Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1142

 

 

 

 

 

 

 

 

 

                                          “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/01014 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “М” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 185 699 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч С.У шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “В” ХХК-ийн төлөөлөн Р.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч “М” ХХК нь манай компаниас 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 01/2016 дугаар зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөгийг хүү төлөх нөхцөлтэйгөөр барьцаагүйгээр зээлсэн билээ. Зээлдэгч нь зээлийн гэрээ болон зээлийн хүүгийн талаарх талуудын хоорондын зээлийн хүүгийн талаарх нэмэлт тохиролцооны дагуу 2016 оны 7 дугаар сараас сар бүр зээлийн хүүнд 3 500 000 төгрөг төлж байсан. Гэтэл зээлдэгч “М” ХХК нь 2018 оны 8 дугаар сараас хойш зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг төлөөгүй. 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр “М” ХХК болон манай компанийн хооронд зээлийн гэрээний хүүгийн төлбөл зохих тооцоог нийлсэн. Тухайн тооцоо нийлсэн актаар зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 23 799 500 төгрөг гэж тооцоо нийлж, талууд гарын үсэг зурсан юм. Иймд зээлийн гэрээний үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 23 799 500 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх алданги 321 878 440 төгрөг /618 997 520 хоног/ болж байгаа боловч гэрээний үүрэг нийт төлбөрийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцохоор 61 899 750 төгрөг нийт 185 699 250 төгрөг болж байна. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг “М” ХХК-д удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “М” ХХК-аас 85 699 250 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М” ХХК-ийн захирал Д.Галбадрахтай өмнө нь бизнесийн түнш болон найзууд байсан. “М” ХХК-ийн захирал Д.Галбадрах нь 2016 оны 1 сарын эхээр надтай уулзахдаа манай компани нь батлан хамгаалах яаманд хүнс нийлүүлэх тендерт оролцохоор болсон боловч татвар, нийгмийн даатгалд нийт 120 000 000 төгрөгийн өртэй гарсан гээд мөнгө зээлүүлэхийг хүссэн. Иймд миний бие Д.Галбадрахад итгэж хүүхдийнхээ 100 000 000 төгрөгийн хадгаламжийг барьцаалж, 100 000 000 төгрөгийн зээл авч “М” ХХК-ийн дансанд шилжүүлж өгсөн. 2 сарын дараа залгаж мөнгөө авах талаар ярихад манай компани тендерт ялж чадсангүй, зээлээ борлуулалтаараа төлнө гэсэн хариуг өгсөн. Дахин мөнгөө нэхээд ярихад 2,3 сар хойшлуулаач гэсэн хариу өгсөн. Тиймээс миний бие хувь хүнээс мөнгө 3,5 хувийн хүүтэй мөнгө зээллээ шүү гэж хэлэхэд 3,5 хувиар хүү төлөхийг зөвшөөрсөн тул банкнаас мөнгө зээлж хадгаламж барьцаалсан зээлээ төлсөн. Үүнээс хойш “М” ХХК зээлийн хүүгээ жил гаран төлж байгаад 2017 оноос хойш зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй алга болсон. Дараа нь 2017 оны 2 сарын эхээр очиж уулзахад компанийн захирал солигдож Г.Мөнхбилэг гэж хүн гүйцэтгэх захирлаар томилогдсон байсан. Г.Мөнхбилэг надад хэлэхдээ зээлийн хүүгээ багасгаж 2 хувийн хүүтэй болгох саналыг тавихад Д.Галбадрахыг таньдаг учраас мөнгө зээлсэн 3,5 хувийн хүүг багасгах боломжгүй гэдгээ хэлж тооцооны баримтад нягтлан бодогч байсан н.Болормаа нь гарын үсгээ зурж, Г.Мөнхбилэг гарын үсэг зураагүй, Д.Галбадрахыг өөрөө төлөх ёстой гэж хэлээд зураагүй. Д.Галбадрахыг тамгаа дарчих гэсэн боловч надад тамга тэмдэг байхгүй хураасан гээд гарын үсэг зурж өгсөн. Гэвч “М” ХХК нь зээлийн төлбөрөө төлөлгүй явсаар өдийг хүрсэн. Иймд зээлийн гэрээний дагуу 100 000 000 төгрөг, зээлийн хүү 23 000 000 төгрөг, гэрээний алданги нийт 185 699 250 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулж өгнө үү. Би “М” ХХК-ийн дотоод үйл ажиллагааг мэдэхгүй. Тухайн үед Д.Галбадрах нь гүйцэтгэх захирал бөгөөд хувьцаа эзэмшигч нь мөн байсан. Гэрээ байгуулахдаа гүйцэтгэх захирал гээд гарын үсгээ зурж тамга тэмдгээ дарсан гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн захирал Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“В” ХХК нь манай “М” ХХК-д холбогдуулан 185 699 250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Манай компаниас зээлийн гэрээний хүүнд 23 799 500 төгрөгийг 61 899 750 төгрөгийн алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийн гэрээний хүүг цаг хугацаанд нь төлж байсан ба манай байгууллагад зээлийн гэрээний хүү нь 23 799 500 төгрөгийн үлдэгдэл байгаа талаарх мэдээлэл ирээгүй. Мөн бидний хооронд алданги тооцохгүй гэж тохиролцсон зүйл байдаг. 61 899 750 төгрөгийн алданги нэхэмжилж байгааг ойлгохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “М” ХХК нь 5 хувьцаа эзэмшигчтэй төлөөлөн удирдах зөвлөлтэй байгууллага юм. Нэхэмжлэгч “В” ХХК-иас зээлсэн гэх 100 000 000 төгрөгийг манай компанийн үйл ажиллагаандаа зарцуулаагүй. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Д.Галбадрах нь зээлийн гэрээ байгуулсан асуудал нь хөндөгдөж, Д.Галбадрах ажлаас чөлөөлөгдөж, гүйцэтгэх захирлаар Г.Мөнхбилэг захирал солигдож ирсэн. Тус 100 000 000 төгрөгийг зээлэхдээ иргэн Д.Галбадрах зээлсэн “М” ХХК нь зээлийн гэрээ байгуулаагүй. Хэрвээ компанийн үйл ажиллагаанд зориулахаар зээл авсан бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон хувьцаа эзэмшигч нараас зөвшөөрөл авах ёстой байсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээ нь их хэмжээний хэлцэл хийх эрхгүй этгээд юм. Энэхүү хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Мөн хэлцэл хийх эрхгүй этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “М” ХХК нь хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

“М” ХХК болон “В” ХХК нар нь хуулийн этгээдүүд, тухайн хэлцэл нь 2 иргэний хооронд хийсэн хэлцэл биш, 2 хуулийн этгээдийн хооронд байгуулсан хэлцэл учраас Д.Галбадрахыг тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн үү гэдгийг шалгасны үндсэн дээр хэлцэл хийх ёстой байсан. 100 000 000 төгрөг манай компанийн харилцах данс руу орж Д.Галбадрах хүлээн авч ашигласан учир компани төлөхгүй. Манай компаниас “В” ХХК-д нийтдээ 22 825 500 төгрөгийг өгсөн дээр маргаан байхгүй. Гүйцэтгэх удирдлага нь компанийн тухай хууль, иргэний хуулийг зөрчиж гэрээ байгуулсан тул хэлцэл хүчин төгөлдөр бус, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч “М” ХХК-иас 133 761 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгож, үлдэх 51 937 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 086 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 826 758 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О давж заалдах гомдолдоо:

... Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, "Монголфүүд" ХХК-аас 133 761 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “В” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хууль, Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж, хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох эрхийг олгоогүй, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэрэг үйл ажиллагааг явуулна гэснийг зөрчиж байгуулагдсан гэрээ хэлцэл байхад шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд байгуулсан гэрээ хэлцэл гэж дүгнэсэн нь буруу байна. Тодруулбал: Тухайн үед 2016 онд Гүйцэтгэх захирлын албан тушаалтай байсан Галбадрах нь ТУЗ-өөс зөвшөөрөл авалгүй их хэмжээний хэлцэлд хамаарах үнийн дүнтэй зээлийн гэрээг байгуулсан байсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай хуульчилсан байх тул шүүх тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр болох эсэхийг үнэн зөв тодорхойлж чадаагүй байна. Маргааны зүйл болох Зээлийн гэрээний дүн нь 100 000 000.0/нэг зуун сая/ төгрөг байхаар гэрээнд заасан байх боловч энэхүү мөнгөн дүнгийн хэмжээ нь хариуцагч тал "Монголфүүд" ХХК-ийн хувьд их хэмжээний хэлцэлд хамаарахаар байна. "Монголфүүд" ХХК-ийн дүрэмд зааснаар гүйцэтгэх захирал нь их хэмжээний хэлцэл бие даан байгуулах эрхгүй бөгөөд компанийн дүрмийн 8 дугаар зүйл 8.4-д "Компанийн гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хуульд заасан их хэмжээний хэлцэл мөн эсэхийг тодорхойлохдоо аудиторын зөвлөмжийн дагуу эд хөрөнгийн балансын үнийг мөнгөний ханшийн уналтын түвшинтэй зохицуулан шинэчилж дахин тогтооно" гэж заасан байна. Манай "Монголфүүд" ХХК-ны дүрэмд заасны дагуу гүйцэтгэх захирал Г.Мөнхбилэг нь их хэмжээний хэлцэл гэж үзэж болох мөнгөн дүнгийн хэмжээг /2016 оны байдлаар/ тодорхойлсон. Энэхүү их хэмжээний хэлцэл тодорхойлох нотлох баримтыг шүүхэд гаргасан боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэж нэг талыг барьж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болсон.

Хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох эрхийг хангаагүй, эрх зүйн туслалцаа авах эрхийг нь зөрчин шүүхэд гаргасан хүсэлтийг нь хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэсэн. Өмгөөлөгч С.Ууганбаяр нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд шүүх хурал давхардсан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ба энэ талаар хариуцагч нотлох баримт шүүхэд гаргаагүй боловч шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд өмгөөлөгчийн хурал давхардсан эсэх талаар шалгаж болох байсан. Мөн С.Ууганбаяр өмгөөлөгчөөс татгалзаж, өөр өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хууль зүйн туслалцаа авах боломж байсан боловч энэ талаар боломж олгоогүй. Өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч авах хүсэлтэй гэж хурал нэг удаа хойшлуулж байсан гэх шалтгаан зааж миний эрхийг хязгаарласан. Иймээс хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж байгаа үндэслэлээ нотолж, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр шүүх хуралд оролцох эрхийг хангаагүй болно. Хариуцагч “М” ХХК нь “В” ХХК-д холбогдуулан 2016 оны 1 дүгээр сарын 20-ны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Тэмдэгтийн хураамж дутуу төлсөн, бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 д үндэслэн тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлж хуулийн өмнө мэтгэлцэх, зөрчигдсөн эрх ашгаа хамгаалах боломжоор хангаагүй гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/01014 дугаартай шийдвэр нь шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим зэргийг алдагдуулсан, хэт нэг талыг барьсан, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 185 699 250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 01206 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 100 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 2 %-ийн хүүтэй 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцжээ. Зохигчид зээлийн гэрээний дагуу 100 000 000 төгрөг шилжүүлсэн асуудлаар маргаагүй байна.

 

            Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч зээлийн гэрээний хүү шаардсан шаардлагын үндэслэлээ талууд зээлийн хүүгээ сарын 3.5 % болохоор тохиролцсон уг тохиролцооны дагуу сар бүр 3 500 000 төгрөг төлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч уг байдлаа нотолсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй. Уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа.

 

            Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу талуудын бичгийн тохиролцоог үндэслэн хариуцагч 6 сарын хүүд 12 000 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь зөв болсон байна.

 

            Гэрээний 6.1-д “Б” тал гэрээнд заасан хугацаандаа хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 %-ийн алданги тооцож зээлдэгчид төлөх үүрэгтэй гэж тохиролцсон байна.

 

            Хариуцагч байгууллага зээлийн гэрээний үүрэгт нийт 22 825 500 төгрөг төлснийг, шүүх 12 000 000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн гэж тооцож, үлдэх 10 000 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцсоныг буруутгах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх “М” ХХК-аас зээлийн үндсэн төлбөрт 89 174 500 төгрөг, алдангид 44 587 250 төгрөг нийт 133 761 750 төгрөгийг гаргуулж “В” ХХК-д олгосон нь зөв байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох эрхийг хангаагүй, эрх зүйн туслалцаа авах эрхийг нь зөрчин, шүүхэд гаргасан хүсэлтийг нь хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэсэн” гэж дурджээ.

 

2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал нь өмгөөлөгч С.Ууганбаяртай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, шүүхээс мөн өдөр эрх үүргийг тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулжээ. Шүүх, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр болох шүүх хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч С.Ууганбаярт 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 /хх 22, 36 дугаар тал/

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/01014 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 826 758 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

 

  Ц.ИЧИНХОРЛОО