Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2019/01014

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                

         Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

         Нэхэмжлэгч:“В” ХХК /Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Өнөр хороолол, 22б-85 тоотод байрлах, рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч:“М” ХХК /Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-301 тоотод байрлах, рд:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 185,699,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.  

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “В” ХХК-ийг төлөөлөн Р.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч “М” ХХК нь манай компаниас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 01/2016 дугаар зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийн хүү төлөх нөхцөлтэйгээр, барьцаагүйгээр зээлсэн билээ. Зээлдэгч нь зээлийн гэрээ болон зээлийн хүүгийн талаарх талуудын хоорондын нэмэлт тохиролцооны дагуу 2016 оны 7 дугаар сараас сар бүр зээлийн хүүнд 3,500,000 төгрөг төлж байсан. Гэтэл зээлдэгч “М” ХХК нь 2018 оны 8 дугаар сараас хойш зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг төлөөгүй. “М” ХХК болон манай компанийн хооронд 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээний хүүгийн төлвөл зохих тооцоог нийлсэн. Тухайн тооцоог нийлсэн. Тухайн тооцоо нийлсэн актаар зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 23,799,500 төгрөг гэж тооцоо нийлж, талууд гарын үсэг зурсан юм. Иймд зээлийн гэрээний үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 23,799,500 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх алданги 321,878,440 төгрөг /618,997*520 хоног/ болж байгаа боловч гэрээний үүрэг нийт төлбөрийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцохоор 61,899,750 төгрөг нийт 185,699,250 төгрөг болж байгаа. Манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг “М” ХХК-д удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн захирал н.Г-тай өмнө нь бизнесийн түнш болон найзууд байсан. “М” ХХК-ийн захирал Н.Г нь 2016 оны 01 сарын эхээр надтай уулзахдаа манай компани нь батлан хамгаалах яаманд хүнс нийлүүлэх тендерт оролцохоор болсон боловч татвар, нийгмийн даатгалд нийт 120 000 000 төгрөгийн өртэй гарсан, мөнгө зээлээч гэсэн. Иймд миний бие н.Г итгэж хүүхдийнхээ 100 000 000 төгрөгийн хадгаламжийг барьцаалж, 100 000 000 төгрөгийн зээл авч “М” ХХК-ийн дансанд шилжүүлж өгсөн. 2 сарын дараа залгаж мөнгөө авах талаар ярихад манай компани тендерт ялж чадсангүй, зээлээ борлуулалтаараа төлнө гэсэн хариуг өгсөн. Та мөнгөө манай компанийн данс руу шилжүүлж байгаарай гэж хэлээд дансаа өгч иймэрхүү байдлаар төлж байсан. Дахин мөнгөө нэхээд ярихад 2,3 сар хойшлуулаач гэсэн хариу өгсөн. Тиймээс миний бие хувь хүнээс мөнгө 3,5 хувийн хүүтэй мөнгө зээллээ шүү гэж хэлэхэд 3,5 хувиар хүү төлөхийг зөвшөөрсөн тул  банкнаас мөнгө зээлж хадгаламж барьцаалсан зээлээ төлсөн. Үүнээс хойш М зээлийн хүүгээ жил гаран төлж байгаад 2017 оноос хойш зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй алга болсон. Дараа нь 2017 оны 2 сарын эхээр очиж уулзахад компанийн захирал солигдож н.Мөнхбилэг гэж хүн гүйцэтгэх захирлаар томилогдсон байсан. н.Мөнхбилэг надад хэлэхдээ зээлийн хүүгээ багасгаж 2 хувийн хүүтэй болгох саналыг тавихад н.Галбадрахыг таньдаг учраас мөнгө зээлсэн 3,5 хувийн хүүг багасгах боломжгүй гэдгээ хэлж тооцооны баримтанд гарын үсэг зуруулж, нягтлан бодогч байсан н.Болормаа нь гарын үсгээ зурж, н.Мөнхбилэг нь гарын үсэг зураагүй, н.Галбадрахыг өөрөө төлөх ёстой гэж хэлээд зураагүй. н.Галбадрахыг тамгаа дарчих гэсэн боловч надад тамга тэмдэг байхгүй хураасан гээд гарын үсэг зурж өгсөн. Гэвч “М” ХХК нь зээлийн төлбөрөө төлөлгүй явсаар өдийг хүрсэн. Иймд зээлийн гэрээний дагуу 100 000 000 төгрөг, зээлийн хүү 23 000 000 төгрөг, гэрээний алданги нийт 185 699 250 төгрөгийг хариуцагч “М” ХХК-иас гаргуулж өгнө үү. Би “М” ХХК-ийн дотоод үйл ажиллагааг мэдэхгүй. Тухайн үед н.Галбадрах нь гүйцэтгэх захирал бөгөөд хувьцаа эзэмшигч нь мөн байсан.  Гэрээ байгуулахдаа гүйцэтгэх захирал гээд гарын үсгээ зурж тамга тэмдгээ дарсан гэв.

