Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2023/00212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 30Б-31 тоотод оршин суух, Каанар овогт Хийрэвийн Бат-Амгалангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүрэг, 8 дугаар хороо, Жаргалант, 2-76 тоотод оршин суух, Заан овогт Ванчинсүрэнгийн Гончигсүрэнд холбогдох

2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбацэнд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Х.Бат-Амгалан нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хороонд байрлах аж ахуйн хашаандаа дулааны шугам татах зорилготойгоор хөрш айлын В.Гончигсүрэнтэй тохиролцож, түүний хашаанаас тог татахаар тохиролцсон. В.Гончигсүрэн нь таньдаг хүмүүс байгаа тэдгээр хүмүүсээр тог татуулж өгнө гээд 2,500,000 төгрөгийг авсан боловч, цахилгааны шугам татуулах ажлаа өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй. Бид өөрсдийн хэрэглэсэн тогны мөнгөө тухай бүр төлсөн тухай баримтаа шүүхэд сая гаргаж өгсөн. Иймд хариуцагч амаар тохирсон цахилгааны шугам татуулж өгөхөөр тохирсноо биелүүлээгүй тул түүнээс 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч В.Гончигсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбацэнд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..2,500,000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ би шугам татаж өгнө гэж 2,500,000 төгрөг аваагүй. Би шугам татах эрх бүхий хүн биш. Миний хувийн шугамаас энэ хүн хулгайгаар тог татаж авсан байсан. Уг шугам нь миний хувийн шугам юм. 2019 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас таны ашиглаж буй шугам шаардлага хангахгүй байна гээд шугамаа соль гээд надад мэдэгдэх хуудас өгч байсан. Би өөрөө цахилгааны шугамыг засварлах, сольж мэдэхгүй учраас мэргэжлийн байгууллагаар нь буюу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-д 4,999,000 төгрөг өгч уг ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч тал манай шугамаас миний зөвшөөрөлгүй тог цахилгаан авсан. Эднийх үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед манайхаас тог авдаг нэлээн хэдэн айл байдаг байсан. Тэгээд би тэр хүмүүст Цахилгааны шугамаа солих шаардлага гарлаа. 5,000,000 төгрөгийн зардал гарах юм байна яах уу? гэж хэлэхэд боломжоороо надад мөнгө өгье гэж хэлсэн. Харин эднийд учир байдлаа хэлэхэд тухайн үед надад мөнгө өгөөгүй. Тухайн хугацаанд би мөнгөө цуглуулж байгаад мэргэжлийн байгууллагаар солиулсан. Намайг зөвшөөрөхгүй болохлоор шугам сольсны дараа манай хүү рүү яриад Ах нь шугам солиулсан зардалд чинь мөнгө гаргаж өгье, өр шир ихтэй байна. Би зээл ихтэй чи ээждээ хэлээд учрыг олоод өгөөч гэж хэлээд тэгээд манай хүүхэдтэй ярьж байгаад манай шугамаас авсан. Тэр өгсөн 2,500,000 төгрөг нь шугам сольсон мөнгөнд л орсон.

2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр эдний захирал Х.Бат-Амгалан нь манай ээжтэй уулзсан. Нэхэмжлэлийн шаардлага нь цахилгааны шугам татаж өгнө гээд 2,500,000 төгрөг авсан гэж байгаа юм. Х.Бат-Амгалан нь эрчим хүчний яаманд очиж шугам татуулах хүсэлтээ тавьсан юм билээ. Тэгэхэд зөвшөөрөөгүй гэсэн. Манай ээж В.Гончигсүрэн нь хувьдаа цахилгааны шугамтай. Гэтэл манай ээж В.Гончигсүрэн нь Х.Бат-Амгаланд тог өгөөгүй. Яагаад гэвэл Х.Бат-Амгалангийн компани нь тогийг хөргүүрт хэрэглэхэд маш өндөр хүчин чадлаар тогийг ашигладаг. Манайх цахилгааны кабел, шугам зэрэг бүх зүйлээ шинэчилж сольж байсан. Х.Бат-Амгалан нь удаа дараа над руу залгаж хэлэхдээ Ах нь танайхаас тог авмаар байна. Ах нь өр, зээл ихтэй байгаа учраас танай шугамаас тог авъя. Харин шугам засварын ажилд чинь 2,500,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тухайн үед манай ээжийн дансыг надаас аваад ээжийн маань данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа шугам татаж өгнө гээд 2,500,000 төгрөг авсан гэж тайлбарлаад байгаа. Гэтэл манайх тийм зүйл хэлээгүй. Мөн ямар нэг нь байдлаар тог татаж өгөх эрх бүхий этгээд, байгууллага биш шүү дээ. Х.Бат-Амгалан нь компанийн үйл ажиллагаа явуулахдаа манай цахилгааны шугамаас хулгайгаар тог авсан байсан. Үүнийг яаж мэдсэн бэ гэхээр манай цахилгааны хүчдэл унаад байсан. Тэгээд зохих байгууллагаар шалгуулаад цахилгааны хүчдэл буураад байгаа шалтгааныг мэдэхэд Х.Бат-Амгалангийн компани нь манай шугамаас тог авсан байсан. Х.Бат-Амгалан нь надад 2,500,000 төгрөг өгөхдөө танай цахилгааны шугамыг түрээсэлье гэж хэлж мөнгийг шилжүүлж байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

3. Хэрэгт нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

3.1 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 000202009157 дугаартай Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шаардлага (хх-ийн 74 хуудас)

3.2 Х.Бат-Амгалангийн цахилгаан хэрэглэгчийн 2017.05.01-2023.04.20-ны өдрийн дэлгэрэнгүй тайлан (хх-ийн 75-80 хуудас)

4. Хариуцагч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

4.1 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Ашиглалт засварын Налайх төвийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 33/190 дугаартай албан бичиг (хх-ийн 14 хуудас)

4.2 В.Гончигсүрэнгийн нэр дээрх Хаан банк ХХК-ийн 5749167815 дугаартай депозит дансны хуулга (хх-ийн 16 хуудас)

4.3Налайх дүүргийн 2 дугаар хороо Жаргалантын хэсэгт байрлах иргэн В.Гончигсүрэнгийн 0.4кВ-ын ЦДАШ-ын шинэчлэлтийн угсралтын ажил гүйцэтгэлийг баримт бичиг (хх-ийн 17-28 хуудас)

4.4 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 490 дугаартай албан шаардлага (хх-ийн 71 хуудас)

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Нэхэмжлэгч Х.Бат-Амгалан нь хариуцагч В.Гончигсүрэнд холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... иргэн В.Гончигсүрэн нь манайхруу цахилгааны шугам татуулж өгнө гээд 2.500.000 төгрөг авсан боловч шугам татуулж өгөөгүй тул 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулна... гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ ... нэхэмжлэгч манай хувийн шугамаас тог татая гээд удаа дараа гуйдаг байсан, 2019 онд УБЦТС-ний шалгалтаар тэдний махны үйлдвэр манай шугамаас хулгайгаар тог ашиглан үйл ажиллагаа явуулж байсан тогтоогдсон, надаас цахилгааны шугам татаж өгөөч гээд гуйхад нь би цахилгааны шугам татаж өгдөг эрх бүхий хүн биш гэж хэлсэн, манай цахилгааны шугамыг чинь ашиглахын тул 2,500,000 төгрөг өгье гэж хэлээд шилжүүлсэн нь үнэн, ..уг мөнгийг цахилгааны шугамыг солих ажилд зарцуулсан... гэж тайлбарлан маргаж байна.

Зохигчид 2,500,000 төгрөг өгсөн, авсан асуудалд маргаагүй, гагцхүү уг мөнгийг цахилгааны шугам татуулж өгөхөөр авсан эсэх, цахилгааны шугам ашиглуулсын төлбөрт шилжүүлсэн эсэхэд маргаж байна.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Х. Бат-Амгалан хариуцагч В.Гончигсүрэнгийн Хаан банк ХХК-ийн нэр дээрх 5749167815 тоот дансанд 2,500,000 төгрөг шилжүүлж, хариуцагч В.Гончигсүрэн нь уг мөнгөөр өөрийн эзэмшлийн 0,4кВ-н агаарын шугамыг 2019 оны 04 дүгээр сард 4,996,000 төгрөгийн төсвөөр шинэчлэх ажил хийгдсэн талаар тайлбарлан мэтгэлцэж байна.

4.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар зохигчид цахилгааны шугам татуулах, цахилгааны шугам ашиглуулах талаар хүсэл зориг нэгдэж, нэхэмжлэгч хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэх тайлбараар тэдгээрийн хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид дансаар 2,500,000 төгрөгийг шилжүүлэн өгч, ийнхүү хүлээн авснаа нотолж хариуцагч дансны хуулгыг гаргаж өгчээ.

5.Нэхэмжлэгч Х.Бат-Амгалан нь Налайх дүүргийн 2 дугаар хороонд махны үйлдвэр ажиллуулдаг гэх бөгөөд уг үйлдвэр хариуцагч В.Гончигсүрэнгийн эзэмшлийн агаарын шугамаар дамжуулан эрчим хүчийг авч ашиглаж байсан талаар маргах бөгөөд тэдгээр нь агаарын шугам ашиглах талаар ямар нэг гэрээ байгуулаагүй байна.

6. Хариуцагч В.Гончигсүрэн 2,500,000 төгрөгийг цахилгаан ашигласны төлбөрт тооцож, засварын ажилд зарцуулсан хэмээн тайлбарлах боловч нэхэмжлэгч талаас Бат-Амгалан махны үйлдвэр нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд цахилгааны төлбөр төлж байсан талаарх баримтыг ирүүлсэн, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Ашиглалт засварын Налайх төвийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 33/190 дугаартай албан бичиг (хх-ийн 14 хуудас)-ээр иргэн Х.Бат-Амгалан /махны үйлдвэр / нь 218 оны 09 дүгээр сараас хойш В.Гончигсүрэнгийн шугамаас тэжээгдэж байгаа гэх боловч уг маргаж буй 2,500,000 төгрөг нь цахилгааны шугам, ашигласны төлбөрт авсан гэдгийг хариуцагч тал баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч талаас 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч манай цахилгааны шугамыг ашиглаж байсан тул шугам засах ажилд зарцуулсан гэх боловч Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8.-д зааснаар хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй тул хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй, нэхэмжлэгч цахилгаан ашигласны төлбөрийг төлж байсан, уг мөнгийг цахилгаан ашиглуулсны төлбөр гэж үзэх баримт байхгүй, хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

7. Хэрэгт хариуцагчаас нэхэмжлэгч манай хувийн цахилгааны шугамыг ашиглаж байх үед Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 490 дугаартай албан шаардлагыг ирүүлж уг албан шаардлагад цахилгааны агаарын шугамыг зип утас болгох, модон тулгуурыг төмөр бетоноор солих шаардлагатай гэсэн тул уг шаардлагын дагуу шижлүүлэн авсан мөнгийг засварын ажилд зарцуулсан гэх боловч хариуцагчийн эзэмшлийн шугам сүлжээтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч хариуцах үүрэг байхгүй, хариуцагч В.Гончигсүрэн нь нэхэмжлэгчээс 2,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 8.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч В.Гончигсүрэнгээс 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч В.Гончигсүрэнгээс 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бат-Амгаланд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,
өмгөөлөг нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

                                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРАНЗАЯА