Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00169

 

Б.Отгонхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 636 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 77 дугаар магадлалтай,

Б.Отгонхуягийн нэхэмжлэлтэй,

Дархан АЗЗА ТӨХК-д холбогдох

Ланд крузер-200 маркийн авто машины төлбөрийн алданги 66,670,500 төгрөг гаргуулах тухай  үндсэн нэхэмжлэл болон  2017 оны 04 сарын 23-ны 01 дугаартай Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээ-г хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-АЗЗА ТӨХК, Ялгуусан ХХК, Б.Отгонхуяг нарын хооронд байгуулсан Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээгээр миний бие өөрийн эзэмшлийн УБП 7025 дугаартай Ланд крузерь 200 маркийн автомашиныг 90,000,000 төгрөгөөр тооцон Дархан-АЗЗА ТӨХК-д шилжүүлсэн ба Дархан-АЗЗА ТӨХК нь төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн юм. Дархан-АЗЗА ТӨХК нь гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй ба 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 16,500,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 63,500,000 төгрөгийг тус тус төлсөн. Тодруулбал, 90,000,000 төгрөгийг 54 хоног, 73,500,000 төгрөгийг 79 хоног, 63,500,000 төгрөгийг 182 хоногийн хугацаа тус тус хэрүүлэн төлсөн болно. Иймд Дархан-АЗЗА ТӨХК, Ялгуусан ХХК, Б.Отгонхуяг нарын хооронд байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээний 2.4 дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож, нийт 66,670,500 төгрөгийг Дархан-АЗЗА ТӨХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Отгонхуяг нь тус байгууллагын хангамжийн инженер В.Төмөрбаатарын төрсөн эгчийн нөхөр юм. В.Төмөрбаатар нь тухайн гэрээг гардан хийж байсан ба өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээ байгуулахдаа хангамжийн инженер В.Төмөрбаатарт 2017 ондоо багтааж төлбөр тооцоо дуусгах, алдангийн тухай ойлголт байхгүй гэж хэлж байсан. Энэ тухай В.Төмөрбаатар нь сайн мэдэж байгаа. Манай байгууллагад эрх бүхий албан тушаал хашиж байсан хүн байгууллагын болон хувь хүн миний итгэл сэтгэлийг хөсөрдүүлж байгаа нь туйлын харамсалтай байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Дархан-АЗЗА ТӨХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаарлагад: 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай Өр барагдуулах гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээг албан тушаал, ажлын байдлын тодорхойлолтын дагуу манай байгууллагын хангамжийн инженер В.Төмөрбаатар санал оруулж, гэрээг өөрөө боловсруулж үйлдэж, батлуулсан. Байгууллагын бүх хэрэгцээ үйл ажиллагаанд шааардлагатай бараа материалын үнийг судалж, худалдан авах асуудлыг хангамжийн инженер гардаж хариуцдаг. Захирлын зүгээс түүнд бүрэн итгэдэг байсан. Дээрх гэрээг байгуулахад итгээд баталсан. Анх уг гэрээний тухай тохирохдоо 2017 ондоо багтааж тээврийн хэрэгслийн үнийг төлж дуусгана гэж ярилцсан. Байгууллагын санхүүгийн асуудлыг В.Төмөрбаатар сайн мэдэж байсан. Хангамжийн инженер бол байгууллагын эрх ашгийг дээдэлж, хэмнэлт, хямд үнэ, чанар зэргийг байнгын хяналтдаа байлгаж шударгаар ажиллах үүрэгтэй эрх бүхий этгээд юм. Хоёр сарын дотор төлчих бол өглөгтэй байгууллагадаа шууд төлөх боломжтой байсан. 70-25 УБП улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэл нь угтаа В.Төмөрбаатарын өмчлөлийнх бөгөөд анх худалдаж авахдаа Улаанбаатарын дугаартай байлгах гэж өөрийнхөө төрсөн эгчийн нөхөр Б.Отгонхуягийн нэр дээр авсан юм. Энэ холбоотой асуудлыг миний зүгээс мэдэж байгаа боловч В.Төмөрбаатар өөрөө боловсруулж үйлдсэн гэрээгээ ашиглан байгууллагыг хохироосон зүйл хийнэ гэж бодоогүй. Захирал миний зүгээс түүнд 100 хувь итгэх үндэслэл нь олон жил бие биеэ мэдэхэд байгаа юм.

