Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 143/ШШ2022/00147

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 143/ШШ2022/00147

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х 

 

Хариуцагч: Ө аймгийн М газар 

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярмагнай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө******* 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/55 тоот тушаалаар ******* боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар томилогдсон.

Ингээд 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад жирэмсний чөлөө аваад 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүүхдээ төрүүлж, одоо хүүхэд маань 6 сартай миний бие асрах чөлөөтэй байгаа болно.

Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдлийг миний хувийн мэйл хаягаар ирүүлсэн. Уг мэдэгдлийг мэйл хаягаар хүлээж аваад хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбараа хүргүүлсээр байтал 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал мөн л мэйл хаягаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг шуудангаар хүлээн авах талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл миний бие бичгээр хүлээн аваагүй байна.

Ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримталжээ.

Хэрвээ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож байгаа бол Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэлүүд болох Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтын аль нэг үндэслэл байхыг шаардахаар байна. Гэтэл хуулийн дээрх заалтад заасан үндэслэлүүдээс аль нь ч үүсээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргасан байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тохиолдлуудыг зохицуулсан байх бөгөөд хуулийн 35.1.4-т заасан жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /эцэг/-ийг ажлаас халахыг хориглосон байхад хууль зөрчиж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд ******* намайг ******* боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******гийн шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ******* боомт дахь экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн албан үүргийг гүйцэтгэгч, хүүхэд асрах чөлөөтэй байгаа Мөнхжаргалын Хишигдүүрэн нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/55 дугаартай Ө******* тушаалаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/09 дугаартай Ө******* тушаалаар *******тэй төрийн албаны тусгай шалгалт явагдан Төрийн албаны зөвлөлөөс нэр шилжүүлэх хүртэл хөдөлмөрийн гэрээг сунган ажиллуулсан. *******гийн өөрийнх нь хүсэлтээр 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/69 дугаартай Ө******* тушаалаар хүүхэд асрах чөлөөг олгосон.

Манай байгууллагын зүгээс *******тэй төрийн албаны тусгай шалгалт явагдан Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл хөдөлмөрийн гэрээг сунган ажиллуулсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар *******гийн ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүднээс тус аймагт Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр явагдаж, тусгай шалгалт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр явагдахыг *******тэй ******* дугаартай утсаар холбогдон шалгалтдаа бүртгүүлэх, шалгалтад орохыг мэдэгдсэн боловч энэ удаагийн шалгалтад орж амжихгүй гэх тайлбарыг хэлсэн.

Улмаар төрийн албаны тусгай шалгалт дээрх товлосон хугацаандаа явагдаж, ******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаартай тогтоолд зааснаар Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан хүнийг ******* боомт дахь экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар хуулийн дагуу томилох болсон тул *******тэй хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр цуцалсан. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д зааснаар улсын байцаагч нь төрийн захиргааны албан тушаалтад хамаарах ба төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх шаардлага тавигддаг. Мөн улсын байцаагчийн ажил албан тушаалын тодорхойлолтод зааснаар улсын байцаагч нь төрийн албаны тусгай шалгалт явагдан Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл хугацаагаар Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан боловч ******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан гол нөхцөлийг биелүүлээгүйн улмаас тухайн шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан хүнийг томилохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэн тул хуульд заасан үүргээ биелүүлж ******* аймаг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар тогтоолд зааснаар тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан хүнийг ******* боомт дахь экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар хуулийн дагуу томилсон болно.

******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ...ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна гэжээ.

Тус газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/104 тоот тушаалаар *******тэй байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ба энэ нь дээрх хуульд заасан үндэслэлээр ажлаас халсан тухай ойлголт биш юм.

Өөрөө хэлбэл ажил олгогч Хөдөлмөрийн гэрээнд заасанчлан ажилтныг ажлын байр, ажиллах нөхцөл боломжоор хангаж, гэрээнд заасан бол нөхцөлийг биелүүлэхэд нь бололцоог хангаж ажилласан боловч ажилтан уг үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ...ажил олгогчийн санаачлагчаар цуцлах үндэслэл болсон ба ажил олгогчийн зүгээс хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно.

