Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 132/ШШ2023/00156

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Б сум, Оюут баг, * дугаар хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух, Халзад овогт Эрдэнэбаатарын Анхбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Хангал сумын * дугаар багт оршин суух, Тугчин овогт Жигжидын Мөнхтүшиг холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай 132/2022/00600/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбаатар,

          Хариуцагч Ж.Мөнхтүшиг,

          Нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Э.Анхбаяр нь Ж.Мөнхтүшигээс 3,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 Би **-** ОРХ “sonata-6” маркийн авто машиныг зарах гэж байхад Мөнхтүшиг  өдөржин шөнөжин гүйдэг байсан. Тэгээд За 3,000,000 төгрөгийг өгье үлдсэнийг нь зөгийн балаар өгье гэж ярьсан. Машин авснаас хойш Ж.Мөнхтүшиг манайх руу ирэхээ больсон. ...Сая урд талын хурал дээр муу машин байсан гэж ярьсан. Би их гомдсон. Надтай хамаатан гэж байгаа ямар ч хамаагүй хүн. Одоо 3,000,000 төгрөгөө авмаар байна гэв.

2. Хариуцагч Ж.Мөнхтүшиг нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Хангал суманд зөгийн аж ахуй эрхэлдэг бөгөөд 3-4 жил болж байна Анх Эрдэнэбаатараас sonata 6 маркийн авто машиныг 2019 онд авсан. Тухайн үед үнийг 6,000,000 төгрөг гэж хэлээгүй. Чамд хямдхан өгнө гэж байсан. Зөгий маллахаар хамтарч ажиллая гэж тохирсон. 2 бүл зөгий өгсөн. Би одоогоор тодорхой эрхэлсэн ажил, орлогогүй тохирсон үнэд зөгийн бал өгье гэж хэлсэн. Одоо би 1,500,000 төгрөгт зөгийн бал өгөх боломжтой байна гэв.

          3. Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг ирүүлсэн байна.

          -2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 679 дугаартай Э.Анхбаяраас Ж.Мөнхтүшигт олгосон итгэмжлэл,

          -2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0172 дугаартай Э.Анхбаяраас Х.Эрдэнэнбаатарт олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 214/МА2023/00003 дугаартай магадлалаар иргэний хэрэг үүсгэсэн захирамж болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гарсан эрх зүйн актад, нэхэмжлэгчийг зөв тодорхойлоогүй,  хариуцагчаас автомашины үнийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох байтал итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгож шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж хуульчилжээ.

Анхан шатны шүүх Э.Анхбаярын нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэхдээ  болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргасан эрх зүйн актад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй гэж бичсэн алдааг гарсныг дээрх хуульд заасны дагуу тухайн захирамжид өөрчлөлт оруулж, засварлах боломжгүй байх тул шүүхийн шийдвэртээ нэхэмжлэгчийг Э.Анхбаяр гэж залруулах нь зүйтэй байна.

4.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагчаас тээврийн хэрэгсэл худалдсаны үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулна гэв.

5.Хариуцагч Ж.Мөнхтүшиг нь тухайн үед тээврийн хэрэгслийг 6 сая төгрөг гэж тохироогүй хямдхан өгнө гэсэн бөгөөд үлдэгдэл төлбөртөө зөгийн бал өгөхөөр тохирсон, одоо би 1,500,000 төгрөгт зөгийн бал нэг литрийг нь 30,000 төгрөгөөр тооцон өгөх боломжтой гэж үндэслэлээ тайлбарлаж байна.

6.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.Нэхэмжлэгч Э.Анхбаярын машиныг түүний аав Х.Эрдэнэбаатар хариуцагч   Ж.Мөнхтүшигт худалдсан. Зохигч машин худалдах, худалдан авах гэрээ хийсэн талаар маргаагүй. Харин машины үнийн талаар маргаж байна.  

Мөн хариуцагч Ж.Мөнхтүшиг нь 3,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн талаар зохигч маргаагүй.

Хариуцаг нь нэхэмжлэгчээс худалдан авсан машинаа 2021 онд 3,000,000 төгрөгөөр бусдад худалдсан тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан.

8.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.

Тус гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь төлбөрийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

9.Хариуцагч Ж.Мөнхтүшиг нь худалдан авсан эд зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан боловч үнийг бүрэн төлөөгүй байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

10.Зохигч худалдсан тээврийн хэрэгсэлийн үлдэгдэл төлбөрт зөгий авахаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч уг тохиролцоо  биелэгдээгүй улмаас нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг мөнгөн хэлбэрээр буюу 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

11.Хариуцагч Ж.Мөнхтүшиг машины үнийг 6,000,000 төгрөг гэж тохироогүй, надад хямд зарна гэж байсан, миний хувьд 1,500,000 төгрөгт нэг литр зөгийн балыг 30,000 төгрөгөөр тооцож өгөх боломжтой буюу машины үнийг 4,500,000 төгрөг гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах тайлбараа нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.  

12.Иймд хариуцагч Ж.Мөнхтүшигээс тээврийн хэрэгсэлийн үлдэх төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Анхбаярт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

13.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,  хариуцагчаас 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Мөнхтүшигээс 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Анхбаярт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 /жаран хоёр мянга ёсөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 62,950 /жаран хоёр мянга ёсөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ХИШИГДЭЛГЭР