Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 514

 

Б.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал /цахимаар/, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар магадлалтай, Б.Н-д холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн Засаг дарга ажилтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нар хамтран гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагуудыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй байтал анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх Д.А-н мэдүүлгийг дангаар нь үнэлсэнд гомдолтой байна. Хавтаст хэргийн 117,118 хуудсанд Ховд аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай 133 дугаартай тогтоол, хавсралтын хамт Ховд аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн тамга дарагджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно, мөн хуулийн 3-т Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна гэх хуулийг зөрчсөн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байтал давж заалдах шатны шүүх нь Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас мотоциклыг Б.Н-д хүлээлгэн өгснөөр уг мотоцикл нь орон нутгийн өмч болсон байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6-д нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно гэжээ. Гэтэл дээрх нотлох баримтын шаардлага хангахгүй эргэлзээтэй, нөхөж гарын үсэг зуруулж бүрдүүлсэн нотлох баримтуудыг анхан шатны шүүх нь нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авах аливаа баримтат мэдээллийг нотлох баримтуудыг дутуу цуглуулсан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үндэсний автотээврийн газрын Ховд аймаг дахь салбараас Hongli нэртэй БНХАУ-д улсад үйлдвэрлэсэн, LTDPCML84J8631596 гэх арлын дугаартай, 163FML j8631596 гэсэн хөдөлгүүрийн дугаартай мотоцикл нь улсын дугаартай эсэх, эзэмшигч өмчлөгчийн бүртгэлийн талаарх лавлагааг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна. Өөрөөр хэлбэл итгэмжлэн хариуцсан этгээдийн эрх үүссэн эсэхэд дүгнэлт өгөхөд зайлшгүй хэрэгтэй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрдүүлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авах аливаа баримтат мэдээллийг нотлох баримтуудыг дутуу цуглуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.3-т эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан эд хөрөнгө, мөн 6 дугаар зүйлийн 2-т төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Энэ талаар хавтаст хэрэгт төрийн болон орон нутгийн өмч гэж нотолсон эх сурвалж болох нотлох баримт байхгүй байхад хохирогчоор тогтоосон тогтоол, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр Ховд аймгийн Жаргалант сумын Тамгын газрын Засаг даргыг тогтоосон нь эргэлзээтэй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 1-т орон нутгийн өмчийн зүйлс нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нийтийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ, мөн 82 дугаар зүйлийн 1-т Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 3-т орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах, Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиас давсан эрх хэмжээ Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад байхгүй бөгөөд 2018 оны 09 сард тухайн мотоциклыг өмчийн программ дээр бүртгэсэн, багийн Засаг дарга нарын өмчийн бүртгэлд мөн бүртгэсэн талаар" хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснээр орон нутгийн өмч гэж дүгнэсэн нь хэргийг хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Орон нутгийн өмч эсхүл төрийн өмч гэх эх сурвалжаа заасан бичмэл нотлох баримтуудыг цуглуулаагүй. Төрийн албаны тухай хуулийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135.3-т Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулна, мөн хуулийн 4-д ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй. Эд хөрөнгийн    бүрэн хариуцлагын гэрээ  байгуулсан эсэхийг тодруулж хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Итгэмжлэн хариуцсан этгээдийн эрх үүссэн эсэхэд дүгнэлт өгөхөд зайлшгүй хэрэгтэй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрдүүлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна. Гэрч Б.Л, гэрч Н.А нарыг нүүрэлдүүлж мэдүүлгийн зөрүү арилгаж нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай байтал гэрч нарын эргэлзээтэй мэдүүлгийн зөрүү арилгах шаардлагатай байна. Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн Засаг дарга Б.Н нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн засаг даргын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 сард өөрт нь хариуцуулж олгосон Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн Б.Б-н эхнэр Н.А-д 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н-г гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Яллагдагч Б.Н-н Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго.гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт нотлоогүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана уу” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд цахимаар оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг хэлсэн саналдаа “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийг бүхэлд нь зөрчсөн. Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд энэ байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж байна. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Мөн шүүх хуралдаанд цахимаар оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хэлсэн саналдаа “Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6, 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх үнэлж дүгнэсэн. Сумын Засаг даргын тамгын газрын дансанд тухайн мотоциклыг бүртгэж авсан гэх боловч тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Анхан болон давж заалдах шатны шүүх мэдүүлэгт тулгуурлаж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нөхцөл байдал тогтоогдож байгаа. н.А-н мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Б.Нг тухайн мотоциклыг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 4.4 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэсэн, тухайн мотоциклыг хүлээж авсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хоёр шатны шүүх итгэмжлэн хариуцсан этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Тухайн мотоциклыг Б.Н зарах зорилго байгаагүй. Гэмт хэргийн сэдэл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн зорилгыг тодорхойлж чадаагүй. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт 7 хоног бүр сургалт зохион байгуулагддаг байсан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс мотоциклыг эмэгтэй хүмүүс унах боломжгүй юм байна, та бүхэн зараад хэрэглээ унаандаа хэрэглэх боломжтой гэдэг үүрэг чиглэл өгч байсан.. 2020 оны 04 дүгээр 20-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тодорхой мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн хэрэгт авагдсан мэдүүлэг зөрүүтэй, итгэмжлэн хариуцсан этгээд болохыг нотолж чадаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Ахлах прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн үйл баримт, бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон. Шүүгдэгчийн худалдан борлуулсан мотоцикл нь багийн засаг даргын албаны хэрэгцээнд ашиглах зориулалтаар улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч харьяа сумын өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 117 дугаар талд авагдсан Ховд аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн хурлын даргын шийдвэр, хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай шийдвэр байгаа. Улсын төсвийн хөрөнгөөр авсан 91 мотоциклыг харьяа сумын бүртгэлд авахыг даалгасан шийдвэрийн дагуу цахим бүртгэлтээр бүртгэсэн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээг оногдуулсан байх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Э.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6 дахь заалт буюу гэмт хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад хоёр шатны шүүх Б.Н-г албан хэрэгцээний зориулалтаар өөрт нь хариуцуулан олгосон мотоциклыг бусдад худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан байдал, Б.Н-ийн үйлдлийн шинж чанар, тухайн үйлдлийг хийхэд хүргэсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох гэрч нараас мэдүүлэг аваагүй, үйл баримтанд хууль зүйн зөв дүгнэлт өгч мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байна.

