Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00266

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 104/ШШ2022/00548 дугаар шийдвэртэй Х.Б-ийн нэхэмжлэлтэй, В.Г-д холбогдох 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хороонд байрлах аж ахуйн хашаандаа дулааны шугам татах зорилготойгоор хөрш айл В.Г-ийн хашаанаас тог татахаар тохиролцсон. В.Г нь таньдаг хүнээр тог татуулж өгнө гээд 2,500,000 төгрөгийг авсан боловч цахилгааны шугам татуулах ажлаа өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй. Иймд хариуцагчаас 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2,500,000 төгрөгийг авсан нь үнэн. Гэхдээ шугам татаж өгөхөөр аваагүй. Би шугам татах эрх бүхий хүн биш. Миний хувийн шугамаас энэ хүн хулгайгаар тог татаж авсан байсан. 2019 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас шугам шаардлага хангахгүй байгаа тухай мэдэгдэх хуудас өгсөн. Тус байгууллагаар шугам солих ажлыг 4,999,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. Намайг зөвшөөрөхгүй болохоор манай хүү рүү утсаар холбогдож ах нь шугам солиулсан зардалд чинь мөнгө гаргаж өгье, өр зээл ихтэй байна, ээждээ хэлээд учрыг олоод өгөөч гэж хэлээд манай шугамаас тог татсан. Нэхэмжлэгчийн өгсөн 2,500,000 төгрөг шугам солиход зарцуулагдсан гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч В.Г-ээс 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч цахилгааны шугамыг түрээслэхээр 2,500,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Тухайн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд цахилгааны шугамнаас тогыг татаж хэрэглэсэн байхад шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч шугам татахаар тохиролцож хариуцагчид 2,500,000 төгрөгийг өгсөн гэж анхан шатны шүүх хуралдааны явцад мэдүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Гэтэл уг үүргээ биелүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж байсан, 2,500,000 төгрөгөөр шугам татуулах тухай нотлох баримт байхгүй гэж дурдсан. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2,500,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгч нь эрчим хүч ашигласны төлбөрийг тухай бүр тоолуурын заалтын дагуу эрчим хүчний газарт төлж байсан тул хариуцагчид давхар тогны мөнгө өгөх шаардлагагүй. 2,500,000 төгрөгийг өөрийн аж ахуйн хашаа руу шугам сүлжээ татуулахаар өгсөн. Тус ажил бүтээгүй тул өөр газраас тог татсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Х.Б хариуцагч В.Г-д холбогдуулан 2,500,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ В.Г нь тог татуулж өгнө гээд 2,500,000 төгрөгийг авсан боловч цахилгааны шугам татуулах ажлаа өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй гэж тайлбарласан.

Хэргийн 15 дугаар талд авагдсан маргааны үйл баримтад чухал ач холбогдолтой Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар баримт байна.

Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй дээрх баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. Хэргийн оролцогчоос шүүхэд ирүүлсэн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагатай.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтыг үнэлж, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 104/ШШ2022/00548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т. БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БЯМБАСҮРЭН