Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/00183

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/00183

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М ХХК 

 

Хариуцагч: В ХХК 

 

Хариуцагч:  Ш

 

Хариуцагч: Г

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 225,439,999 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Хариуцагчийн өмгөөлөгч Ю.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: П.Г, Д.Ш нар нь М ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 272 тоот зээлийн гэрээ байгуулж 120,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж бэлнээр хүлээн авсан. Зээлийг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож В ХХК-ийн хөрөнгө болох 200 ширхэг пальто, товчны нүхний оёдлын машин 1 ширхэг, шулуун оёдлын машин 7 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг, уурын индүү 3 ширхэг, ирээдүйд олох орлого 100,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийн хөрөнгийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 272а дугаартай зээлийн барьцааны гэрээг байгуулан барьцаалсан. Зээл авснаас хойш зээл, зээлийн хүүгээ огт төлөөгүй, 2 удаа зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл сунгасан. Зээлдэгч нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 98,800,000 төгрөг төлснөөс зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 54,800,000 төгрөг, зээлийн хүүд 44,000,000 төгрөгийг тус тус суутган тооцсон. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дууссан боловч үлдэгдэл төлбөр буюу 65,200,000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг огт төлөхгүй, гэрээний хугацаа дуусаж, улмаар зээлийн төлбөрөө төлөхөөс зайлсхийж, манай байгууллагад хохирол учруулж байсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2018/03105 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2, 123.3-т заасны дагуу буцааж шийдвэрлэсэн. Улмаар 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2018/04170 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх заалтыг удирдлага болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжид үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00781 тоот захирамжаар эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсний дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцагч П.Г, Д.Ш нарыг эрэн сурвалжилж, хуучин оршин сууж байсан хаягандаа байгааг олж тогтоосон. Бид энэ хугацаанд зээлийн хүүгийн хэт их хуримтлал үүсч, улмаар зээлдэгчид хүндрэлтэй нөхцөл үүсгэхээс болгоомжилж, өөрсдийн аль болох боломжтой бүх хэлбэрээр зээлийг төлүүлэхээр ажилласан боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүсээгүй, ямар нэгэн идэвх, чармайлт, санал санаачлага, хүсэлт гаргаагүй билээ. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар тасалбар болгон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд тус тус заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 272 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 65,200,000 төгрөг, зээлийн хүү 94,433,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,886,666.67 төгрөг бүгд 178,520,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан буюу хариуцагч нарын төлөөлөгч болон өмгөөлөгч нар элдэв хэрэгт ач холбогдолгүй зүйлсийг тодруулах, ач холбогдолгүй мэдээлэл тодруулахаар гэрч шүүх хуралдаанд дуудуулах зэргээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, маш их хугацаа авсан. Тиймээс хэрэглээний барааны үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт, инфляци зэргийг тооцож үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрсэнучир бид нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэсэн. Үүнд: 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү 39,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,819,999 төгрөг, нийт 46,919,999 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Ингээд хариуцагч нараас нийтдээ 225,439,999 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагуудаа дэмжиж оролцож байна гэжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус ББСБ-д 100,000,000 төгрөгийг бэлнээр төлж үлдэх төлбөрт нь хариуцагч нарын дүү болох Ц.Т-ийн өмчлөлд байсан Төв аймгийн Эрдэнэ сумд байрлалтай 40 га газрыг үлдэх төлбөрт нь тооцож өгөөд өр төлбөрөө бүрэн дуусгасан байхад 178,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Мөн уг зээлийн гэрээнд Д.Ш, В ХХК хамаагүй байхад хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараар нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр М ХХК нь П.Г, Д.Ш нартай 272 тоот Зээлийн гэрээ-г бичгээр байгуулжээ. Уг зээлийн гэрээгээр 120,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол зээлийн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохирсон байна. Улмаар гэрээний талууд 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 272а тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г бичгээр байгуулж, зээлийн гэрээний хугацааг 4 сараар, мөн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 272б тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г бичгээр байгуулж гэрээний хугацааг 2 сараар тус тус сунгажээ.

 

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр М ХХК нь П.Г, Д.Ш нартай 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 272 тоот Зээлийн гэрээ-ний үүргийг хангах баталгаа болгон 272а тоот Зээлийн барьцааны гэрээ-г бичгээр байгуулж 20,000,000 төгрөгийн үнэ бүхий үлдэгдэл бараа /200 ширхэг пальто/, 30,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж /товчны нүхний оёдлын машин, шулуун оёдлын машин 7 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг, уурын индүү 3 ширхэг/, 100,000,000 төгрөгийн ирээдүйн орлого зэргийг тус тус барьцаалахаар харилцан тохирсон байна.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М ХХК нь хариуцагч П.Г, Д.Ш, ВХХК-иудад холбогдуулж 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээл 65,200,000 төгрөг, зээлийн хүү 94,433,333.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,886,666.67 төгрөг, нийт 178,520,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагуудыг гаргаж шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хүү 39,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,819,999 төгрөгөөр өөрийн шаардлагын хэмжээг ихэсгэж, нийтдээ 225,439,999 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаан гаргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний зээлдэгч тал буюу хариуцагч П.Г, Д.Ш нараас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 225,439,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагчийн ...зээлийн гэрээний хугацаанд 100,000,000 төгрөгийг төлсөн, мөн 48,000,000 төгрөгт тооцож газар өгсөн, одоо тооцоод үзэхээр зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр нь 20 орчим сая төгрөг байгаа гэх тайлбар хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй, энэхүү татгалзлаа хариуцагч тал баримтаар нотлоогүй болно.

 

2. Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна, 154.4-т Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж заасантай нийцнэ.

 

Хэрэгт Хөрөнгийн жагсаалт гэсэн баримт авагдсан. Уг баримтад хавар, намрын пальто 200 ширхэг, товчны нүхний оёдлын машин 1 ширхэг, шулуун оёдлын машин 7 ширхэг, хэрээсний машин 1 ширхэг, уурын индүү 3 ширхэг гэж бичигдсэн ба В ХХК-ийн захирал гарын үсгээ зурж, тамгаа даржээ /хх 15, 65/.

 

Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ гэжээ.

 

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр М ББСБ ХХК нь П.Г, Д.Ш нартай 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 272 тоот Зээлийн гэрээ-ний үүргийг хангах баталгаа болгон 272а тоот Зээлийн барьцааны гэрээ-г бичгээр байгуулсан. Дээрх бичгийн баримт болон хэрэгт цугларсан баримтуудаар барьцаа болох хөдлөх хөрөнгүүд нь В ХХК-ийнх мөн болох, түүнчлэн хуулийн этгээд нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалуулах зөвшөөрөл олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Иймд В ХХК нь нэхэмжлэгчтэй аливаа гэрээний оролцогч болоогүй учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,513,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Г, Д.Ш нараас 1,513,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч П.Г, Д.Ш нараас 225,439,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, хариуцагч В ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 20,000,000 төгрөгийн үнэ бүхий үлдэгдэл бараа /200 ширхэг пальто/, 30,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж /1 ширхэг товчны нүхний оёдлын машин, 7 ширхэг шулуун оёдлын машин, 1 ширхэг хэрээсний машин, 3 ширхэг уурын индүү/, 100,000,000 төгрөгийн ирээдүйн орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,513,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Г, Д.Ш нараас 1,513,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