Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 152/ШШ2023/00095

 

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 152/ШШ2023/00095

Увс аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, шүүгч О.Батдорж, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 10-04 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧЗ66072103, Т ургийн овогт Г-ийн О-ын,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт оршин суух хаягтай, /одоо Ховд аймгийн хорих ангид ял эдэлж байгаа/, регистрийн дугаар ОЯ98101719, Б ургийн овогт О-ийн Н,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 22-16 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЮ98061216, Ш ургийн овогт Б-ийн Э,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, регистрийн дугаар ОЮ99050119, Б ургийн овогт Х-н А

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар баг, 10-19 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЮ01282400, А ургийн овогт Д-ын Т нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 12,666,235 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.О,

Хариуцагч О.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж /цахимаар/,

Хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э

Иргэдийн төлөөлөгч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ирцийн асуудлаар саналгүй гэсэн ба нэхэмжлэгч Өмгөөлөгчийн өмнөх шүүх хурал тараагүй байгаа тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч О.Н, Б.Э, Х.Алдар, Д.Т нарт холбогдуулан гэм хорын хохиролд 12,666,235 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.иний хүү Д.Б нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө О.Н, Б.Э, Х.А, Д.Т нарт зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсан. Энэхүү гэмт хэргийн улмаас миний хүүд тархины няцрал, зүүн дух зулай чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн, дух чамархай хэсгийн баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эд доторх цусан хураа, дагзны баруун хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, зүүн нүдний эргэн тойрон, цээж баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруунд, зүүн сарвууны 2 дугаар хуруунд зүүн шагайны үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл үүссэн. Одоогийн байдлаар биеийн байдал нь сайжраагүй, тархины гэмтэл нь бүрэн эдгэрээгүй тархины хүнд гэмтлийн дараах хор уршиг хүндрэлүүд учирч байна. Үүнд: Толгой өвдөх, ухаан алдаж татаж унадаг, ой санамж алдагдсанаас болсон явдлыг нарийн дэс дараалалтай санахгүй байгаа, урд өмнөх зүйлээ мартаж, санаж байгаа зүйлээ цаг хугацааны хувьд зөрүүлж хэлдэг, удаан хугацаагаар суух ярих чадваргүй, амархан ядарч сульддаг, өмнө нь таньж байсан хүнээ танихгүй байх, өөрийгөө илэрхийлэх чадвар сул, үгээ зөөж маш удаан цөөн үгээр ярих, орчиндоо харьцах харьцаа муу, гэмтлийн улмаас баруун талдаа баруун нүд юм харахгүй зэрэг хүндрэлүүд өгч байна. Миний хүү Д.Б нь байнгын эмчилгээ, асаргаатай байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш эрүүл мэнд нь сайжрахгүй байгаа тул дээрх гэмтэлтэй холбоотойгоор өдөр тутам эмчилгээ сувилгаа хийлгэж байна. Увс аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай магадлалаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон, шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон ба эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно. Иймд хуульд заасан эрхийнхээ хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хүү маань Увс аймгийн Нэдсэн эмнэлгийн мэдрэлийн эмчийн болон өрхийн эмчийн хяналтад байж эмчлүүлж байгаа, нөхөн сэргээх эмчилгээнүүд хийлгэсэн. 2021 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот руу явж нүд, тархины эмчилгээ, оношилгоо хийлгэсэн зэргээр шаардлагатай эмчилгээ сувилгаа хийлгэх, эм тариа худалдаж авах, унааны зардал, эмчилгээ оношилгооны төлбөрт нийт 2,983,768 төгрөгийг зарцуулаад байна. Миний хүү Д.Б нь тухайн гэмт хэргийн улмаас хөнгөн, хүнд гэмтлүүд авч хохирон Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чавдарыг 24 сарын хугацаанд 80 хувь алдсан гэдгийг тогтоосон. Хүү маань гэмт хэргийн хохирогч болж, хөдөлмөрийн чадвар алдахаасаа өмнө Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн нярваар ажиллаж байсан. Гэтэл эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Ингэж гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдаагүй байсан бол ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явах байсан. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны цалинг шүүгдэгч нараас гаргуулж авсан. Улмаар 2020 оны 8 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин нийт 16,507,193 төгрөг болж байна. Үүнд: 2020 оны 8-12 сарыг дуусталх хугацааны цалин 5 x 533,728 = 2,668,640 төгрөг, 2021 оны 12 сарын цалин 12 x 574,214 = 6,890,568 төгрөг, 2022 оны 11 сарыг дуусталх хугацааны цалин 11 x 631,635 = 6,947,985 төгрөг байна. Миний хүү Д.Б хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж тогтоолгосон ба нийтдээ 2022 оны 2 дугаар сарыг дуустал 4,896,000 төгрөгийн тэтгэмж авсан байгаа ба уг тэтгэмж 11 дүгээр сарыг дуустал 8,064,000 төгрөг болж байна. Авах ёстой байсан цалин орлогоос тэтгэмжийг хасаж тооцоод хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийт 8,443,193 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч надад учирсан хохиролд 11,426,961 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч намайг хохиролгүй болгож өгнө үү. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 1,239,274 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 12,666,325 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч О.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч О.Н эрүүгийн хэргийн шүүх хуралд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Хариуцагч О.Н-ын зүгээс Улаанбаатар хот руу явж эмчлүүлсэн эмчилгээний зардал болон бензиний зардал зэргээс өөрт ногдох хэсгийг зөвшөөрч байна. Харин цалингийн орлого 8,064,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Б групп тогтоолгосон сар бүр халамжийн мөнгө авдаг учир цалингийн орлогыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч О.Н-ын зүгээс Улаанбаатар явж эмчлүүлсэн эмчилгээний зардал болон бензиний мөнгө гэх мэт тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гарсан бодит хохирлыг зөвшөөрч байна. Цалин орлогыг хасаж тооцоод 8.443.193 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжиж тусалсан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан. Иймд эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нар хувааж хариуцах ёстой гэжээ.

3. Хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ Г.О-ын гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 12,666,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт О-ийн Н, Б овогт Х-ийн Алдар, Ш овогт Б-ийн Э, А-д овогт Д-ын Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... гэж шийдвэрлэсэн. Гэвч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай магадлалд шүүгдэгч О.Н, Д.Т, Х.А, Б.Э нарын санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ийн биед зүүн нүдний эргэн тойрон, цээж, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруунд зүүн сарвууны 2 дугаар хуруунд, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан. Харин шүүгдэгч О.Н-ын санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ийн биед тархины хүнд зэргийн няцрал, зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсны доорхи цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эд доторх цусан хураа, дагзны баруун хэсэгт хатуу хальсны дээрхи цусан хураа, дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал гэмтэл бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан гэж тус тус дүгнэх нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж үзсэн. Учир нь шүүгдэгч О.Н, Д.Т, Х.А, Б.Э нар хохирогчийг найз охин Б.Б-ийг хүчиндсэн гэх шалтгаанаас үүдэж, түүний гэм бурууг хүлээлгэх, уучлалт гуйлгах зорилгоор түүн рүү чиглэсэн үйлдлүүд хийсэн. Хохирогчийн тархинд учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд уг тархинд учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч О.Н-ын хохирогчийн хоолойг боож цементэн талбай дээр савж унагаасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч О.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Х.А, Б.Э, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилсүгэй ... гэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Хариуцагч Д.Т, Х.А, Б.Э нарын санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ийн биед зүүн нүдний эргэн тойрон, цээж, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруунд зүүн сарвууны 2 дугаар хуруунд, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан байдаг. Гэмтлийн зэрэг тогтоох журмын хоёрын 2.4. Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараахь шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1. гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан (түр); 2.4.2. хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр (5-15%) тогтонги байдлаар алдагдсан гэмтэл хамаардаг. Харин хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэлд О.Н гэм буруутай болохыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай магадлалаар гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байхад ажилгүй байсан хугацааны цалин хөлс Б.Э, Х.А, Д.Т нараас гэм хорын хохиролд 12,666,235 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмж хэлэхэд Увс аймгийн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн тодорхойлолтыг үндэслэн цалингийн зөрүүг гаргуулах боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эмчилгээний зардлын хувьд хэлэх тайлбаргүй, тухайн зардлыг О.Н-аас гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэжээ.

4. Иргэдийн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эмчилгээний зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 1. Нэхэмжлэгч Г.О-ын хариуцагч О.Н, Д.Т, Х.А, Б.Э нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 12,666,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 8,748,570 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 2,187,142 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний хүү Д.Б нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө О.Н, Б.Э, Х.А, Д.Т нарт зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсан. Увс аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай магадлалаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон, шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон ба эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно. Иймд хуульд заасан эрхийнхээ хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны цалинг шүүгдэгч нараас гаргуулж авсан. Улмаар 2020 оны 8 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин нийт 16,507,193 төгрөг болж байна. Үүнд: 2020 оны 8-12 сарыг дуусталх хугацааны цалин 5 x 533,728 = 2,668,640 төгрөг, 2021 оны 12 сарын цалин 12 x 574,214 = 6,890,568 төгрөг, 2022 оны 11 сарыг дуусталх хугацааны цалин 11 x 631,635 = 6,947,985 төгрөг байна. Миний хүү Д.Б хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж тогтоолгосон ба нийтдээ 2022 оны 2 дугаар сарыг дуустал 4,896,000 төгрөгийн тэтгэмж авсан байгаа ба уг тэтгэмж 11 дүгээр сарыг дуустал 8,064,000 төгрөг болж байна. Авах ёстой байсан цалин орлогоос тэтгэмжийг хасаж тооцоод хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийт 8,443,193 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч надад учирсан хохиролд 11,426,961 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч намайг хохиролгүй болгож өгнө үү. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 1,239,274 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 12,666,325 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэж тайлбарласан.

3. Хариуцагч О.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд :

3.1. Хариуцагч О.Н эрүүгийн хэргийн шүүх хуралд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Хариуцагч О.Н-ын зүгээс Улаанбаатар хот руу явж эмчлүүлсэн эмчилгээний зардал болон бензиний зардал зэргээс өөрт ногдох хэсгийг зөвшөөрч байна. Харин цалингийн орлого 8,064,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Б групп тогтоолгосон сар бүр халамжийн мөнгө авдаг учир цалингийн орлогыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч О.Н-ын зүгээс Улаанбаатар явж эмчлүүлсэн эмчилгээний зардал болон бензиний мөнгө гэх мэт тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гарсан бодит хохирлыг зөвшөөрч байна. Цалин орлогыг хасаж тооцоод 8.443.193 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжиж тусалсан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан. Иймд эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нар хувааж хариуцах ёстой гэжээ.

4. Хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйгэсэн. Үүнд:

4.1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт О-ийн Н, Б овогт Х-н А, Ш овогт Б-ийн Э, А-д овогт Д-ын Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... гэж шийдвэрлэсэн. Гэвч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай магадлалд шүүгдэгч О.Н, Д.Т, Х.А, Б.Э санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан. Харин шүүгдэгч О.Н-ын санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан гэж тус тус дүгнэх нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж үзсэн. Улмаар шүүгдэгч О.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Х.А, Б.Э, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилсүгэй ... гэж шийдвэрлэсэн. Хариуцагч Д.Т, Х.А, Б.Э нарын санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ийн биед зүүн нүдний эргэн тойрон, цээж, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруунд зүүн сарвууны 2 дугаар хуруунд, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан байдаг. Гэмтлийн зэрэг тогтоох журмын Хоёрын 2.4. Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараахь шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1. гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан (түр); 2.4.2. хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр (5-15%) тогтонги байдлаар алдагдсан гэмтэл хамаардаг. Харин хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэлд О.Н гэм буруутай болохыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай магадлалаар гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байхад ажилгүй байсан хугацааны цалин хөлс Б.Э, Х.А, Д.Т нараас гэм хорын хохиролд 12,666,235 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмж хэлэхэд Увс аймгийн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн тодорхойлолтыг үндэслэн цалингийн зөрүүг гаргуулах боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эмчилгээний зардлын хувьд хэлэх тайлбаргүй, тухайн зардлыг О.Н-аас гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэжээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 О.Н, Х.А, Б.Э, Д.Т нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт Д.Б-ийг удаан хугацаагаар тохуурхан доромжилж, явган суулгаж явуулах /галуун цуваагаар явуулсан/, гарын нударга дээр газарт суниалгах, толгойгоор нь газар тонгойлгон түшүүлэх, суулгаж босгох /ялаа алах/, зодох зэрэг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн үйлдэл хийж, улмаар хоолойг нь боож ухаан алдуулсны улмаас газар унаж, тархинд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон гэж үзэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор О.Н, Х.А, Б.Э, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбод, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, О.Н 7 жил хорих ял, Д.Т-д 6 жил 9 сар хорих ял, шүүгдэгч Х.А, Б.Э нарт тус бүрт нь 6 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж, О.Н, Х.А, Б.Э, Д.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-аас гэмт хэргийн хохиролд нэхэмжилсэн 37,172,660 төгрөгөөс 11,220,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Т 3,788,165 төгрөгийн хохирол төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүйг тус тус дурдаж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 Улмаар дээрх шийтгэх тогтоолд О.Н, Д.Т, түүний өмгөөлөгч Б.Ц, Ж.Э нар, Х.А, Б.Э нарын өмгөөлөгч Б.М, Х.А-ын нар давж заалдах гомдол гаргаснаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар магадлалаар ... Шүүгдэгч О.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.А, Б.Э, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-т дөрвөн жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, Б.Э нарт тус тус 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй гэж, шийтгэх тогтоолын 3 дугаар заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай гэж өөрчилж, ... 5 дахь заалтын ... 39,136,580 гэснийг 34,709,230 гэж, ... 55,000,000 гэснийг 59,427,350 гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 Дээрх анхан шатны шийтгэх тогтоолд хохирогч Д.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Г.О нар цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснээр түүний хууль ёсны төлөөлөгч Г.О нь Д.Б-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар Д.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь Д.Б-д учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 Хариуцагч О.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нар болсон үйл баримтын талаар маргаагүй, хариуцагч О.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрүүл мэндэд учирсан хохирлыг О.Н, Б.Э, Х.А, Д.Т нар хувааж хариуцахад татгалзах зүйлгүй. Цалингийн зөрүүг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Д.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан тул гэм хорын хохирлыг О.Н хариуцах үндэслэлтэй. Иймд Х.А, Б.Э, Д.Т  нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

О.Н, Б.Э, Х.А, Д.Т нарын хууль бус үйлдлийн улмаас Д.Б-ийн эрүүл мэндэд хохирол учирсан нь тогтоогдсон тул гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж зааснаар учирсан гэм хорын хохирлыг хариуцагч нар хамтран хариуцах үндэслэлтэй.

 Хариуцагч О.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нар эрүүл мэндэд учирсан хохирлын үнийн дүнгийн хувьд маргаагүй тул эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтад дүгнэлт хийхгүйгээр эрүүл мэндэд учирсан хохирол болох 4,223,042 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Түүнчлэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч нар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг ... хохирогчид төлөх үүрэгтэй.

 Д.Б нь 2020 оны 8 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд авах цалингийн зөрүү 6,947,985 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тэрээр эрүүл мэнддээ хүнд хохирол авах үед Увс аймгийн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д нярваар ажиллаж байсан ба 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно гэж зааснаар Д.Б-ийн 2020 оны 8 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин хөлсний дунджыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд бичигдсэнээр тооцож үзэхэд сарын дундаж хөдөлмөрийн хөлсний хэмжээ 449,626 /2019 оны 3 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарыг дуустал буюу гэмт хэрэг үйлдэгдсэн сарыг дуустал хугацааны нийт цалинг 5-д хувааж гаргасан/ төгрөг байна.

 Иймд Д.Б-ийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс 449,626 төгрөгөөс хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжид сар бүр авдаг 288,000 төгрөгийг хасаж 2020 оны 8 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүүд 4,525,528 төгрөг /449,626 төгрөг 288,000 төгрөг = 161,626 төгрөг х 28 сар = 4,525,528 төгрөг/-ийг /-ийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 Д.Б нь эрүүл мэнддээ хүнд хохирол авах үедээ Увс аймгийн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д нярваар ажиллаж байсан бөгөөд сарын сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тооцож үзэхэд 449,626 төгрөг тул нэхэмжлэгч Г.О-ын 2020 оны 8-12 сарын цалинг 533,728 төгрөг, 2021 оны 12 сарын цалинг 574,214 төгрөг, 2022 оны 11 сарыг дуусталх хугацааны цалинг 631,635 төгрөгөөр тооцож нэхэмжилснийг хүлээн авах боломжгүй байна.

 6. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нараас эрүүл мэндэд учирсан хохиролд 4,223,042 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүүд 4,525,528 төгрөг, нийт 8,748,570 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,917,665 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иргэдийн төлөөлөгч Н.Б-ын Эмчилгээний зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 8,748,570 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 154,927 төгрөгийг хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нараас эрүүл мэндэд учирсан хохиролд 4,223,042 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүүд 4,525,528 төгрөг, нийт 8,748,570 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,917,665 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.О улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нараас улсын тэмдэгтийн хураамж 154,927 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.БОЛОР

                                      ШҮҮГЧИД                             О.БАТДОРЖ

                                                                                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