 

Нотлох баримтуудыг судалж үзэхэд Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 91 ширхэг “Hong HL200” маркийн мотоцикль олгогдсоноос 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн 7 сумын 42 багийн Засаг дарга нарт 42 ширхэгийг, үүнээс хойш үлдсэн мотоциклуудаас бусад багийн Засаг дарга нарт цувуулан хүлээлгэн өгч улмаар зарим багийн Засаг дарга нар нь хүлээн авсан мотоциклуудыг зориулалтын бусаар ашигласан, үүндээ хайхрамжгүй хандсан, өөрийн үзэмжээр бусдад худалдан борлуулж, захиран зарцуулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйл баримтууд хэд хэд гарсан талаар хэрэгт авагдсан байна.

 

Хяналтын шатны шүүхэд Ховд аймгийн зарим сум, багийн Засаг дарга нар тус тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогдсон хэрэг нэг бус удаа хянагдсан бөгөөд эдгээр хэргүүдийг судалж үзэхэд гэмт хэрэгт холбогдсон Засаг дарга нарын гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлтэд нөлөөлсөн нийтлэг шалтгаан нөхцөл байж болзошгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Жаргалант сумын багийн Засаг дарга нарын дийлэнх нь эмэгтэй хүмүүс байж албан хэрэгцээнд мотоцикль ашиглахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг харгалзан өөр тээврийн хэрэгслээр хангах, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг зөв зохистой зарцуулах талаар тэдгээрийн хүсэлтэд тулгуурлан удирдлагын зүгээс өгсөн чиглэл, удирдамж бий эсэхийг анхааран тогтоох шаардлагатай байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн шалгаж, эдгээр гэмт хэргүүд нь нэг хохирогчтой, ижил төстэй аргаар үйлдэгдсэн, гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь адил байгааг харгалзан бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоож хэргүүдийг боломжийн хэрээр нэгтгэн шалгах, эсхүл хэсэг бүлгээр шийдвэрлэж ирүүлэх хэрэгтэй байна.

 

Иймд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгах тухай шүүх шүүгдэгч, түүний  өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.Н-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                     ШҮҮГЧ                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН