Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2023/00336

 

 

 

 

 

 

 

 

2023 4 07

130/ШШ2023/00336

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У.Е. Хаяг:Б аймаг, Ө  сум 1 дүгээр багт оршин суух,

 

Хариуцагч: Б аймгийн Эрүүл мэндийн газар. Хаяг: Хаяг: Б аймаг, Ө  сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг үссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч У.Е , түүний өмгөөлөгч С.А ,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М ,

Гэрч Б.Б , Я.А , Б.Ж , Р.Е , С.Н , Б.Н ,

Орчуулагч Б.А ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч У.Е  нь хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан Б аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Би Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00 дугаартай тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус газрын манаачаар томилогдож, хугацаагүй гэрээ байгуулсан юм.

1.2 Би энэ ажлаа ямар ч алдаа дутагдал элдэв хэрэг, зөрчил гаргаагүй, үүргээ нэр төртэй биелүүлж байсан. Би ажил хийгээгүй амарч байсан тухайн үед буюу 2022 оны 6 дугаар сарын 23-ны орой эхнэр О.С бид хоёр айлаас ирсэн юм. Би тэр айлаас бага зэрэг архи уусан маань үнэн бөгөөд гэрт байхдаа маргасан юм. Үүнээс болж эхнэр маань цагдаа дуудаж, шүүхээс намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж тогтоогоод Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасан зүйлээр буруутгаж Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаартай шийтгэврээр намайг мөн өдрөөс эхлэн 10 хоногоор баривчлан шийтгэсэн юм. Би баривчлагдан шийтгэгдсэн өдөр шүүх дотор байхдаа өөрийн ажилладаг тус Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Н.С даргад гар утсаар мэдэгдэж болсон явдлыг хэлэхэд: “Чи хамт ажилладаг хүмүүстэй ярьж газрын албаны байранд ээлжлэн ажиллаж өгөхийг хүсээрэй. Газар эзэнгүй үлдэх ёсгүй шүү”-, гэж хэлсэн.

1.3 Мөн би баривчлагдсан тул бусад манаач нарт та нар миний оронд 2-3 удаа манаа жижүүрийн үүргийг хийж өгч тусална уу гэж хүсэхэд миний найз нар зөвшөөрч миний оронд 2-3 удаа манаач хийж өгсөн. Мөн аав Унат нь намайг баривчлагдсан өдөр Н.С даргад биечлэн очиж баривчлагдсан байдлыг хэлж хамт ажилладаг залуус оронд нь ажиллаж өгөхөөр боллоо гэхэд Н.С нь ажил нь эзгүйрэхгүй юм бол боллоо гэсэн байна.

1.4 Улмаар би баривчлах шийтгэлийн хугацаа дуусаж гараад ажилд очиход ажлаас гаргана гэсэн. Тэгээд надад 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Н.С нь намайг ажлаас чөлөөлсөн тухай өөрийнхөө гаргасан 00  тоот тушаалыг өгсөн. Гаднын хүчний нөлөөллөөс болж миний ажилдаа очиж чадаагүй болсон шалтгааныг Н.С мэдэж байсан. Миний жижүүр манаачийн ажил цалгардаагүй, ажил эзгүй болж байгууллага хохироогүй. Нэг зөрчилд хоёр арга хэмжээ авхуулахыг хүсэхгүй байна. Тэгээд ч би гэртээ, амарч байсан амралтын цагаар зөрчил гаргасан болохоор энэ байгууллагад ямар ч хамаагүй.

1.5 Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан Б аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

2.Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М  нарын хариу тайлбар, татгалзал: Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С миний бие тус шүүхэд хянагдаж буй иргэн У.Е н нэхэмжлэлтэй, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох иргэний хэрэгт танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2.1 Тус Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 00 ,00 тоот тушаалаар тус газрын жижүүр /манаач/ ажилтай У.Е г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Учир нь ажилтан У.Е  нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны ажлын өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болно.

2.2 Энэ нь У.Е тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1 дэх заалт Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлага болон Газрын даргаас чөлөө авалгүйгээр ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол гэж заасныг ноцтой зөрчсөн болно.

Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлага болон газрын даргаас чөлөө олгохгүйгээр ажлын гурван хоног буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол гэсэн заалтуудыг зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцно гэж журамласан байна. Ажилтан болон ажил олгогч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.3-д сахилгын зөрчилд тооцох хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчих хэмээх харилцан тохиролцсон байдаг. Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ээлжид гарах өдрүүдэд ажил тасалсан байна. Энэ нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.33.1-д заасанчлан ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш удаа ажил тасалж, ирц бүртгүүлээгүй ажил тасалсан гэсэн үндэслэлээр ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажилтны ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн.

2.3 Нэхэмжлэгч 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 18-ны өдрүүдэд ажил тасалснаа хүлээн зөвшөөрөх бөгөөд гагцхүү тухайн хугацаанд миний оронд өөр хүмүүс буюу бусад ээлжийн манаач сахиул нар жижүүрт гарсан тул миний ажил цалгардаагүй хэмээн шаардах эрхээ  тодорхойлсон. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбартаа 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ажилд ирэхэд намайг ажлаас халсан нь үндэслэлгүй. Яагаад гэвэл 7 дугаар сарын 11-ээс 15-ны өдрүүд бүх нийтийн амралтын өдрүүд байсан.  Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч 7 дугаар сарын 14-ний өдөр ажилд ирэхэд, түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Харин нэхэмжлэгч 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажил тасалсан бөгөөд энэ тухай өмнө нь анхан шатны шүүх дээр ч маргаагүй. Мөн тухайн өдөр Эрүүл мэндийн газрын даклатын хурал буюу шуурхай хурал болж байсан. Тухайн хуралд хэлэлцсэн асуудлуудын нэг нь нэхэмжлэгчийг 7 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ажилд байгаагүй талаар байдаг. Тухайн хурлын тэмдэглэлээс харахад, нэхэмжлэгч 7 дугаар сарын 04-ээс 18-ны өдрүүдэд нийт 4 удаа нэхэмжлэгч ажилд гарах ёстой байхад нэг ч удаа гараагүй байсан. 

2.4 Нэхэмжлэгч эзгүй байх хугацаандаа байгууллагаас зохицуулалт хийх замаар ажилтнуудыг гаргаж байсан. Тухайлбал, 7 дугаар сарын 05-ны өдөр Б  ээлжийн амралтад байхад дуудаж өдөр нь гаргасан.  7 дугаар сарын 06-ны өдөр Есенжолыг өдрийн цагаар гаргасан, 7 дугаар сарын 07-ны өдөр Н ийг өдрийн цагаар гаргасан. Мөн гэрч Р ийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгээс харахад, нэхэмжлэгч Р ээс чөлөө аваагүй. Харин ажлыг нь зохицуулж өгөх талаар мэдүүлсэн байдаг. 7 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч жижүүрт гарах ёстой байсан боловч эзгүй байсан. ийм учраас 7 дугаар сарын 12-ны өдөр болон 16-ны өдрүүдэд Ш.С ыг 2 удаа түр жижүүрт гаргасан.

2.5 Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 хоногийн баривчлах шийтгэл хүлээсэн учир ажилдаа очиж чадаагүй гэх боловч энэ нь ажил таслах хүндэтгэн үзэх шалтгаан биш болно.

2.6 Түүнчлэн нэхэмжлэгч миний оронд найз нар маань 2-3 удаа манаач хийж тусалсан бөгөөд ажил эзгүйрээгүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь У.Е н эзгүйд байгууллагаас зохицуулалт хийж, ажилчдыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн илүү цагаар ажиллуулсан болно. Нэхэмжлэгч тухайн үед газрын дарга эсвэл нэгжийн даргад урьдчилсан бичгээр өргөдөл гаргаж байгаагүй. Тийм учраас дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас тасалсан гэж үзэж байгаа. Иймд ажил олгогчийн зүгээс У.Е н гаргасан зөрчилд тохирох шийтгэл оногдуулсан учир түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаартай албан бичиг, тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 00 дугаар захирамж, У.Е н иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 00  дүгээр тушаал, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаар шийтгэвэр, Я.А , Б.Ж , Х.У нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, М.Р ийн тодорхойлолт, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 00 дугаар тушаал, өмгөөллийн гэрээ, тушаал хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/24 дугаартай тушаал, уг тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан хөдөлмөрийн дотоод журам, итгэмжлэл, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 00 дүгээр тушаал  болон хавсралт, Рапорт дэвтэр, 2022.01.03 Аманжол гэж бичигдсэн бүртгэлийн дэвтэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гэрч асуулгах тухай хүсэлт, 2022.07.18-ны өдрийн хурлын тэмдэглэл, тус газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Ш.С ыг ажилд томилох тухай” 00  дугаар тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

5.Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч байгууллагаас нотлох баримтаар ирүүлсэн Рапорт дэвтэр, 2022.01.03 Аманжол гэж бичигдсэн бүртгэлийн дэвтэрт 2023.04.05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл,нэхэмжлэгч болон хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан Б аймгийн Эрүүл мэндийн газрын манаач Б.Б , Я.А, Б.Ж , Р.Е , С.Н , Б.Н  нарыг гэрчээр оролцуулсан зэрэг ажиллагааг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаартай шийтгэврээр намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнд тооцож мөн өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан. Тухайн үед энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С д мэдэгдэхэд хамт ажилладаг хүмүүстэй хэлээрэй, байгууллага эзэнгүй үлдэх ёсгүй шүү гэж хэлсэн бөгөөд миний оронд бусад манаач нар гарч надад тусалсан. Миний бие өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажилд очоогүй болохыг даргын зүгээс мэдэж байсан гэжээ.

8.Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч У.Е  нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажил тасалсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

9.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:

-Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 00  дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар У.Е  нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 18-ны өдөр элжинд гарах өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ажил тасалсан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.33.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн тул  манаачийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба түүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байжээ.

-Б аймгийн Эрүүл мэндийн газрын манаач У.Е  нь Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаартай шийтгэврээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, зодсон, хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн зөрчлийг тус тус үйлдсэнд тооцож, У.Е д 18 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч У.Е  нь баривчлагдсан хугацаандаа ажилд очоогүй ба энэ талаар талууд маргаагүй болно.

-Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “ээлжийн амралтын хуваарь батлах тухай” 00 дүгээр тушаалаар албан хаагчдын 2022 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтаар баталсан ба хавсралтаар жижүүр Б  нь 2022.06.06-2022.07.07-ны өдөр хүртэл ээлжийн амралттай байсан, харин нэхэмжлэгч У.Е  нь 2022 оны 7 дугаар 02-ны өдөр өглөө 10:00 цагт ажлаа хүлээлгэж өгөх үед тус газрын гурван жижүүр болох нэхэмжлэгч болон Я.А  Б.Ж   нар ажиллаж байсан, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ээлжийн амралтаас Б.Б  ажилд орсноор дөрвөн жижүүр ажиллах ёстой байсан байна.

-Харин нэхэмжлэгч У.Е н нь баривчлагдахаас өмнө 2022 оны 7 дугаар 02-ны өдөр өглөө 10:00 цагт ажлаа манаач Я.А  -д хүлээлгэж өгч эргэж ажилдаа 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гарах ёстой байхад тэр өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр  түүний оронд манаач Я.А  гарсан болох нь түүний шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг, манаач нарын рапортын дэвтрээр нотлогдож байна.

-Нэхэмжлэгч У.Е  нь баривчлагдсан 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааг тооцож үзэхэд нэхэмжлэгч ээлжид 2022 оны 7 дугаар сарын 08, 12, 16-ны өдрүүд гарах ёстой байсан боловч баривчлагдсанаас болж тухайн өдрүүдэд ажил тасалсан болох нь талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, тус газрын манаач, жижүүр нарын рапорт дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, уг дэвтрээр тогтоогдсон.

10.Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалтаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т .”.. хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч У.Е тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

11.Хэрэгт авагдсан 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн талуудын хооронд байгуулсан 29 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 2.3-т сахилгын зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдолд байгууллагын дотоод журмыг зөрчих гэж тусгасан. Б аймгийн Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын тавдугаар зүйлээр Ажилтныг ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дуусгавар болгох, цуцлах талаар зохицуулсан бөгөөд 5.33-т дараах зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно. Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдсан энэхүү хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүд нь ажилтантай урьд өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэгэн адил үйлчилнэ, 5.33.1-д ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлага болон газрын даргаас чөлөө авалгүйгээр ажлын 3 өдөр буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан эсхүл сард 3 буюу түүнээс дээш удаа цахимаар болон ирц бүртгүүлээгүй бол ноцтой зөрчилд тооцохоор тусгасан байна.

12.Мөн тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын есдүгээр зүйлээр Ажил, амралт, чөлөөний талаар зохицуулсан бөгөөд уг журмын 9.14-т Ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цагаар болон нэг буюу түүнээс дээш өдрөөр чөлөө авах тохиолдолд Гарын дарга, эсхүл нэгжийн даргад заавал урьдчилан бичгээр өргөдөл гарган чөлөө авах ба урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно, 9.15-д Нэгжийн дарга хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл сард 1 удаа ажлын нэг өдрийн цалинтай чөлөөг олгож болно. Ажлын нэгээс дээш өдрийн чөлөөг байгууллагын дарга тушаал гарган шийдвэрлэнэ гэж заасан байна.

13.Гэтэл Б аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга М.Р ийн  “...надад У.Е  гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд, шүүхээс 10 гаруй хоног баривчлах шийтгэл оногдуулж магадгүй болсон. Би одоо ажлаа яаж зохицуулах вэ гэж асуусан. Мөн манаач нартай миний байхгүй оронд гараад өгөөрөө, би шийтгэлээ эдэлж ирсний дараа нөхөж гарах талаар хэлсэн гэж надад мэдэгдсэн. Би нэгжийн даргын хувьд нэг өдрийн чөлөө өгөх эрхтэй байсан. Гэхдээ нэхэмжлэгч надаас зохицуулж өгөхийг хүссэн” гэх мөн тус газрын жижүүр Я.А , Б.Ж  нарын “... У.Е  нь гэр бүлийн маргаанаас болж баривчлахаар болсон тул миний ээлжийн зохицуулж гарч өгөөрэй гэсний дагуу мөн  газрын даргаас зохицуулсны дагуу ээлжилж гарсан” гэх гэрчүүдийн мэдүүлэг болон нэхэмжлэгч У.Е гийн эцэг Х.У 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С д биечлэн очиж уулзаж “...У.Е г баривчилсан тухай шийтгэврээ аваачиж, гэр бүлийн маргаанаас болж 10 хоног баривчлагдсан тул хүүгийн минь ажлаас нь битгий гарга, хамт ажилладаг залуус түүний оронд ээлжид гарч өгье гэсэн байна. Ажлыг зохицуулж өгөх тухай хүсэлтэй амаар ” гаргасан нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Х.У ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор тогтоогдсон болно.

Дээрх гэрч нарын мэдүүлэг, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч У.Е  нь ямар шалтгаанаас болж ажил таслах гэж байгаа тухайгаа мөн тэрхүү хугацаанд ажлаа зохицуулж өгч, чөлөө хүссэн талаар тус Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар газрын даргад болон хэлтсийн даргад мэдэгдэх ажиллагаагаа хийсэн байх бөгөөд ажил олгогч Б аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.С ээс тухайн хүсэлт нь тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 9.14 дэх заалтад заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах, үл хамаарах эсэх талаар шийдвэрлэж хариу өгсөн эсэхээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй, харин ч нэхэмжлэгчийн баривчлагдсан хугацаандаа түүний ээлжид гарах өдөр Р.Е , С.Н , Б.Б нарыг өдөр нь гаргаж шөнөдөө тус газрын манаач, Б.Ж , Я.А  нарыг гаргаж ажлыг зохицуулсан нь шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Б.Н , Р.Е , С.Н , Б.Б Б.Ж , Я.А  нарын гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

14.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан ажилтанд ногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүдийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаарддаггүй боловч хуульд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл нь ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй, гэм буруу, зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, үр дагаварт /байгууллагад бодитой хохирол, хор уршиг учирсан байдал, зөрчлийг залруулах боломжтой эсэх/ нь тохирсон буюу шударга ёсны зарчимд нийцсэн байх шаардлагатай байна.

15.Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж хуульчилсан. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж зааснаар нэхэмжлэгч У.Е д сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь түүнд гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, түүнээс тайлбар аваагүй буюу сонсох ажиллагааг хийгээгүй атлаа түүнд шууд ажлаас чөлөөлсөн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг ажил олгогч зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

16.Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргын нэхэмжлэгч У.Е г ажлаас чөлөөлсөн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 00  дүгээр тушаалыг түүнд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гардуулсан болох нь шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан тус газрын хүний нөөцийн мэргэжилтэн Б.Н ын мэдүүлэг, хэрэгт авагдсан тушаал хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна гэж шүүх үзлээ.

17.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч У.Е г Б аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

18.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У.Е г Б аймгийн Эрүүл мэндийн газрын манаачийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.Ж