Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,

хохирогч Р.Б-,

шүүгдэгч Х.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С- овогт Х-ы Д-т холбогдох эрүүгийн 1710010720094 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо .................. тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо 29 дүгээр байрны 1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С- овогт Х-ы Д- /РД:.................../

 

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ............ караокены гадна өөрийн эхнэр Р.Б-г “өөр хүнтэй утсаар ярьлаа” гэх хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг цохиж, зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, хүзүү, баруун гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ зэргийг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай ажлын сагсан бөмбөгийн тэмцээн болж би эхнэртэйгээ хамт оролцсон. Бид тэмцээний дараа бааранд сууж байхад манай эхнэр гарч ороод байсан. Тэгээд 21 цагийн үед эхнэр маань дотор байхгүй болохоор гадаа гарахад утсаар ярьж байсан. Би эхнэрээ хэнтэй утсаар ярьж байгааг нь мэдээгүй. Тэгээд эхнэрийгээ хардаж, түүний хацар руу нь 2-3 удаа алгадаж, түлхсэн. Би урьд өмнө нь эхнэрээ зодож байгаагүй гэв.

 

Хохирогч Р.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би нөхрийн ажлын газрынхантай хамт тэмцээнд ороод оройд нь бааранд орсон. Би гадаа гарч тамхи татаад утсаар ярьж байхад нөхөр Д- гарч ирээд хэрүүл маргаан хийсэн. Нөхөр Д- миний утсыг авч, газар дэвсээд, нүүр рүү хэдэн удаа алгадсан. Урьд нь намайг зодож байгаагүй. Нөхөр маань уучлалт гуйгаад бид хамт амьдарч байгаа.  Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөн хавтас хэргээс:

1. Шүүгдэгч Х.Д- 2018.02.28-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 12 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед ажлын газрын хүмүүстэй Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй караокед суусан. Тэр өдөр байгууллагын тэмцээн болж манай баг 3-р байранд орсон гээд ажлын газрын 10 гаруй хүмүүс нийлж 4 шил 0,75 граммын “Соёрхол” нэртэй архи авч уусан. Бидэндээ хамт манай эхнэр Буяндалай хамт явж байсан ба караокед сууж байхад 21.00 цагийн үед эхнэр Буяндалай өрөөнд байхгүй болчихсон байхаар нь хэсэг хүлээгээд орж ирэхгүй болохоор нь гарч очоод “хэнтэй утсаар яриад байгаа юм бэ” гэхэд “миний явалддаг залуу залгаж байна” гэхээр нь “би яръя” гэхэд утсаа өгсөн. Би тэр залуутай нь яриад “чи хэн юм бэ, би нөхөр нь байна” гэхэд “чиний нөхөр нь байх надад ямар хамаатай юм бэ” гэхээр нь жаахан халамцуу байсан болохоор уур хүрээд утсыг нь газар шидэж, дэвсэж хагалчихаад эхнэрийнхээ хацар руу 2 удаа алгадсан. Эхнэр зугтаагаад караоке руу орохоор нь би араас нь ортол эхнэр Буяндалай ажлын газрын хүний утсаар ах Түмэнбаяр руугаа залгачихсан байсан. Удаагүй Түмэнбаяр ах нь над руу яриад “би очих уу, чи ирэх үү” гэхээр нь “би яваад очье” гэж хэлээд тэндээсээ ах Түмэнбаяр дээр нь очиж уулзсан. Тэгэхэд намайг эхнэрийгээ зодсон гэж цагдаагийн байгууллагад хандсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

2018.03.14-ний өдөр дахин яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолтой танилцлаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,

 

2. Хохирогч Р.Б- 2017.12.14-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 12 дугаар сарын 02-ны манай нөхөр Д-ын ажлын газрын сагсан бөмбөгийн тэмцээн болж тараад тэндээсээ гарч нөхөртэйгээ хоолонд орчихоод 18 цагийн үед ажлын газрынх нь хүмүүстэй хамт ХУД-ийн 11-р хороо Зайсан толгойн зүүн хойно байрлах “...” нэртэй караокед орж суусан. Тэр өдөр би машин барьж байсан болохоор архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Харин манай нөхөр жаахан архи уучихсан халамцуу байсан. Орой 21 цагийн үед нөхөр бид хоёр караокены  гадаа  гарч тамхи татаж зогсож байхад нөхөр Д- намайг “хүнтэй утсаар ярьлаа” гэж хардаж толгойны урд зүүн дух хэсэгт нэг удаа, шанаа руу нэг удаа, гар руу нэг удаа цохихоор нь зугтаагаад дотогшоо орж ажлынх нь хүмүүст хэлчихээд шууд гэртээ ирж ах руугаа залгаж хэлсэн. Манай ах нөхрийг утсаар дуудаж уулзаад цагдаад дуудлага өгсөн. Нөхөр Д- өмнө нь намайг зодож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-8-р хуудас/,

2018.01.25-ны өдөр мэдүүлэхдээ: ...нөхөр Д- намайг байнга хардаж, хэрүүл маргаан хийдэг байсан ч зодож байгаагүй. Тэр орой л анх удаа гар хүрсэн. Намайг караокед байхад манай ажлын газрын Э- “гар утасны цэнэг дуусчихлаа” гэж хэлээд миний гар утсаар олон удаа ярьсан. Дараа нь би нөхөр Д-тай караокены гадаа тамхи татаж байхдаа гар утсаараа оролдоод Э-ийн залгасан дугаарыг хараад байж байтал нөхөр уурлаад “чи утсаараа хэнтэй яриад, мессэж бичээд байгаа юм бэ” гэхээр нь “би хүнтэй яриагүй ээ” гэхэд миний үгийг сонсохгүй гар утас булааж аваад газар шидээд дээр нь гишгэж дэлгэцийг нь хагалсан. Гар утсаа засварын газарт үзүүлэхэд засвар авахгүй гэсэн. Би гар утсаа 2016.09 сард шинээр нь 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би нөхөр Д-тай эвлэрсэн. Бид хоёр хамт амьдарч байгаа тул надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

 

3. Насанд хүрээгүй гэрч Д.Н- 2018.02.05-ны өдөр мэдүүлэхдээ: ...манай аав Д- архи уудаггүй. Аав, ээж хоёр хэрүүл маргаан хийж байгаагүй. Аав Д- ээж болон намайг зодож байгаагүй. Манай аав сайн аав учир би ааваасаа айдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №14953 дугаартай дүгнэлтэнд:

1. Р.Б-д тархи доргилт, дух, хүзүү, баруун гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 14-р хуудас/,

 

5. “Натур” эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-ийн 15-р хуудас/,

6. “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 27-р хуудас/,

7. Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-ийн 29-р хуудас/,

8. Эд мөрийн баримтыг хураан авах тухай /хх-ийн 30-р хуудас/,

9. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 31, 48-р хуудас/,

10. Аюулын зэргийн үнэлгээ  /хх-ийн 46-47-р хуудас/,

11. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хх-ийн 49-53-р хуудас/,

12. Шүүгдэгч Х.Д-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 20-р хуудас/,

- Баянгол дүүргийн 6-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 22-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23-р хуудас/,

- гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/,

- Гэрч С.Содовын мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Д-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Х.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хаус /... / караокены гадна хохирогч Р.Б-г “өөр хүнтэй утсаар ярьлаа” гэх хувийн  харилцаанаас маргалдаж улмаар цохиж, биед нь “...тархи доргилт, дух, хүзүү, баруун гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч Р.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт ”... Би гадаа гарч тамхи татаад утсаар ярьж байхад нөхөр Д- гарч ирээд хэрүүл маргаан хийсэн. Нөхөр Д- миний утсыг авч, газар дэвсээд, нүүр рүү хэдэн удаа алгадсан. Урьд нь намайг зодож байгаагүй. Нөхөр маань уучлалт гуйгаад бид хамт амьдарч байгаа.  Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

         2017.12.14-ний өдөр: ...Орой 21 цагийн үед нөхөр бид хоёр караокены  гадаа  гарч тамхи татаж зогсож байхад нөхөр Д- намайг “хүнтэй утсаар ярьлаа” гэж хардаж толгойны урд зүүн дух хэсэгт нэг удаа, шанаа руу нэг удаа, гар руу нэг удаа цохихоор нь зугтаагаад дотогшоо орсон. ... Нөхөр Д- өмнө нь намайг зодож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-8-р хуудас/,

2018.01.25-ны өдөр: ...нөхөр Д- тэр орой л анх удаа гар хүрсэн. Би караокены гадаа тамхи татаж байхдаа гар утсаараа оролдоод Э-ийн залгасан дугаарыг хараад байж байтал нөхөр уурлаад “чи утсаараа хэнтэй яриад, мессэж бичээд байгаа юм бэ” гэхээр нь “би хүнтэй яриагүй ээ” гэхэд миний үгийг сонсохгүй гар утас булааж аваад газар шидээд дээр нь гишгэж дэлгэцийг нь хагалсан. ... Би нөхөр Д-тай эвлэрсэн. Бид хоёр хамт амьдарч байгаа тул надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №14953 дугаартай дүгнэлтэнд:

1. Р.Б-д тархи доргилт, дух, хүзүү, баруун гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 14-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

  

         Улсын яллагчаас шүүгдэгч Х.Д-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж зүйлчилж гэм буруутайд” тооцох дүгнэлт гаргаж байна.

       

          Шүүгдэгч Х.Д- нь хохирогчтой 2006 онд гэрлэлтээ батлуулсан /хх-ийн 32-р хуудас/ хууль ёсны гэр бүл ба хохирогч Р.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд удаа дараа өгсөн мэдүүлэгт “ Х.Д- урьд өмнө зодож дарамталж байгаагүй. Тухайн өдөр миний утас руу манай ажлын Э- олон удаа залгаад байсан тул хардснаас болсон. Х.Д-тай эвлэрсэн хамт амьдарч байгаа” талаар мэдүүлсэн, насанд хүрээгүй гэрч Д.Нандин-Эрдэний “...манай аав Д- архи уудаггүй. Аав, ээж хоёр хэрүүл маргаан хийж байгаагүй. Аав Д- ээж болон намайг зодож байгаагүй. Миний аав сайн аав...гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,  “Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээгээр “эрсдэлийн түвшин бага” /хх-ийн 49-53-р хуудас/, “Аюулын зэргийн үнэлгээгээр “аюулын зэрэг бага” /хх-ийн 46-47-р хуудас/ гэсэн дүгнэлт зэрэг  баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч Х.Д- нь хохирогч Р.Б-тай хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн дотор тэгш эрх эдлэх боломжийг хязгаарласан түүнчлэн “гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр”-ийг агуулсан аливаа үйлдэл хийж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

         Харин шүүгдэгч Х.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас эхнэр Р.Б-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Х.Д-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Х.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хаус /... hоuse/ нэртэй модон караокены гадна хохирогч Р.Б-тай “өөр хүнтэй утсаар ярьлаа” гэх хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар цохиж, биед нь “...тархи доргилт, дух, хүзүү, баруун гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Р.Б-гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №14953 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Х.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчээс “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Х.Д- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Х.Д-ын хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Р.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй үзэв.

 

           Шүүгдэгч Х.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний  баримт бичиг ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.