Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00974

 

                                           ****гийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн **** шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

**** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 143/ШШ2022/00147 дугаар шийдвэр, 

**** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 203/МА2020/00020 дугаар магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

**** **** **** **** ****т холбогдох 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн

даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мухлайгийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь **** **** **** **** ****т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 143/ШШ2022/00147 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримтлан **** **** **** **** ****т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай ****гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч **** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

3. **** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 203/МА2020/00020 дугаар магадлалаар **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 143/ШШ2022/00147 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ****г Шивээхүрэн боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн **** хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын **** улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч **** **** **** **** ****т даалгасугай гэж, 2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч **** **** **** **** газраас 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мухлай **** журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч **** нь Шивээхүрэн боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн **** хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын **** улсын байцаагчийн албан үүргийг гүйцэтгэгчээр 2021.06.17 өдрийн Б/55 дугаартай **** **** **** **** газрын даргын тушаалаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж, 2021.01.04 өдрийн Б/09 дугаартай **** **** **** **** газрын даргын тушаалаар “ ****тэй төрийн албаны тусгай шалгалт явагдан Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээг сунган" ажиллуулсан. ****гийн өөрийнх нь хүсэлтээр 2021.08.19 өдрийн Б/69 дугаартай **** **** **** **** газрын даргын тушаалаар хүүхэд асрах чөлөөг олгосон. Манай байгууллагын зүгээс ****тэй төрийн албаны тусгай шалгалт явагдан Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл хөдөлмөрийн гэрээг сунган” ажиллуулсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар ****гийн ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүднээс тус аймагт Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт 2021.10.21-ний өдөр явагдаж, тусгай шалгалт 2021.10.28-ны өдөр явагдахыг ****гийн 99467393 дугаартай утсаар холбогдон шалгалтдаа бүртгүүлэх, шалгалтад орохыг мэдэгдсэн боловч энэ удаагийн шалгалтад орж амжихгүй гэх тайлбарыг хэлсэн. Улмаар төрийн албан тусгай шалгалт дээрх товлосон хугацаандаа явагдаж **** **** Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар тогтоолд зааснаар Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан хүнийг Шивээхүрэн боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн **** хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын **** улсын байцаагчаар хуулийн дагуу томилох болсон.

4.1. Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д зааснаар улсын байцаагч нь төрийн захиргааны алба тушаалтанд хамаарах ба төрийн албан хаагч нь Төрийн албан тухай хуульд зааснаар нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх шаардлага тавьдаг. Мөн улсын байцаагчийн ажил албан тушаалын тодорхойлолтод зааснаар улсын байцаагч нь төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн байх шаардлагатай байдаг. Нийтлэг болон тусгай шаардлага нь төрийн албаны ерөнхий болон тусгай шаардлагыг заавал өгч байж төрийн жинхэнэ албан хаагч болдог. Ингэж байж тухайн албан хаагч өөрийнхөө ажил албан тушаалыг хэвээр хадгалж, төрийн жинхэнэ албан хаагч болох ёстой байдаг. Манай байгууллагын зүгээс тухайн албан хаагчийн ажил албан тушаалыг хэвээр хадгалж үлдэх үүднээс тусгай шалгалтаа өгөхийг удаа дараа сануулж байсан. Гэвч тухайн албан хаагч нь хөдөлмөрийн гэрээг төрийн албан хаагчийн тусгай шалгалт өгөх хүртэл хугацаатай байгуулснаа мэдсээр байж шалгалтаа өгөөгүй. Шалгалтад орж амжихгүй гэсэн тайлбарыг өгсөн. Нэхэмжлэгч **** нь өөрөө төрийн жинхэнэ албан хаагч гэж буруу ойлгож байна. Нэхэмжлэгч **** нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох “төрийн албан хаагчийн тусгай шалгалтаа өгч, төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл хугацаагаар” гэсэн гол нөхцөлийг биелүүлээгүй. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд заасанчлан ажилтны ажлын байр болон ажиллах нөхцөл боломжийг хангах, гэрээнд заасан гол нөхцөлүүдийг биелүүлэх бололцоог хангаж ажилласан боловч ажилтан уг үүргээ биелүүлээгүй нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэл болсон ба ажил олгогчийн зүгээс хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй болно. Манай байгууллагын зүгээс тухайн албан хаагчийн ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүднээс төрийн албан хаагчийн тусгай шалгалт өгөхийг удаа дараа мэдэгдсэн. ****г 2021.11.22-ны өдрийн Б/104 дугаар **** **** **** **** газрын даргын тушаалаар чөлөөлсөн хэдий ч тухайн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах үүднээс 2021 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалыг төлсөн.

4.2. Магадлалын хянавал хэсгийн 4 дэх заалтад “...хүүхдийн эрх ашигт нийцээгүй шийдвэр гаргасан...’’ гэх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлгүй гэх үндэслэлээр дахин хянаж өгнө үү.” гэжээ. 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мухлайгийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ. 

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч **** журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мухлайгийн гомдлыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.09.16-ны өдрийн 001/ШХТ2022/00870 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, **** шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

ХЯНАВАЛ: 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мухлайгийн **** журмаар гаргасан “...магадлал хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн утга бүхий гомдлыгхангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ****гийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулжээ. 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаас хэргийн үйл баримтыг зөрүүтэй тогтоосны улмаас зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

9. **** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хүүхэд асрах чөлөөтэй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, мөн 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон тул ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах бөгөөд тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлаагүй, хууль зүйн үндэслэлгүй. ...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх...” гэж тодорхойлжээ. 

10. Хариуцагч **** **** **** **** **** “... ****тэй харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүднээс төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлэх, оролцохыг мэдэгдсэн боловч шалгалтад оролцоогүй, улмаар тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан хүнийг томилох болсон тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр цуцалсан. ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцсэн байна. 

11. Зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцааны хугацаа дуусгавар болсон эсэх нь маргааны зүйл болжээ.  

 12. **** ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд шүүхэд гаргасан байна. 

13. **** **** **** **** газрын даргын 2020.06.17-ны өдрийн Б/55 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.2.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д тус тус заасныг үндэслэн ****г нэн шаардлагатай байгаа Шивээхүрэн боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн **** хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын **** улсын байцаагчийн албан үүргийг гүйцэтгүүлэхээр томилж, талууд мөн өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. 

Улмаар **** **** **** **** газрын даргын 2021.01.04-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Шивээхүрэн боомт дах Экспорт, импорт, хилийн хорио цээрийн **** хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын **** улсын байцаагчийн албан үүргийг төрийн албаны тусгай шалгалт явагдан Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл хугацаагаар дээрх тушаал,гэрээг сунган ****г ажиллуулсан байна. 

14.    **** **** **** **** газрын даргын 2021.04.12-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар ****д 2021.04.12-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт, мөн даргын 2021.08.19-ний өдрийн Б/69 дүгээр тушаалаар 2021.08.19-ний өдрөөс ажилдаа эргэн орох хүсэлт гаргах эсхүл хүүхдийг 3 нас хүрэх хүртэл хугацаагаар хүүхэд асрах чөлөөг тус тус олгожээ. 

15. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.6, Засгийн газрын 2019.07.03-ны өдрийн 275 дугаартай тогтоол, түүний хавсралтад зааснаар **** **** **** **** газрын Шивээхүрэн боомт дах Экспорт, импорт, хилийн хорио цээрийн **** хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын **** улсын байцаагч албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал бөгөөд дэс түшмэлийн ангилалд хамаарна. 

16. Ажил олгогч нь **** **** **** **** газрын Шивээхүрэн боомт дах Экспорт, импорт, хилийн хорио цээрийн **** хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын **** улсын байцаагчийн буюу төрийн захиргааны албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйл, мөн хуулийн 33 дугаар зүйлийн33.3-т заасан болзол шаардлагыг хангасан  иргэнийг томилох үүрэгтэй. 

17. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “...хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж хуульчилсан байна. 

Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2, 7.1.24, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн  Засгийн газрын 2020.05.27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020.12.31-ний өдрийг хүртэл сунгажээ.  

18. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, мөн зүйлийн 33.7-д “Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулна”, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т “Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно” гэж тус тус заасан.

19. Ажил олгогчоос ****г нэн шаардлагатай байгаа Шивээхүрэн боомт дах Экспорт, импорт, хилийн хорио цээрийн **** хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын **** улсын байцаагчийн албан үүргийг төрийн албаны тусгай шалгалт явагдаж, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл хугацаагаар томилсон нь талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлсон хугацаатай хөдөлмөрийн харилцаа үүсэж, хугацааг сунгахгүй тохиолдолд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох агуулгатай байна.  

Учир нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан нөхцөл байдлын улмаас ажил олгогч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага хангаагүй ****г зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж, хугацаатай томилсныг Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд томилохдоо тодорхой хугацаа заахгүй” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй. 

20. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн хугацаа тоолох журмыг зохицуулан хуульчилжээ. 

21. Хариуцагч байгууллагаас ****д төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт 2021.10.28-ны өдөр явагдахыг түүний 99467393 дугаартай утсаар холбогдон шалгалтад бүртгүүлж, орохыг мэдэгдсэн хэдий ч нэхэмжлэгч энэ удаагийн шалгалтад орж амжихгүй гэж татгалзан өөрт хуулиар олгогдсон боломжийг эдлээгүй байна. 

22. Төрийн албаны мэргэшлийн шалгалт товлосон хугацаандаа явагдаж, **** **** Төрийн албаны салбар зөвлөлийн 2021.11.02-ны өдрийн 15 дугаар тогтоолд зааснаар Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан иргэнийг Шивээхүрэн боомт дах экспорт, импорт хилийн хорио цээрийн **** хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын **** улсын байцаагчаар хуулийн дагуу томилох болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.8-д заасны дагуу хугацаатай хөдөлмөрийн гэрээг цуцалж, хүүхэд асрах  чөлөөг дуусгавар болсныг 2021.11.16-ны өдрийн мэдэгдэх хуудсаар ****д мэдэгджээ. 

**** **** **** **** газрын даргын 2021.11.22-ны өдрийн Б/104 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн ****тэй байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөс эхлэн дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй.           

23. **** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална”,  100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэснийг хариуцагч зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон боловч уг хуулийн зохицуулалтууд энэхүү маргаанд хамаарахгүй.  

24. Иймд анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мухлайгийн **** журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. **** **** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 203/МА2020/00020 дугаар магадлалыг хүчингүй болгож, **** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 143/ШШ2022/00147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мухлайгийн гомдлыг хангасугай. 

2. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч **** журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

    

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                       Н.БАЯРМАА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД