Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 18

 

 

                                         

         *******д холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолтой *******д холбогдох эрүүгийн 1936003120251 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 06 дугаар сарын 10ы өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Уянга, прокурор Т.Өсөхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нар оролцов. 

Монгол улсын иргэн, 1981 оны 03 сарын 22-ны  өдөр  Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, ард халх, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ПЮ81032228 дугаарын регистртэй, Барга овогт Баатарын Нямсүрэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклийг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн иргэн Б.Батсүхийн эхнэр Н.Алтанхүүд 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд  хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Барга овогт Баатарын Нямсүрэнг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2700000  төгрөгийн  торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн 1936003120251 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно, мөн хуулийн 3-д бичмэл нотлох баримтыг эх хувиар нь хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна гэх хуулийг зөрчсөн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ. Хавтаст хэрэгт Ховд аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай 133 дугаартай тогтоол, болон тогтоолын хавсралтад Ховд аймаг дахь Цагдаагийн газрын тамга дарагджээ. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Ариунбилэгийн мэдүүлгээр улсын төсвөөр худалдан авалт хийсэн нь тогтоогдоогүй байна. Уг мотоцикль нь улсын дугаартай эсэх, эзэмшигч өмчлөгчийн бүртгэлийн талаарх лавлагааг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна.

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай 133 дугаартай тогтоолын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр данс хөтөлж Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дансанд бүртгэж орлогод хүлээн авсан гэх нотлох баримт нь эргэлзээтэй он сараас нь харахад тодорхой байна. Мөн хавтаст хэрэгт Сумдын Засаг даргын тамгын газрын блансад бүртгэх мотоциклын мэдээлэл, ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл зэрэг нотлох баримтуудыг нөхөж гарын үсэг зуруулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүх шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүнд ял оногдуулсан байх ба түүнчлэн шүүгдэгч *******д ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна.  Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт  зааснаар  хэргийг  хянан  хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. 

              ******* нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттай 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Сhongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн иргэн Б.Батсүхийн эхнэр Н.Алтанхүүд 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх *******г бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцээгүй, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших шууд санаатай, шунахай сэдэлттэй, уг эд хөрөнгийг буцааж өгөх буюу үнийг нь төлөх санаа зорилго байхгүй идэвхтэй үйлдлээр илэрнэ. Ийм учраас хууль тогтоогч хөрөнгө завших гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хуульчилсан байдаг.

            Гэтэл хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан нотлох баримтуудаар ******* нь БНХАУ-д үйлдвэрлэсэн “Сhongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг хариуцвал зохих субъект мөн боловч уг мотоциклыг өөртөө завших шунахай сэдэлттэйгээр худалдан борлуулсан, түүний үнийг буцааж төлөхгүй гэсэн санаа зорилготой байсан болох нь тогтоогдохгүй байна.

            Учир нь шүүгдэгч *******гийн анхан шатны шүүх хуралдаанд “...Жаргалант сумын агуулахад байх 1 сарын хугацаанд энэ мотоциклуудыг авахгүй буцаагаад өөр эд зүйл авъя гэдэг асуудлыг Д.Ариунбилэг дарга болон бид нар бүгдээрээ ярьж байсан. Эмэгтэй багийн дарга нарт мотоцикл өгөх шаардлагагүй байсан[1]. ...Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар дээр болдог 7 хоногийн яриан дээр Ц.Ганданповрон даргын зүгээс энэ мотоциклыг зараад машин болгох талаар ярьж байсан[2] гэх тайлбарыг хохирогчийн хууль ёсны  төлөөлөгчийн Д.Ариунбилэгийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэхэд үнэн зөв бодит байдал нийцсэн гэж үнэлэх боломжтой байна. Тухайлбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ариунбилэг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанд “...Тухайн үед нь би аймгийн Засаг дарга болон Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нарт манай 12 багийн засаг даргын 9 нь эмэгтэй, тэгээд ч Жаргалант суманд мотоцикл унах хэрэгцээ шаардлага байхгүй гэж хэлсэн. Бид нарыг судалж юм аваагүй учраас бид нар складдаа аваачиж хийсэн. Нэг сарын дараа багийн дарга нар орж ирсэн. Аймгаас буцааж авах боломжгүй, авбал ав авахгүй бол бай гэсэн. ...2019 оны 8 сараас мотоциклын асуудал үүссэн. Багийн засаг дарга нарын ихэнх нь мотоциклыг унаж хэрэглээгүй[3]. ...Дөрөв дөрвөөрөө нийлээд нэг приус авч болох байсан гэдэг зүйлийг ярьж байсан. Бид нараас санал асуусан бол приус захиалах байсан. Мотоцикл ямар ч үр дүнгүй улсын төсвийн хөрөнгө идсэн асуудал болсон[4] гэж мэдүүлсэн байна.

Мөн *******д холбогдох хэрэг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хяналтын шатны шүүхээр хянагдаж “...Ховд аймгийн Жаргалант сумын багийн Засаг дарга нарын дийлэнх нь эмэгтэй хүмүүс байж албан хэрэгцээнд мотоцикл ашиглахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг харгалзан өөр тээврийн хэрэгслээр хангах, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг зөв зохистой зарцуулах талаар тэдгээрийн хүсэлтэд тулгуурлан удирдлагын зүгээс өгсөн чиглэл, удирдамж бий эсэхийг анхааран тогтоох шаардлагатай байна.[5] гэх үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байхад нэмэлт мөрдөн байцаалтаар тухайн үеийн Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповронг гэрчээр асуусан атлаа “өглөөний сонсгол мэдээллийн цаг дээр мотоциклын талаар яригдсан эсэх, мотоциклыг худалдан борлуулж, өөр тээврийн хэрэгсэл авч болох талаар зөвлөмж чиглэл өгсөн эсэх” талаар асууж тодруулаагүй байна.

            Дээрх үйл баримтаар шүүгдэгч ******* нь өөрт нь хариуцуулан өгсөн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Сhongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг өөртөө завших гэсэн шунахай сэдэлт, зорилго, шууд санаа байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу худалдан борлуулсан, мотоциклын үнийг өөртөө завшаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мотоциклыг худалдан борлуулсан хүнээс буцаан авч, хүлээлгэн өгсөн байна.

            Иймд шүүгдэгч *******гийн үйлдэлд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн шууд санаатай үйлдэл байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинж байхгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, *******г цагаатгах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Харин шүүгдэгч ******* нь уг мотоциклыг хариуцвал зохих субъект мөн байх тул ******* болон түүний өмгөөлөгч нарын “*******гийн эгч мотоциклыг андуурч бусдад худалдсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг  цагаатгасугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.                               

                      

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                           Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                     

                                                                                         М.НЯМБАЯР

 

 

 

           

           

 

 

 

           

 

 

 

                                                                                                              

 

 

           

               

 

 

[1] Хоёрдугаар хавтаст хэргийн 130 дугаар тал

[2] Хоёрдугаар хавтаст хэргийн 131 дүгээр тал

[3] Хоёрдугаар хавтаст хэргийн 133 дугаар хуудас

[4] Хоёрдугаар хавтат хэргийн 137 дугаар хуудас

[5] Хоёрдугаар хавтаст хэргийн 237 дугаар хуудас