Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
Хэргийн индекс | 102/2021/03785/И |
Дугаар | 102/ШШ2023/01636 |
Огноо | 2023-04-26 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2023/01636
2023 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2023/01636 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт *** овогтой *** /РД:***/,
Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***-йн *** /РД:***/,
Нэхэмжлэлийн шаардлага: 24,416,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*** ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Д.*** аас 24,416,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2021 оны 5 дугаар сарын 02-ноос 18-ны өдрүүдэд БНХАУ-ын иргэн Эрээн хотод оршин суудаг гэх *** с барилгын бараа материал захиалахаар тохиролцож, түүний Монгол улсад хамтран ажилладаг хариуцагч иргэн *** д өөрийн Хаан банкны *** дугаарт данснаас хариуцагч *** ы Хаан банкны *** дугаарт данс руу 2021 оны 5 дугаар сарын 19-ийн, 20-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр нийт 24,416,000 төгрөг шилжүүлсэн. Миний бие тус барилгын материалын төлбөрийг цаг тухайд нь хариуцагч иргэнд шилжүүлснээс хойш БНХАУ-ын барааг над руу илгээх Баяр нь бараа материал явуулахад саадтай байна, хил хаагдчихлаа, Замын үүд рүү гарсан байгаа гэх мэтээр хугацаа сунгаж худал ярьсаар ирсэн ба 9-р сараас эхлэн уг Хятад иргэн надаас холбоогоо таслан хариу өгөхөө больсон. Анх би БНХАУ-ын иргэн Баяртай холбогдон худалдаа хийх хүрээнд түүний Монгол улсын хамтрагч болох хариуцагч *** д итгэн буух эзэн буцах хаягтай гэх үндэслэлээр мөнгөө шилжүүлсэн. Тус шилжүүлгээс хойш өнөөдрийг хүртэл би захиалсан бараа материалаасаа огт ширхэг ч материал өдийг хүртэл хүлээн аваагүй бөгөөд одоо дахиж хүлээх боломжгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч *** тай холбоотой уг хэрэг явдлын талаарх мэдүүлэг, бүхий л харилцсан тэмдэглэл, шилжүүлэг дансны хуулга, түүний хамтрагч гэх нотолгоо зэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэн өгсөн болно. Иймд надад эд материал, цаг хугацааны хохирол үзүүлсэн хариуцагч *** аас миний шилжүүлсэн төлбөр болох 24,416,000 төгрөгийг аливаа хүү, шимтгэл тооцолгүй гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *** гэх хүнийг огт танихгүй өмнө нэг ч удаа уулзаж байгаагүй бөгөөд миний бие түүнээс ямар нэг байдлаар мөнгө төгрөг хүлээн аваагүй түүний өмнө үүрэг хүлээгээгүй билээ. Манай гэр бүл Бөмбөгөр худалдааны төвд гутлын лангуу эрхэлж худалдаа эрхэлдэг бизнесийг олон жил хийж байгаа болно. Энэ бизнес ажил хэргийн шугамаар БНХАУ-аас бараагаа татаж Монгол улсад борлуулдаг бөгөөд тус улсын бизнес эрхлэгч иргэдтэй хамтран ажиллаж бизнесээ явуулдаг. Дэлхий нийтэд ковид 19 цар тахал хамрагдаж, хил гааль хаагдсан энэ үед манай Монгол Улсын иргэд онлайн буюу цахим хэлбэрээр бизнесээ явуулж урд хөршөөс бизнес хийдэг наймаачин иргэдээс онлайнаар бараа захиалж хамтран ажиллах явдал элбэг болсон. Миний олон жил бараагаа авдаг байсан БНХАУ-ын иргэн *** буюу Монгол нэр нь *** гэх Өвөр Монгол хүн манай иргэдээс барааны захиалга авч бараа захиалгынхаа мөнгийг миний Хаан банк дахь *** дансыг ашиглаж авдаг байсан бөгөөд миний бие дансанд орж ирсэн мөнгийг өөрийн төрсөн эгч *** рүү шилжүүлж эгч юань болгоод *** руу шилжүүлдэг байсан. Миний дээрх Хаан банкны дансанд урдаас бараа захиалж байгаа маш олон иргэдийн мөнгө шилжиж орж ирдэг бөгөөд хаанаас хэн гэж хүнээс хэдэн төгрөг орж ирдэгийг би тухайлан хянаж шалгадаггүй бөгөөд яг тухайн дүнгээр нь буцаагаад шилжүүлдэг юм. Б.*** гэдэг хүн намайг нэхэмжилж буй дээрх мөнгийг залилан мэхэлж авсан гэж Цагдаагийн байгууллагад өмнө өгсөн байсан. Цагдаагаас хэд хэдэн удаа ярьсан боловч чимээгүй болсон хэрхэн яаж шийдвэрлэснийг мэдэхгүй. Энэ асуудал болсоны дараа би *** руу холбогдож миний дансыг дахин ашиглахгүй байхыг сануулсан бөгөөд учрыг асуухад *** гэдэг Өвөр Монголын бараа захиалгын мөнгө байсан учраас *** д нь өгсөн гэж тайлбарласан. Миний бие *** гэх хүнтэй ямар нэг гэрээ хэлцэл хийж мөнгө төгрөг аваагүй, огт танихгүй. Харин өөрөө хариуцлагагүй болгоомжгүй асуудлаас болж бусдад мөнгөө өгчихөөд намайг удаа дараа цагдаа шүүхээр явуулж байгаад гомдолтой. *** нь бараа захиалж хэлцэл хийсэн хүнээсээ мөнгөө нэхэх боломжтой. Иймд *** гэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Б.*** ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, Б.*** ын Хаан банкны 2021 оны 5 дугаар сарын 19-ний, 20-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 5/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хх 18/, Д.*** ы Хаан банкны 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хоорондох депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 19-20/, Нэхэмжлэлд тодруулга гаргаж, хууль зүйн үндэслэлээ өөрчлөх тухай /хх 179/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх 11/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 22/, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүтээн байгуулалтын банкны мөнгөн гүйлгээний шилжүүлгийн хуулга, орчуулга /хх 24-29/, Д.*** ы хаан банкны 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 30-33/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Д.*** аас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 54-55/, итгэмжлэл /хх 155/, Д.Л***н хаан банкны 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 5 дугаар сарын 20-ны өдрийн хоорондох депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 156-160/.
5. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: хариуцагчийн хүсэлтээр 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчаас гарган өгсөн СиДи-д бичигдсэн ярианы бичлэгт үзлэг хийсэн /хх 50-53/, Д.*** г гэрчээр асуусан /64-66/, Хаан банкны 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 29/3152 дугаартай албан бичиг /хх 171/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн *** тоот албан бичиг, хавсралт /хх 189-191/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*** нь хариуцагч Д.*** д холбогдуулж 24,416,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ ...*** с барилгын бараа материал захиалахаар тохиролцож, түүний Монгол улсад хамтран ажилладаг хариуцагч иргэн *** д өөрийн Хаан банкны *** дугаарт данснаас хариуцагч *** ы Хаан банкны *** дугаарт данс руу 2021 оны 5 дугаар сарын 19-ийн, 20-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр нийт 24,416,000 төгрөг шилжүүлсэн. ...*** нь өөрийн дансаар надаас шилжүүлсэн 24,416,000 төгрөгийг цааш шилжүүлээгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрсөн татгалзлаа ...Миний олон жил бараагаа авдаг байсан БНХАУ-ын иргэн *** буюу Монгол нэр нь *** гэх Өвөр Монгол хүн манай иргэдээс барааны захиалга авч бараа захиалгынхаа мөнгийг миний Хаан банк дахь *** дансыг ашиглаж авдаг байсан бөгөөд миний бие дансанд орж ирсэн мөнгийг өөрийн төрсөн эгч *** рүү шилжүүлж эгч юань болгоод *** руу шилжүүлдэг байсан. ...Миний бие *** гэх хүнтэй ямар нэг гэрээ хэлцэл хийж мөнгө төгрөг аваагүй, огт танихгүй. *** нь бараа захиалж хэлцэл хийсэн хүнээсээ мөнгөө нэхэх боломжтой гэсэн агуулгаар тайлбарлав.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Хэрэгт нэхэмжлэгч Б.*** ын Хаан банк дахь *** тоот дансны хуулга авагдсан. 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 19,416,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг хариуцагч Д.*** ы *** тоот данс руу шилжүүлсэн байна.
2. Хариуцагч Д.*** нь нэхэмжлэгчээс 24,416,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд хариуцагчаас хүлээн авсан мөнгийг Д.*** д шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан Д.*** ы Хаан банк дахь *** тоот дансны хуулгаас үзэхэд хариуцагч нь 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 21,000,000 төгрөг, 22,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг Д.*** гийн Хаан банк дахь *** тоот данс руу Мөнхөө гэж гүйлгээний утгыг тэмдэглэн тус тус шилжүүлсэн байна.
3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.
Хариуцагч нь өөрийн татгалзлаа нэхэмжлэгчтэй ямар нэг гэрээ хэлцэл хийж мөнгө төгрөг аваагүй, нэхэмжлэгчийг огт танихгүй гэж тайлбарласан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн харилцааны онцлог нь нэг талаас гэрээний бус харилцаанд хамаардаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүрэг үүсээгүй байгаа нь гэрээний бус харилцаа болно. Үүрэг үүсээгүй гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ. Мөн хариуцагчаас *** нь бараа захиалж хэлцэл хийсэн хүнээсээ мөнгөө нэхэх боломжтой гэж татгалзлаа илэрхийлсэн боловч энэ нь нэхэмжлэгч бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хариуцагчид мөнгө шилжүүлсэн байх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн харилцааны нэг шинж юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Баяр гэх хүний өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр энэ нөхцөл байдлыг өөрөө мэдэж хариуцагчид мөнгө шилжүүлсэн байна.
Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгийг Д.*** д дамжуулан өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчаас Д.*** гийн Хаан банк дахь *** тоот данс руу шилжүүлэн өгсөн мөнгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгө гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал хариуцагч Д.*** ы Хаан банкны дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгө болон Д.*** д шилжүүлэн өгсөн гүйлгээний мөнгөн дүн зөрүүтэй байхаас гадна 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн байхад хариуцагч Д.*** гийн данс руу 1,000,000 төгрөгийг Мөнхөө гэж гүйлгээний утгыг тэмдэглэн шилжүүлэн өгсөн. Мөн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөг хариуцагчид шилжүүлэн өгөхөд Д.*** гийн данс руу мөнгөн гүйлгээ хийгээгүй байна.
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр түүний хавтаст хэрэгт хавсарган өгсөн ярианы бичлэг бүхий СD-д 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн. Уг үзлэгийн тэмдэглэлд хариуцагч талаас гаргаж өгсөн ярианы бичлэгийг *** ХХК-ийн баталгаат орчуулгаар Монгол хэл рүү орчуулсан 3 хуудас бичвэрийг хавсаргасан. Мөн ярианы бичлэгт яригдсан гэх гүйлгээний баримтуудыг хавтаст хэрэгт гарган өгсөн. Хариуцагч талаас энэхүү ярианы бичлэгийг Баяр болон *** гэх хүмүүсийн харилцан ярианы бичлэг гэж тайлбарлаж байгаа боловч уг ярианы бичлэгт хэн болох этгээдүүд харилцан ярилцаж байгаа нь тодорхойгүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт гэж үзэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.*** нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хариуцагчид 24,416,000 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүрэг үүсээгүй учир нэхэмжлэгч нь хариуцагч Д.*** ыг 24,416,000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж буцаан шаардах эрхтэй байх тул шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.*** аас 24,416,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 280,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*** аас 24,416,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*** т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*** аас 280,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*** т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН