Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 531

 

   Х.Д-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

 нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Х.Д-т холбогдох 171001072 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Х-ны Д, 19... оны .. дүгээр сарын ...-ний өдөр ........ аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... дүүргийн 6 дугаар хороо, ....дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ..... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны .. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ......../;

Х.Д нь 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вүүдэн хаус” нэртэй караокены гадна эхнэр Р.Б-г “өөр хүнтэй утсаар ярьлаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг цохиж, зодон, эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, хүзүү, баруун гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Х.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, Х.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Д-т мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

   Прокурор Б.Соёлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

            Учир нь, шүүгдэгч Х.Д нь хохирогч Р.Б-тай 2006 онд гэрлэлтээ батлуулсан эхнэр нөхөр бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан... үйлдэл эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус хуульчилсан.

       Х.Д-н үйлдэл нь хуулийн дээрх заалтад хамаарч байгаа буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрийнхээ биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон.

    Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч Р.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Х.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг хүлээн зөвшөөрсөн. Прокурор Б.Соёлмаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний нөхөр Х.Д бид хоёр 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа ба энэ хугацаанд нэг ч удаа гар хүрч байгаагүй юм. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Х.Д-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Д-г эхнэр Р.Б-г “өөр хүнтэй утсаар ярьлаа” гэх хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх Х.Д-н үйлдсэн хэргийн үйл баримтыг буруу тогтоож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон үндэслэлгүйгээр хөнгөрүүлж, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ. 

Учир нь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Д, хохирогч Р.Б нар нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хуулийн үйлчлэлд нь хамаарах этгээдийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан бол биемахбодын хүчирхийлэлд тооцохоор байна. 

Иймд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Х.Д-т холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.