В.Төмөрбаатар нь 2 жилийн хугацаанд гэрээтэй холбоотой асуудлыг дурдаж, ярьж байгаагүй бөгөөд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчиж хийсэн гэрээ байх тул 2017 оны 04 дүгээр сарын 23-ны 01 дугаартай Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: 2017 оны 04 дүгээр 23-ны өдрийн өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээг байгуулахдаа гэрээний талууд болох Ялгуусан ХХК, иргэн Б.Отгонхуяг, Дархан-АЗЗА ТӨХК нар нь байлцаж Иргэний хуулийн 40.1-р зүйлийн дагуу хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэж, харилцан тохиролцож гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ юм. Тиймээс ч Дархан-АЗЗА ТӨХК нь Ялгуусан ХХК-д өрөө төлж, үнийн зөрүүнд батум авч, Б.Отгонхуяг миний дансанд Ланд крузер 200 маркийн автомашины үнийг шилжүүлсэн. Гэрээний үүрэг хангагдсан. Одоо алдангийн тухай яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд Дархан-АЗЗА ТӨХК-ийн захирал Б.Баясгалангаас алданги шаардаж байсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 636 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 -д заасныг баримтлан хариуцагч Дархан АЗЗА ТӨХК-аас 27,191,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Отгонбаярт олгож, 39,479,250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 471,870 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 293,906 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 77 дугаар магадлалаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 636 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Дархан АЗЗА ТӨХК-аас 39,714,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Отгонхуягт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 26,956,000 төгрөгийн шаардлагыг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан АЗЗА ТӨХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Өр барагдуулах гурвалсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтад ... хариуцагчаас 293,906 төгрөг гаргуулж... гэснийг, ... хариуцагчаас 356,520 төгрөг гаргуулж... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.08-ны 636 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.29-ний 77 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анх 2017 оны 04 сарын 23-ны өдөр Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээ байгуулсан. Дархан АЗЗА ТӨХК нь Ялгуусан ХХК-нд 45,014,000 төгрөгийн өглөгдөө иргэн Б.Отгонхуягийн өмчлөлийн Ланд крузер 200 маркийн автомашиныг 90,000,000 төгрөгөөр үнэлж өгөөд зөрүүд нь бараа авах, Б.Отгонхуягт автомашины үнэ 90 сая төгрөг өгөхөөр тохирч хүлээсэн үүргүүдээ биелүүлцгээсэн байна. Хариуцагч тал тайлбарлахдаа нэхэмжлэгч Б.Отгонхуягийн эхнэрийн төрсөн дүү В.Төмөрбаатар нь манай компанийн хангамжийн инженерээр ажиллаж байсан. Компанийн санхүүгийн нөхцөл байдлыг сайн мэддэг, гурвалсан гэрээг тэр байгуулсан. Хангамжийн инженер В.Төмөрбаатар нь байгууллагын эд хөрөнгөд хэтэрхий илт үрэлгэн хандахад нь байгууллагын удирдлагын зүгээс шүүмжтэй хандахад эсэргүүцэн уурлаж, маргаан болж түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 2017 онд төлөгдөөд дууссан мөнгөний алданги гэж 2 жилийн дараа нэхэж байгаа нь шудрага биш. Санаатай байгууллагыг хохироож байгаа В.Төмөрбаатар, түүний хүргэн ах Б.Отгонхуяг нарын хуйвалдаан гэж үздэг. Тэр тухайн үедээ мөнгө төгрөгөө аваад боллоо бүтлээ гээд л дууссан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч Б.Отгонхуяг ч анхан шатны шүүх хурал дээр тайлбарлахдаа манай эхнэрийн дүү В.Төмөрбаатарыг ажлаас халсан болохоор алданги нэхэж байна гэдгээ ч хэлдэг.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 25-р зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах боломж олгоогүй. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж ИХШХШТХ-д заасан байдаг. Энэ нь зохигч талаас гаргасан нотлох баримт хүсэлтийг хэрэгтэй хэрэггүй, хамааралтай хамааралгүй гэж ангилж зохигчийн эрхийг хязгаарлах нь зохисгүй гэж ойлгож байна. Цугларсан нотлох баримтыг шүүх хурлаар л яаж үнэлэх нь шүүхийн эрх мэдлийнх баймаар. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг үүргээ биелүүлээгүй, үүргийн биелэлт дээр харилцан маргаантай үед хэрэглэнэ гэж бодож байна. Харин Дархан АЗЗА" ТӨХК нь 2017 ондоо багтаан үүргээ биелүүлсэн. Үүнийг нь Б.Отгонхуяг ч хүлээн зөвшөөрч 2 жил болсон нь үүрэг дуусгавар болсон гэж харилцан хүлээн зөвшөөрөлцсөн гэж үзэж болохоор байна. Дархан АЗЗА нь төрийн өмчит хувьцаат компани санхүүгийн хүндрэлтэй байдал, харьцангуй богино хугацаанд төлж барагдуулсан байсан, төлбөр тооцоогоо дуусгаад хүлээн зөвшөөрөлцөөд 2 жил явсан, хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулж давуу ашигтай байдал үүсгэсэн зэргийг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг багасган 5 сая болгон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Отгонхуяг хариуцагч Дархан АЗЗА ТӨХК-д холбогдуулан 2017 оны 4 сарын 23-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээ-ний дагуу алданги 66,670,500 төгрөг гаргуулах, хариуцагч нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч Дархан АЗЗА ТӨХК-аас 27,191,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Отгонбаярт олгож, үлдэх 39,479,250 төгрөгийг, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 39,714,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулжээ.

1.    Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлж, гэрээнд заасан анзын тохиролцоог нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэл гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2017 оны 4 сарын 23-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээ-гээр ... машины төлбөр 90 сая төгрөгийг Дархан АЗЗА ТӨХК 2017 оны 6 сарын 20-ны өдөр төлж дуусгахаар тохирсон, хариуцагч нь 2017 оны 8 сарын 14-нд 16,500,000 төгрөг, 2017 оны 9 сарын 08-нд 10,000,000 төгрөг, 2017 оны 12 сарын 20-нд 63,500,000 төгрөгийг тус тус төлж, төлбөр төлөгдөж дууссан байх бөгөөд уг гэрээний 2.8-д ...хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцох-оор тохиролцсон байна.

Анхан шатны шүүх тооцоолсон нийт 54,382,500 төгрөгийн алдангийн хэмжээнээс 50 хувийг тооцож, 27,191,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх алдангийг 39,714,000 төгрөг болгон нэмэгдүүлэхдээ анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэжээ.

2.    Сөрөг нэхэмжлэлийн тухайд:  

Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчиж хийсэн гэж 2017 оны 4 сарын 23-ны өдрийн 01 дугаартай Өр төлбөр барагдуулах гурвалсан гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан байна.

Тэрээр ... тус компанийн хангамжийн инженер В.Төмөрбаатар санал оруулж, гэрээг батлуулсан. ... Ланд крузер 200 машин нь түүнийх бөгөөд эгчийнхээ нөхөр Б.Отгонхуягийн нэр дээр авсан, ... В.Төмөрбаатар өөрөө боловсруулж үйлдсэн гэрээгээ ашиглан байгууллагыг хохироосон зүйл хийнэ гэж бодоогүй, ... хууль зөрчсөн гэрээ... гэсэн тайлбар гаргажээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримт гаргаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.  

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсагийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангана.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрх хэрэгжсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэргийн баримтын хүрээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан зохицуулалтыг үндэслэн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд машины төлбөр 90 сая төгрөгийг 2017 оны 6 сарын 20-ны өдөр төлж дуусгахаар тохирсон, хариуцагч нь мөнгийг 3 хувааж төлсөн байх бөгөөд сүүлийн төлбөрийг 2017 оны 12 сарын 20-нд хийснээр төлбөр дууссан байхад нэхэмжлэгч нь хариуцагчаас 66,670,500 төгрөгийн алданги гаргуулах шаардлагыг төлбөр бүрэн төлөгдөж дууссанаас хойш 1 жил 4 сарын дараа 2019 оны 4 сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан байна.

Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг нь анз бөгөөд хариуцагч төлбөр төлөх үүргээ хугацаа хожимдуулж гүйцэтгэснийг нэхэмжлэгч хүлээн авсан боловч шүүхэд хандахаас өмнө гэрээгээр тохирсон алдангийг хариуцагчаас шаардаж, нэхэж байсан тухай баримтыг ирүүлээгүй, төлбөрийг бүрэн төлснөөс хойш 1 жил 4 сарын дараа нэхэмжлэл гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагчаас гаргуулах алдангийг 10,000,000 төгрөг болгон багасгах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 77 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 636 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д заасныг баримтлан хариуцагч Дархан АЗЗА ТӨХК-аас 10,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Отгонхуягт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 56,670,500 төгрөгийн шаардлагыг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан АЗЗА ТӨХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Өр барагдуулах гурвалсан гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтын 293,906 гэснийг 174,950 гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Дархан АЗЗА ТӨХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 356,520 /гурван зуун тавин зургаан мянга таван зуун хорь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД