Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00242

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

13,300,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, зээлийн үлдэгдэл 2,216,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: *******аас ******* нь хүүтэй мөнгө зээлүүлээч гэсэн хүсэлт тавьсны дагуу 2018.04.04-ний өдөр 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож ******* нь Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн 403105479 тоот данснаас *******гийн Худалдаа хөгжлийн банкны 403135189 тоот данс руу 10,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн. ******* нь Улаанбаатар хотод Оюу толгой компанийн төв оффист ажилладаг тул *******тай биечлэн уулзаж бичгийн гэрээ хийгээгүйгээс ******* нь зээлсэн 10,000,000 төгрөгийн хүү болон үндсэн зээлийг төлөөгүй 11 сар өнгөрсөн байна. Нэхэмжлэгч *******ын эхнэр Б.Чулуун нь хариуцагч *******д урьд нь олон удаа мөнгө зээлдүүлж, уг мөнгөө ******* нь төлөхгүй байснаас Б.Чулуун нь тус шүүхэд *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Худалдаа хөгжлийн банкны 403105479 тоот данс нь ******* түүний эхнэр Б.Чулуун нарын хамтран эзэмшдэг данс байсан учраас *******гаас дээр дурдсан 10,000,000 төгрөгөө хүүтэй нь нэхэмжилсэн боловч шүүх 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 135 тоот шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт 2018 оны 04 сарын 04-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны 403105479 тоот данснаас *******аас 10,000,000 төгрөг *******гийн 403135189 тоот дансанд шилжсэн, хүлээн авсан нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, *******гийн Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулганы 2018 оны 04 сарын 04-ний өдөр 10,000,000 403105479 Ганбаатар гэснээр тогтоогдож байгаа, 403105479 тоот дансыг Б.Чулуун хамтран эзэмшдэг боловч ******* шаардан авах эрхийг шилжүүлснийг нотлоогүй тул шаардах эрхгүй гэж дүгнэн мөн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар *******гаас 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн юм. Иймээс *******аас *******д бэлэн бусаар шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг жич нэхэмжлэх шаардлагатай болсон юм. ******* Худалдаа хөгжлийн банкинд 403105479 тоот данснаас гадна кредит карт буюу зээлийн картны 410055542 тоот данс эзэмшдэг бөгөөд уг картын данснаас хэрэгцээтэй үедээ зээл авч 1 сарын дотор буцаан төлөх үүрэг хүлээдэг бөгөөд тухайн зээлсэн мөнгийг 1 сарын хугацаанд төлөөгүй тохиолдолд сар тутам 3 хувийн хүү төлөхөөр гэрээг Худалдаа хөгжлийн банктай хийсэн байдаг. ******* нь *******д 2018 оны 04 сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг шилжүүлэхдээ Худалдаа хөгжлийн банк дахь кредит данснаас 2018 оны 04 сарын 04-ний өдөр 4 удаагийн шилжүүлгээр 10,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 403105479 тоот данс руу шилжүүлж, уг 10,000,000 төгрөгийг *******гийн Худалдаа хөгжлийн банк дахь 403135189 тоот данс руу мөн өдөр шилжүүлсэн байдаг. ******* нь авсан зээлээ 11 сарын турш төлөөгүйгээс ******* нь 11 сарын турш кредит картны хүүг сар тутам 3 хувиар буюу 300,000 төгрөг төлж, нийтдээ 3,300,000 төгрөгийн хохирол амссан байна. Зохигчдын хооронд зээлийн гэрээг бичгээр хийгээгүйгээс зээлийн хүү, алданги шаардах эрхгүй байгаа боловч зээлийн гэрээнээс учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул хариуцагч *******гаас үндсэн зээл 10,000,000 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ 11 сарын турш биелүүлээгүйгээс нэхэмжлэгч *******ын кредит дансны зээлийн хүүнд төлсөн 3,300,000 төгрөг, нийт 13,300,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй ба шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгчөөр нэмэлт тайлбар гаргуулна. *******тай найзууд бөгөөд мөнгө зээлж бас зээлүүлдэг байсан. 2017 оны 05 сарын 12-ны өдөр мөнгөний хэрэг гараад байна хэд хоногийн хугацаатай мөнгө зээлдүүлээч гэсэн тул түүний Худалдаа хөгжлийн банкны 403135189 тоот дансруу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэрээр сар гаруйн дараа яаралтай мөнгөний хэрэг гараад байх тул эхнэр Б.Чулууны Хаан банкны 5055204493 тоот данс руу 10,216,000 төгрөгийг шилжүүлээч гэсэн тул 2017 оны 06 сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Гэвч дээрх зээлсэн мөнгөө эгүүлэн өгөхгүй удаад байсан тул арга буюу шаардаж байж 2018 оны 04 сарын 04-ний өдөр ******* нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 10,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ******* нь ******* болон түүний эхнэр Б.Чулуунтай танилууд бөгөөд нэг нэгэндээ мөнгө өгч, авалцдаг байсан. 2017 оны 05 сарын 12-ны өдөр мөнгөний хэрэг гараад байна хэд хоногийн хугацаатай мөнгө зээлдүүлээч гэсэн тул түүний Худалдаа хөгжлийн банкны 403135189 тоот дансруу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэрээр сар гаруйн дараа яаралтай мөнгөний хэрэг гараад байх тул эхнэр Б.Чулууны Хаан банкны 5055204493 тоот данс руу 10,216,000 төгрөгийг шилжүүлээч гэсэн тул 2017 оны 06 сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Гэвч дээрх зээлсэн мөнгөө эгүүлэн өгөхгүй удаад байсан тул арга буюу шаардаж байж 2018 оны 04 сарын 04-ний өдөр ******* нь өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 10,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,216,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбарт: ******* нь *******гаас хэзээ ч мөнгө зээлдэж байгаагүй бөгөөд энэ хүн Оюу толгой ХХК-д олон жилийн турш ажиллаж өндөр цалин авч байсан тул бусдаас мөнгө зээлэх шаардлага гарч байгаагүй болно. Харин ******* нь ******* болон түүний эхнэр Б.Чулуун хоёрын байнгын орлоготой байдгийг мэддэг байснаас олон удаа мөнгө зээлж байсан бөгөөд эхний удаад зээлсэн мөнгөө буцаан өгч тэдний итгэлийг аваад сүүлдээ зээлсэн мөнгөө өгөхөө больж янз бүрийн худал үнэн шалтаг зааж зугтаадаг болсон. ******* нь *******, Б.Чулуун нараас зээлсэн мөнгөө буцаан төлсөн баримтыг шүүхэд гаргаж тэдэнд мөнгө зээлсэн мэтээр огт үндэслэлгүй худал сөрөг нэхэмжлэл гаргаж, тэдний нэр хүндэд халдаж гүтгэж байгаад ******* болон Б.Чулуун нарын зүгээс маш их гомдолтой байгаа болно. ******* нь *******ын эхнэр Б.Чулууны эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 467003912 тоот данснаас 2016 оны 10 сарын 14-ний өдөр 4,500,000 төгрөг, мөн өдрөөс дахин 10,000,000 төгрөг, 2017 оны 01 сарын 11-ний өдөр 20,201,000 төгрөг, 2017 оны 06 сарын 16-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 49,701,000 төгрөг бэлэн бусаар зээлж авсан байна. Мөн *******ын эхнэр Б.Чулууны эзэмшлийн Хаан банк дахь 5055204493 тоот данснаас *******гийн эзэмшлийн Хаан банк дахь 5045619331 тоот данс руу 2016 оны 09 сарын 09-ний өдрөөс 2017 оны 07 сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд *******ын эхнэр Б.Чулуунаас нийт 88,301,000 төгрөг зээлж авсан нь Б.Чулууны Хаан банк дахь депозит дансны хуулга болон Худалдаа хөгжлийн банк дахь депозит дансны хуулгаар нотлогдож байна. Гэтэл ******* нь Худалдаа хөгжлийн банк дахь хамтран эзэмшдэг 403105479 тоот данс руу 2017 оны 05 сарын 12-ны өдөр шилжүүлж өрөө төлсөн баримтаа шүүхэд гаргаж *******т зээлдүүлсэн мэтээр худал нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Б.Чулууны Хаан банкны 5055204493 тоот данс руу 2017 оны 06 сарын 14-ний өдөр шилжүүлсэн 10,216,000 төгрөг нь мөн л Б.Чулуунаас урьд нь зээлсэн мөнгөө буцаан төлсөн нь харагдаж байх бөгөөд Б.Чулууны данс руу шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч *******аас нэхэмжлэх буюу *******ын нэхэмжилсэн мөнгөөс хасах үндэслэлгүй юм. Иймд *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч *******гаас 13,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, 2,216,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,406 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 225,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 72 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Магадлалд зээлийн гэрээтэй холбоогүй байх гэжээ. Гэтэл хариуцагч нь зээл аваагүй урьд түүний хүсэлтийн дагуу түүнд болон нэхэмжлэгч *******ын эхнэрийн данс руу шилжүүлсэн ба уг мөнгөө эргүүлэн авсан талаар тайлбарлаж энэ тухай баримтыг гаргаж өгөхөд шат шатны шүүхээс дээрх нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба хуулийг буруу тайлбарлан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Магадлалд "...учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна гэжээ. Хариуцагч нь нэгэнт өгсөн зүйлээ эргүүлэн авсан тул түүнд ямар нэгэн хохирол учирсан гэх зүйл байхгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулж үндсэн зээл 10,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 3,300,000 төгрөг, нийт 13,300,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн үлдэгдэл төлбөр 2,216,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

1. Зохигчийн хооронд үүссэн маргаан нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн данснаас *******гийн данс руу 10,000,000 төгрөгийг түүнд зээлүүлэхээр шилжүүлсэн, ... нэхэмжлэгчийн эхнэр Б.Чулуун нь хариуцагч *******д өмнө нь мөнгө зээлүүлж байсан, хариуцагчид холбогдуулан 10,000,000 төгрөгийг хүүтэй нь нэхэмжилсэн боловч шүүх 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дээрх мөнгийг хариуцагчаас шаардаж байна гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 дугаар шийдвэр, Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт, Кредит карт эзэмших гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч *******д 10,000,000 төгрөг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны Мемориалын ордер, дотоод шилжүүлгийн маягт, кредит дансны хуулга гэсэн баримтууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч тэрээр татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Чулуун хариуцагч ******* нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Худалдаа хөгжлийн банк дахь *******ын эзэмшлийн 403105479 тоот дансыг Б.Чулуун хамтран эзэмшдэг боловч ******* шаардах эрхээ шилжүүлснийг нотлоогүй гэсэн үндэслэлээр Б.Чулууны *******гаас 10,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т зааснаар үнэлж, нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэж, 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн байна.

2. Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Хэргийн баримтаас үзэхэд Худалдаа хөгжлийн банктай байгуулсан гэрээний 2.6.2-т заасны дагуу ******* нь кредит картны данснаас шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн төлбөрт сарын 3 хувиар хүү төлөхөөр тохиролцсон, 2018 оны 04 дүгээр сарын 04-нөөс 2019 оны 04 дүгээр сарын 30 хүртэл нийт 5,576,844 төгрөгийн хүү төлсөн байх тул нэхэмжлэгчийг хохирол шаардах эрхтэй гэж дүгнэн, 3,300,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь зөв юм.

Гэвч анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралгүй буюу гэрээнээс татгалзахтай холбоотой хохирол шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй байна.

Хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний дээрх алдааг залруулж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.

Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотоод шилжүүлгийн маягт, ХААН банкны 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтыг хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд ирүүлсэн байх бөгөөд энэ баримтууд нь зохигчдын хооронд үүссэн зээлийн харилцаанаас өмнөх баримтууд байна.

Иймээс Б.Чулуунд шилжүүлсэн зээлийн төлбөрийг нэхэмжлэгч *******т холбогдуулж сөрөг нэхэмжлэлээр шаардсан нь үндэслэлгүй гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

4. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь хариуцагчийн гомдлын үндэслэлд хамааралгүй. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн ...зөвхөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлж, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн, ...сөрөг нэхэмжлэлийг хангах өөрчлөлт оруулах гэсэн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 501 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.1-д гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1-д гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,406.00 /тавин мянга дөрвөн зуун зургаан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН