Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 67

 

С.Ө-, Ч.А- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01134/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  06 дугаар сарын 12-ны өдрийн 539 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч C.Ө-, Ч.А- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.У-, Ч.О- нарт холбогдох

"10.000.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай

“10.521.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Г.У-, хариуцагч Г.У-гийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С.Ө-, Ч.А- нараас:

Нэхэмжлэгч С.Ө-, Ч.А- бид өмнө нь Г.У-д холбогдуулан 2015 оны 09 дүгээр 23-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг, мөн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ч.О-тэй хийсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байсныгаа дараах байдлаар өөрчилж байна. Бид 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан сумын 8-р баг Будда тауны 17-р хороолол 1-8 тоот орон сууцыг худалдах, худалдан авахаар Г.У-тай харилцан тохиролцож Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Гэрээг хийхдээ байрны урьдчилгаанд 10.000.000 төгрөгийг бид түүнд өгөх, Г.У- нь биднийг 8 хувийн банкны зээлд хамааруулж өгөхөөр тохиролцсон. Тэр үед бид хоёрын аль аль нь банканд зээлтэй байсан учраас дахин зээлд хамрагдаж болох болов уу гэж асуухад болгоод өгнө өө гэж хэлсэн учраас бид итгэсэн. Тэр өдрөө мөнгөө бэлнээр өгч Г.У- нь банкны зээлийг дариу хөөцөлдөж өгөхөөр болсон. Бид түүнтэй холбогдож юу болж байгаа талаар асууж болохгүй бол мөнгөө буцааж авах талаар утсаар хэлэхэд Г.У- та нар энэ байрандаа орчих, мөнгө чинь эргэлтэд орсон учраас буцааж өгөх боломжгүй байна гэж хэлсэн. Ингээд бид байранд нь 11 дүгээр сарын 15-ны өдөр орсон. Г.У- нь банканд материалаа өгөөдөх гэж хэлээд хоёр ч банк руу биднийг явуулсан. Банк 8 хувийн орон сууцны зээл зогссон гээд зээл гаргаж өгөхгүй явсаар 9 сар болсон. Энэ хооронд биднийг наад байраа суллаад өөр байр луу ороодох энэ байр чинь барьцаанд байгаа та нарыг байлгаад байх боломжгүй боллоо гэж хэлж байсан. Дараа нь дахин гэрээ хийгээдэх гээд шаардаад байсан. Хэрэв гэрээ хийхгүй гэвэл гар гээд байсан учир өвөл байсан учраас арга буюу гэрээг нь Ч.О- гэдэг хүнтэй хийсэн. Ч.О- гэрээ хийх үед өөрөө байгаагүй. Ор гэсэн байранд нь орж амжаагүй байтал 9 дүгээр сарын 15-нд манайхыг гар гээд байрнаас гаргасан. Урьдчилгаанд өгсөн мөнгөө тэгвэл авмаар байна гэтэл түрээсийн мөнгөнд тооцож авна гээд өгөөгүй. Ийнхүү бидний хооронд маргаан үүсэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Г.У- нь гэрээнээсээ татгалзаж биднийг байрнаасаа хөөж гаргасан учраас урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгөө буцаан гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Иймд Г.У-гаас урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгийг бидэнд гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.У-, Ч.О- нараас:

Дархан-Уул аймаг, Дархан сум 8 дугаар баг, 17 дугаар хороолол 21 дүгээр байрны 8 тоот орон сууцыг 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхээ баталгаажуулсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.Ө-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 2.1-д үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 53.462.500 төгрөгөөр худалдахаар, 2.2-д төлбөр нөхцөл бэлнээр төлөх, банкны зээлээр, 2.3-д төлбөр төлөх хугацаа 2015 оны 10 дугаар сарын 10-ны дотор гэж тус тус тохиролцож төлбөрийн урьдчилгаа болгон 10.000.000 төгрөгийг худалдаг авагч тал болох С.Ө- төлж байрандаа нүүн орж 2018 оны 9 дүгээр сарыг хүртэл эзэмшин амьдарч байсан бөгөөд худалдан авагч С.Ө- нь гэрээнд заасан хугацаанд орон сууцны төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 43.462.500 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй өдийг хүрсэн бөгөөд энэ хугацаанд төлбөрөө гүйцээн төлөх санаачилга гаргахгүй арга саам хайж байсан бөгөөд Миний зүгээс Ариг, Голомт, Капитрон банкнаас орон сууцны зээл авхуулахаар удаа дараа хөөцөлдсөн боловч худалдан авагч талаас бичиг баримт дутуу, зээл авах шаардлагыг хангаагүй учир орон сууцны зээл бүтээгүй болно. Миний бие нь эдгээр хүмүүст тус болох үүднээс зээлийн асуудлыг зохицуулж өгье гэсэн болохоос надад гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй бөгөөд гэрээний дагуу орон сууцаа нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлж 3 жилийн хугацаанд орон сууцандаа амьдруулсан бөгөөд энэ хугацаанд хэрэглэсэн усны төлбөр 247.000 төгрөг, дулааны төлбөр 540.000 төгрөгийн тооцоогоо дуусгаагүй байгаа бөгөөд энэ төлбөрүүдээ дуусгахыг шаардсан боловч өнөөг хүртэл дуусгаагүй. Мөн эзэмшиж байсан хугацаандаа байрны ханын цаасыг урж гэмтээх, орох хаалгыг гэмтээсэн, цахилгааны залгуурыг шатаасан, угаалгын өрөөний плитаг хагалсан зэрэг биет байдлын доголдолд оруулсан байх тул энэ хохирлуудаа сөрөг нэхэмжлэл гарган шаардах болно. Мөн нэхэмжлэлд дурдагдсан Ч.О-тэй хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бөгөөд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулах үед Ч.О- байхгүй байсан учир нотариатч Ш.Алтанцэцэг нь гэрээний хувиудыг авч үлдэн гэрээний оролцогчдыг ирсэн үед гарын үсэг зуруулан баталгаажуулсан болно. Нэхэмжлэгч нар нь гэрээ байгуулах үед гарын үсэг зуруулан баталгаажуулсан болно. Нэхэмжлэгч нар нь гэрээ байгуулах үед гэрээ болон гэрээнээс үүсэн гарах үр дагаврын ойлгон мэдэх чадвартай насанд хүрсэн эрх зүйн чадамжтай иргэд байсан бөгөөд хууль бус хуурамч гэрээ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно. Энэ гэрээг миний ээж болох Ч.О-тэй хийсэн шалтгаан нь нэхэмжлэгч тал 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн гэрээний дагуу гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учир дахин гэрээ байгуулан гэрээний хугацааг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, 2017 оны 11 сараас эхлэн сар бүр үндсэн төлбөрөөсөө 500,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан нь тэдэнд мөнгөө төлөх боломж олгосон боловч мөн дахин төлбөрөө барагдуулаагүй учир гэрээний 3.7-д заасны дагуу банкны зээлд хамрагдахгүй тохиолдолд /мөнгөө төлөөгүй/ урьдчилгаанд төлсөн төлбөрийг түрээсийн төлбөрт тооцон авч байрнаасаа гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.У-, Ч.О- нар нь сөрөг нэхэмжлэлдээ:

С.Ө-, Ч.А- нарын нэхэмжлэлтэй Г.У-, Ч.О- нарт холбогдох 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт гаргасан 2 өрөө байр нь С.Ө-, Ч.А- нарын ашиглалтын хугацаанд эвдэрч, элэгдсэний улмаас буурсан үнэ болон ус дулааны төлбөр нийт 10.521.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр өөрчилж байна. “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Үнэлгээний тайланд маргаан бүхий байранд үүссэн элэгдэл, хорогдол, эвдрэл, гэмтлийг сэргээн завсарлахад 1.875.000 төгрөг зарцуулагдана гэсэн хөрөнгийн үнэлгээ гарсан байна. С.Ө-, Ч.А- нар нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17-р хороолол, Будда хотхон, 1-р байр, 08 тоот 42,77 м.кв талбайтай 2 өрөө байранд орж амьдарсан ба 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Будда хотхон 1-р байр 41 тоот 42,77 м.кв талбайтай 2 өрөө яг адилхан байранд шилжиж орохоор тохиролцож, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг шинээр байгуулсан ба гэрээний 3.6-д 2018 оны 6-р сарын 01-ны дотор банкны зээлд заавал хамрагдаж үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг худалдан авагч хүлээсэн ба 3.7-д Худалдан авагч нь орон сууцанд 2015 оны 11-р сарын 15-ны өдөр орсон бөгөөд банкны зээлд хамрагдаагүй тохиолдолд гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн төлбөрийг орон сууцанд амьдарсан хугацааны түрээс хэлбэрээр тооцож орон сууцыг суллах арга хэмжээг авна гэж гэрээг цуцлах, гэрээг цуцалсан тохиолдолд уг байранд амьдарсан хугацаандаа худалдан авагч тал түрээсийн төлбөр тооцохоор заасан. Нөгөө талаар уг шинэчилсэн гэрээний зорилго нь худалдах худалдан авах гэрээг шууд цуцлах нэмэлт хугацаа тогтоож, төлбөр төлөх хугацааг худалдан авагчид олгож, гэрээг цуцлах хугацааг хойшлуулсан юм. /Гэхдээ худалдан авагч нар нь байраа сольж ороогүй/ Худалдах, худалдан авах гэрээнд түрээсийн төлбөр тооцохоор заагаагүй байсан ч худалдан авагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан тул орон сууцны үнийг бүрэн төлөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдагч тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 34 сарын хугацаанд худалдагч тал нь худалдан авагч нарыг өөрийн байранд үнэ төлбөргүй байлгасан тул Иргэний хуулийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн хэрэв энэ хугацаанд байрыг бусдад түрээсэлсэн бол багаар бодоход 8.125.000 төгрөг олох байсан. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан маргаан бүхий байранд үүссэн элэгдэл, хорогдол, эвдрэл, гэмтлийг сэргээн засварлахад шаардлагатай 1.875.000 төгрөг, усны төлбөр 247.000 төгрөг, дулааны төлбөр 274.000 төгрөг, түрээсэлсэн бол олох ёстой байсан орлого 8.125.000 төгрөг буюу нийт 10.521.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Ө-, Ч.А- нар нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бидний хооронд үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийгдэж гэрээний 2.2-т зааснаар төлбөр төлөх нөхцөлийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон. Учир нь Г.У- нь анх гэрээ хийхэд та нар урьдчилгаанд 10.000.000 төгрөг төлчих, би банкны 8 хувийн зээлд хамруулаад өгье гэж хэлээд бидэнтэй гэрээ хийж байсан. Тэгээд банкуудаар хөөцөлдөж эхлээд 8 хувийн зээл зогссон гээд зээл чинь бүтэхгүй боллоо гэж хэлсэн. Энэ хугацаанд хүүний талаар би огт хэлж ярьж байгаагүй байхад бидэнд сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Байранд нь сөрөг нэхэмжлэлд дурдагдсан эвдрэл гэмтэл гараагүй. Ванны өрөөний таазнаас ус гоожоод байдаг байсан. Айл хоорондын тааз, шал завсар байдаг шугамаас нь ус гоожоод байдаг байсан. Энэ нь манайхаас шалтгаалаагүй барилгынх нь чанаргүй байдлаас болсон гэж үзэж байна. Ашиглалтын зардалд гарсан мөнгөний зарим хэсгийг төлнө. Яагаад гэвэл манайхыг орохоос өмнө тоолуур 17 тонн хүйтэн ус хэрэглэсэн заалттай халуун ус нь 1 тонн хэрэглээний заалттай байсан. Дулаанд 50.000 төгрөгийг төлбөр, өр байсан. Баримтыг нь гаргаж өгнө. Гэрээ цуцлах асуудал нь Г.У-гаас өөрөөс нь үүдэлтэй учраас бид ямар нэгэн төлбөр төлөх ёсгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нь өөрийн хэрэглэсэн ус дулааны мөнгийг нь хэрэглэсэн хэмжээгээрээ төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  06 дугаар сарын 12-ны өдрийн 539 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Г.У-гаас 10.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ө-т олгож, нэхэмжлэгч Ч.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ө-аас 1.875.000 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.У-д олгож, үлдэх 8.125.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ч.О-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч Ч.А-той холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагч Ч.О-ээс татгалзсаныг, зохигчдын хариуцагч Г.У- нь ус дулааны төлбөр 521.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа багасгаж, 421.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч С.Ө-, Ч.А- нар нь төлөхийг зөвшөөрсөн эвлэрлийг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.У-гаас улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж 51.686 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.У-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч байрны үнийг төлөхгүй байгаа шалтгаанаа банкны зээлд хамрагдаагүйн улмаас төлж чадаагүй гэж тайлбарладаг ба энэ нь хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн байрны үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөхгүй тул хариуцагч орон сууцыг хүлээн авсан атлаа үнийг төлөөгүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, хохирлоо шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т нийцжээ. Хариуцагч нар нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 34 сарын хугацаанд худалдагч тал нь худалдан авагч нарын өөрийн байранд үнэ төлбөргүй байлгаж хохирсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдагч тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан маргаан бүхий байрыг түрээсэлсэн бол олох ёстой байсан орлогыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байсан боловч 8.125.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн тул хариуцагчаас 8.125.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.Ө-, Ч.А- нар нь хариуцагч Г.У-, Ч.О- нарт холбогдуулж 10.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан, нэхэмжлэгчид холбогдуулан 10.521.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүх С.Ө-ын нэхэмжлэлийг бүрэн хангаж, Г.У-гийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ч.А-ийн нэхэмжлэл, хариуцагч Ч.О-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь Г.У-гийн сөрөг нэхэмжлэлийн зармыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Г.У- \худалдагч\ С.Ө- \худалдан авагч\ нар 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж, Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, Будда хотхон 1-р байр, 8 тоот 42.77 м.кв талбайтай орон сууцыг 53.462.500 төгрөгөөр худалдах төлбөрийг банкны зээлээр төлөх гэж,

Ч.О- \худалдагч\ С.Ө-, Ч.А- \худалдан авагч\ нар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан сумын 8 дугаар баг, Будда хотхоны 1-р байр 17 тоот 42,77 м.кв орон сууцыг 53.462.000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг 2017 оны 11 сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл сар бүр 500.000 төгрөг төлж барагдуулах, 10.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн гэсэн хоёр гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч С.Ө- нь 8 тоот орон сууцанд 2015 оны 11 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 17 тоот орон сууцанд 2018 оны 9 дүгээр сар хүртэл амьдарч, урьдчилгаа төлбөрт 10.000.000 төгрөгийг анхны гэрээ хийх үед төлж үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул худалдагч Г.У- гэрээнээс татгалзаж байрыг буцаан авсан, харин урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгийг С.Ө-т буцаан өгөөгүй үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй учир С.Ө- түүнийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй.

Анхан шатны шүүх С.Ө-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцсэн байна.

Зохигчид нь 8 тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой түүний үр дагаврыг арилгуулахаар маргасан байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Харин нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал буруугүй бол энэ хуулийн 227.1д заасан үндэслэл хамаарахгүй гэж хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т заажээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Г.У- нь С.Ө-ын эзэмшилд байрыг шилжүүлсэн байна. Гэхдээ эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч Г.У- гэрээний зүйл болох орон сууцыг эрхийн зөрчилгүй байсан гэдгийг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Нэхэмжлэгчийн “...Г.У- биднийг 8 хувийн зээлд хамруулж, өгөхөөр тохирсон..., ...мөнгөө буцааж авах талаар утсаар хэлэхэд Г.У- та нар байрандаа орчих, мөнгө чинь эргэлтэнд орсон учраас буцааж өгөх боломжгүй байна гэж хэлсэн..., ...наад байраа суллаад өөр байр луу ороотох, энэ байр чинь барьцаанд байгаа та нарыг байлгах боломжгүй боллоо гэж хэлсэн...” гэх тайлбарыг няцаагаагүйгээс үзэхэд нэхэмжлэгчийн энэ тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж, 42.2-т зохигч нэг талын гаргасан тайлбар нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно гэж заасан ба 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно гэсэн заалтад дээрх тайлбар тохирч байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Ө-ыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн орон сууцыг 34 сар эзэмшсэн хохирлыг түрээсийн үнээр тооцож 8.125.000 төгрөг гаргуулах шаардлага хангагдахгүй бөгөөд шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглэж.хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан нь хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэл боллоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 539 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               О.НАРАНГЭРЭЛ

                                                                  ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                                                  С.ЭНХЖАРГАЛ