Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 77

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00458/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  07 дугаар сарын 08-ны өдрийн 636 дугаар шийдвэртэй,

           Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч “Д А” ТӨХК-д холбогдох

“Ланд крузер-200 маркийн авто машины төлбөрийн алданги 66.670.500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О-аас:

2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Д А” ТӨХК, “Я-” ХХК, Б-гийн О- нарын хооронд байгуулсан өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээгээр миний бие Б.О- нь өөрийн эзэмшлийн УБП 7025 дугаартай Ланд крузерь 200 маркийн автомашиныг 90.000.000 төгрөгөөр тооцон “Д А” ТӨХК-д шилжүүлсэн ба “Д А” ТӨХК нь төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн юм. “Д А” ТӨХК нь гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй ба 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 16.500.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 63.500.000 төгрөгийг тус тус төлсөн. Тодруулбал: 90.000.000 төгрөгийг 54 хоног, 73.500.000 төгрөгийг 79 хоног, 63.500.000 төгрөгийг 182 хоногийн хугацаа тус тус хэрүүлэн төлсөн болно. Иймд “Д А” ТӨХК, “Я-” ХХК, Б-гийн О- нарын хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээний 2.4 дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож, нийт 66.670.500 төгрөгийн алдангийг “Д А” ТӨХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д А” ТӨХК-ийн төлөөлөгч Б.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.О- нь тус байгууллагын хангамжийн инженер В.Т-ын төрсөн эгчийн нөхөр юм байна. В.Т- нь тухайн гэрээг гардан хийж байсан ба өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээ байгуулахдаа хангамжийн инженер В.Т-т 2017 ондоо багтааж төлбөр тооцоо дуусгах, алдангийн тухай ойлголт байхгүй гэж хэлж байсан. Энэ тухай В.Т- нь сайн мэдэж байгаа. Манай байгууллагад эрх бүхий албан тушаал хашиж байсан хзн байгууллагын болон хувь хүн миний итгэл сэтгэлийг хөсөрдүүлж байгаа нь туйлын харамсалтай байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч “Д А” ТӨХК-ийн төлөөлөгч Б.Баясгалан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шарлагадаа:

2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай өр барагдуулах гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээг албан тушаал, ажлын байдлын тодорхойлолтын дагуу манай байгууллагын хангамжийн инженер В.Т- санал оруулж, гэрээг өөрөө боловсруулж үйлдэж, батлуулсан. Байгууллагын бүх хэрэгцээ үйл ажиллагаанд шаардлагатай бараа материалын үнийг судалж, худалдан авах асуудлыг хангамжийн инженер гардаж хариуцдаг. Захирлын зүгээс түүнд бүрэн итгэдэг байсан. Дээрх гэрээг байгуулахад ч итгээд л баталсан. Анх уг гэрээний тухай тохирохдоо 2017 ондоо багтааж тээврийн хэрэгслийн үнийг төлж дуусгана гэж ярилцсан. Байгууллагын санхүүгийн асуудлыг В.Т- сайн мэдэж байсан. Хангамжийн инженер бол байгууллагын эрх ашгийг дээдэлж, хэмнэлт, хямд үнэ, чанар зэргийг байнгын хяналтдаа байлгаж шударгаар ажиллах үүрэгтэй эрх бүхий этгээд юм. Хоёр сарын дотор төлчих бол өглөгтэй байгууллагадаа шууд төлөх боломжтой байсан. 70-25 УБП улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэл нь угтаа В.Т-ын өмчлөлийнх бөгөөд анх худалдаж авахдаа Улаанбаатарын дугаартай байлгах гэж өөрийнхөө төрсөн эгчийн нөхөр Б.О-ийн нэр дээр авсан юм. Энэ холбоотой асуудлыг миний зүгээс мэдэж байгаа боловч В.Т- өөрөө боловсруулж үйлдсэн гэрээгээ ашиглан байгууллагыг хохироосон зүйл хийнэ гэж бодоогүй юм. Захирал миний зүгээс түүнд 100 хувь итгэх үндэслэл нь олон жил бие биеэ мэдэхэд байгаа юм. В.Т- нь 2 жилийн хугацаанд гэрээтэй холбоотой асуудлыг дурдаж, ярьж байгаагүй бөгөөд авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчиж хийсэн гэрээ байх тул 2017 оны 04 дүгээр сарын 23-ны 01 дугаартай өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Б.О- сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан хариу тайлбартаа:

2017 оны 4 дүгээр 23-ны өдрийн өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээг байгуулахдаа гэрээний талууд болох “Я-” ХХК, иргэн Б.О-, “Д А” ТӨХК нар нь байлцаж иргэний хуулийн 40.1-р зүйлийн дагуу хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэж, харилцан тохиролцож гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ юм. Тиймээс ч “Д А” ТӨХК нь “Я-” ХХК-д өрөө төлж, үнийн зөрүүнд батум авч, Б.О- миний дансанд ланд крузер 200 маркийн автомашины үнийг шилжүүлсэн. Гэрээний үүрэг хангагдсан. Одоо алдангийн тухай яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд “Д А” ТӨХК-ийн захирал Б.Баясгалангаас алданги шаардаж байсан гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 636 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 -д заасныг баримтлан хариуцагч “Д А” ТӨХК-аас 27.191.250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Отгонбаярт олгож, 39.479.250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 471.870 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 293.906 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олго ж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Д А” ТӨХК нь 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр 16.500.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 63.500.000 төгрөг тус тус төлсөн.

            Алдангийг хүснэгтэлбэл:

2017 он хугацаа

Үнийн дүн /төгрөгөөр/

1 өдрийн алданги /төгрөгөөр/

хоног

Алданги /төгрөгөөр/

6.20-8.14

90.000.000

270.000

54

14.580.000

8.14-9.08

73.500.000

220.500

25

5.512.500

9.08-12.20

63.500.000

190.500

103

19.621.500

Нийт

182

39.714.000

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 90.000.000 төгрөг юм. Анзын нийт дүн 39.714.000 төгрөг нь 45.000.000 төгрөгөөс хэтрээгүй байна. иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.2.2-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, ингэснээр хуулинд заасан мэтгэлцэх зарчим алдагдсан гэж үзэж байна. “Д А” ТӨХК нь өр авлагын асуудлаас болж 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгч Б.О-ийн эхнэрийн төрсөн дүү В.Т- нь “Д А" ТӨХК-ийг төлөөлж гэрээ байгуулахад оролцсон байна. Тус компанийн гүйцэтгэх захирал тайлбарлахдаа В.Т-тай олон жил хамтран ажиллаж байсан. Түүний дараа энэ гэрээг гаргаж ирж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Бодит байдал дээр Ланд крузер -200 автомашин бол Б.О-ийн өмч биш В.Т-ын өмч юм.  Маргааны үндэслэл болсон гурвалсан гэрээг харахад нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д ТӨХК-ний эрх бүхий албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг илтэд зөрчиж хийсэн гэрээ байдаг. Хариуцагч компани захирал манай компани зүгээс үүргээ биелүүлсэн алданги нэхэх эрх байхгүй, анх тухайн үед тохиролцож байхдаа 2017 онд багтааж төлж дуусгана гэж хэлж байсан, байгууллагын санхүүгийн асуудлыг В.Т- сайн мэдэж байсан санаатай ийм асуудал гаргаж байгууллагыг хохироож байна. 2017 ондоо багтааж тооцоо дуусгаад бүх асуудал дууссан гэж хэн хэнд нь ойлгогдохоор байсан гэж тайлбарладаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү? гэх давж заалдах гомдлыг хангах  хуулийн үндэслэлгүй байна.

Харин  нэхэмжлэгчийн гаргасан “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна уу”  гэх  давж заалдах гомдлыг хангах  нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч “Д А” ТӨХК-д холбогдуулан   Ланд крузер-200 маркийн авто машины төлбөрийн алданги 66.670.000 төгрөг  гаргуулах  нэхэмжлэл гаргасан  байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.О- нь тус байгууллагын хангамжийн инженер В.Т-ын төрсөн эгчийн нөхөр юм  байна. В.Т- нь тухайн гэрээг гардан хийж байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй”  гэж  маргасан. Нэхэмжлэгчид холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан  байна.

Анхан шатны шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн машины төлбөр төлөх  үүргийн хугацааг хэтрүүлсэн, алданги төлөхөөр үүрэг хүлээсэн гэж дүгнэн  нийт алданги 54.382.500 төгрөгийн зарим хэсэг буюу 27.191.250 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй  үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй,” 232 дугаар зүйлийн 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн  үнийн дүнгийн  0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж   тодорхойлсон.

Шүүх зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хуульд нийцүүлэн дүгнэсэн, гүйцэтгээгүй үүргийн хэмжээг 90.000.000 төгрөг, гүйцэтгээгүй  үүргийн хугацааг 54, 25, 180 хоног гэсэн нь зөв боловч алдангийг  54.382.500 төгрөгийн алдангиас 50 хувь гэж үзэн гүйцэтгээгүй үүргийн хэмжээг тооцсон нь энэ хуулийн заалтад нийцээгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан Өр төлбөр  барагдуулах гэрээнд  үүрэг гүйцэтгэх хугацааны талаар  тохирохдоо  2017 оны  06 дугаар сарын  20-ны өдрийн дотор гэжээ. Харин 2017 оны 8 дугаар сарын 14, 9 дүгээр сарын 08, 12 дугаар сарын 20-нд  тус тус  хэсэгчлэн төлсөн нь  гэрээгээр  хүлээсэн үүргийн хугацааг  хэтрүүлсэн  гэж үзнэ.

Дээрх байдлаас дүгнэж үзэхэд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 90.000.000 төгрөг ба үүрэг гүйцэтгэсэн эцсийн хугацаа хүртэл, хэсэгчлэн хийсэн төлөлтийн үлдэгдэл, хугацаа алдсан хоногоор тооцвол нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан тооцоо нь үндэслэлтэй зөв байна. Иймд гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах нь  зөв гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаж маргахдаа Өр барагдуулах гэрээнд  оролцсон талууд тухайлбал “Д А” ТӨХК-ийн хангамжийн инженер  В.Т- санал оруулж, гэрээг өөрөө боловсруулж  батлуулсан. Анх  гэрээний тухай тохирохдоо 2017 ондоо тээврийн хэрэгслийн үнийг төлж дуусган гэж ярилцсан, байгууллагын санхүүгийн асуудлыг В.Т- сайн мэдэж байсан, тээврийн хэрэгсэл нь угтаа В.Т-ынх бөгөөд  анх худалдаж авахдаа Улаанбаатарын дугаартай байлгах гэж  эгчийн нөхөр Б.О-ийн нэр дээр авсан юм. В.Т- өөрөө боловсруулж  үйлдсэн  гэрээгээ ашиглан байгууллагыг хохироосон зүйл хийнэ гэж бодоогүй, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай   хууль зөрчиж хийсэн гэрээ байх тул  хүчин төгөлдөр бус гэрээ  гэжээ.

Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн  56.1.1-56.1.10-т Хүчин төгөлдөр бус байх  хэлцлийн тухай зохицуулсан.

Сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзвэл Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс  урьдчилан сэргийлэх тухай  хуулийг  зөрчсөн нь Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн  56.1.1-ийн  “хууль зөрчсөн”  гэсэн хэсгийг  үндэслэн  гаргажээ.

В.Т- нь “Д А” ТӨХК-д механик, хангамжийн инженерийн ажил, албан тушаалтай байсан, гэрээг боловсруулсан, гарын үсэг зурсан хэдий ч  тэрээр уг асуудалд бие даан эсхүл итгэмжлэл олгогдсоны үндсэн дээр оролцоогүй  компанийн захирал Б.Б- өөрөө оролцож батламжилсан байх тул   хууль  зөрчсөн гэрээ гэж  үзэх  боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл худалдах худалдан авах гэрээг Б.О-тай Б.Б- байгуулсан нь Авлигын эсрэг хууль Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын  зөрчлөөс  урьдчилан сэргийлэх тухай  хууль зөрчиж  хийсэн  гэж үзэх  боломжгүй. Учир нь Б.О- нь  Б.Б-тай хамаарал бүхий  этгээд биш.

Энэхүү үндэслэлээс гадна сөрөг нэхэмжлэлд дурдсан бусад үндэслэлүүдээр Б.О-ийг буруутгаж гэрээг хүчин төгөлдөр бусд  тооцох  хуулийн үндэслэлгүй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  07 дугаар сарын 08-ны өдрийн 636 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр  заалтыг, “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1, 232 дугаар зүйлийн  232.4,  232.6-д заасныг баримтлан хариуцагч “Д А” ТӨХК-аас  39.714.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-т олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 26.956.000 төгрөгийн шаардлагыг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан  хариуцагч “Д А” ТӨХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Өр барагдуулах гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай,”  гэж , тогтоох хэсгийн 2 дах заалтад “... хариуцагчаас 293.906 төгрөг гаргуулж...” гэснийг, “... хариуцагчаас 356.520 төгрөг гаргуулж...”  гэж  өөрчилж,  шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн  59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 215.314 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож, хариуцагчаас төлсөн 363.107 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

    

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                                                  ШҮҮГЧИД                                Л.АМАРСАНАА

                                                                                                                   С.ЭНХЖАРГАЛ