Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 501

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00268/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..-р хороолол, ..-р байр .. тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, харилцах утас ..., Б.Г нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..-р хороолол, ..-р байр ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, харилцах утас ..., С.А холбогдох

 

Үндсэн зээл, зээлийн гэрээнээс учирсан хохирол 13 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Г хариуцагч С.А нь хүүтэй мөнгө зээлүүлээч гэсэн хүсэлт тавьсны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож Б.Г нь Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн ... тоот данснаас С.А гийн Худалдаа, хөгжлийн банкны ... тоот данс руу 10 000 000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн юм. Б.Г нь Улаанбаатар хотод Оюу толгой компаний төв оффист ажилладаг тул С.Атай биечлэн уулзаж бичгийн гэрээ хийгээгүйгээс С.А нь зээлсэн 10 000 000 төгрөгийн хүү болон үндсэн зээлийг төлөөгүй 11 сар өнгөрсөн байна. Нэхэмжлэгч Б.Гын эхнэр Б.Чнь хариуцагч С.А д урьд нь олон удаа мөнгө зээлдүүлж, уг мөнгөө С.А нь төлөхгүй байснаас Б.Ч нь тус шүүхэд С.Ад холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Худалдаа, хөгжлийн банкны ... тоот данс нь Б.Г түүний эхнэр Б.Ч нарын хамтран эзэмшдэг данс байсан учраас С.А гаас дээр дурдсан 10 000 000 төгрөгөө хүүтэй нь нэхэмжилсэн боловч шүүх 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 тоот шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны ... тоот данснаас Б.Г 10 000 000 төгрөг С.А гийн ... тоот дансанд шилжсэн, хүлээн авсан нь Худалдаа, хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, С.А гийн Худалдаа, хөгжлийн банкны депозит дансны хуулганы 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 ... Ганбаатар гэснээр тогтоогдож байгаа, ... тоот дансыг Б.Чхамтран эзэмшдэг боловч Б.Г шаардан авах эрхийг шилжүүлснийг нотлоогүй тул шаардах эрхгүй гэж дүгнэн мөн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар С.А гаас 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн юм.

Иймээс Б.Г С.А д бэлэн бусаар шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг жич нэхэмжлэх шаардлагатай болсон юм. Б.Гын Худалдаа, хөгжлийн банкинд ... тоот данснаас гадна кредит карт буюу зээлийн картны ... тоот данс эзэмшдэг бөгөөд уг картын данснаас хэрэгцээтэй үедээ зээл авч 1 сарын дотор буцаан төлөх үүрэг хүлээдэг бөгөөд тухайн зээлсэн мөнгийг 1 сарын хугацаанд төлөөгүй тохиолдолд сар тутам 3 хувийн хүү төлөхөөр гэрээг Худалдаа, хөгжлийн банктай хийсэн байдаг. Б.Г нь С.А д 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг шилжүүлэхдээ Худалдаа, хөгжлийн банк дахь кредит данснаас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 4 удаагийн шилжүүлгээр 10 000 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь ... тоот данс руу шилжүүлж, уг 10 000 000 төгрөгийг С.А гийн Худалдаа, хөгжлийн банк дахь ... тоот данс руу мөн өдөр шилжүүлсэн байдаг. С.А нь авсан зээлээ 11 сарын турш төлөөгүйгээс Б.Г нь 11 сарын турш кредит картны хүүг сар тутам 3 хувиар буюу 300 000 төгрөг төлж, нийтдээ 3 300 000 төгрөгийн хохирол амссан байна. Зохигчдын хооронд зээлийн гэрээг бичгээр хийгээгүйгээс зээлийн хүү, алданги шаардах эрхгүй байгаа боловч зээлийн гэрээнээс учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-д зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байгаа тул хариуцагч С.Агаас үндсэн зээл 10 000 000 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ 11 сарын турш биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Б.Гын кредит дансны зээлийн хүүнд төлсөн 3 300 000 төгрөг, нийт 13 300 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч С.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй ба шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгчөөр нэмэлт тайлбар гаргуулна.

Б.Гтай найзууд бөгөөд мөнгө зээлж бас зээлүүлдэг байсан. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөнгөний хэрэг гараад байна хэд хоногийн хугацаатай мөнгө зээлдүүлээч гэсэн тул түүний Худалдаа, хөгжлийн банкны ... тоот дансруу 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Тэрээр сар гаруйн дараа яаралтай мөнгөний хэрэг гараад байх тул эхнэр Б.ЧХаан банкны ... тоот данс руу 10 216 000 төгрөгийг шилжүүлээч гэсэн тул 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн.

Гэвч дээрх зээлсэн мөнгөө эгүүлэн өгөхгүй удаад байсан тул арга буюу шаардаж байж 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.Г нь өөрийн Худалдаа, хөгжлийн банкны данснаас 10 000 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

С.А нь Б.Г болон түүний эхнэр Б.Чулуунтай танилууд бөгөөд нэг нэгэндээ мөнгө өгч, авалцдаг байсан. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөнгөний хэрэг гараад байна хэд хоногийн хугацаатай мөнгө зээлдүүлээч гэсэн тул түүний Худалдаа, хөгжлийн банкны ... тоот дансруу 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Тэрээр сар гаруйн дараа яаралтай мөнгөний хэрэг гараад байх тул эхнэр Б.ЧХаан банкны ... тоот данс руу 10 216 000 төгрөгийг шилжүүлээч гэсэн тул 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Гэвч дээрх зээлсэн мөнгөө эгүүлэн өгөхгүй удаад байсан тул арга буюу шаардаж байж 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.Г нь өөрийн Худалдаа, хөгжлийн банкны данснаас 10 000 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 2 216 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эсөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа:

Б.Г нь С.А гаас хэзээ ч мөнгө зээлдэж байгаагүй бөгөөд энэ хүн Оюу толгой ХХК-д олон жилийн турш ажиллаж өндөр цалин авч байсан тул бусдаас мөнгө зээлэх шаардлага гарч байгаагүй болно. Харин С.А нь Б.Г болон түүний эхнэр Б.Ч хоёрын байнгын орлоготой байдгийг мэддэг байснаас олон удаа мөнгө зээлж байсан бөгөөд эхний удаад зээлсэн мөнгөө буцаан өгч тэдний итгэлийг аваад сүүлдээ зээлсэн мөнгөө өгөхөө больж янз бүрийн худал үнэн шалтаг зааж зугтаадаг болсон. С.А нь Б.Г, Б.Ч нараас зээлсэн мөнгөө буцаан төлсөн баримтыг шүүхэд гаргаж тэдэнд мөнгө зээлсэн мэтээр огт үндэслэлгүй худал сөрөг нэхэмжлэл гаргаж, тэдний нэр хүндэд халдаж гүтгэж байгаад Б.Г болон Б.Чнарын зүгээс маш их гомдолтой байгаа болно. С.А нь Б.Г ын эхнэр Б.Ч эзэмшлийн Худалдаа, хөгжлийн банк дахь ... тоот данснаас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 4 500 000 төгрөг, мөн өдрөөс дахин 10 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 20 201 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 15 000 000 төгрөг, нийт 49 701 000 төгрөг бэлэн бусаар зээлж авсан байна.

Мөн Б.Гын эхнэр Б.Ч эзэмшлийн Хаан банк дахь ... тоот данснаас С.А гийн эзэмшлийн Хаан банк дахь ... тоот данс руу 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд Б.Гын эхнэр Б.Чулуунаас нийт 88 301 000 төгрөг зээлж авсан нь Б.Ч Хаан банк дахь депозит дансны хуулга болон Худалдаа, хөгжлийн банк дахь депозит дансны хуулгаар нотлогдож байна. Гэтэл С.А нь Худалдаа, хөгжлийн банк дахь хамтран эзэмшдэг ... тоот данс руу 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлж өрөө төлсөн баримтаа шүүхэд гаргаж Б.Гт зээлдүүлсэн мэтээр худал нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Б.Ч Хаан банкны ... тоот данс руу 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 10 216 000 төгрөг нь мөн л Б.Чулуунаас урьд нь зээлсэн мөнгөө буцаан төлсөн нь харагдаж байх бөгөөд Б.Чданс руу шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэх буюу Б.Гын нэхэмжилсэн мөнгөөс хасах үндэслэлгүй юм. Иймд С.А гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч С.А д холбогдуулан үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн гэрээнээс учирсан хохирол 3 300 000 төгрөг нийт 13 300 000 төгрөг гаргуулах, хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөр 2 216 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.А нь Б.Г 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөнгөний хэрэг гараад байна хэд хоногийн хугацаатай мөнгө зээлдүүлээч гэхээр нь Худалдаа, хөгжлийн банкны ... тоот дансруу 2 000 000 төгрөг, эхнэр Б.ЧХаан банкны ... тоот данс руу 10 216 000 төгрөг нийт 12 216 000 төгрөг шилжүүлсэн, мөнгөө өгөхгүй удаад байхаар нь шаардахад 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, би зээл аваагүй, зээлсэн мөнгөө авсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, зээлийн үлдэгдэл төлбөр 2 216 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, нэхэмжлэгч нь С.А гаас мөнгө зээлээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Б.Чнэхэмжлэлтэй С.А д холбогдох 39 253 716 төгрөг гаргуулах, хариуцагчийн 15 938 424 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 дугаартай шийдвэрээр шийдвэрлэхдээ ... 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Худалдаа, хөгжлийн банк ... тоот данснаас Б.Г 10 000 000 төгрөг С.Агийн ... тоот дансанд шилжсэн, хүлээн авсан нь Худалдаа, хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, С.Агийн Худалдаа, хөгжлийн банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа ... тоот дансыг Б.Чхамтран эзэмшигч боловч Б.Г шаардан авах эрхийг шилжүүлснийг нотлоогүй байх тул шаардах эрхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дээрх зээл 10 000 000 төгрөгийг С.А гаас гаргуулахаар шаардаж байна гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулсан болно.

 

Хэрэгт авагдсан тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 135 дугаартай шийдвэрээр Б.Чнэхэмжлэлтэй С.Ад холбогдох 39 253 716 төгрөг гаргуулах, хариуцагчийн 15 938 524 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд Тогтоох хэсгийн 2-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар С.А гаас 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Б.Г нь дээрх зээлийн төлбөрийг С.А гаас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Худалдаа, хөгжлийн банктай кредит карт эзэмших гэрээ байгуулан эзэмшиж байгаад Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн эзэмшлийн ... тоот дансанд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 4 удаагийн шилжүүлгээр 10 000 000 төгрөгийг шилжүүлэн авч мөн өдрөө хариуцагч С.А гийн ... тоот дансанд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Худалдаа, хөгжлийн банкны 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 7-417/208 дугаартай тодорхойлолт, кредит карт эзэмших гэрээ, мемормиалын ордер, дотоод шилжүүлгийн маягт, кредит дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь Худалдаа, хөгжлийн банк дахь ... тоот дансыг 2002 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн үндсэн эзэмшигчээр, Б.Чнь 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хамтран эзэмшигчээр эзэмшиж байгаа болох нь Худалдаа, хөгжлийн банкны 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7-461/308 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь Оюутолгой ХХК-д өндөр цалин хөлстэйгээр 2016 оноос ажилладаг, С.Агаас зээл авах шаардлагагүй гэж нотлох баримтаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт ирүүлсэн байх бөгөөд өөрийн эхнэр Б.Чболон өөрийн данснаас удаа дараа С.Агийн дансанд мөнгө шилжүүлж, зээлдүүлж байсан талаар Б.ЧХудалдаа, хөгжлийн банкны депозит дансны гүйлгээний хуулгууд, Б.Гын Худалдаа, хөгжлийн банкны депозит дансны гүйлгээний хуулга, Б.Чулуун, Б.Одонхүү нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч С.А нь Б.Гтай найзууд бөгөөд мөнгө зээлж бас зээлүүлдэг байсан. 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр мөнгөний хэрэг гараад байна хэд хоногийн хугацаатай мөнгө зээлдүүлээч гэсний дагуу 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Б.Гын Худалдаа, хагжлийн банкны ... тоот дансанд 2 000 000 төгрөгийг, тэрээр сар гаруйн дараа яаралтай мөнгөний хэрэг гараад байна зээлүүлээч гэсний дагуу эхнэр Б.Ч Хаан банкны ... тоот дансанд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 10 216 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Төлбөрөө өгөхгүй удаад арга байсан тул арга буюу шаардахад өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж нотлох баримтаар Хаан банкны мөнгөн шилжүүлэг, Худалдаа, хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт ирүүлсэн боловч энэ нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээнээс өмнө мөнгө шилжүүлсэн баримтууд буюу талуудын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээтэй холбоогүй байх бөгөөд Б.Чулуунд шилжүүлсэн зээлийн төлбөрийг нэхэмжлэгч Б.Г шаардах эрхгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирол шаардсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь кредит данснаас шилжүүлсэн 10 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт Худалдаа хөгжлийн банктай байгуулсан кредит карт эзэмших гэрээний 2.6.2-д заасны дагуу бэлэн мөнгө болон шилжүүлэгийн гүйлгээнд сарын 3%-аар хүү төлөхөөр тохиролцсоны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны хугацаанд нийт 5 576 844,5 төгрөгийн хүү төлсөн болох нь тогтоогдож байх тул зээлийн гэрээний хохиролд тооцож нэхэмжилсэн 3 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус зааснаар хариуцагч С.А гаас 13 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгож, 2 216 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 406 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Агаас 225 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА