Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/шш2023/01352

 

 

0000 оны 00 сарын 00 өдөр

Дугаар 102/ШШ0000/00000

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 75,675,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С...., хариуцагч Д...., хариуцагчийн өмгөөлөгч Ш...., гэрч О.,...шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д.... нь хариуцагч Д....д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 75,675,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Тухайлбал: Д.... нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Д....орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, .... тоот орон сууцыг Д.... нь барьж гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Дээрх гэрээний захиалагч Д.... нь ... тоот орон сууц захиалагчийн эрхийг Д....д шилжүүлэхээр 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэ гэрээний төлбөрт Д.... нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 45,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 35,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 10,000,000 төгрөг, нийт 90,450,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 40,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 50,450,000 төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний 4.1-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 50,450,000 төгрөгийн 0,3 хувиар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сар хүртэл алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 25,225,000 төгрөгийн алданги мөн нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Д.... нь ... тоот орон сууцыг 80,000,000 төгрөгөөр зарахад болно гэж хэлсэн. Тэр байрыг 3 сарын дараа зарсан бөгөөд эхний ээлжид 40,000,000 төгрөгийг өгсөн, дараа нь 40,000,000 төгрөгийг Д....той Гэгээнтэн төвийн гадаа зогсоолд уулзаж өгсөн, тэрээр мөнгийг шууд О-д өгсөн. Энэ мөнгийг 23,000,000 төгрөгийг барьцаалан зээлдүүлэх газраас, 18,000,000 төгрөгийг дүүгээсээ тус тус зээл авч өгсөн. Хэрэв үлдэгдэл 40,000,000 төгрөгийг төлөөгүй байсан бол Д.... нь 3 жил гаруй хугацаанд нэхэх боломжтой байснаас гадна тэрээр өөрөө Д....д зээлсэн мөнгөө шилжүүлэхгүй байсан. Нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс Д.... болон Д.... нарын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/05-1 дугаартай төлбөр барагдуулах гэрээ /хх 4/, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/05 дугаартай эрх шилжүүлэх гэрээ /хх 6/, хариуцагчаас Д.Л-н Худалдаа хөгжлийн банк дахь ....дугаартай дансны хуулга /хх 81-82/, Б болон Д.... нарын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ /хх 83/, улсын бүртгэлийн...., ...., .... дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 84-86/, гэрч Д....оос Б.А-д буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ байгуулах тухай хүсэлт /хх 125/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр шүүх гэрч Д.Э, О.О, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.... нарыг асууж, шүүхээс  тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийг бүрдүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь эрх худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 50,450,000 төгрөг, алдангид 25,225,000 төгрөг, нийт 75,675,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, эрх шилжүүлэх гэрээний төлбөр 90,450,000 төгрөгийг 80,000,000 төгрөг болгож багасгахаар нэхэмжлэгчтэй амаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгч Д....од хоёр удаа 40,000,000 төгрөг бэлнээр төлж гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргажээ.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч Д.... нь ... тоот үл хөдлөх эд хөрөнгийн орон сууц захиалан бариулах гэрээний захиалагч талын эдлэх эрх, үүргийг Д....д шилжүүлэх, хариуцагч Д.... хариу төлбөрт 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 45,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 35,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 90,450,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Д.... болон Д.... нарын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ, Д.... болон Д.... нарын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Эрх шилжүүлэх гэрээ болон төлбөр барагдуулах гэрээ зэргээр тогтоогдож байна.

  Энэхүү тогтоогдсон үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний зүйлийн доголдолтой холбоотой асуудлаар зохигчид маргаагүйгээс гадна урьдчилгаа 40,000,000 төгрөг өгсөн талаар маргадаггүй юм.

Харин үлдэгдэл 50,450,000 төгрөгийг амаар тохиролцож 40,000,000 төгрөг болгосон бөгөөд бэлнээр шилжүүлэн өгсөн эсэх талаар маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхтэй холбоотой нотлох баримтыг заахдаа банк бус санхүүгийн байгууллагаас 23,000,000 төгрөгийн зээл авсан, гэрч Д.Эрдэнэжаргалаас 18,000,000 төгрөг зээлсэн, гэрч О.Олдохын хажууд 40,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарласан боловч гэрч О.Олдохын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн би мөнгө аваагүй, Д.... Д....д мөнгө өгч байхыг хараагүй гэх мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэжаргалын шүүхэд өгсөн 18,000,000 төгрөгийг Д....од өгснийг хараагүй гэх мэдүүлэг, 22,600,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Д.... өөртөө бэлнээр авсан зэрэг баримтаар гэрээний үлдэгдэл 50,450,000 төгрөгийг амаар тохиролцож 40,000,000 төгрөг болгосон бөгөөд бэлнээр шилжүүлэн өгсөн гэсэн хариуцагчийн татгалзал тогтоогдохгүй байна.

Мөн Д.Л-н данс руу Б, Д нараас мөнгөн хөрөнгө шилжүүлж байсныг талуудын хооронд тооцоо дууссан учир Д.... нь Д....эс зээлсэн мөнгөө шилжүүлж байсан гэх татгалзал үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.... нь Иргэний хуулийн  236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж дуусгавар болгосон болохоо баримтаар нотлоогүй байна.

7. Талууд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр .... тоот орон сууцны захиалагчийн шаардах эрхийг 90,450,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Дээрх эрхийн улсын бүртгэлийн ......... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Д.... нь Д-н өмчлөлд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлж, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 102,600,000 төгрөгийг худалдаа хөгжлийн банкны дансаар авсан тул Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй гэснийг нэхэмжлэгч зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр, хэрэгжүүлэх боломжтой, дуусгавар болоогүй байх тул хариу үүргийн үлдэгдэл 50,450,000 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй юм.

8. Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний 4.1-т төлбөр төлөгч нь энэхүү гэрээний 3.1-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.

Алдангийн хэмжээг гэрээний 3.1.3-т заасан төлбөр төлөх хамгийн сүүлийн хугацаа буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 50,450,000 төгрөгийн 0,3 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба нэхэмжлэгчээс алдангийн хэмжээг хууль болон гэрээнд заасан хэмжээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 25,225,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

9. Иймд хариуцагч Д....эс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 50,450,000 төгрөг, алданги 25,225,000 төгрөг, нийт 75,675,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д....од олгож шийдвэрлэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д....эс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 75,675,000 /далан таван сая зургаан зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д....од олгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Д....эс улсын тэмдэгтийн хураамжид 536,325 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д....од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