Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01252

 

 

 

 

 

 

 

 

2023 06 23 210/МА2023/01252

 

 

Х.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 104/ШШ2023/00212 дугаар шийдвэртэй

Х.Б-гийн нэхэмжлэлтэй,

В.Г-д холбогдох,

2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбацэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Миний бие 2019 оны 06 сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хороонд байрлах аж ахуйн хашаандаа дулааны шугам татах зорилготойгоор хөрш айл В.Г-гийн хашаанаас тог татахаар тохиролцсон. В.Г- нь таньдаг хүнээр тог татуулж өгнө гээд 2,500,000 төгрөгийг авсан боловч, цахилгааны шугам татуулах ажлаа өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй. Иймд хариуцагч амаар тохирсон цахилгааны шугам татуулж өгөхөөр тохирсноо биелүүлээгүй тул түүнээс 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2,500,000 төгрөгийг авсан нь үнэн. Гэхдээ шугам татаж өгөхөөр аваагүй. Би шугам татах эрх бүхий хүн биш. Миний хувийн шугамаас энэ хүн хулгайгаар тог татаж авсан байсан. 2019 онд УБЦТС ХК-аас шугам шаардлага хангахгүй байгааг мэдэгдэж шинэчлэн шаардлага тавьсан. Би өөрөө цахилгааны шугамыг засварлах, сольж мэдэхгүй учраас тус байгууллагаар 4,999,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч манай шугамаас миний зөвшөөрөлгүй тог авч, үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед манайхаас тог авдаг нэлээн хэдэн айл байсан. Тэгээд би тэр хүмүүст цахилгааны шугамаа солих шаардлага гарсан. 5,000,000 төгрөгийн зардал гарахыг хэлэхэд боломжоороо надад мөнгө өгье гэсэн. Х.Б-д энэ байдлаа хэлэхэд тухайн үед надад мөнгө өгөөгүй. Намайг шугамаасаа салаалахыг зөвшөөрөхгүй болохоор шугам сольсны дараа манай хүү рүү ярьж ах нь шугам солиулсан зардалд чинь мөнгө гаргаж өгье, зээл ихтэй, ээждээ хэлээд учрыг олоод өгөөч гээд манай шугамаас тог татсан. Тус 2,500,000 төгрөг нь шугам солиход зарцуулагдсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч В.Г-гээс 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбараас харагдана. Нэхэмжлэлийн шаардлага нь үнэн зөв бус, шүүхэд илт худал нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Бид нэхэмжлэгчид цахилгааны шугам татаж өгөх, түрээслэх зэргээр ямар нэг байдлаар санал тавиагүй. Учир нь би шугам татах эрхгүй юм.

 

Нэхэмжлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг компаниа эрчим хүчээр хангахын тулд манай хувийн цахилгааны шугамыг ашиглах, эрчим хүчээр хангагдах зөвшөөрлийг авахын тулд 2,500,000 төгрөгийг өөрийн хүсэл зоригоор шилжүүлсэн.

 

Нэхэмжлэгч шүүхэд өөр өөр мэдүүлэг өгдөг ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж чадаагүй.

 

Мөн нэхэмжлэгч нь манай шугамыг ашиглахаа больсон ба энэ тохиолдолд 2,500,000 төгрөгийг буцааж авна гэж тохиролцож байгаагүй. Нэхэмжлэгч нь М П- ХХК-ийн захирал бөгөөд тухайн үйлдвэрлэлийн хашаандаа 4-5 хөдөлгүүр ажиллуулж аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг ба тусдаа цахилгааны шугам, трансмотртой байж үйл ажиллагаа явуулах байтал хямд төсвөөр иргэний шонгоос цахилгаан авч тэжээгдсэн. Манай хувийн шугамыг ашиглаж үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд 2,500,000 төгрөг өгч эрчим хүчээр тэжээгдэх зөвшөөрлийг авсан.

 

Гэтэл 4-5 жилийн хугацаанд асуудалгүйгээр цахилгаан авч ашиглаж байсан атал шугамаас тэжээгдэхээ больсны дараа 2,500,000 төгрөгөө буцааж авна гэснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн М П- ХХК-ийг үйл ажиллагаа явуулж байх хугацаанд манайх эрчим хүчээр хангахгүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нь доголдуулах зэрэг байдал үүсгээгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Түрээслэх талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй. Эрчим хүч ашигласны төлбөрөө цаг тухай бүрд тоолуурын заалтаар гарсан үнээр УБЦТС ТӨХК-ийн Налайх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд төлдөг байсан бөгөөд өөрсдөө хүсэлт гарган тог татуулж, тоолуур тавиулсан. Нэхэмжлэгч шүүхэд худал зөрүүтэй шаардлага гаргаагүй, хулгайгаар тог авсан зүйл байхгүй. Хариуцагч 2,500,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү аж ахуйн нэгжийн хашаа руу шугам татуулахын тулд В.Г-гээс зөвшөөрөл авах шаардлагатай болсон. Гэвч зөвшөөрөл өгөөгүй тул өөр газраас тогны утас татсан. Х.Б- жижиг бууз, баншны цех ажиллуулж байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын давж заалдах гомдлоор хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч В.Г-д холбогдуулан цахилгааны шугам татуулж өгөхөөр тохирсон амлалтаа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч манай цахилгааны шугамыг ашиглахын тулд 2,500,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн, харин цахилгааны шугам татаж өгөхөөр амлаагүй гэсэн тайлбарыг гаргаж маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

 

3.1. УБЦТС ТӨХК-ийн Налайх Тооцооны төвөөс 2019 оны 04 сарын 19-ний өдөр 490 тоот шаардлагыг хариуцагч В.Г-д хүргүүлжээ. Хариуцагч нь Налайх дүүргийн 2 дугаар хороо, Жаргалантын хэсэгт орших 0,4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл угсралтын ажлыг 4,996,000 төгрөгийн өртгөөр гүйцэтгүүлж 2019 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авсан нь Гүйцэтгэлийн баримт бичиг-ээр тогтоогдсон байна.

 

3.2. Нэхэмжлэгч Х.Б- 2019 оны 06 сарын 05-ны өдөр 2,500,000 төгрөгийг хариуцагч В.Г-гийн Хаан банк ХХК дахь 0000000000 тоот дансанд Miit partner uildver гэсэн утгаар шилжүүлсэн талаар зохигч маргаагүй. Харин уг төлбөрийг нэхэмжлэгч нь дээрх цахилгааны шугамыг солих зардалд төлсөн гэж хариуцагч маргасан бол нэхэмжлэгчээс цахилгааны шугам татуулах төлбөрт өгсөн гэж мэтгэлцжээ.

 

3.3. Түүнээс гадна УБЦТС ТӨХК-ийн Налайх Тооцооны төвийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 202009157 тоот шаардлагад нэхэмжлэгч Х.Б-гийн махны үйлдвэр нь хариуцагчийн хувийн шугамаас 2019 оны 09 сараас хойш цахилгаанаар тэжээгддэг болохыг дурдаж, нэхэмжлэгчийг цахилгааны зохих зөвшөөрлөө авахыг шаардсан байна. Мөн уг шаардлагад хариуцагч В.Г- нь УБЦТС ТӨХК-ийн шаардлагын дагуу цахилгааны шугам болон тулгуурыг шинэчилснийг тодорхойлжээ.

 

4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар, хэргийн нөхцөл байдлыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

5. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д зааснаар хариуцагч В.Г- өөрийн өмчлөлийн шугам сүлжээний бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг хариуцах үүргийн дагуу уг цахилгааны шугамын засвар, шинэчлэлийн ажлыг 2019 онд хийж гүйцэтгэх үед уг шугамаас дамжуулан цахилгаанаар тэжээгддэг хэрэглэгч болохын хувьд нэхэмжлэгч Х.Б- нь 2,500,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлага ба үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь 2,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үндэслэлээ цахилгааны шугам татуулахын тулд төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд нотлоогүй байна.

 

Харин хариуцагчийн тайлбар, татгалзлыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалд нийцсэн үнэн зөв буюу нэхэмжлэгч нь махны үйлдвэрийн үйл ажиллагаа явуулахдаа хариуцагчийн өмчлөлийн шугамаас цахилгааны эх үүсвэр авч хэрэглэж байсны төлбөрт, уг шугамыг шинэчлэхтэй холбоотойгоор дээрх төлбөрийг төлсөн гэх үндэслэлтэй байна.

 

7. Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.7-д заасны дагуу УБЦТС ТӨХК-ийн Налайх тооцооны төв нь хариуцагчтай тохиролцсоны үндсэн дээр түүний өмчлөлийн шугамаас бусад хэрэглэгч буюу нэхэмжлэгч Х.Б-г цахилгааны эх үүсвэрээр хангасан гэж үзэх үндэстэй.

 

Иймд нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагчийн өмчлөлийн цахилгааны шугамыг ашиглан эрчим хүчээр хангагдаж байсны төлбөрийг хариуцагчид төлсөн байх тул уг 2,500,000 төгрөгийг хариуцагч В.Г-гээс буцаан шаардах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 104/ШШ2023/00212 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч В.Г-гээс 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Э.ЭНЭБИШ