Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01289

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01289

 

Б ХХК, Б ХХК-уудын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/01930 дугаар шийдвэртэй

Б ХХК, Б ХХК-уудын нэхэмжлэлтэй Т ББСБ ХХК, А-ын иргэн А-ын иргэн Г /Ц/-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндсайхан, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагч А-ын иргэн Г /Ц/-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б ХХК нь 100,000,000 төгрөгийн зээл авах зорилгоор 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Т ББСБ ХХК-тай 022015 тоот зээлийн гэрээ, мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 02/2015 тоот барьцааны гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ё, Т тоотод байршилтай, 977,96 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 01/2015 тоот барьцааны гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, МТ ШТС-ын зүүн талд байрлах 10,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалсан. Б ХХК, Б ХХК-ийн Т ББСБ ХХК-тай байгуулсан 01/2015, 02/2015 тоот зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход талууд харилцан тохиролцож 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Т ББСБ ХХК нь Б ХХК-тай 03/2016 дугаартай зээлийн нэмэлт гэрээ, Б ХХК-тай 09/2016 дугаартай зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу Т ББСБ ХХК нь Б ХХК, Б ХХК-д тус тус нэмж 100,000,000 төгрөгийн зээл олгох, Б ХХК, Б ХХК-иуд нь зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б ХХК нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, МТ шатахуун түгээх станцын зүүн талд байрлах 10,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, Б ХХК нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Т тоотод байршилтай, 977,96 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түр Т ББСБ ХХК-д шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Уг гэрээнүүд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ, Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэсэн нэртэй боловч үнэн хэрэгтээ талуудын хооронд байгуулсан 03/2016, 09/2016 дугаартай зээлийн нэмэлт гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах, барьцааны гэрээ болохыг талууд хэн хэн нь мэдэж байсан бөгөөд Т ББСБ ХХК нь барьцаанд үл хөдлөх хөрөнгө болон газрыг авах, Б ХХК, Б ХХК-иуд нь үл хөдлөх хөрөнгө болон газрыг барьцаанд тавих хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Дээрх барьцаанд тавих зорилгоор хийсэн гэрээнүүдийн үндсэн дээр газар эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх нь Т ББСБ ХХК-ийн нэр дээр шилжсэн. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих зорилгоор шилжүүлсэн байхад 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 01/2017 тоот гэрээ болон 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Ц-гийн нэр дээр шилжүүлсэн байна. Дээрх 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, гэрээний харилцааг дүгнэж, гэрээг дуусгавар болгоогүй. Гэтэл Т ББСБ ХХК нь дур мэдэн Б ХХК, Б ХХК-д мэдэгдэхгүйгээр А-ын иргэн Ц-д барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдсан байна. Энэ нь хууль ёсны өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үйл баримт юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Т ББСБ ХХК болон А-ын иргэн Ц нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 01/2017 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндсайхан, түүний өмгөөлөгч Д.Нямдорж нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т ...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага... тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хуульчилсан байх боловч нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл болох нь тодорхойгүй, ямар шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар уг гэрээ нь ямар хуулийг хэрхэн зөрчсөн, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлоогүй байна. Б ХХК нь Т ББСБ ХХК болон А-ын иргэн Ц нарт холбогдуулан дээрх нэхэмжлэлийн шаардлага буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчиж хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 184/Ш32018/08700 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг мөн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШТ2018/00163 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Б ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Т ББСБ ХХК-д газар эзэмшүүлэх болон А-ын иргэн Ц-д газар ашиглуулах тухай захирамжуудыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0772 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0034 магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн Б ХХК болон Б ХХК нь мөн л хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрт гаргасан бөгөөд тус арбитрын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаар шийдвэрээр арбитрын ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэлд ...Уг гэрээнүүд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэсэн нэртэй боловч ... гэж дурдсан байх бөгөөд мөн л уг гэрээнүүд болох 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08/2016 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/2016 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102/Ш32019/08431 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг тус шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШТ2019/00276 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолыг үндэслэн Т ББСБ ХХК болон А-ын иргэн Ц нарын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хууль болон хэлцлийн шаардлагыг бүрэн хангасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэснийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч А-ын иргэн Г /Ц/-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Т ББСБ ХХК, А-ын иргэн Вунингбату \Үнэнбат\ нарын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 01/2017 дугаар Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээ-ний дагуу Хятад улсын иргэн Ц нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороонд байрлах 977 м.кв барилга, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 01/2017 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо байрлах 10,000 м.кв талбайтай, 5 жилээр эзэмших газрын хамтаар хуульд заасны дагуу худалдан авсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн дагуу байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй болно. Дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Т ББСБ ХХК, А-ын иргэн Ц нарын хооронд байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 01\2017 дугаар үл хөдлөх худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан Т ББСБ ХХК болон А-ын иргэн Ц нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 01/2017 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Б ХХК, Б ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүх, Б ХХК, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Т ББСБ ХХК, А-ын иргэн Ц-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, тахилт 32 тоотод байрлах 977,96 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Т ББСБ ХХК-д шилжин бүртгэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгожээ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс уг гэрээтэй холбоотойгоор маргаан үүссэн, арбитр болон захиргааны хэргийн шүүх, иргэний хэргийн шүүхэд тус тус нэхэмжлэл гарган эсэргүүцсэн үйл баримт авагдсан байдаг. Энэ нь эрх бүхий байгууллагаас улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, Т ББСБ ХХК-ийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэл биш юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан байх бөгөөд хууль зөрчсөн гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй байх нөхцөл хамаардаг байна гэжээ. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ББСБ ХХК нь барьцааны зүйлийг өмчлөгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шүүхийн бус журмаар шууд худалдан борлуулсан зүйл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар барьцааны газрыг шүүхээс гадуур худалдахыг хориглосон болно. Мөн Т ББСБ ХХК болон нэхэмжлэгч ХХК-уудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1-т Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсанаар дуусгавар болох талаар тус тус харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Энэ утгаараа эрх шилжүүлэх гэрээг үндэслэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байдаг. Иймд анхан шатны шүүх нь дээрх хууль зүйн үндэслэлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндсайхан, түүний өмгөөлөгч Д.Нямдорж нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Б ХХК, Б ХХК нь Т ББСБ ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ- гээ дуусгавар болгох хүсэл зоригоо илэрхийлж, Т ББСБ ХХК-иас нэмэлт 200,000,000 төгрөгийг хүлээн авч, Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасны дагуу ипотекийг дуусгавар болгож, барьцааны эрхээ улсын бүртгэлээс хасуулсны үндсэн дээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу 08/2016 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ-г байгуулж өмчлөх эрхээ Т ББСБ ХХК-д шилжүүлсэн бөгөөд энэхүү өмчлөх эрхээ шилжсэн гэрээ хэлцлийн талаар нэхэмжлэгчээс эрх бүхий байгууллага болон шүүхэд хандаагүй, өнөөдрийн хүртэл уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Мөн Б ХХК, Б ХХК болон Т ХХК-ийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан 08/2016 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээ-ээр өмчлөгч болсон Т ББСБ ХХК-ийг өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч, талуудын хооронд Эд хөрөнгө хөлслөх гэрээ-г байгуулж эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд Б ХХК болон Б ХХК нь энэ асуудлаар огт маргаж байгаагүй, энэ асуудлаар гарсан аливаа шүүхийн шийдвэр байхгүй болно. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт ...Эрх шилжүүлж этгээдийн нэр дээр улсын бүтгэлд бүртгэхийг олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг мэдэж байсан, эсхүл үг бүртгэхийг буруу ташаа эсэргүүцсэнээр бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно... гэж хуульчилсан. Шүүх уг дүгнэлтээр эрх шилжүүлэгч Бугаттэнгэр хүч ХХК, Бугаттэнгэр говь ХХК- иас эрх шилжүүлэн авагч Т ББСБ ХХК-д бүртгэл шилжсэн асуудлыг дүгнэсэн. Улсын Дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 1,2 дугаар дэд бүлгүүдийн зарим зүйл заалтын тайлбарлах тухай 18 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрх- ээ эрх бүхий байгууллагад хандах замаар, эсхүл өөрийн шаардлага болон үйлдлээр тус тус хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгчийн зүгээс уг гэрээтэй холбоотой маргаан үүссэн, шүүх, арбитрт нэхэмжлэл гарган эсэргүүцсэн гэх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй болно. Маргааны зүйл болж буй Т ББСБ ХХК болон /Ц/ нарын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний чөлөөт байдал, харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр хууль ёсны гэрээ болно. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 1 дэх хэсэгт ...Барьцаалагч нь өөрийн шаардлагыг тэргүүн ээлжинд хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан иргэн, хуулийн этгээд байна .., 4.2 дахь хэсэгт заасны дагуу барьцааны асуудал нь Бугат тэнгэр хуч ХХК, Б" ХХК болон Т ББСБ ХХК нарын хооронд үүсэх боломжтой болохоос бус Т ББСБ ХХК болон /Ц/ нарын нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хурээнд яригдах асуудал биш болно. Түүнчлэн нэхэмжлэгч нараас Т ББСБ ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу шилжүүлсэн асуудлаар нэхэмжлэгч нарыг өмчлөгч болохыг тогтоосон нэг ч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй атал өөрсдийгөө хууль ёсны өмчлөгч гэж үзэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, барьцааны зүйлийг өмчлөгчтэй нь харилцан тохиролцсоны үндсэн дээр шүүхийн бус журмаар борлуулаагүй гэж гомдож байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжпэгч нар нь Т ББСБ ХХК-ийн А-ын иргэн /Ц/-тай 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжпэлийн шаардлага гаргасан. Дээрх гэрээ хэлцлийн талууд буюу хариуцагч нар Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасан агуулгаар тохиролцсон барьцаа хөрөнгийг үл маргах журмаар шилжүүлэх хүсэл зоригоор гэрээг байгуулаагүй буюу худалдагч Т ББСБ ХХК- иас зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгийг үл маргах журмаар худалдан авагч А- ын иргэн /Ц/-д шилжүүлж байгаа хэлцэл огтоос биш юм. Нөгөөтэйгүүр хариуцагч А-ын иргэн /Ц/-д худалдсан үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах газрын тухайд нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлээд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0772 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0034 дугаар магадлалаар Б ХХК нь СХД-ийн 20-р хороонд байрлах, 10,000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхээ хуульд заасан журмын дагуу шилжүүлсэн болохыг дүгнэж шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв зүйтэй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр бүхий шүүхийн шийдвэр болон магадлал байгаа болно. Т ББСБ ХХК-ийн А-ын иргэн /Ц/-тай 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулснаар нэхэмжлэгч нарын өмчлөх эрх сэргэх боломжгүй бөгөөд Б ХХК болон Б ХХК-ийн зүгээс Т ББСБ ХХК-д өмчлөх эрхээ шилжүүлсэн гэрээ хэлцлийн талаар арбитрын шүүхэд маргаагүй, энэ асуудлаар гарсан шүүх, арбитрын хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байхад нэхэмжлэгч нарыг хууль ёсны өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч А-ын иргэн Г /Ц/-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... А-ийн иргэн Г /Ц/ нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж маргаан бүхий гэрээнд заасан хөрөнгийг өмчилж хууль ёсны өмчлөгч болсон. Анх барилга болон болон газрыг худалдан авахад нэхэмжлэгч байгууллага болон хариуцагч Т ББСБ ХХК-ийн удирдлагуудтай очиж уулзахад ямар нэгэн маргаан байхгүй гэдгээ хэлж байсан. Тухайн үед худалдах худалдан авах гэрээнд зохицуулалт оруулсан. Энэ нь үл хөдлөх хөрөнгө худалдах авах гэрээний 8.3-т А тал эрхээ Б талд шилжүүлэх үед одоо хөлсөлж байгаа нөхцлөөр гэрээний хамт шилжүүлэхээр заасан. Нэхэмжлэгч байгууллагатай уулзаж, гэрээг үргэлжлүүлэн байгуулсан. Гэрээний 2.4-т газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу түрээсийн гэрээний хамт шилжүүлэн гэрээ байгуулсан нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг болон 2017 оны Улсын Дээд шүүхийн тогтоолын 3.1-т заасны дагуу шударга эзэмшигч гэдэг нь хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч болохыг заасан. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчсөн гэсэн боловч энэ тухай тайлбарлаагүй. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэн тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч Б ХХК, Б ХХК-ууд нь Т ББСБ ХХК, А-ын иргэн А-ын иргэн Г /Ц/-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б ХХК нь Т ББСБ ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 02/2015 тоот зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлүүлж, уг зээлийн гэрээний үүргийг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлж дуусгахаар тохиролцсон байна. /хх.20-21/

4.а. Уг зээлийн гэрээний үүрэгт талууд мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж Б ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 2-р хороо, Тахилт /18240/ Товчооны зам 32 тоот, 977,96 м.кв үйлдвэр үйлчилгээний барилгыг барьцаалжээ. /хх.20-21/

5. Мөн Т ББСБ ХХК нь Б ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 03/2016 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийн зээл нэмж олгон 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/2015 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн дүнд өөрчлөлт оруулж, хугацааг 6 сараар сунгасан байна. /86-87/

5.а. Уг гэрээний 1.3-т ...Т ББСБ ХХК 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 01/2015 тоот барьцааны гэрээ болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний 0294244 дугаартай, нэгж талбарын 18628308876940 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, МТ ШТС-н зүүн талд байрлалтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 10,000 м.кв газар эзэмших эрхийг 01/2015 дугаар зээлийн гэрээ болон энэхүү нэмэлт гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангах хүртэл хугацаанд өмчлөлдөө шилжүүлэхийг Б ХХК хүсэж, зөвшөөрч, түүнтэй холбоотой гэрээг байгуулсан болохыг тэмдэглэж байна гэж заажээ.

6. Дээрх гэрээний заалтуудаас үзэхэд зээлийн гэрээний болон энэхүү нэмэлт гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангах хүртэлх хугацаанд Б ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, МТ шатахуун түгээх станцын зүүн талд байрлах 10,000 м.кв талбай газар эзэмших эрхийг, Б ХХК нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Т тоотод байршилтай, 977,96 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгч Т ББСБ ХХК-д шилжүүлсэн гэж үзэхээр байна.

7. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч буюу зээлдүүлэгч Т ББСБ ХХК нь нэхэмжлэгч буюу зээлдэгч Б ХХК, Б ХХК-уудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

8. Өөрөөр хэлбэл, шүүх зээлдүүлэгч Т ББСБ ХХК нь зээлдэгч Б ХХК, Б ХХК-уудаас зээлийн гэрээний үүргийг шаардсан эсэх, уг зээлийн гэрээний асуудлыг дүгнэсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар зохигчид мэтгэлцээгүй байхад анхан шатны шүүх Т ББСБ ХХК-ийн А-ын иргэн Ц нарын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг тал нь хүсэл зоригоо илэрхийлж, нөгөө тал түүнийг хүлээн авснаар тохиролцож, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...зээлийн гэрээний 1.3-т заасан үндэслэлээр тайлбарлаж байхад шүүх уг асуудлын талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй, үндсэн гэрээний үүрэг хэдий хэмжээгээр биелэгдсэн эсэх нь тодорхойгүй байхад энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

10. Түүнчлэн, анхан шатны шүүх шүүхийн шийдвэртээ ... талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцааг дүгнэсэн баримт хэрэгт авагдаагүй байхад зохигчдыг зээлийн гэрээний төлбөрт тооцоолон барьцааны зүйлийн өмчлөх болон ашиглах эрхийг шилжүүлж, зээлийн гэрээг дуусгавар болгохоор тохирсон гэж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 732 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1019 дугаар магадлалаар уг үйл баримтыг эцэслэн дүгнэсэн гэж үзсэн нь ойлгомжгүй болсон байна.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/01930 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б ХХК-ийн төлсөн 3,307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО