус шалгалт оруулаад үүгээр гарч ирлээ гэж тогтоож байгаа нь хуульд үндэслэлтэй шалгалт хийгдээгүй нь илтэд харагдаж байна. Тиймээс нэхэмжлэгчийн нийгмийн шаардлага болох ажилд эргүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны 6,731,999 төгрөгийг гаргах нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарыг гаргаж байна. ... Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасныг үндэслэлтэй авсан гэж үзээд байна. Байгууллагын дотоод журамд заагаад өгсөн байгаа буюу 13.1.2-т Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээн ноцтой тооцохоор нэрлэж, хөдөлмөрийн харилцааг зогсоогоод заасан сахилгын зөрчилд гаргасан, эсвэл сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал өнөөдөр гаргасан алдаа зөрчил, дутагдал хэрэгт авагдсан баримтаар байгаа юм уу гэж харагдах нөхцөл ерөөсөө хэргийн баримтаас үгүйсгэгддэг. Мөн дээрээс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасныг үндэслэлээ гэж байна. Ноцтойд тооцохоор сахилгын шийтгэл авсан зүйл төдийлөн харагддаггүй. Мөн байгууллагын дотоод журмын 8.2-т ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлийг заагаад өгчихсөн байдаг. Үүнд тус журмын 8.2.3-т Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр сахилгын зөрчлийг давтан гаргасан байвал гэж гэтэл энэ удаагийн зөрчлийг давтан гаргасан гэх нөхцөл байдал байдаггүй. Энэ нөхцөл байдлуудаас харахад тушаал өөрөөр үндэслэлтэй авагдсан гэх зүйл харагддаггүй. Мөн нэхэмжлэгч хэлэхдээ орлого зарлагыг ерөнхий нягтлан бодогч хариуцна гэхээс бүх орлого, зарлагыг Ц болон нярав нь хийж гүйцэтгэх хийх ажил төдийлөн харагддаггүй. Мөн бараа материалын илүүдэл буюу дутагдал үүссэн нь юутай холбоотой үүссэн бэ гэхээр хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр гарч ирээд байгаа. ... Мөн бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл хэрэгт авагдсан байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр халсан. Гэтэл бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл дээр 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар харахад тухайн бараа материал, тооллогын бараа материал хоёр хоорондоо нийлж байгаа юм уу гэж харьцуулаад харахад ерөөсөө тэр бараа материал дутагдсан гэх зүйл харагддаггүй. Харин ч тухайн бараа материалын шаардах хуудсыг харахад нэг бүрчлэн таараад явж байдаг. Гэтэл яагаад өнөөдөр дутаагүй байхад, нэхэмжлэгчийг халсан тушаалд ямар ч санхүүгийн зөрчил гаргасан гэдэг нөхцөл байдлыг тусгалгүйгээр хуулийн үндэслэлгүй заалтыг барьж ажлаас халж байгаа талаар тэр бүр нотлох баримтаар харагддаггүй, үгүйсгэгдэж байдаг. Иймд нэхэмжлэлийн тайлбар болон шаардлагаа дэмжиж байна. Гэхдээ хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь манайх бол хуулийн үндэслэлтэй тушаалыг авсан гэж байгаа нь бол хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэх боломжтой байгаа гэдгийг хэлмээр байна. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд ажил олгогчийн болон ажилтны эрх үүргийг заасан байгаа. Үүнд буюу тус хуулийн 43 дугаар зүйлд ерөөсөө ажил олгогч давуу эрхээрээ аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэсэн зүйл байхгүй. ... Тухайн орлого зарлагыг ерөнхий нягтлан буюу тооцооны нягтлан хариуцна. Нэхэмжлэгчийн хувьд алба салбарын дарга нарын баталгаажуулах хуудасны дагуу өгөөд буцаагаад тооцоо нийлэх нягтлантайгаа сар Бээ тооцоо нийлдэг. Зөвхөн 01 сарын 20-ны өдрийн шалгалтаар тухайн тооцоо бэлэн байх ёстой гэдэг ямар ч хууль зүйн үндэслэл харагдахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

