Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01121

 

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01121

 

                                               

“БТХ” ХХК, “БТГ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/00859 дугаар шийдвэртэй, “БТХ” ХХК, “БТГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХК, БНХАУ-ын иргэн В нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Э, хариуцагч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Д.Н, Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч “БТГ” ХХК, “БТХ” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Т” ХХК-иас тус бүр 100,000,000 төгрөгийн зээл авсан ба тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “БТХ” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Тахилт *** тоот 977.96 м.кв талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, “БТГ” ХХК-ийн эзэмших эрхийн бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, *** ШТС-ийн зүүн талд байрлах 10,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаалсан. Дээрх зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлээ төлөөгүй байсан тул талууд харилцан тохиролцож 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Зээлийн нэмэлт гэрээ”-г байгуулж, “Т” ХХК-иас тус бүр 100,000,000 төгрөгийн зээл нэмж олгох, тухайн зээлийн нэмэлт гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 977.96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, 10,000 м.кв талбайтай газар эзэмших эрхийг “Т” ХХК-ийн эзэмших, өмчлөх эрхэд шилжүүлэхээр тохиролцсон.

Ийнхүү тохиролцсоны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээнүүдийг үндэслэн газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг “Т” ХХК-д шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Дээрх эрх шилжүүлсэн гэрээг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу барьцааны зорилгоор байгуулсан бөгөөд “Т” ХХК нь зээлийн гэрээний харилцааг дуусгавар болголгүйгээр, дур мэдэн зөвшөөрөлгүйгээр, шүүхээс гадуур 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг БНХАУ-ын иргэн В-д 630,000,000 төгрөгөөр худалдан борлуулж хууль зөрчсөн.

Иймд дээрх худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Хариуцагч БНХАУ-ын иргэн Ү нь дээрх худалдах, худалдан авах гэрээний оролцогч тул нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцана гэжээ.

 2. Хариуцагч “Т” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нар 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж, тус бүр нэмж 100,000,000 төгрөг зээлсэн ба гэрээний хугацааг 6 сараар тогтоосон. Энэхүү гэрээний үүргээ биелүүлэх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй. Иймд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн ба эрх бүхий этгээд гарын үсэг зурж хүлээн авсан. Мөн өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөрөнгийг худалдан борлуулах зарыг нийтлүүлж байсан ба энэ талаар нэхэмжлэгч нар мэдэж байсан.

Мөн нэхэмжлэгч нар нь “Т” ХХК-ийг маргаан бүхий хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-г байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан.

3. Хариуцагч БНХАУ-ын иргэн В-ын тайлбар, татгалзлын агуулга:  Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хуульд заасны дагуу байгуулсан ба нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Т” ХХК, БНХАУ-ын иргэн W нарт холбогдох 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/2017 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “БТХ” ХХК, “БТГ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,307,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ. 

5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.

5.1. Маргаан бүхий хөрөнгүүдийг хариуцагч “Т” ХХК-ийн өмчлөх, эзэмших эрхэд шилжүүлэх үндэслэл нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан болох нь талуудын тайлбар, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, тухайн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болоогүй байхад эд хөрөнгүүдийг зээлийн гэрээнд тооцож, шилжүүлсэн гэж үзэхгүй. Харин Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг шилжүүлэх замаар хариуцагч “Т” ХХК-д шилжсэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Энэ нь талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулах хүсэл зориг огт байгаагүй, зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хүртэлх хугацаанд түр шилжүүлсэн болно. Энэ талаар зээлийн гэрээнүүдийн нөхцөлд тодорхой тусгагдсан байна.

5.2. Хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрлийн үндсэн дээр хийх нь хуульд нийцнэ. Хариуцагч “Т” ХХК нь өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй алаа нэхэмжлэгч компанийн эд хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болно. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж, худалдахыг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 8-д “барьцааны хөрөнгийг худалдан борлуулах, барьцааны гэрээний үүргээ хангуулна” гэж тусгасан. Ингэхдээ Ипотекийн тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт гэж байхгүй заалтыг үндэслэл болгосон. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт зааснаар харилцан тохиролцсон бол барьцааны зүйлийг шууд худалдаж болохоор зохицуулсан.  Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг хариуцагч “Т” ХХК зөрчиж, Вунингбатуд худалдсан.  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах зохицуулалт нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлийн үнээ шаардлага хангуулах ойлголтод хамаарах юм.

5.3. Хариуцагч нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйлд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 186283088***** дугаар бүхий 1,000 м.кв талбайтай 0001**** тоот гэрчилгээтэй газрыг оруулж, худалдсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.1-д заасныг зөрчсөн байна. Дээрх хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэрээ байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноор үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж  өгөх үүрэх үүсэх эрхзүйн дагавар бий болно. Ингэснээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан эрхийг хүлээн зөвшөөрөх иргэний эрх зүйн хамгаалалт бүрэн хэрэгжих ба нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн хамгаалалтын аргуудыг давхар хэрэглэх боломжтой юм.

Иймд шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагч “Т” ХХК-иас гаргасан тайлбарын агуулга: “БТГ” ХХК, “БТХ” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан. Тухайн хэлцлийг байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлж өгсний дараа үл хөдлөх эд хөрөнгө нь “Т” ХХК-д шилжсэнтэй холбоотойгоор маргаагүй. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр газартай холбоотой асуудлаар маргаж, хууль бус үйл ажиллагаа байхгүй болохыг тогтоолгосон. Тухайн хэлцэлд маргасан тохиолдолд арбитрын шүүхээр хянан шийдвэрлүүлэх зохицуулалттай. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн захирамж хэрэгт авагдсан. Анхан шатны шүүхэд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус болгуулахаар гомдол гаргасан. Гэтэл шүүхээс арбитрын шүүхээр хянан шийдвэрлүүлэх зохицуулалтын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчээс арбитрын шүүхэд хандаагүй. Уг хэлцэл нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байдаг.

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгч, хариуцагчаас 6 сарын боломж олгосон. Мөн тухайн нөхцөл байдал үүссэн тохиолдолд буцаан авч болно гэдгийг тохиролцсон. Тухайн 6 сарын хугацаа өнгөрсөн учраас 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгө нь “Т” ХХК-аас БНХАУ-ын иргэн Ү /W/-д шилжсэн. Гэтэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг БНХАУ-ын иргэн Ү /W/-д шилжүүлэн өгөөгүй. Уг үйл баримттай холбоотойгоор БНХАУ-ын иргэн Ү /W/-аас анхан шатны шүүхэд эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 227,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг асуудлыг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэж, Улсын Дээд шүүхээс хэргийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан БНХАУ-ын иргэн Ү /W/-ыг шударга өмчлөгч болохыг тогтоосон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг нэхэмжлэгчийн байгууллагаас арилгах шаардлагагүй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянахад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

2. Нэхэмжлэгч “БТХ” ХХК, “БТГ” ХХК нар нь хариуцагч “Т” ХХК, БНХАУ-ын иргэн В нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “эрх шилжүүлсэн гэрээг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу барьцааны зорилгоор байгуулсан. “Т” ХХК нь зээлийн гэрээний харилцааг дуусгавар болголгүйгээр дур мэдэн зөвшөөрөлгүйгээр шүүхээс гадуур нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг Хятад улсын иргэн В-д 630,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Иймд худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч “Т” ХХК “зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөрөнгийг худалдан борлуулах зарыг нийтлүүлсэн, энэ талаар нэхэмжлэгч нар мэдэж байсан. Нэхэмжлэгч нар нь “Т” ХХК-ийг маргаан бүхий хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байгаа. Эд хөрөнгийг худалдан борлуулахаар худалдан авагчид үзүүлэхэд “БТХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар байлцсан. Иймд эд хөрөнгийг худалдан борлуулах талаар мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй” гэж, хариуцагч В“үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хуульд заасны дагуу байгуулсан, нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус мэтгэлцсэн байна.

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1. Нэхэмжлэгч “БТГ” ХХК болон хариуцагч “Т” ХХК-ийн хооронд зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар дор дурдсан гэрээнүүд байгуулагджээ:

3.1.а. 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 01/2015 дугаартай зээлийн гэрээгээр  нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1862830888**** дугаар бүхий 10.000 м.кв талбайтай 5 жилээр эзэмших эрхийн 00031**** тоот гэрчилгээтэй газрыг барьцаалсан.  

3.1.б. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 03/2016 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр 01/2015 дугаартай зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 22,250,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүйг баталгаажуулан 100,000,000 төгрөгийн зээл нэмж олгох, зээлдэгч тал сар бүр төлөх зээлийн хүүг хугацаанд нь төлөхгүй бол 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон. /1хх 86-87/

3.1.в. Мөн өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах 02/2016 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1862830888**** дугаар бүхий 10.000 м.кв талбайтай 5 жилээр эзэмших эрхийн 00031**** тоот гэрчилгээтэй газар эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлсэн. /1хх 239-240/ 

3.2. Нэхэмжлэгч “БТХ” ХХК болон хариуцагч “Т” ХХК-ийн хооронд зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар дор дурдсан гэрээнүүд байгуулагджээ:

3.2.а. 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 02/2015 дугаартай зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Тахилт 18240, товчооны зам гудамж, 32 тоот хаягт байршилтай, 977.96 м.кв талбайтай үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. /1хх 24-26/

3.2.б. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 07/2015 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр 02/2015 дугаартай зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгасан.

3.2.в. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 09/2016 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр 07/2015 дугаартай зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 22,250,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүйг баталгаажуулан 100,000,000 төгрөгийн зээл нэмж олгох, зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж, зээлдэгч тал сар бүр төлөх зээлийн хүүг хугацаанд нь төлөхгүй бол 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ. /1хх 233-235/

3.2.г. Мөн өдөр дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах 08/2016 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээгээр нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Тахилт *****, товчооны зам гудамж, ** тоот хаягт байршилтай, 977.96 м.кв талбайтай үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн. /1хх 245-246/

3.3. Түүнчлэн нэхэмжлэгч “БТХ” ХХК болон хариуцагч “Т” ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 01/2016 дугаартай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хорооны нутагт байршилтай газар эзэмших эрхийн гэрчилгээний 00031**** дугаартай 1 га /10.000 м.кв/ газартай аж ахуйн бетон хашаа, 380 квт цахилгааны дэд өртөө, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Тахилт 18****, товчооны зам гудамж, ** тоот хаягт байршилтай, 977.96 м.кв талбайтай, үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга /сэлбэгийн дэлгүүр, агуулах, засварын газар, оффисын өрөө/ зэрэг эд хөрөнгийг 6 сарын хугацаатай, сарын 5,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр хөлслөхөөр тохиролцжээ. /1хх 97-98/ 

3.4. Хариуцагч “Т” ХХК болон хариуцагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 01/2017 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч “Т” ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1862830888**** дугаар бүхий 10.000 м.кв талбайтай 5 жилээр эзэмших эрхийн 000317653 тоот гэрчилгээтэй  газар болон Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Тахилт 18****, товчооны зам гудамж, *** тоот хаягт байршилтай, 977.96 м.кв талбайтай, үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар, хариуцагч В нь 630,000,000 төгрөг төлөхөөр тус тус тохирсон байна. /1хх 100/

3.5. “Э” ХХК-ийн зээлийн тооцоолол хийсэн баримт /2хх 69-80/ хэрэгт авагдсан ба уг баримтад заасан төлөх нийт үнийн дүн, үүнээс төлөгдсөн хэсгийн талаар нэхэмжлэгч нар маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүргээ зөрчсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон.   

4. Дээрх үйл баримтыг харьцуулан үзэхэд, нэхэмжлэгч “БТГ” ХХК, “БТХ” ХХК болон хариуцагч “Т” ХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан  үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцааны гэрээ байгуулагдсан байна.

Мөн нэхэмжлэгч нар 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчтай нэмэлт гэрээ байгуулан зээлийн үлдэгдлийг баталгаажуулан нэмэлт зээл авч, улмаар барьцаа хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн байх ба зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дуусахад барьцаалуулагч “БТХ” ХХК нь хариуцагчтай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж эд хөрөнгийг хөлслөн авсан байна.

5. Талуудын байгуулсан гэрээний агуулга, зорилго, хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах замаар буюу зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх замаар дуусгавар болгосон гэж үзэхээр байна. Ийнхүү тохиролцох нь хууль зөрчихгүй бөгөөд талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрч барьцааны зүйлийг шилжүүлсэн байна.

6. Анхан шатны шүүх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээх ба талууд ийм хүсэл зориг илэрхийлээгүй.

7. Ийнхүү хариуцагч “Т” ХХК маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авч, улмаар хариуцагч В-д худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээг байгуулсан байх тул 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/2017 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Иймд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж буй нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

8. Давж заалдах шатны шүүх дээрх байдлаар анхан шатны шүүхийн хууль хэрэглээний зарим дүгнэлтийг залруулж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/00859 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ               

                                            ШҮҮГЧИД                                      Д.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.БЯМБАСҮРЭН