Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00060

 

 

ВОС ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/01014 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1142 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: ВОС ХХК

Хариуцагч: Монголфүүд ХХК

 

185,699,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргалын гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, Ө.Оргил, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлдээ: Монголфүүд ХХК нь манай компаниас 2016-01-20-ны өдөр 01/2016 дугаар зээлийн гэрээгээр 100сая төгрөгийг хүүтэй барьцаагүй зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээ болон зээлийн хүүгийн талаарх талуудын хоорондын тохиролцооны дагуу 2016-07 сараас сар бүр зээлийн хүүнд 3,5 сая төгрөг төлж байсан. Гэтэл зээлдэгч Монголфүүд ХХК нь 2018-08 сараас хойш зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг төлөөгүй. 2018-02-12-ны өдөр Монголфүүд ХХК болон манай компанийн хооронд зээлийн гэрээний хүүгийн төлбөл зохих тооцоог нийлсэн. Тухайн тооцоо нийлсэн актаар зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 23,799,500 төгрөг гэж тооцоо нийлж, талууд гарын үсэг зурсан. Иймд зээлийн гэрээний үндсэн зээл 100сая төгрөг, зээлийн хүү 23,799,500 төгрөг, 2017-08-01-с өнөөдрийг хүртэлх алданги 321,878,440 төгрөг болж байгаа боловч гэрээний үүрэг нийт төлбөрийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцохоор 61,899,750 төгрөг нийт 185,699,250 төгрөг болж байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Монголфүүд ХХК-аас 185,699,250 төгрөг гаргуулж өгнө үү. Монголфүүд ХХК-ийн захирал Н.Галбадрах нь 2016-01 сарын эхээр надтай уулзахдаа манай компани нь батлан хамгаалах яаманд хүнс нийлүүлэх тендерт оролцохоор болсон боловч татвар, нийгмийн даатгалд нийт 120сая төгрөгийн өртэй гарсан, мөнгө зээлээч гэсэн. Иймд миний бие н.Галбадрахад итгэж хүүхдийнхээ 100сая төгрөгийн хадгаламжийг барьцаалж, 100сая төгрөгийн зээл авч Монголфүүд ХХК-ийн дансанд шилжүүлсэн. 2 сарын дараа залгаж мөнгөө авах талаар ярихад манай компани тендерт ялж чадсангүй, зээлээ борлуулалтаараа төлнө гэсэн хариуг өгсөн. Та мөнгөө манай компанийн данс руу шилжүүлж байгаарай гэж хэлээд дансаа өгч иймэрхүү байдлаар төлж байсан. Дахин мөнгөө нэхээд ярихад 2,3 сар хойшлуулаач гэсэн хариу өгсөн. Тиймээс миний бие хувь хүнээс мөнгө 3,5 хувийн хүүтэй мөнгө зээллээ шүү гэж хэлэхэд 3,5 хувиар хүү төлөхийг зөвшөөрсөн тул банкнаас мөнгө зээлж хадгаламж барьцаалсан зээлээ төлсөн. Үүнээс хойш Монголфүүд зээлийн хүүгээ жил гаран төлж байгаад 2017 оноос хойш зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй алга болсон. Дараа нь 2017-2 сарын эхээр очиж уулзахад компанийн захирал солигдож н.Мөнхбилэг гэж хүн гүйцэтгэх захирлаар томилогдсон байсан. н.Мөнхбилэг надад хэлэхдээ зээлийн хүүгээ багасгаж 2 хувийн хүүтэй болгох саналыг тавихад н.Галбадрахыг таньдаг учраас мөнгө зээлсэн 3,5 хувийн хүүг багасгах боломжгүй гэдгээ хэлж тооцооны баримтанд гарын үсэг зуруулж, нягтлан бодогч байсан н.Болормаа нь гарын үсгээ зурж, н.Мөнхбилэг нь гарын үсэг зураагүй, н.Галбадрахыг өөрөө төлөх ёстой гэж хэлээд зураагүй. н.Галбадрахыг тамгаа дарчих гэсэн боловч надад тамга тэмдэг байхгүй хураасан гээд гарын үсэг зурж өгсөн. Тухайн үед н.Галбадрах нь гүйцэтгэх захирал бөгөөд хувьцаа эзэмшигч нь мөн байсан. Гэрээ байгуулахдаа гүйцэтгэх захирал гээд гарын үсгээ зурж тамга тэмдгээ дарсан гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Мөнхбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компаниас зээлийн гэрээний хүүнд 23,799,500 төгрөгийг 61,899,750 төгрөгийн алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлийн гэрээний хүүг цаг хугацаанд нь төлж байсан ба манай байгууллагад зээлийн гэрээний хүү нь 23,799,500 төгрөгийн үлдэгдэл байгаа талаарх мэдээлэл ирээгүй. Мөн бидний хооронд алданги тооцохгүй гэж тохиролцсон зүйл байдаг. 61,899,750 төгрөгийн алданги нэхэмжилж байгааг ойлгохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголфүүд ХХК нь 5 хувьцаа эзэмшигчтэй төлөөлөн удирдах зөвлөлтэй байгууллага юм. ВОС ХХК-иас зээлсэн гэх 100сая төгрөгийг манай компанийн үйл ажиллагаандаа зарцуулаагүй. 2016-1-20-ны өдөр Д.Галбадрах нь зээлийн гэрээ байгуулсан асуудал нь хөндөгдөж, Д.Галбадрах ажлаас чөлөөлөгдөж, гүйцэтгэх захирлаар Г.Мөнхбилэг захирал солигдож ирсэн. Тус 100сая төгрөгийг зээлэхдээ иргэн Д.Галбадрах зээлсэн Монголфүүд ХХК нь зээлийн гэрээ байгуулаагүй. Хэрвээ компанийн үйл ажиллагаанд зориулахаар зээл авсан бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон хувьцаа эзэмшигч нараас зөвшөөрөл авах ёстой байсан. Компанийн тухай хуулийн 83-д зааснаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээ нь их хэмжээний хэлцэл хийх эрхгүй этгээд юм. Энэхүү хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Мөн хэлцэл хийх эрхгүй этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Монголфүүд ХХК нь хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Монголфүүд ХХК болон ВОС ХХК нар нь хуулийн этгээдүүд, тухайн хэлцэл нь 2 иргэний хооронд хийсэн хэлцэл биш, 2 хуулийн этгээдийн хооронд байгуулсан хэлцэл учраас Д.Галбадрахыг тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн үү гэдгийг шалгасны үндсэн дээр хэлцэл хийх ёстой байсан. 100сая төгрөг манай компанийн харилцах данс руу орж Д.Галбадрах хүлээн авч ашигласан учир компани төлөхгүй. Манай компаниас ВОС ХХК-д нийтдээ 22,825,500 төгрөгийг өгсөн дээр маргаан байхгүй. Гүйцэтгэх удирдлага нь компанийн тухай хууль, иргэний хуулийг зөрчиж гэрээ байгуулсан тул хэлцэл хүчин төгөлдөр бус, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 184/ШШ2019/01014 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Монгол фүүд ХХК-иас 133,761,750 төгрөг гаргуулан ВОС ХХК-д олгож, үлдэх 51,937,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 1,086,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 826,758 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1142 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/01014 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 826 758 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2019-06-19-ний өдрийн ВОС ХХК-ны нэхэмжлэлтэй МонголФүүд ХХК-д хариуцагдах иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж хуралдсан ба Дугаар 1142 магадлалд ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нь гарын үсэг зураагүй байхад тус магадлалыг зохигчдод гардуулсан. Энэ нь ИХШХШТХ-н 167.4-д заасан хуулийн шаардлага хангагдаагүй, хүчин төгөлдөр бус магадлалыг гардуулсан гэж үзэх үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. ҮҮНД: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...Компанийн тухай хуулийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Монголфүүд ХХК-ны дүрмийн 8 дугаар зүйлд компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг тодорхойлж өгсөн ба өөрийн эрх хэмжээний дотор хэлцэл хийх гэрээ байгуулах компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулахаар заажээ. гэж Компанийн тухай хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Компанийн тухай хуулийн 88-д Их хэмжээний хэлцэлийн тухай зохицуулсан байх ба тус нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай зээлийн гэрээний үнийн дүн нь Монголфүүд ХХК-ий хувьд их хэмжээний хэлцэлд хамаарч байгааг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан болно Компанийн тухай хуулийн 88-д Их хэмжээний хэлцэл хийх шийдвэр гаргах, хэлцэл хийх эрх нь зөвхөн Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарч байх атал шүүх их хэмжээний хэлцэлд хамаарах гэрээг энгийн гэрээ хэлцэл мэтээр буруу ойлгож, Компанийн тухай хуулийн 83.8-д заасан хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна. Гүйцэтгэх захирал нь төлөөлөн удирдах зөвлөлөөс их хэмжээний хэлцэл хийх эрх олгосон итгэмжлэл, хурлын шийдвэр зэрэг баримт бичгийг үндэслэн эрх олгогдсоны дараа компанийг төлөөлж их хэмжээний хэлцэлийг хийх, гэрээ байгуулах эрх үүсэх байсан байхад шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд байгуулсан гэрээ хэлцэл гэж дүгнэсэн нь буруу байна. ИХ-н 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай хуульчилсан байх боловч шүүх тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр болох эсэхийг үнэн зөв тодорхойлж, хуулийн энэ заалтыг хэрэглээгүй байна. Монголфүүд ХХК нь ВОС ХХК-д холбогдуулан 2016-01-20-ны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх тэмдэгтийн хураамж дутуу төлсөн бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй, хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-н 58.1-д улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлж болох тухай заасан хуулийг хэрэглээгүй гэж үзэж байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иймд магадлал, шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ВОС ХХК нь 2019-01-30-ны өдөр шүүхэд хандаж, Монголфүүд ХХК-с 185,699,250 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ. Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчинтэй болсноос хойш магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ВОС ХХК-ийн нэхэмжлэлтэй Монголфүүд ХХК-д холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон нэг шүүгч магадлалд гарын үсэг зураагүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэрэг шийдвэрлэхэд оролцсон шүүх бүрэлдэхүүн бүгд гарын үсэг зурах бөгөөд аль нэг шүүгч нь гарын үсэг зураагүй байгааг магадлалыг хүчингүй болгох үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1., 167 дугаар зүйлийн 167.4., 169, 168 дугаар зүйлийн 168.1.5 дахь хэсэгт нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1142 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 826,758 төгрөгийг захирамжаар хариуцагчид буцааж олгосугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

   ШҮҮГЧ Б.УНДРАХ