Хариуцагчийн Ч-И ОНӨ ХХК-ийн захирал Д.Эаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б овогтой Ш Цын нэхэмжлэлтэй сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч уншиж танилцаад тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн дараах тайлбарыг гаргаж байгаа болно. Уг нэхэмжлэлийн үндэс болж буй 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/** дугаар тушаал нь хуульд заасан шаардлагыг хангаж, тушаалд дурдсан заалтуудыг үндэслэн гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бараа материалыг сарын эцсээр тоолно. Ер нь бол ирсэн бараа материалыг тоолж аваад бүртгэх ёстой байгаа. Манай байгууллагад бараа материалын нягтлан бол баримтын дагуу орлого, зарлагын гүйлгээ хийнэ. Харин ирсэн бараа материалыг нярав тоолж авна. Тооллогыг бол тухайн өдөр захирал тушаал гаргаж тооллогын комиссыг гаргаж тооллого хийгдсэн. Би тухайн бичгийн цаас авсан. Үүнийгээ тайлбар дээрээ бичсэн. Үүнийг бол дутагдалд тооцоогүй. Нэхэмжлэгч бодитой тайлбартаа зүйлүүдийг дутсан гэж яриад байна. Эдгээрийг бол дутсанд тооцоогүй. Харин огт тайлбаргүй байгааг дутсан гэж үзэж байгаа. Энэ талаар өөрөөс нь асуухад ийм юм байна гээд гарын үсэг зураагүй. Тухайн бичгийн цаасыг авсан гэж захирлаар цохолтыг хийлгэж огт тайлбар хийгээгүй. Тэгэхээр өмгөөлөгч бэлэн мөнгө хариуцдаггүй гэж байна. Цын хувьд бэлэн мөнгө, касс, бараа материалын нягтлан юм. Мөн картлах бараа байхгүй гэж байна хөдөлмөр хамгааллын хувцас карталдаг. Бэлэн мөнгийг бол яг тухайн баримтаар гаргадаг. ... Гэнэтийн хяналт шалгалтыг бол захирлын өөрийн эрхийн хүрээнд гаргасан байх гэж бодож байна. Заавал удирдамж гаргаад батлах ёстой байдаг. Ер нь бол урьд нь өөр байгууллагад ажиллаж байсан. Тэгэхэд гэнэтийн тооллогыг удирдамжийн дагуу гаргаж шалгадаггүй байсан. Захирлын өөрийнх нь гаргах эрх мэдлийн хүрээнд ийм тушаал, шийдвэр гарсан байх. ... Угаасаа цаанаасаа ирэхдээ нэг карт 5000 төгрөгийн үнэтэйгээр ирсэн бүртгэлтэй карт учраас бүртгэж авах нь зүйтэй байсан юм болов уу. Одоо бүртгэж авсан. гэв.

  Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а.Захирал Б.Э ажлаас халах шалтаг хайж гэнэтийн тооллого явуулж тооллогоор бараа материалын илүү болон дутуу гарсан гэж Ч-И ХХК-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/** дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй,

б.Тооллогоор илүү, дутуу гэж гарсан боловч шаардахыг нь нөхөн бичүүлсэн, илүү дутуу гэх зүйлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлнэ гэж,

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

а.Тус компанийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/** дугаартай Ш Цыг ажлаас чөлөөлөх тухай тушаал үндэслэлтэй, нярвын ажлын тооллогыг үндэслэсэн тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ш.Ц нь Ч и ХХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/2** тушаалаар жинхлэгдэн томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ. /хх-6-7/

Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, 48 дугаар зүйлийн 48.1-д заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ.

Ч-И ХХК нь Ш.Цыг захирлын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/** дугаартай тушаалаар Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.5, хөдөлмөрийн гэрээний 5.1.4, компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.6.3, 6.6.4, хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3, 8.2.5, 15 дугаар зүйлийн 15.2.2 дахь заалтуудыг үндэслэн мөн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ. /хх-5/

Тушаалд дурдсан заалтуудыг тодруулбал: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон.,

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4 мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон,

Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр болон сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан дараах зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах, 15 дугаар зүйлийн 15.2.2 ажилтан удирдах ажилтныг албан тушаалаар нь хүндэтгэж харьцахаас гадна, хууль эрх зүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн хүрээнд тавьсан үүрэг даалгаврыг биелүүлнэ гэжээ.

Дээрх заалтуудаас харахад нэхэмжлэгч Ш.Ц нь ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан, ажилтан удирдах ажилтныг албан тушаалаар нь хүндэтгэж харьцах, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн хүрээнд тавьсан үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэхээр байна.

Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж үзэж байгаа бол ажилтан ямар буруутай итгэл алдсан үйлдэл гаргасан талаар дурдаж, энэ талаар хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон,

Удирдах ажилтныг хүндэтгэж харьцаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн хүрээнд тавьсан ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй талаар тушаалд тодорхой нэрлэн заасан байхыг шаардана.

Хариуцагч Ч-И ХХК-ийн нярвын ажлын байрны тодорхойлолтод Компанийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтад хяналт тавих, өдөр тутмын бэлэн болон бэлэн бусаар гарсан мөнгөн гүйлгээ, бараа материалын орлого зарлагын гүйлгээг Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэн бүртгэлд тусгуулах, үндсэн хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг хадгалж хамгаалах, мөнгөн хөрөнгийн нөөцийг тогтоосон хэмжээнд байлгаж ажиллахаар ажлын байрны зорилгыг тодорхойлсон байх тул нэхэмжлэгч Ш.Ц нь ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эрх бүхий санхүүгийн албан тушаалтанд хамаарч байна. /хх-9-16/,

Нэхэмжлэгч Ш.Ц нь Няравын ажлын тооллогын актаар зарим нэр төрлийн бараанд илүүдэл дутагдал гарсан нь зарим алба салбар яаралтай шаардлага гарсан тохиолдолд шаардах хуудас бичээгүй байхад бараа материалыг нь өгч явуулаад дараа нь шаардахыг нь бичих тохиолдол гардаг. Тооллогын дараа шаардахыг бичүүлж авахад илүүдэл дутагдал гэх зүйл байхгүй байсан тул хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэх агуулгаар шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Нэхэмжлэгч Ш.Цын ажлын байрны тодорхойлолтын 9 дүгээр зүйлийн 9.1-д алба хэсгүүдийн шаардлагатай бараа материалыг бэлэн байлгаж, гарын үсгийн Бэл бүрэн хангагдсан шаардах хуудасны дагуу бараа материалыг олгохоор зохицуулсан байх тул түүний яаралтай тохиолдолд бараа шаардах хуудас бичээгүй байхад бараа материал олгодог гэх тайлбар үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцсан бараа материалыг ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу олгох үүрэгтэй байна.

Гэхдээ хариуцагч Ч-И ХХК нь хариуцагч Ш.Цыг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл няравын ажлын тооллогын акт гэж тайлбарлах боловч уг тооллогыг ямар эрх зүйн акт, тушаал, шийдвэрийг үндэслэж хийсэн, тооллогоор ямар зөрчил дутагдал илэрсэн болох нь тодорхойгүй, хэдэн ширхэг ямар бараа дутагдсан, илүүдсэн гэдэг нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч Ш.Цыг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Учир нь Ш.Цыг ажлаас чөлөөлсний дараа 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ч-И ХХК-ийн эргэлтийн хөрөнгөд тооллого хийсэн тухай илтгэх хуудас бичигдсэн, илтгэх хуудсанд Тооллогоор 95 нэр төрлийн 29,582,600.21 төгрөгийн бараа материалыг тоолов. Үүнээс тооллогоор илүү гарсан 9 нэр төрлийн 8,729,337.56 төгрөгийн бараа материал, алба салбаруудын авч хэрэглэсэн 40 нэр төрлийн 3,993,863.35 төгрөгийн бараа материал байна. Алба салбарын авч хэрэглэсэн бараа материал нь захиалгаар авч хэрэглэсэн бараа материал, алба салбарууд сарын нормоо авахдаа жагсаалтын дагуу аваад шаардахаа бичээгүй бараа материалууд байна. Захиалгаар авч хэрэглээд шаардахаа бичээгүй 15 нэр төрлийн 3,106,264.45 төгрөгийн бараа материал байна. гэж дурдсан байхаас гадна

гэрч Э.Уийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт шугам хагарах зэрэг гэнэтийн асуудал их гарахад, мөн хөдөө 7 салбартай, тэд нар яаралтай унаа явах гэж байна шаардахыг нь өглөө явуулчихья энэ тэр гээд шөнө машин явуулах зэрэг тохиолдлуудад шаардах бичихгүйгээр бараа материал олгодог ....ухаалаг худгууд ашиглалтад ороход дагалдуулж өгсөн картууд байдаг. Дагалдуулж ирсэн болохоор хүмүүст үнэгүй тараагддаг карт юм. Тухайн бүс нутагт ухаалаг худаг ашиглалтад ороход тэр хавийн оршин суугчдад баг руу нь өгөөд үнэгүй тараагддаг. Үлдсэн нь складанд байгаа. Ерөнхий нягтлангаас бүртгэх үү гэж асуухад бэлэглэлээр ирсэн учраас бүртгэх шаардлагагүй гээд бүртгээгүй...Зарим бараа материал дутуу тоолсон байсан, ...нүүрэвчтэй хамгаалалт дутуу гэхээр нь ороод харсан юм. Нүүрэвчтэй хамгаалалт нь ковидын үеийн нүүрэвчтэй хамгаалалт мөн ажилчдын хамгаалах хэрэгсэл гээд багтай нүүрэвчтэй хамгаалалт байдаг тэрийг бас нүүрэвчтэй хамгаалалт гээд авчихсан байсныг нэгийг нь тоолоод нөгөөхийг нь бүртгэлгүй гэж үзсэн байсан. Тэгээд дараа нь тэр хоёрыгоо нийлүүлээд тоолоход нэршил дээр байгаа тоогоороо таарч байсан гэв... дараа нярав, ерөнхий нягтлан, тооллогын комиссуудыг дагуулаад явсан...илтгэх хуудас бичсэн. Яг нарийвчилсан тэмдэглэл хийгдээгүй, амаараа ярьсан. Илтгэх хуудас дээрээ шаардахаа бичээгүй авсан хүний бараа материал байна гэдгийг тусгаж өгсөн гэх

гэрч М.Нын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэгт ...размер бага хувцас байсан, энэ хувцас миний шүүгээнд сул байж байхаар хэрэгтэй хүнд нь өгсөн нь дээр байхаа гэж бодоод өгсөн. Ажлын өвлийн нормын хувцас. Өнгөрсөн 12 дугаар сард шиг санаж байна. гэх,

гэрч Х.Тийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэгт ...тухайн үед тооллого хийхэд 6 ширхэг бодис байгаа. Тооллогын дараа хоёрыг салбар сум руу шаардахаар гаргаж хэрэглэсэн. Одоо 4 ширхэг бодис байгаа. Тэр бодис хөлдөж болдоггүй. Тухайн үед тооллого хийхдээ өөр газар байгаа гэдгийг хэлсэн байхад очиж үзээгүй юм шиг байсан. 15-р ус түгээх дээр байрлаад байгаа. 20 литрийн канистртай гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд хариуцагч нь няравын ажлын тооллогыг үндэслэсэн бол тооллогын дүнг шалгаж зөрчлийг бүрэн шалгаж тогтоосны дараа шийдвэр гаргах байжээ.

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсний 24 хоногийн дараа илтгэх хуудас бичсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д "Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ" гэж заасанд нийцээгүй байна. Учир нь хариуцагч ажлаас чөлөөлөхийн өмнө ямар зөрчил гаргасан талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, түүний тайлбарыг сонсоогүй, ажлаас чөлөөлсөн тушаалд нэхэмжлэгчийг буруутгаж байгаа зөрчил тус бүрийг нэрлэн заагаагүй тул хариуцагчийн шийдвэр хууль зөрчжээ.

Хуулийн дээрх заалтад зааснаар зөрчлийн шинж үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх байтал шаардах хуудас бичүүлээгүй бараа олгосноос шалтгаалан хэрхэн яаж эд хөрөнгийн хохирол амссан, засаж болохооргүй ямар үр дагавар учирсан талаараа хариуцагч тайлбарлаагүй, итгэл эвдсэн ямар ноцтой зөрчил гаргасан талаар нэрлэн заагаагүй шийдвэрийг хууль ёсны гэж үзэхгүй.

Үүнээс гадна хавтаст хэргийн 46-49 дүгээр талд авагдсан Ч-И ХХК-ийн нярав Ш.Цын агуулахын тооллогын дүн мэдээ танилцуулсан хурлын тэмдэглэл-ээр нэхэмжлэгчийн алдаа зөрчлийг эцэслэн шалган тогтоосон гэж үзэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ш.Цыг Ч и ХХК-ийн няравын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар олгох нь зүйтэй байна.

Цалин хөлсийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/1** дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.3-т заасныг баримтлан сүүлийн 3 сарын цалин болох 2021 оны 10 дугаар сарын цалин 1,009,333 төгрөг, 11 дүгээр сарын цалин 1,059,800 төгрөг, 12 дугаар сарын цалин 1,059,800 төгрөг нийт 3,128,933 төгрөг болж байна. /1,009,333+1,059,800+1,059,800=3,128,933/.

Уг цалинг 2021 оны 10, 11, 12 дугаар сарын ажлын нийт 63 өдөрт хуваахад нэг өдрийн цалин 49,665 төгрөг болж байна. /21+20+22=63 3,128,933:63=49,665/

Нэхэмжлэгч Ш.Ц нь нийт 2022 оны 01 сард 7, 02 сард 17, 03 сард 22, 04 сард 21, 05 сард 22, 06 сард 20, 07 сард 16, 08 сард 23, 09 сард 22, 10 сард 21, 11 сард 21, 12 сард 21, 2023 оны 01 сард 22, 02 сард 17, 03 сард 20 өдөр нийт 292 өдөр ажилгүй байсан байна.

Нэг өдрийн дундаж цалин 49,665 төгрөгийг 292 өдөрт тооцоход нийт 14,502,180 төгрөг болж байх тул энэ дүнгээр ажилгүй байсан хугацааны цалинг тооцох нь зүйтэй байна. /49,665*292=14,502,180/

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 300,661 төгрөг гаргуулж улсын тэмдэгтийн хураамжид оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Ш.Цийг кассын няравын ажилд эгүүлэн тогтоож, Ч-И ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинд 14,502,180 төгрөг гаргуулж Ш.Цад олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг Ч-И ХХК-д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Цийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч-И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 300,661 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АРИУНЗУЛ