 

             Хариуцагч “М” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “В” ХХК нь манай “М” ХХК-д холбогдуулан 185,699,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Манай компаниас зээлийн гэрээний хүүнд 23,799,500 төгрөгийг 61,899,750 төгрөгийн алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийн гэрээний хүүг цаг хугацаанд нь төлж байсан ба манай байгууллагад зээлийн гэрээний хүү нь 23,799,500 төгрөгийн үлдэгдэл байгаа талаарх мэдээлэл ирээгүй. Мөн бидний хооронд алданги тооцохгүй гэж тохиролцсон зүйл байдаг. 61,899,750 төгрөгийн алданги нэхэмжилж байгааг ойлгохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай “М” ХХК нь 5 хувьцаа эзэмшигчтэй төлөөлөн удирдах зөвлөлтэй байгууллага юм. Нэхэмжлэгч “В” ХХК-иас зээлсэн гэх 100 000 000 төгрөгийг манай компанийн үйл ажиллагаандаа зарцуулаагүй. 2016 оны 01 сарын 20-ны өдөр н.Галбадрах нь зээлийн гэрээ байгуулсан асуудал нь хөндөгдөж, н.Галбадрах ажлаас чөлөөлөгдөж, гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбилэг захирал солигдож ирсэн. Тус 100 000 000 төгрөгийг зээлэхдээ иргэн н.Галбадрах зээлсэн “М” ХХК нь зээлийн гэрээ байгуулаагүй. Хэрвээ компанийн үйл ажиллагаанд зориулахаар зээл авсан бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон хувьцаа эзэмшигч нараас зөвшөөрөл авах ёстой байсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээ нь их хэмжээний хэлцэл хийх эрхгүй этгээд юм. Энэхүү хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Мөн  хэлцэл хийх эрхгүй этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “М“ ХХК нь хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна.

“М” ХХК болон “В” ХХК нар нь хуулийн этгээдүүд, тухайн хэлцэл нь 2 иргэний хооронд хийсэн  хэлцэл биш, 2 хуулийн этгээдийн хооронд байгуулсан хэлцэл учраас н.Галбадрахыг тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн үү гэдгийг шалгасны үндсэн дээр хэлцэл хийх ёстой байсан. 100,000,000 төгрөг манай компанийн харилцах данс руу орж н.Галбадрах хүлээн авч ашигласан учир компани төлөхгүй. Манай компаниас В ХХК-д нийтдээ 22,825,500 төгрөгийг өгсөн дээр маргаан байхгүй. Гүйцэтгэх удирдлага нь компанийн тухай хууль, иргэний хуулийг зөрчиж гэрээ байгуулсан тул хэлцэл хүчин төгөлдөр бус, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

         Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн хэлэлцээд 

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 185,699,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч “М” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 01/2016 дугаартай Зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн, талууд нэмэлт тохиролцооны дагуу хүүг 2016 оны 7 сараас сар бүр зээлийн хүүг 3,500,000 төгрөг төлөхөөр тохиролцон төлж байсан, зээлийн хүүгийн тооцоог тооцоо нийлсэн актаар 23,799,500 төгрөг гэж тохиролцсон, алдангийг гэрээнд заасны дагуу нийт төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон 61,899,750 төгрөг, нийт 185,699,250 төгрөг болж байгаа тул хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийг төлөөлөн захирал Г.Мөнхбилэг нь зээлийн хүү, алдангийг зөвшөөрөхгүй, зээлийн хүүг цаг тухайд нь төлж байсан, хүүгийн төлбөр 23,799,500 төгрөг байгааг бидэнд мэдэгдэл өгөөгүй, алданги тооцохгүй гэж тохирсон гэсэн тайлбарыг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал “...нэхэмжлэгч нь Галбадрах гэж хүнтэй гэрээ хийсэн, энэ хүн өөрөө авсан, яаж зарцуулсан нь тодорхойгүй, одоо манай компанид ажиллахаа больсон, ...компанийн ТУЗ-аас зөвшөөрөл авалгүй гэрээ хийсэн, гүйцэтгэх захирлын эрх хэмжээг хэтрүүлсэн, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэх зөрүүтэй тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “В” ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гадаад худалдаа, барилгын материалын худалдаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлийн 9011175139, РД: дугаарт бүртгүүлэн Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу захирлаар Р.Энх-Амгаланг томилсон нь хэрэгт авагдсан тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар  тогтоогдож байна. /хх-ийн 4-р хуудас/

 

Хариуцагч М ХХК нь 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гадаад худалдаа, худалдааны зуучлал, хиам үйлдвэрлэл, хүнсний дэлгүүр эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлийн 9011214067, РД: дугаарт бүртгүүлэн Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу захирлаар 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д.Галбадрахыг, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Г.Мөнхбилэгийг тус тус томилсныг бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 19-р хуудас/

 

Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр №01/2016 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, 100,000,000 төгрөгийг зээлэх,  зээлийн 100,000,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах, хүүг сар бүрийн 20-ны өдөр “В” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 412008888 тоот дансанд төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр буюу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцжээ. Уг гэрээнд талуудыг төлөөлөн Р.Энх-Амгалан, Д.Галбадрах нар гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа нь хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдүүдийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “В” ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, М ХХК нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүү, алдангийг төлөх үүргийг тус тус хүлээж гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 281 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болж, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Зээлдүүлэгч “В” ХХК нь зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкин дахь 412008888 дугаарын данснаас  2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч М ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499135873 тоот дансанд шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №7-412/136 дугаар тодорхойлолт, дипозит дансны хуулгаар тогтоогдож байна. “ВОС” ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон тул зээлийн гэрээний үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгчээс үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

   Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан ба талуудын байгуулсан зээлийн гэрээ хуулийн шаардлагад нийцэж байх тул нэхэмжлэгч “В” ХХК нь гэрээгээр тохирсон хугацааны хүү шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч зээлийн хүүг нэмж 3,5 хувь болгохоор тохиролцсон, үүний дагуу зээлдэгч сар бүр 3,500,000 төгрөгийг төлж байсан гэж тайлбарлан тооцооны үлдэгдлийн баталгаа №2018/3, №2018/4, хүүгийн төлөлтийн талаарх баримтуудыг гарган, хүүгийн төлбөрт 23,799,500 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх баримтуудаар талууд зээлийн хүүг 3,5 хувь болгох талаар тохиролцож зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан  гэж үзэх боломжгүй, уг баталгаагаар талууд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 119,174,500 төгрөгийн, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд 123,799,500 төгрөгийг төлбөр, тооцоотой талаар харилцан тохиролцсон байгаа ч хүүг 3,5 хувь болгон өөрчлөхөөр  тохиролцоогүй байна. Харин дээрх нэхэмжлэгчийн гарган ирүүлсэн төлбөр төлөлтийн хүснэгтээр хариуцагч М ХХК нь 23 удаагийн төлөлтөөр нийтдээ 22,825,500 төгрөгийг нэхэмжлэгч ХХК-д төлсөн байх бөгөөд энэ дүн дээр талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч гэрээгээр тохирсон хугацааны буюу 6 сарын хугацаанд 2 хувийн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй байх бөгөөд 100,000,000 төгрөгийн 1 сарын хүүнд 2,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаанд нийтдээ 12,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн байна. Хариуцагчаас нийт нэхэмжлэгчид төлсөн 22,825,500 төгрөгөөс зээлийн хүүнд төлсөн 12,000,000 төгрөгийг хасч, үлдэх 10,825,500 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй байна.

 

 Хариуцагч тал алданги төлөхөөр тохиролцоогүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч зээлийн гэрээний 5.3, 6.1-д зааснаар талууд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байгаа боловч  мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анз буюу алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй гэж заасны дагуу зээлдэгч В ХХК нь гүйцэтгээгүй үүрэг буюу 89,174,500 төгрөгийн 50 хувь болох 44,587,250 төгрөгийн  алдангийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг эс зөвшөөрөн гаргасан тайлбар нь үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ. Учир нь уг зээлийн гэрээ байгуулагдахад хариуцагч М ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу захирал Д.Галбадрах гэрээнд гарын үсэг зурсан, уг мөнгийг хэрхэн зарцуулах нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй юм.

 

Мөн их хэмжээний хэлцлийг компанийн Төлөөлөх удирдах зөвлөлийн гишүүдээс олгосон зөвшөөрлийн дагуу хийх ёстой байтал үүнийг зөрчиж хэлцэл хийсэн, Компанийн тухай хуулийн 83, 86, 87 дугаар зүйлийг зөрчиж хэлцэл хийсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно гэж тайлбарлан М ХХК-ийн дүрэм, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн “их хэмжээний хэлцэлд тооцох, хүчингүй болгох тухай” тогтоол, мөн өдрийн Монгол Фүүд ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 11 дугаартай “хэлцлийг хүчингүй болгох тухай” тушаал зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг няцааж чадахгүй юм. Учир нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.”гэж заасан байдаг.

Хэрэгт авагдсан хариуцагч М ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлд компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг тодорхойлж өгсөн ба өөрийн эрх хэмжээний дотор хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахаар заажээ.

Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг байгуулах үед компанийн гүйцэтгэх удирдлагад Төлөөлөн удирдах зөвлөлөөс ямар эрх хэмжээ олгосон, их хэмжээний хэлцэлд тооцох тухай ТУЗ-аас хэмжээ тогтоосон шийдвэр хэрэгт авагдаагүй, дээрх хариуцагчийн гарган ирүүлсэн ТУЗ-ын тогтоол, захирлын тушаал нь цаг хугацааны хувьд хожим хийгдсэн байх төдийгүй уг баримтыг үндэслэн өмнөх гүйцэтгэх захирлын хийсэн хэлцлийг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд хэлцэлд тооцох боломжгүй байна.  

Харин хариуцагч М ХХК нь түүний гүйцэтгэх удирдлага буюу захирал нь хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, зөрчсөнөөс компанид хохирол учруулсан гэж үзвэл уг учруулсан хохирлыг түүний хөрөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм.

 

Иймд хариуцагч “М” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 89,174,500 төгрөгийг, алдангийн 44,587,250 төгрөгийн хамт нийт 133,761,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,086,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 826,758 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч “М” ХХК-иас 133,761,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгож, үлдэх 51,937,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  1,086,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 826,758 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ВОС” ХХК-д олгосугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                          

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.НЯМСҮРЭН