Иймд *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр газрын даргын Б/55 дугаартай тушаалаар ...улсын байцаагчийн албан үүргийг гүйцэтгүүлэхээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Тухайн үед яагаад хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан бэ гэхээр эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид мэргэжлийн эрүүл ахуйчид олддоггүй байдаг учраас Төрийн албаны ерөнхий шалгалт хүртэлх хугацаанд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан. Үүний дараагаар 2020 оны 11 дүгээр сард Төрийн албаны ерөнхий шалгалт болоход ******* нь ерөнхий шалгалтад тэнцсэн учраас 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн газрын даргын Б/09 дугаартай тушаалаар *******тэй байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг сунгасан. Энэ сунгасан тушаалдаа ...улсын байцаагчийн албан үүргийг Төрийн албаны тусгай шалгалт явагдан Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл хөдөлмөрийн гэрээг сунган ажиллуулсан байгаа. Үүний дараа 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр *******гийн жирэмсний болон амаржсаны амралтыг газрын даргын Б/36 дугаартай тушаалд тусгасан байгаа. Ерөнхийдөө энэ хүн Төрийн албаны тусгай шалгалт өгөхөө мэдэж байсан хүн байгаа. Жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусаад 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу газрын даргын Б/69 дугаартай *******д чөлөө олгох тухай тушаалыг гаргаж *******д хүүхэд асрах чөлөөг нь олгосон.

******* боомтын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагчийн сул орон тоон дээр ажиллаж байгаа учраас бид нар ******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд тусгай шалгалтын захиалгуудаа өгчихсөн байсан. Тэгээд тусгай шалгалт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зарлагдаад *******тэй эхлээд утсаар холбогдож тусгай шалгалтад бүртгүүлээд, орохыг миний бие өөрөө хэлсэн байгаа. Гэтэл тухайн хүн маань хэд хоногийн дараа би тусгай шалгалтад орох боломжгүй гэдгээ хэлсэн. Өөрт нь учрыг нь тайлбарлаж хэлсэн. Та тусгай шалгалтад орохгүй бол таны ажлын байр чинь нээлттэй зарлагдаж байгаа. Өчнөөн хүн шалгалт өгөхөөр бүртгүүлэх магадлал өндөртэй. Тиймээс энэ ажлын байран дээр нэгээр гарсан хүн орох магадлал өндөр шүү гэдгийг хэлсэн байгаа. Төрийн албаны зөвлөлийн тусгай шалгалт 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдаж төвд бүртгүүлсэн хүмүүсээс ******* аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 15 дугаар тогтоолоор ******* тухайн орон тоон дээр Төрийн албаны ерөнхий шалгалтаа өгч тэнцэн Төрийн албаны зөвлөлөөс тогтоол нь ирсэн. Үүний дагуу бид нар *******д мэдэгдээд хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгох тухай мэдэгдлээ 11 дүгээр сард өөрт нь хүргүүлсэн байгаа. Тэгээд хүргүүлээд ярилцахдаа тухайн хүн маань миний 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгөх үү гэж утсаар асуусан. Дандаа надтай харьцсан. Тэгээд би нийгмийн даатгалыг чинь 11 дүгээр сар дуустал төлж өгнө гэж хэлсэн. Тухайн үед утсаар ярихдаа хүлээн зөвшөөрч байна гэдгээ илэрхийлсэн. Тэрний дараа 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн газрын даргын Б/104 дугаартай тушаалаар тухайн хүний Төрийн албаны тусгай шалгалт хүртэл гэсэн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргаж явуулсан. Үүний дараа тухайн хүн маань би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргасан байсан. Иймд манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болоод нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулан тайлбар хэлье. Тухайн хөдөлмөрийн гэрээний гол онцлог нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байдаг. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээний хугацааны талаар хуульчилсан байдаг. Хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай, хугацаагүй байна гэж хуульчилсан байдаг. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор хуульчилсан байдаг. Тиймээс ажил олгогч болон ******* нар хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож хугацаатай байгуулсан. Уг *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 14 дэх заалтад аль нэг тал нь үүргээ биелүүлээгүй бол аль нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох буюу цуцлахаар тусгасан байдаг. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/09 дугаартай Мэргэжлийн хяналтын газрын даргын хугацаатай хөдөлмөрийн гэрээг сунгах тухай тушаалаар *******д албан үүргийг Төрийн албаны тусгай шалгалт явагдаж Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэлх хугацаагаар сунган ажиллуулсан байдаг. Газрын даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээг Төрийн албаны тусгай шалгалт явагдаж тэнцэх хүртэлх хугацаагаар сунган явуулсан байдаг. ******* нь хугацаатай хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээний гол буюу төрийн албаны тусгай шалгалтыг өгөөгүй, өгөхөөс татгалзсаны улмаас ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар дээр хөдөлмөрийн гэрээний 37.1.3 дахь заалтыг баримтлах нь хууль бус, буруу юм, 40 дүгээр зүйлийг баримтлах нь зүйтэй гэж тайлбар дээрээ бичсэн байсан. Энэ бол буруу ойлголт байгаа.

Төрийн албаны зөвлөлийн ******* аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс хяналт шалгалт хамрагдсан хэлтэс, газрууд, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах, томилох, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд илэрсэн зөрчил мэдээллийг ирүүлэх талаар төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай чиглэл өгөх тухай албан бичиг байдаг. Уг албан бичиг дээр тухайн албан тушаалд томилогдсон, томилогдоогүй, төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй хүнийг томилсон гэх мэт зөрчлүүдийн талаар мэдээллийг ирүүлэх талаар чиглэл ирүүлсэн байгаа. Үүний дагуу зөрчлийг арилгах арга хэмжээг авах зайлшгүй шаардлага үүссэн. ******* нь хэрвээ Төрийн албаны ерөнхий шалгалтаа өгөөд, тусгай шалгалтаа өгөөд төрийн жинхэнэ албан хаагч болсон тохиолдолд тухайн хүнтэй хөдөлмөрийн гэрээ шууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад тухайн хүнтэй ажиллах ёстой байсан юм. Тухайн хүн төрийн албанд тэнцэхгүй байсан учраас ерөнхий шалгалт өгөх буюу тусгай шалгалт өгөхөөр гэрээ байгуулсан гэрээнийхээ гол нөхцөл болгон ажиллуулж байсан учраас манайхаас *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байгаа. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийг баримтлаагүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч энэ нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад хамаарах ойлголт юм гэсэн тайлбарыг гаргасан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан ойлголт болох хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг заасан бөгөөд хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход энэ зүйл хэсгийг баримтлахаар хуульчилсан байдаг. Гол онцлог нь дуусгавар болгох. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хүлээх үүрэг нь ажилтан жирэмсэн болон амаржсаны амралт авснаар хугацааг зогсоох, түр түдгэлзүүлэх гэсэн ойлголт биш. Тухайн хүн нь ямар нэгэн байдлаар жирэмсний амралт авснаар хөдөлмөрийн гэрээнд заагдсан тусгай шалгалтыг өгч тэнцэх гэсэн ойлголтыг зогсож байгаа гэж нэхэмжлэгч талаас тайлбар дээрээ бичсэн байсан. Тэгэхээр энэ ойлголт биш шүү. Өөрөөр хэлбэл, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд гэрээгээр хүлээсэн гол үүрэг хэрэгжих хүртэл гэрээний хугацааг тоолох ойлголт юм. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд өгсөн тайлбартаа эргэн орсныхоо дараагаар уг төрийн албаны тусгай шалгалтыг өгөх ёстой гэсэн тайлбарыг гаргасан байна лээ, энэ биш үү. Ямар ч байсан жирэмсний амралттай байх хугацаандаа манай байгууллагын зүгээс тухайн хүнд төрийн албаны тусгай шалгалтаа өг гэдэг шаардлагыг тавьсан. Өгснөөр таны ажил албан тушаал хэвээр хадгалагдаж үлдэнэ гэдэг байдлаар хандаад өөрт нь 2 удаа мэдэгдэх хуудас явуулж баталгаажуулсан байгаа. Үүнийгээ нотлох үүднээс нотариатаар баталгаажуулж мэдэгдэх хуудсуудаа хүртэл шүүхэд өгсөн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь хэсэгт зааснаар улсын байцаагчид төрийн захиргааны албан тушаалтнууд хамаарах ба төрийн албан хаагчийн Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх шаардлага тавьдаг. Нийтлэг болон тусгай шаардлага нь юу вэ гэхээр ерөнхий шалгалт болон тусгай шалгалтыг заавал өгч байж төрийн жинхэнэ алба хаагч болно. Ингэж байж тухайн хүн өөрийнхөө ажил, албан тушаалыг хэвээр хадгалж үлдэх ёстой байдаг. Манай байгууллагын зүгээс тухайн хүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалж үлдэх үүднээс тухайн хүнд удаа дараа тусгай шалгалтаа өгөөч ээ гэж мэдэгдэж байсан. Тухайн хүн өөрөө өгөөгүй учраас ажил, албан тушаалыг хэвээр хадгалах биш буюу тухайн албан тушаал нь нийтэд ил зарлагдсан сул орон тоо байгаа учраас төрийн албаны зөвлөл рүү сул орон тооны захиалгаа явуулаад шалгалт авхуулсан байгаа шүү. Үүнтэй холбогдуулаад Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн гэрээг сунган хойшлуулсан боловч хөдөлмөрийн гэрээнд заасан гол нөхцөлийг өөрөө биелүүлээгүй.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд заасанчлан ажилтны ажлын байр болон ажиллах нөхцөл боломжийг хангах, гэрээнд заасан гол нөхцөлүүдийг биелүүлэх бололцоог хангаж ажилласан боловч ажилтан уг үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэл болсон ба ажил олгогчийн зүгээс хууль зөрчсөн үйлдэл болон ямар нэг эс үйлдэхүй гаргаагүй юм. Иймд *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Ө******* тушаалын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, 2022.03.25-ны өдрийн итгэмжлэл; Хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ө******* 2020 оны 06 сарын 17-ны өдрийн Б/55, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн Б/09, 2021 оны 04 сарын 12-ны өдрийн Б/36, 2021 оны 08 сарын 19-ний өдрийн Б/69, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/104, 2021 оны 11 сарын 22-ны өдрийн Б/108 дугаартай тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, тус газрын 2021.11.16-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2021.11.29-ний өдрийн хариу тайлбар, цалингийг хүснэгт, ******* аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 11 сарын 02-ны өдрийн 15 дугаар тогтоол, тус салбар зөвлөлийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 48 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...хүүхэд асрах чөлөөтэй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, мөн 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон тул ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах бөгөөд тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлаагүй, хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч ажил олгогчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/104 дугаартай тушаалыг 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах нэг сарын хугацааг хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй.

3. Хариуцагч нь татгалзал, түүний үндэслэлийг *******тэй харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүднээс төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлэх, оролцохыг мэдэгдсэн боловч шалгалтад оролцоогүй, улмаар тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан хүнийг томилох болсон тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр цуцалсан гэж тайлбарладаг.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцалсан нь хуульд заасан үндэслэлтэй эсэх талаар талууд маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тушаалууд, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *******г Ө******* 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар ******* боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн албан үүргийг гүйцэтгүүлэхээр томилж, талууд мөн өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах зохицуулалтад нийцсэн байна.

  5. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байж болох бөгөөд хугацаатай хөдөлмөрийн гэрээний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь зохицуулалт үйлчлэх ба хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад хугацааг сунгахгүй бол хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болох агуулгатай байна.

Улмаар Ө******* 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/09 дугаар тушаалаар ...улсын байцаагчийн албан үүргийг төрийн албаны тусгай шалгалт явагдан Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл *******тэй байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг сунган ажиллуулжээ.

Нэхэмжлэгчид ажил олгогчийн тушаалаар 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралтыг, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлт гаргах эсхүл хүүхдийг 3 нас хүрэх хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөөг тус тус олгосон байна.

 

Түүнчлэн, ажил олгогчоос Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан хүнийг ...улсын байцаагчаар хуулийн дагуу томилох болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8 дахь заалтын дагуу хугацаатай хөдөлмөрийн гэрээг цуцалж, хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгох болсныг 2021 оны 11 сарын 16-ны өдрийн мэдэгдэх хуудсаар *******д мэдэгдсэн байна.

Ө******* 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/104 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн *******тэй байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс эхлэн дуусгавар болгожээ.

6. Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан, эсхүл ажил олгогч санаачилснаар дуусгавар болж болох бөгөөд эдгээр харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд, харин бусад асуудлаар дуусгавар болох үндэслэлийг мөн хуулийн 37 дугаар зүйлд зохицуулсан, 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэжээ.

 

Талуудын тайлбар, хэргийн баримтаар *******г ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан бус харин бусад үндэслэлээр буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн зохицуулалт энэхүү маргаанд хамааралгүй, энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.3, 40.5, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэх тайлбарыг гаргасан ба тайлбарлаж буй дээрх тохиолдлууд нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, ажлаас халах /хуулийн 40 дүгээр зүйл/-ыг хориглосон зохицуулалт болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор хуульчилсан.

  Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил хамаарах бөгөөд талууд дээрх гэрээгээр хөдөлмөрийн харилцааг хугацаатай болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан гол нөхцөл болгон харилцан тохиролцсон тул талуудын хооронд хугацаатай гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иймд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ нэгэнт хугацаатай байгуулагдсан тул уг хугацаа болсноор дуусгавар болох учиртай, гэрээний хугацаа дуусах нь талуудын хүсэл зоригоос үл шалтгаалсан үйл явдал ба дээрх үндэслэлээр гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн ажил олгогчийг буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан тул нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН