Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 392

 

Х.Д-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 531 дүгээр магадлалтай, Х.Д-т холбогдох 1710010720094 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Р.Б-н гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Сь овогт Х-ны Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Х.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Х.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Д-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Р.Б гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Х.Д бид хоёр гэр бүл болоод 12 жил амьдрахад урьд өмнө нь надад огт гар хүрч байгаагүй бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 129 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Д-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Д нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вүүдэн хаус” нэртэй караокены гадна эхнэр Р.Б-тай “өөр хүнтэй утсаар ярьлаа” гэсэн шалтгаанаар маргалдахдаа цохьсны улмаас Р.Б-н биед хөнгөн хохирол учруулсан нь шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Мөн шүүхээс Х.Д-ыг урьд нь эхнэр Р.Б-г зодож, дарамтлах зэргээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдэл хийж байгаагүй, тухайн өдөр хардалтын улмаас эрх чөлөөнд нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг Х.Д-т холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн тогтоосон, Х.Д, хохирогч Р.Б нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн бөгөөд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд хохирол учруулсан бол бие махбодийн хүчирхийлэлд тооцно гэсэн дүгнэлт хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” ...үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгоно.

Энэ хэргийн хувьд Х.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр эхнэр Р.Б-д хөнгөн гэмтэл учруулсан байх тул анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд хохирогч Р.Б-н гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 531 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Р.Б-н гомдлыг хангасугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН