Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 72

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00268/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.А- нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 501 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.А-д холбогдох,

          “13.300.000 төгрөг гаргуулах” тухай иргэний  хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагаас:

Хариуцагч С.А-д 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож Б.Г- нь өөрийн эзэмшлийн 403105479 тоот данснаас С.А-гийн Худалдаа хөгжлийн банкны 403135189 тоот данс руу 10.000.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн. Б.Г- нь Улаанбаатар хотод “Оюу толгой” ХХК-ийн төв оффист ажилладаг тул С.А-тай биечлэн уулзаж бичгийн гэрээ хийгээгүйгээс С.А- нь зээлсэн 10.000.000 төгрөгийн хүү болон үндсэн зээлийг төлөөгүй 11 сар өнгөрсөн байна. Нэхэмжлэгч Б.Г-ын эхнэр Б.Ч- нь хариуцагч С.А-д урьд нь олон удаа мөнгө зээлдүүлж, уг мөнгөө С.А- нь төлөхгүй байснаас Б.Ч- нь тус шүүхэд С.А-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Худалдаа хөгжлийн банкны 403105479 тоот данс нь Б.Г- түүний эхнэр Б.Ч- нарын хамтран эзэмшдэг данс учраас С.А-гаас дээр дурдсан 10.000.000 төгрөгөө хүүтэй нь нэхэмжилсэн боловч шүүх 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 тоот шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны 403105479 тоот данснаас Б.Г-аас 10.000.000 төгрөг С.А-гийн 403135189 тоот дансанд шилжсэн, хүлээн авсан нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, С.А-гийн Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулганы 2018 оны 04 дүгээр 04-ний өдрийн 10.000.000 403105479 Г- гэснээр тогтоогдож байгаа, 403105479 тоот дансыг Б.Ч- хамтран эзэмшдэг боловч Б.Г- шаардан авах эрхийг шилжүүлснийг нотлоогүй тул шаардах эрхгүй гэж дүгнэн мөн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар С.А-гаас 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн юм.

Иймээс Б.Г- С.А-д бэлэн бусаар шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг жич нэхэмжлэх шаардлагатай болсон. Б.Г- Худалдаа хөгжлийн банкинд 403105479 тоот данснаас гадна кредит карт буюу зээлийн картны 410055542 тоот данс эзэмшдэг бөгөөд уг данснаас хэрэгцээтэй үедээ зээл авч 1 сарын дотор буцаан төлөх үүрэг хүлээдэг бөгөөд тухайн зээлсэн мөнгийг 1 сарын хугацаанд төлөөгүй тохиолдолд сар тутам 3 хувийн хүү төлөхөөр гэрээг Худалдаа хөгжлийн банктай хийсэн байдаг. Б.Г- нь С.А-д 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10.000.000 төгрөг шилжүүлэхдээ Худалдаа хөгжлийн банк дахь кредит данснаас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 4 удаагийн шилжүүлгээр 10.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 403105479 тоот данс руу шилжүүлж уг 10.000.000 төгрөгийг С.А-гийн Худалдаа хөгжлийн банк дахь 403135189 тоот данс руу мөн өдөр шилжүүлсэн байдаг. С.А- нь авсан зээлээ 11 сарын турш төлөөгүйгээс кредит картны хүүг сар тутам 3 хувиар буюу 300.000 төгрөг төлж, нийтдээ 3.300.000 төгрөгийн хохирол амссан. Зохигчдын хооронд зээлийн гэрээг бичгээр хийгээгүйгээс зээлийн хүү, алданги шаардах эрхгүй байгаа боловч зээлийн гэрээнээс учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул хариуцагч С.А-гаас үндсэн зээл 10.000.000 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ 11 сарын турш биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Б.Г-ын кредит дансны зээлийн хүүд төлсөн 3.300.000 төгрөг, нийт 13.300.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч С.А-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нараас:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Б.Г-тай найзууд бөгөөд мөнгө зээлж бас зээлүүлдэг байсан. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөнгөний хэрэг гараад байна хэд хоногийн хугацаатай мөнгө зээлдүүлээч гэсэн тул түүний Худалдаа хөгжлийн банкны 403135189 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэрээр сар гаруйн дараа яаралтай мөнгөний хэрэг гараад байх тул эхнэр Б.Ч-ы Хаан банкны 5055204493 тоот данс руу 10.216.000 төгрөгийг шилжүүлээч гэсэн тул 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн.

Гэвч дээрх зээлсэн мөнгөө эгүүлэн өгөхгүй удаад байсан тул арга буюу шаардаж байж 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.Г- нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 10.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

С.А- нь Б.Г- болон түүний эхнэр Б.Ч-тай танилууд бөгөөд нэг нэгэндээ мөнгө өгч, авалцдаг байсан. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөнгөний хэрэг гараад байна хэд хоногийн хугацаатай мөнгө зээлүүлээч гэсэн тул түүний Худалдаа хөгжлийн банкны 403135189 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэрээр сар гаруйн дараа яаралтай мөнгөний хэрэг гараад байх тул эхнэр Б.Ч-ы Хаан банкны 5055204493 тоот данс руу 10.216.000 төгрөгийг шилжүүлээч гэсэн тул 2017 оны 06 дугаар 14-ний өдөр шилжүүлсэн. Гэвч дээрх зээлсэн мөнгөө эгүүлэн өгөхгүй удаад байсан тул шаардаж байж 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.Г- нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 10.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 2.216.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Б.Г- нь С.А-гаас хэзээ ч мөнгө зээлдэж байгаагүй бөгөөд энэ хүн “Оюу толгой” ХХК-д  олон жилийн турш ажиллаж өндөр цалин авч байсан тул бусдаас мөнгө зээлэх шаардлага гарч байгаагүй болно. Харин С.А- нь Б.Г- болон түүний эхнэр Б.Ч- хоёрын байнгын орлоготой байдгийг мэддэг байснаас олон удаа мөнгө зээлж байсан бөгөөд эхний удаад зээлсэн мөнгөө буцаан өгч тэдний итгэлийг аваад сүүлдээ зээлсэн мөнгөө өгөхөө больж янз бүрийн худал үнэн шалтаг зааж зугтаадаг болсон. С.А- нь Б.Г-, Б.Ч- нараас зээлсэн мөнгөө буцаан төлсөн баримтыг шүүхэд гаргаж тэдэнд мөнгө зээлсэн мэтээр огт үндэслэлгүй худал сөрөг нэхэмжлэл гаргаж, тэдний нэр хүндэд халдаж гүтгэж байгаад Б.Г- болон Б.Ч- нарын зүгээс маш их гомдолтой байгаа болно. С.А- нь Б.Г-ын эхнэр Б.Ч-ы эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 467003912 тоот данснаас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 4.500.000 төгрөг, мөн өдрөөс дахин 10.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 20.201.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 15.000.000 төгрөг, нийт 49.701.000 төгрөг бэлэн бусаар зээлж авсан байна.

Б.Г-ын эхнэр Б.Ч-ы эзэмшлийн Хаан банк дахь 5055204493 тоот данснаас С.А-гийн эзэмшлийн Хаан банк дахь 5045619331 тоот данс руу 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Б.Г-ын эхнэр Б.Ч-аас нийт 88.301.000 төгрөг зээлж авсан нь Б.Ч-ы Хаан банк дахь депозит дансны хуулга болон Худалдаа хөгжлийн банк дахь депозит дансны хуулгаар нотлогдож байна. Гэтэл С.А- нь Худалдаа хөгжлийн банк дахь хамтран эзэмшдэг 403105479 тоот данс руу 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлж өрөө төлсөн баримтаа шүүхэд гаргаж Б.Г-т зээлдүүлсэн мэтээр худал нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Б.Ч-ы Хаан банкны 5055204493 тоот данс руу 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 10.216.000 төгрөг нь мөн л Б.Ч-аас урьд нь зээлсэн мөнгөө буцаан төлсөн нь харагдаж байх бөгөөд Б.Ч-ы данс руу шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч Б.Г-аас нэхэмжлэх буюу Б.Г-ын нэхэмжилсэн мөнгөөс хасах үндэслэлгүй юм. Иймд С.А-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 501 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч С.А-гаас 13.300.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-т олгож, 2.216.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.406 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-гаас 225.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шийдвэрт “...зээлийн гэрээтэй холбоогүй байх” гэжээ.  Гэтэл хариуцагч нь зээл аваагүй урьд түүний хүсэлтийн дагуу түүнд болон нэхэмжлэгч Б.Г-ын эхнэрийн данс руу шилжүүлсэн ба уг мөнгөө эгүүлэн авсан талаар тайлбарлаж энэ тухай баримтыг гаргаж өгөхөд шүүхээс дээрх нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

2. Шийдвэрт “... учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна” гэжээ. Хариуцагч нь нэгэнт өгсөн зүйлээ эгүүлэн авсан тул түүнд ямар нэгэн хохирол учирсан гэх зүйл байхгүй байна.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Г- хариуцагч С.А-д холбогдуулж үндсэн зээл 10.000.000 төгрөг, зээлийн гэрээнээс учирсан хохирол 3.300.000 төгрөг нийт 13.300.000 төгрөг гаргуулах, хариуцагч С.А- Б.Г-т холбогдуулж үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2.216.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлдэгч тал гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнээс учирсан хохирлыг төлөх үүрэгтэй гэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Б.Г- хариуцагч С.А-д холбогдуулж 13.300.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 дугаар шийдвэр, Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт, Кредит карт эзэмших гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч С.А-д 10.000.000 төгрөг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны Мемориалын ордер, дотоод шилжүүлгийн маягт, кредит дансны хуулга зэрэг баримтуудыг нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Ч- хариуцагч С.А- нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Худалдаа хөгжлийн банк дахь Б.Г-ын эзэмшлийн 403105479 тоот дансыг Б.Ч- хамтран эзэмшдэг боловч Б.Г- шаардах эрхээ шилжүүлснийг нотлоогүй тул нэхэмжлэгч Б.Ч-ы хариуцагч С..А-гаас 10.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Г- хариуцагч С.А-гаас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

            Нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн дээрх баримтуудыг хариуцагч С.А- үгүйсгээгүй бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх  үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд 10.000.000 төгрөгийн зээлийн харилцаа явагдсан нь баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Г- өөрийн эзэмшлийн кредит картны данснаас  шилжүүлсэн 10.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт Худалдаа хөгжлийн банктай байгуулсан гэрээний 2.6.2-т заасны дагуу сарын 3 хувиар хүү төлөхөөр тохиролцсоны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны хугацаанд нийт 5.576.844 төгрөг төлсөн болох нь хэргийн 39 дүгээр талд авагдсан Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолтоор тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “ Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар гэрээний хохиролд 3.300.000 төгрөг шаардах эрхтэй байна.

Хариуцагч С.А- сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэргийн 41 дүгээр талд авагдсан Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, ХААН банкны 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд эдгээр баримтууд нь талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээнээс өмнө мөнгө шилжүүлсэн баримтууд байх бөгөөд Б.Ч-д шилжүүлсэн зээлийн төлбөрийг нэхэмжлэгч Б.Г-т холбогдуулж сөрөг нэхэмжлэлээр шаардсан нь үндэслэлгүй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.

            Иймд шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг зөв үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн манай талаас гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэлгүй зөвхөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн, хариуцагч нэгэнт өгсөн зүйлээ буцаан авсан тул түүнд ямар нэгэн хохирол учраагүй гэх давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 501 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.406 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                   С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                     Л.АМАРСАНАА