Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 203/МА2022/00020

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 08 өдөр Дугаар 203/МА2022/00020 Даланзадгад сум

 

 

 

М.*******гийн нэхэмжлэлтэй,

*******т

холбогдох иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 143/ШШ2022/00147 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, В.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.     Нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:

Шивээхүрэн боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:

Миний бие Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/55 тоот тушаалаар Шивээхүрэн боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар томилогдсон.

Ингээд 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад жирэмсний чөлөө аваад 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүүхдээ төрүүлж, одоо хүүхэд маань 6 сартай миний бие асрах чөлөөтэй байгаа болно.

Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдлийг миний хувийн мэйл хаягаар ирүүлсэн. Уг мэдэгдлийг мэйл хаягаар хүлээж аваад хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбараа хүргүүлсээр байтал 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал мөн л мэйл хаягаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг шуудангаар хүлээн авах талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл миний бие бичгээр хүлээн аваагүй байна.

Ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримталжээ.

Хэрвээ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож байгаа бол Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэлүүд болох Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтын аль нэг үндэслэл байхыг шаардахаар байна. Гэтэл хуулийн дээрх заалтад заасан үндэслэлүүдээс аль нь ч үүсээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргасан байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тохиолдлуудыг зохицуулсан байх бөгөөд хуулийн 35.1.4-т заасан жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /эцэг/-ийг ажлаас халахыг хориглосон байхад хууль зөрчиж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

 

2. Хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, татгалзлын агуулга

Шивээхүрэн боомт дахь экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн албан үүргийг гүйцэтгэгч, хүүхэд асрах чөлөөтэй байгаа Мөнхжаргалын ******* нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/55 дугаартай Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж, 2021 оны 01 дүгээр сарын 04- ний өдрийн Б/09 дугаартай Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар М.*******тэй төрийн албаны тусгай шалгалт явагдан Төрийн албаны зөвлөлөөс нэр шилжүүлэх хүртэл хөдөлмөрийн гэрээг сунган ажиллуулсан. М.*******гийн өөрийнх нь хүсэлтээр 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/69 дугаартай Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар хүүхэд асрах чөлөөг олгосон.

Манай байгууллагын зүгээс М.*******тэй төрийн албаны тусгай шалгалт явагдан Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл хөдөлмөрийн гэрээг сунган ажиллуулсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар М.*******гийн ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүднээс тус аймагт Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр явагдаж, тусгай шалгалт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр явагдахыг М.*******тэй 99467393 дугаартай утсаар холбогдон шалгалтдаа бүртгүүлэх, шалгалтад орохыг мэдэгдсэн боловч энэ удаагийн шалгалтад орж амжихгүй гэх тайлбарыг хэлсэн.

Улмаар төрийн албаны тусгай шалгалт дээрх товлосон хугацаандаа явагдаж, Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаартай тогтоолд зааснаар Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан хүнийг Шивээхүрэн боомт дахь экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар хуулийн дагуу томилох болсон тул М.*******тэй хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр цуцалсан. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12,1.6-д зааснаар улсын байцаагч нь төрийн захиргааны албан тушаалтад хамаарах ба төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх шаардлага тавигддаг. Мөн улсын байцаагчийн ажил албан тушаалын тодорхойлолтод зааснаар улсын байцаагч нь төрийн албаны тусгай шалгалт явагдан Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл хугацаагаар Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан боловч М.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан гол нөхцөлийг биелүүлээгүйн улмаас тухайн шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан хүнийг томилохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэн тул хуульд заасан үүргээ биелүүлж Өмнөговь аймаг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар тогтоолд зааснаар тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан хүнийг Шивээхүрэн боомт дахь экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар хуулийн дагуу томилсон болно.

М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ...ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна гэжээ.

Тус газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/104 тоот тушаалаар М.*******тэй байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ба энэ нь дээрх хуульд заасан үндэслэлээр ажлаас халсан тухай ойлголт биш юм.

Өөрөө хэлбэл ажил олгогч Хөдөлмөрийн гэрээнд заасанчлан ажилтныг ажлын байр, ажиллах нөхцөл боломжоор хангаж, гэрээнд заасан бол нөхцөлийг биелүүлэхэд нь бололцоог хангаж ажилласан боловч ажилтан уг үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ...ажил олгогчийн санаачлагчаар цуцлах үндэслэл болсон ба ажил олгогчийн зүгээс хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно.

Иймд М.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай М.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120,2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал нэхэмжлэгч М.*******тэй харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, түүний ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүднээс төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлэх, оролцохыг мэдэгдсэн боловч шалгалтад оролцоогүй, улмаар тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан хүнийг томилох тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр цуцалсан гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-Т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж. цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь өөрөө мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 6 дугаар зүйлд заасан үндэслэлд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.- д заасан хугацаатай гэрээ гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, сар, өдрөөр, эсхүл жил, улирал, сараар, үйл явдлаар /тухайлбал: ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж буй ажилтан эргэж ажилдаа ортол гэх мэт/ тодорхойлогдсон байна. Энэхүү гэрээний хугацааг тоолохдоо Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг хэрэглэнэ., шүүгчийн ...ХтХ-ийн 24.1, 23.2.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах зохицуулалтад нийцэхээр дүгнэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн, буруу тайлбарласан нь хэрэгт авагдсан баримт болон, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагатай нийцэхгүй байна.

Мөн М.******* нь жирэмсний амралтаа 2021.04.12-ны өдөр авсан бөгөөд, 2021.06.19-ний өдөр хүүхдээ төрүүлж, хүүхэд асрах чөлөөний амралттай байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Гэтэл хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир шүүхэд 2021,12.27-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах үед М.*******гийн төрүүлсэн хүүхэд нь 6 сартай байсан.

Гэтэл ажил олгогч талын санаачилгаар түүнийг төрийн тусгай шалгалт өгөөгүй, тус шалгалтаар хамгийн өндөр оноо авсан хүнийг М.*******гийн албан тушаалд томилж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нь буюу 2021.11.16-ны өдөр цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 4-т зааснаар ,;жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж. байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэх хуулийн заалтад нийцэхгүй, үндэслэлгүй тушаал гарч, М.*******г ажлаас чөлөөлсөн байна.

Төрийн байгууллагын хөдөлмөрийн гэрээнд тэрхүү шаардлага шалтгааныг бичдэггүй, тушаал гаргадаг, тушаал бол гэрээ биш захирамжлалын бичиг баримт, тиймээс гэрээг баримтална. Учир нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг; хамтын гэрээ, хэлэлцээр хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл. удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино гэж зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн харилцааг хэлдэг.

Өөрөөр хэлбэл, |ухайн албан тушаалтны сул орон тоог нөхөх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөхөөр тусгай шалгалт зарлаж, уг шалгалтыг М.******* өгөөгүй учир хамгийн өндөр оноо авсан хүнийг тус албан тушаалд томилсон нь Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, тушаал гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч М.*******гийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.01-ний өдрийн 143/ШШ2022/00147 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

Шивээхүрэн боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн албан үүргийг гүйцэтгэгч, хүүхэд асрах чөлөөтэй байгаа Мөнхжаргалын ******* нь 2021.06.17 өдрийн Б/55 дугаартай Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж, 2021.01.04 өдрийн Б/09 дугаартай Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар "М.*******тэй төрийн албаны тусгай шалгалт явагдан Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл хөдөлмөрийн гэрээг сунган ажиллуулсан. М.*******гийн өөрийнх нь хүсэлтээр 2021.08.19 өдрийн Б/69 дугаартай Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар хүүхэд асрах чөлөөг олгосон.

Манай байгууллагын зүгээс М.*******тэй төрийн албаны тусгай шалгалт явагдан Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл хөдөлмөрийн гэрээг сунган ажиллуулсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар М.*******гийн ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүднээс тус аймагт Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт 2021.10.21 -ний өдөр явагдаж, тусгай шалгалт 2021.10.28-ны өдөр явагдахыг М.*******гийн 99467393 дугаартай утсаар холбогдон шалгалтдаа бүртгүүлэх, шалгалтад орохыг мэдэгдсэн боловч энэ удаагийн шалгалтад орж амжихгүй гэх тайлбарыг хэлсэн.

Улмаар төрийн албан тусгай шалгалт дээрх товлосон хугацаандаа явагдаж Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаар тогтоолд зааснаар Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад орж хамгийн өндөр оноо авсан хүнийг Шивээхүрэн боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар хуулийн дагуу томилох болсон тул М.*******тэй хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д зааснаар улсын байцаагч нь төрийн захиргааны албан тушаалтанд хамаарах ба төрийн албан хаагч нь Төрийн албан тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх шаардлага тавигддаг.

Мөн улсын байцаагчийн ажил албан тушаалын тодорхойлолтод зааснаар улсын байцаагч нь төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн байх шаардлагатай ба М.*******тэй анх хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа энэ талаар харилцан тохиролцож, зөвшөөрч төрийн албаны тусгай шалгалт явагдан Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлэх хүртэл хугацаагаар Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан боловч М.******* нь Хөдөлмөрийн гэрээнд заасан гол нөхцөлийг биелүүлээгүй улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ...ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэл болсон ба ажил олгогчийн зүгээс хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

 

2.   Шүүхийн шийдвэр нь хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж, талуудын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт өгч гарсан, талуудын мэтгэлцээний зарчмыг хангаж, эдлэх эрхийг нь бүрэн хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эдлэх эрхийг зөрчөөгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзэв.

3.   Нэхэмжлэгч М.******* нь Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/55 тоот тушаалаар Шивээхүрэн боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай үндэслэлээр шүүхэд хандсан бол хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн Хяналтын газар нь эс зөвшөөрч маргасан байна.

4.   Иргэний хэргийн анхан шатны шүүх маргааныг хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай М.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Учир нь хариуцагч төрийн байгууллага нь М.*******д хүүхэд асрах чөлөө олгосон хугацаандаа түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр дуусгавар болгож 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр б/104 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг зөрчсөн байна.

Ийнхүү хүүхдийн эрх ашигт нийцээгүй шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 143/ШШ2022/00147 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар М.*******г Шивээхүрэн боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч *******т даалгасугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143/ШЗ2022/00829 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Ш.ТӨМӨРБААТАР