Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/00859

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/00859

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг тоот Б Т Х ХХК

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг тоот Б Т Г ХХК

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо Т ХХК

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо тоотод оршин суух БНХАУ-ын иргэн W

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, Д.Н, гэрч Д.А, Д.Э

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба бусад хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б т х ХХК, Б Т Г ХХКнь хариуцагч “ТББСБ” ХХК, БНХАУ-ын иргэн Wнарт холбогдуулан тэдний хооронд байгуулагдсан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/2017 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 

1.1. Нэхэмжлэгч нар нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “ТББСБ” ХХК-иас тус бүр 100,000,000 төгрөгийн зээл авсан ба тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Б Т Х” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо * 977.96 м.кв талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, “Б Т Г ” ХХК-ийн эзэмших эрхэд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо “МТ” ШТС-ийн зүүн талд байрлах 10,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалсан.  

 

1.2. Дээрх зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлээ төлөөгүй байсан тул талууд харилцан тохиролцож 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Зээлийн нэмэлт гэрээ”-г байгуулж, “ТББСБ” ХХК-иас тус, тус бүр 100,000,000 төгрөгийн зээл нэмж олгох, тухайн зээлийн нэмэлт гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 977.96м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, 10,000м2 талбайтай газар эзэмших эрхийг “ТББСБ” ХХК-ийн эзэмших, өмчлөх эрхэд шилжүүлэхээр тохиролцсон.

 

1.3. Ийнхүү тохиролцсоны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх”, “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг байгуулж, уг гэрээнүүдийг үндэслэн газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг “ТББСБ” ХХК-д шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

1.4. Дээрх эрх шилжүүлсэн гэрээг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу барьцааны зорилгоор байгуулсан бөгөөд Т ХХКнь зээлийн гэрээний харилцааг дуусгавар болголгүйгээр, дур мэдэн зөвшөөрөлгүйгээр, шүүхээс гадуур 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг БНХАУ-ын иргэн W-д 630,000,000 төгрөгөөр худалдан борлуулж хууль зөрчсөн. Иймд дээрх худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.   

 

1.5. Хариуцагч БНХАУ-ын иргэн Wнь дээрх худалдах, худалдан авах гэрээний оролцогч тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцана гэжээ.

 

2. Хариуцагч Т ХХКдараах үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч нар нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж, тус бүр нэмж 100,000,000 төгрөг зээлсэн ба гэрээний хугацааг 6 сараар тогтоож, нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг “ТББСБ” ХХК-д шилжүүлж өгсөн.

 

2.2. Дээрх зээлийн нэмэлт гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах тухай” мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн ба эрх бүхий этгээд гарын үсэг зурж хүлээн авсан. Мөн өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөрөнгийг худалдан борлуулах зарыг нийтлүүлж байсан ба энэ талаар нэхэмжлэгч нар мэдэж байсан.  

 

2.3. Мөн нэхэмжлэгч нар нь “ТББСБ” ХХК-ийг маргаан бүхий хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-г байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд эд хөрөнгийг худалдан борлуулахаар худалдан авагчид үзүүлэхэд “Б Т Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч H, N нар байлцсан. Иймд эд хөрөнгийг худалдан борлуулах талаар мэдээгүй, мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй.

 

2.4. Нэхэмжлэгч  нар нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, мөн өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ”, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-ний асуудлаар маргадаггүй бөгөөд эдгээр гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй атлаа гуравдагч этгээдэд өмчлөх эрх шилжүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.       

 

3. Хариуцагч БНХАУ-ын иргэн W дараах үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна. Үүнд:

 

3.1. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнг худалдах, худалдан авах гэрээг хуульд заасны дагуу байгуулсан ба нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: “Б Т Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, “Б Т Г ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл, 2013 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваарь, кассын орлогын ордерууд, бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2021/00429 дүгээр тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /I-ХХ-ийн 5-33, 40-43/

5. Хариуцагч “ТББСБ” ХХК-иас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: “ТББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн  гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар саырн 17-ны өдрийн 184/ШЗ2018/08700 дугаартай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 8 дугаар саырн 09-ний өдрийн 184/ШТ2018/00163 дугаартай тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0772 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0034 дугаартай магадлал, Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай шийдвэр,Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2019/08431 дугаартай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШТ2019/00276 дугаартай тогтоол, Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 8571 дугаар лавлагаа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0678 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2021/00575 дугаартай тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 09/2016 дугаартай зээлийн нэмэлт гэрээ, зээл зээлийн хүү  төлөх хуваарь, “Б Т Г ” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2016/02 дугаартай хүсэлтүүд,  итгэмжлэл, “ТББСБ” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 10/2016 дугаартай хүсэлт, мөн өдрийн 08/2016 дугаартай хүсэлт, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 02/2016 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 08/2016 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ, С.Мөнхзулын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, БНХАУ-ын иргэн Ch-ийн гадаад пасспортын хуулбар, 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэл, “ТББСБ” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14/2016, 15/2016 дугаартай мэдэгдэл, газар ашиглах эрхийн  гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШЗ2022/19870 дугаартай захирамж, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /I-ХХ-ийн 51, 57-82, 232-250, II-ХХ-ийн 1-6, 10-11 дугаар тал/

 

6. Хариуцагч БНХАУ-ын иргэн Wталаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн: Үүнд: 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/2016 дугаартай эд хөрөнгө хөлслөх гэрээ, С.М гадаад пасспортын хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/2017 дугаартай үл хөдлөх эд хөрөнг худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “ТББСБ” ХХК-ийн дүрэм, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2021/00732 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1019 дугаартай магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1408 дугаартай гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШЗ2021/13689 дугаартай захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /I-ХХ-ийн 97-117 дугаар тал/

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: В нэхэмжлэлтэй Б Т Х ХХК-д холбогдох иргэний хэргээс В, Т ХХКнарын хооронд байгуулагдсан үл хөдлөх худалдах, худалдан авах тухай гэрээ, Т ХХКболон Б Т Х ХХК, Б Т Г ХХКнарын хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 03/2016 дугаартай зээлийн нэмэлт гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ дуусгавар болсон эсэх албан бичиг, ТББСБ ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн бүртгэл, Статистикийн албанд зээлийн барьцаа чөлөөлүүлэх тухай албан бичиг /I-ХХ-84-87, 139-152 дугаар тал/

 

8. Хариуцагч “ТББСБ” ХХК-ийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Вгийн нэхэмжлэлтэй Б Т Х ХХК-д холбогдох иргэний хэргээс Шуурхай зар центр сонины 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/184 тоот тодорхойлолт болон хавсралтууд, Өдрийн сонины 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 170 тоот тодорхойлолт болон хавсралтууд, “М Н” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 029/1 тоот тодорхойлолт болон хавсралтууд, “С” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 04/04-01 тоот тодорхойлолт, Д.А, Д.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /II-ХХ-ийн 23-35 дугаар тал/

 

9. Шүүхийн санаачилгаар дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: “Б Т Х ХХК, Б т г ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ болон 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээний үүрэг дуусгавар болсон талаарх баримтууд, зээлийн дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлогын албан татвар төлсөн баримт, газар эзэмших эрх шилжүүлэхэд төлсөн хураамжийн баримт /II-ХХ-ийн 38-47, 53-82, 104-107 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор шилжүүлсэн 977.96м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 10,000м2 талбайтай газар эзэмших эрхийг Т ХХКнь зээлийн гэрээний харилцааг дуусгавар болголгүйгээр, дур мэдэн зөвшөөрөлгүйгээр, шүүхээс гадуур 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр БНХАУ-ын иргэн W-д 630,000,000 төгрөгөөр худалдан борлуулж хууль зөрчсөн. Иймд дээрх худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.  

 

3. Хариуцагч тал дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдлээр хөрөнгүүдийг худалдан борлуулах болохыг нэхэмжлэгч нарт мэдэгдсэн, мөн өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөрөнгийг худалдан борлуулах зарыг нийтлүүлсэн, энэ талаар нэхэмжлэгч нар мэдэж байсан. Үүнээс гадна нэхэмжлэгч нар нь “ТББСБ” ХХК-ийг маргаан бүхий хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-г байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд эд хөрөнгийг худалдан борлуулахаар худалдан авагчид үзүүлэхэд эрх бүхий этгээдүүд байлцсан. Иймд эд хөрөнгийг худалдан борлуулах талаар мэдээгүй, мэдэгдээгүй гэж үзэх үндэслэлгүй. “ТББСБ” ХХК-д хөрөнгийн өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээний асуудлаар маргадаггүй, эдгээр гэрээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй атлаа гуравдагч этгээдэд өмчлөх эрх шилжүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

4.1. 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02/2015 дугаартай “зээлийн гэрээ”-гээр “Т ББСБ” ХХК-иас Б Т Х ХХКнь 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон байх ба уг гэрээний үүргийг Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо Тахилт, товчооны зам 32 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201030361 дугаарт бүртгэлтэй 977.96м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар барьцааны гэрээг бичгээр байгуулжээ. /I-ХХ-ийн 24-26 дугаар тал/

 

2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 09/2016 дугаартай “Зээлийн нэмэлт гэрээ” нэртэй гэрээг “ТББСБ” ХХК, “Б Т Х” ХХК-ийн хооронд байгуулагдаж, уг гэрээгээр 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02/2015 дугаар зээлийн гэрээний үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 22,250,000 төгрөгийг бүрэн төлөөгүйг хүлээн зөвшөөрч, санхүүжилтэнд зориулан нэмэлт 100,000,000 төгрөгийн зээл олгохоор тохирч, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02/2015 дугаартай гэрээний дагуу олгосон 100,000,000 төгрөгийг зээлдэгч “Б Т Х” ХХК-д 200,000,000 төгрөг гэж өөрчлөх, сарын 5 хувийн хүүтэй зээлэх, хүүгийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл тохирсон хуваарийн дагуу төлөх, зээлийн үндсэн төлбөр 200,000,000 төгрөгийг гэрээний хугацааны эцэст төлөхөөр тохиролцсон байна. /I-ХХ-ийн 233-235 дугаар тал/

 

Энэхүү гэрээний 1.3-т “2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 02/2015 тоот Барьцаа гэрээ болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний Д-дугаартай, улсын бүртгэлийн Ү-дугаартай 977,92м2 талбай бүхий үйлдвэр, үйлчилгээний барилгыг зээлийн гэрээ болон нэмэлт гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангах хүртэл хугацаанд өмчлөлдөө шилжүүлэхийг Б Т Х ХХКхүсч, зөвшөөрч, түүнтэй холбоотой гэрээг байгуулсан болохыг тэмдэглэж байна” гэжээ. Уг тохиролцоог үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 08/2016 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ” гэж байгуулж, тухайн гэрээгээр зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох “Б Т Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Тахилт, тоотод байршилтай 977,92м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “ТББСБ” ХХК-д шилжүүлэх, гэрээний хугацааг 02/2015 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсанаар дуусгавар болно гэж тохиролцсон байна. Энэхүү гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “ТББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдов. /I-ХХ-ийн 141, 243-250, II-ХХ-ийн 59 дүгээр тал/

 

Б Т Г ХХКнь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/2015 дугаартай гэрээгээр “ТББСБ” ХХК-иас 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлж, уг гэрээний үүргийг Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо МТ шатахуун түгээх станцын зүүн талд байрлалтай, үйлдвэрийн зориулалттай, 10000 м2 талбайтай газар эзэмших эрхээр хангуулахаар тохирч, гэрээ байгуулж байсан талаар зохигч тайлбарлаж байх ба энэ гэрээг байгуулсан эсэх асуудлаар маргаагүй байна. Уг гэрээний дараа мөн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 03/2016 дугаартай “Зээлийн нэмэлт гэрээ” нэртэй гэрээг “Т ББСБ” ХХК, “Б Т Г ” ХХК-ийн хооронд бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/2015 дугаар зээлийн гэрээний үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 22,250,000 төгрөгийг бүрэн төлөөгүйг хүлээн зөвшөөрч, санхүүжилтэнд зориулан нэмэлт 100,000,000 төгрөгийн зээл олгохоор тохирч, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/2015 дугаартай гэрээний дагуу олгосон 100,000,000 төгрөгийг зээлдэгч “Б Т Г ” ХХК-д 200,000,000 төгрөг гэж өөрчлөх, сарын 5 хувийн хүүтэй зээлэх, хүүгийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл тохирсон хуваарийн дагуу төлөх, зээлийн үндсэн төлбөр 200,000,000 төгрөгийг гэрээний хугацааны эцэст төлөхөөр тохиролцжээ. /I-ХХ-ийн 86-87 дугаар тал/

 

Дээрх гэрээний 1.3-т “2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/2015 тоот Барьцаа гэрээ болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний 0294244 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо МТ шатахуун түгээх станцын зүүн талд байрлалтай, үйлдвэрийн зориулалттай, 10000 м2 талбайтай газар эзэмших эрхийг 01/2015 дугаар зээлийн гэрээ болон нэмэлт гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангах хүртэл хугацаанд өмчлөлдөө шилжүүлэхийг Б Т Х ХХКхүсч, зөвшөөрч, түүнтэй холбоотой гэрээг байгуулсан болохыг тэмдэглэж байна” гэжээ. Уг тохиролцоог үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 02/2016 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” гэж байгуулж, тухайн гэрээгээр зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох “Б Т Г ” ХХК-ийн эзэмших эрхэд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо МТ шатахуун түгээх станцын зүүн талд байрлалтай, үйлдвэрийн зориулалттай, 10000 м2 талбайтай газар эзэмших эрхийг “ТББСБ” ХХК-д шилжүүлэх, гэрээний хугацааг 01/2015 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсанаар дуусгавар болно гэж тохиролцсон байна. Энэхүү гэрээний дагуу маргаан бүхий газар эзэмших эрхийг “ТББСБ” ХХК-д шилжүүлж, улсын бүртгэлд 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэгдэж гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдов. /I-ХХ-ийн 236-240, II-ХХ-ийн 60 дугаар тал/

“Б Т Х” ХХК, “Б Т Г ” ХХК-иуд зээлийн болон зээлийн нэмэлт гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Т ХХКнь өөрийн өмчлөл болон эзэмших эрхдээ шилжүүлэн авсан хөрөнгүүдийг худалдан борлуулах болохыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр нэхэмжлэгч нарт мэдэгдэж, тухайн хөрөнгүүдийг худалдан борлуулах зарыг өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /II-ХХ-ийн 1-4, 24-35 дугаар тал/ 

 

Ийнхүү нэхэмжлэгч нарыг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагч Т ХХКнь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/2017 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр маргаан бүхий хөрөнгүүдийг хариуцагч БНХАУ-ын иргэн Wuning Вatu-д 630,000,000 төгрөгөөр худалдаж, БНХАУ-ын иргэн Wuning Вatu-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, газар эзэмших эрхийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр баталгаажуулж, гэрчилгээ олгогдсон байна. /II-ХХ-ийн 5-6, 39-47 дугаар тал/

 

Хариуцагч Т ХХКнь нэхэмжлэгч нарын өөрсдийнх нь хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр хөрөнгийн өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэн авч, тэдэнд мэдэгдсэнээр хөрөнгийг худалдан борлуулсан ба хууль зөрчөөгүй гэж маргасан. Иймд “ТББСБ” ХХК-ийг өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй эсэх, хөрөнгийг худалдан борлуулахдаа өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу авсан эсэхийг тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай байна.

 

Аливаа хөрөнгийн өмчлөх эрхийг хууль /өв залгамжлал, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө, эд хөрөнгө нийлж, холилдсоны үр дүнд бий болох гэх мэт/ болон гэрээний /худалдах, худалдан авах, бэлэглэл, гэрээний үүрэгт эд хөрөнгө тооцож шилжүүлэх гэх мэт/ үндсэн дээр олж авах бөгөөд үүнээс өөр арга замаар олж авах боломжгүй юм. Дээрх 2 арга замаар эд хөрөнгийг олж авахдаа хуулийн дагуу хэрэгжүүлснээр эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.   

 

Маргаан бүхий эд хөрөнгүүдийг “ТББСБ” ХХК-ийн өмчлөх, эзэмших эрхэд шилжүүлэх болсон үндэслэл нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан болох нь талуудын тайлбар, тэдний хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөр зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгоогүй байх тул эд хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүрэгт тооцож шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Харин Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулах замаар “ТББСБ” ХХК-д эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрх шилжсэн байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэ гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвхөн хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх болохыг зохицуулсан. Иймд талуудын байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 02/2016 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 08/2016 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан “хууль зөрчсөн” гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно. Иймд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлсэн нь тухайн хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байх тул хууль зөрчсөн гэж үзнэ. Энэхүү гэрээг анхнаасаа хийгдээгүй буюу гэрээний дагуу хэн аль нь үүрэг хүлээгээгүй гэж үздэг байна. Иймд “ТББСБ” ХХК-ийг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн эзэмших, өмчлөх эрхийг хуулийн дагуу шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй тул өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй.

 

Фидуцийн гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгч нь хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авч байгаа мэт боловч энэхүү эрхийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээг дуусгавар болгосноор хэрэгжүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа дуусахад үүрэг гүйцэтгүүлэгч нь фидуцийн зүйлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эзэмшилдээ шилжүүлэхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй болох ба ийнхүү бодитоор өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх боломжтой байдаг. Харин талууд фидуцийн гэрээгээр эрх болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн тул Т ХХКнь фидуцийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэх үндэслэлгүй болно.   

 

Иймд Т ХХКнь нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан зөвшөөрлийн үндсэн дээр хийх нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ” гэж заасан ба уг зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй талаар Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт заасан. Энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зааснаар нэг этгээдийн хүсэл зориг бөгөөд энэ хүсэл зоригийг бичгээр, амаар буюу бодит үйлдлээр илэрхийлж болох ба нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.  

 

Иймд нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хөрөнгийг худалдан борлуулах болохыг мэдэгдсэн, тухайн хөрөнгийг худалдан борлуулах талаар өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэж байсныг Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан зөвшөөрлийг олгосон гэж үзэх үндэслэл болохгүй. Хариуцагчийн дээрх үйлдэл нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үл хамааран өмчлөгчийн эрхийг өөрөө хэрэгжүүлэх болохыг мэдэгдсэн хүсэл зоригийн илэрхийлэл байна.

 

Хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл мөн эсэхийг тогтооход ийнхүү зөвшөөрөл аваагүйд хариуцагч нарын хэн аль нь буруутай байх учиртай. Өөрөөр хэлбэл “ТББСБ” ХХК-ийг эд хөрөнгийн өмчлөгч биш болохыг худалдан авагч БНХАУ-ын иргэн W мэдсэн, мэдэх боломжтой байсан эсэхийг тогтоох шаардлагатай. Ийм үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээдийн өмчлөх эрхэд халдах хууль зүйн үндэслэл байхгүй.    

 

Эд хөрөнгийг шударгаар олж авсан эсэхийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж тодорхойлсон. Хэрэгт авагдсан баримтуудаар эд хөрөнгийн өмчлөгч нь Т ХХКбиш болохыг хариуцагч БНХАУ-ын иргэн Wийг мэдэж байсан, мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч тал ямар нэг баримт гаргаж өгөөгүй болно.  

 

Иймд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаар БНХАУ-ын иргэн W-ийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөвд тооцогдоно.    

 

Иймд хариуцагч Т ХХКнь өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй атлаа нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн хэдий боловч уг хэлцлийн худалдан авагч буюу хариуцагч БНХАУ-ын иргэн W-ийг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул тэдний хооронд байгуулагдсан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байна. Иймд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/2017 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Т ББСБ” ХХК, БНХАУ-ын иргэн W нарт холбогдох 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 01/2017 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “Б Т Х” ХХК, “Б Т Г ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,307,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Т.ГАНДИЙМАА