Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/00391

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/00391

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Г ХХК 

 

Хариуцагч: Ш ХХК 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 94,505,063 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Манай компани нь БНХАУ-аас импортоор хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан 60 гаруй нэр төрлийн нарийн ногоо, жимс импортоор оруулж ирж худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь хариуцагч олон улсын тээвэрлэлтийн Ш ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 08/19-001 дугаар тээвэрлэлтийн гэрээний дагуу хамтран ажилладаг. 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр манай харилцагч С ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах О гүний уурхайд 14 тонн 303 грамм, 95,246,681.81 төгрөгийн хүнсний нарийн ногоо, жимс худалдан авахаар манай компанид захиалга өгсөн. Манай компани захиалгын дагуу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр олон улсын тээвэрлэлтийн компани болох Ш ХХК-иар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах О гүний уурхайд 14 тонн 303 грамм, 94,504,063 төгрөгийн хүнсний нарийн ногоо, жимсийг тээвэрлүүлэхээр захиалга өгч 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 08/19-001 дугаар тээвэрлэлтийн гэрээний дагуу мөн гол нөхцөл болох тээврийн хөлсийг, нэмэлт нөхцөл болох хөргүүрийн температурыг тусгайлан албан ёсоор +2-1+4/ градусд тээвэрлүүлэхээр тохиролцсон. Энэ нь хариуцагч компанийн захиралтай харилцсан бичвэр /вичат/-ээр давхар нотлогдоно. Манай компанийн тусгай хөргүүртэй ногооны агуулахаас 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тээвэрлэхээр тохиролцсон барааг тээвэрлэгч компани машинд ачиж замдаа гарахад бэлэн болсон. Тус хүнсний ногоо нь 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гаалиар орж ирсэн. Биет үзлэг шалгалтаар ургамлын хорио цээртэй зүйл илрээгүй, гадны гэмтэлгүй, үнэргүй байсан бөгөөд Гаалийн Ерөнхий газраас өгсөн Р03223030834 дугаар амьтан, ургамал, түүхий эдийн импортийн гэрчилгээ болон камерын бичлэгүүдээр нотлогдоно. Гэвч хариуцагч компани нь тээврийн үйлчилгээ хийж байх хугацаанд тээвэрлэлтийн үеийн температурын горим хангаж, хөргүүрийг ажиллуулж тээвэрлээгүйн улмаас жимс, нарийн ногоонд бүрэн хэмжээгээр өөрчлөлт орсон муудахад бэлэн болсон байдалтай хүлээн авагч компанид очсон. Энэ нь С ХХК-иас манай компани руу илгээсэн үл тохирлын тайлангаас, мөн тайланд хавсаргасан гэрэл зургуудаас харагдана. Жимс, хүнсний нарийн ногоонууд хүлээн авагчид очих үедээ жимс, нарийн ногооны темпертур +23.7 градусд байсан ба зарим хүнсний ногооны хувийн дулаан нь 22.8, 20.4 зэрэг темпаратуртай тээвэрлэгдэж очсон. Ийм учраас хүлээн авагч С ХХК нь барааг хүлээн авахаас татгалзаж буцаасан. Тээвэрлэгч компани нь ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд барааг гэмтэхгүй байх, захиалагчийн зааварчилгааг биелүүлэх зэрэг үүргээ тус тус зөрчсөн. Үүнээс болж 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тээвэрлүүлсэн бүх жимс, нарийн хүнсний ногоо муудаж ирсэн бөгөөд тээвэрлэлт хийсэн машин буцаж ирэхдээ өөр тээврийн хэрэгсэл ашигласан буюу чиргүүлний толгойг солисон замдаа саатсан зэрэг байдалтай ирсэн. Тээвэрлүүлсэн ногоог буцаж ирэхэд тээвэрлэгчтэй хамт бичлэг хийж баталгуужуулж авсан. Дээрх тээвэрлүүлсэн жимс, хүнсний ногоог зориулалтын дагуу хэрэглэх боломжгүй болсон тул эрх бүхий байгууллагаар дүгнэлт хийлгэн хохирол нэхэмжлэх талаар хэлэхэд хариуцагч компани ...даатгалаар төлж барагдуулна, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу тээвэрлэлтиин үеиин температурын гормыг хангаж тэээвэрлээгүйн улмаас жимс, нарийн ногоо муудсан учир манай компанид учирсан хохирлыг бүрэн барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн муудсан жимс, хүнсний нарийн ногоог устгалд оруулах ажиллыг хариуцагч компани бүрэн хариуцаж устгалд оруулсан. Муудсан жимс, ногоог устгалд оруулахад 2 талын компани ажилчид байлцаж нэг бүрчлэн тоолж акт үйлдэж муудсан жимс, хүнсний нарийн ногоог хариуцагч компанид хүлээлгэн өгөхөд нийт 14 тонн 194 грамм буюу 94,505,063 төгрөгийн хүнсний ногоо байсан бөгөөд хариуцагч компани нь хүнсний ногоог ...гахайн фермд бордооны зориулалтаар устгалд оруулна гэж хүлээн авсан. Гэвч хариуцагч компани манай компанид учирсан хохирлыг даатгалын компаниар барагдуулна гэсэн боловч харилцаа холбоо барихгүй удаа дараа мэдэгдэл өгсөн ч өнөөдрийг хүртэл зохих арга хэмжээ авч албан ёсоор манай компанид учирсан хохирлыг барагдуулаагүй. Иймд тээвэрлэлтийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд тээвэрлүүлсэн барааны үнэ 94,505,063 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани хүнд даацын машинаар тээвэрлэлтийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Г ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон байсан. Учир нь маш бага хэмжээний төлбөрөөр тээвэрлэлт хийх боломжгүй, цаашид хамтран ажиллахгүй гэж үзээд гэрээний хугацааг сунгаагүй байсан. Хүнд даацын, тусгай тоноглолтой машиныг замд гаргахад тээвэрлүүлэгч тал 2 хоногийн өмнөөс захиалга өгч, машины бүрэн бүтэн байдлыг механикаар шалгуулан бэлэн болгож гаргадаг. Гэтэл нэхэмжлэгч тал гэнэт л тулсан захиалга өгч, онцгой ачаа ачих техникийг температурын горимд хүргэж ажиллуулах хугацаагаар хангаагүй, цаг хугацаа орон зайн хязгаарлагдмал нөхцөл үүсгэсэн. Тодруулбал, 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн оройн 17 цаг 14 минутад нэхэмжлэгч талын ажилтан н.Балжир гэх эмэгтэй 9999-4744 тоот дугаараас залган тээврийн үнэ ханш асуусан. Бид үнийн саналыг мессежээр илгээхэд эргэж холбогдоод ...шууд одоо тээвэр хийлгэнэ гэж хүсэлт гаргасан. Бид гайхаж ...яагаад ийм тулгуу, орой тээвэр хийлгэх болсон талаар лавлахад өөрийнх нь машин эвдэрсэн, бараа нь муудах эрсдэлтэй байгаагаа хэлж учирласан.

Бид өмнө нь харилцаж байсан байгууллага гэдэг утгаар нь хүндэтгэн үзэж өөр чиглэлд гарах байсан жолоочоо гэрээс нь дуудаж ачилт хийхийг үүрэг болгосон. Жолооч маань гэнэт дуудагдан ирж хувийн болон тээврийн хэрэгслийг бэлэн байдлыг ханган, түгжрэлээс хамаарч шөнийн 23 цагийн орчимд ачилт хийхээр нэхэмжлэгчийн агуулахад очсон. Ингээд нэхэмжлэгч нь маргааш өглөөнийх нь 06.00 цагт 650 км зайнд байх О ХХК-ийн кемпэд тээвэрлэлт хүрсэн байх ёстой гэсэн ямар ч боломжгүй шаардлага тавиад ачилт хийж эхэлсэн. Тэгсэн мөртлөө маргааш өглөө нь буюу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өглөө 06.00 цагийн орчим зөвхөн ачилт дууссан талаар жолооч мэдэгдсэн. Яагаад ингэж их удаж хугацаа алдсан талаар асуусан. Ачилт хийх явцад жолооч машинаасаа бууж үзэхэд их муухай, эвгүй үнэртэй муудсан ногоо ачсан байсныг мэдэж шаардлага тавихад уучлалт гуйж заримыг нь сольж ачих зэргээр хугацаа алдсаныг хэлсэн. Жолооч биднээс ...ачиж явах уу гэж лавлахад нэгэнт ачсан юм бол явах хэрэгтэй, бусдад тус дэм болно л гэж бид бодсон. Өглөө нь 07.00 цагийн орчимд машин Улаанбаатараас хөдөлж саадгүй явсаар 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг орчимд хүрэх газраа очсон. Маргааш нь буюу хүргэлт очсоноос хойш 15 цагийн дараа 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн орчимд ачсан ногоо заасан температурт хүрч ирээгүй талаар мэдээлэл ирсэн. Бид энэ тал дээр итгэхгүй байгаа учраас жолоочоо буулгаж хамт шалгуулах хүсэлт гаргасан боловч О компани карентины онцгой нөхцөлд байгаа тул буулгах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Ингээд харилцан ойлголцолд хүрэхгүй байсаар бүтэн 5 цаг чингэлэгийг онгорхой байлгасаар 18 цаг өнгөрч байхад тодорхой үндэслэлгүйгээр лацдан буцаасан. Энэ хугацаанд хүлээн авагч тал хөргүүрийг ажиллуулаагүй унтраасан байсан. Бид бараа буцах замдаа илүү муудвал яах вэ, өөр машинд шилжүүлэх, хүйтэн агуулахад буулгах зэрэг сонголтуудыг санал болгосон боловч, нэхэмжлэгч тал бидэнд бараагаа буцааж авч ирэхийг шаардаж, жолоочид шууд үүрэг өгч хот руу хөдөлгөсөн. Замдаа чирэгч толгойд гэмтэл гарч, хотоос дахин өөр чирэгч тээврийн хэрэгсэл явуулж авч ирсэн ч нэхэмжлэгч тал 24 цагийн дараа хүлээн авах боломжгүй гэсэн тул 2 талын хүмүүс байлцуулан тус ногоо, жимсийг гахайн аж ахуйд тэжээлийн зориулалтаар 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр буулгасан. Хариуцагчийн зүгээс дараах дүгнэлтэд хүрсэн. Үүнд:

1/ О хамгийн гол бараа хүлээн авахаас татгалзсан шалтгаан нь тус компанийн үл тохирлын тайланд дурдсанаар сав, баглаа, боодлын шаардлага хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

2/ Нэхэмжлэгч тал ачаа тээврийн түргэн гэмтэж муудах ачааны тусгайлсан даатгал хийлгээгүй.

3/ Нэхэмжлэгч тал техникийг температурын горимд хүргэж ажиллуулах хугацаагаар хангаагүй, цаг хугацаа орон зайн хязгаарлагдмал нөхцөл үүсгэж, хурдан хугацаанд хүргэх шахуу хугацааг тулгасан нь өндөр эрсдэлийг бий болгосон.

4/ Тээвэрлэгч талд нэхэмжлэгч ямар ачаа тээвэрлэхээ урьдчилан мэдэгдээгүй, зөвхөн ногоо гэсэн ерөнхий нэр хэлсэн, гэтэл ямар төрлийн ногоо, жимс нэг хөргүүрт хамт тээвэрлэж болох, эс болох, эрсдэлийн талаар огт мэдээлэл өгөөгүй.

5/ Манай байгууллага өөрийн ерөнхий даатгалд хамруулах хүсэлт гаргасан боловч даатгалын байгууллага нийлүүлэгч тал тусгай нөхцөл заасан даатгалыг давхар хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

6/ Бид ямар үнийн дүнтэй ачаа тээвэрлэж байгаа болон тээвэрлэхээ мэдэж эрсдэлээ тооцох эрхтэйн сацуу дагалдуулсан ямар нэгэн бичиг баримт, падаан өгөөгүй тээвэрлүүлсэн. Буцах замдаа дагалдуулсан бичиггүйн улмаас замын цагдаагийн пост саатуулж хагас өдөр саатуулж зогсоосон. Учир нь их хэмжээний мөс жимсэн дунд хийснээс гоожиж цагдаа ямар ачаа авч яваа юм бэ, хүнсний болон бусад аюулгүй байдлын үүднээс онгойлгож шалгуулахыг шаардсан. Иргэний хуулийн 306 дугаар зүйлд зааснаар дагалдах бичгийг 3 хувь үйлдэж талууд гарын үсгээ зурж, эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, 2 дахь хувийг ачаанд хавсаргаж, 3 дах хувийг тээвэрлэгчид өгнө гэж заасан байна.

7/ Үл тохирлын тайланд 18.7 тн барааг буцаасан гэх боловч зарлагын баримтад 14.1 тн гэж бичсэн нь жингийн хувьд зөрүүтэй байна.

8/ Тээвэрлэлтийн зардлаас 1,500,000 төгрөг аваагүй.

Нэхэмжлэгч тал 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаалиар оруулсан 9 төрлийн барааны жин 9.1 тн буюу 13,500,000 төгрөгийн үнэтэй 2,400,000 төгрөгийн гаалийн татвар төлсөн мэдүүлгийг үндэслэж хариуцагч компаниас 94,505,063 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хэтэрхий шударга бус байна. Гэхдээ бид бизнесийн ёс зүй, нэхэмжлэгчтэй өмнө нь хамтран ажиллаж байснаа бодоод нэхэмжлэгч талд учирсан бодит, шууд хохирлыг 40,000,000 төгрөгөөр үнэлж төлөх боломжтой, тэрнээс биш нэхэмжлэлийг бүхэлд нь төлөх боломжгүй гэжээ.

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулж 94,505,063 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шаардлагын үндэслэлээ ...2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Г ХХК нь хариуцагч Ш ХХК-иар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, О гүний уурхайн кемп хүртэл 14 тонн 303 грамм, 94,505,063 төгрөгийн үнэ бүхий хүнсний нарийн ногоо, жимс тээвэрлүүлсэн. Гэвч тээвэрлэгч буюу хариуцагчийн буруутай үйл ажиллагаа буюу хариуцагч тээвэрлэлтийн горимыг алдагдуулсны улмаас хүнсний нарийн ногоо, жимс замдаа муудаж бидэнд 94,505,063 төгрөгийн хохирол учирсан. Уг мөнгийг хариуцагчаас гаргуулна гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Өмнө нь буюу 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Г ХХК болон Ш ХХК-иуд 08/19-001 тоот Тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр тээвэрлэгч буюу Ш ХХК нь Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, О гүний уурхайн кемп хүртэл 15 тонн ногоо тээвэрлэх, үүний хариуд тохирсон үнийг Г ХХК нь Ш ХХК-д төлөхөөр харилцан тохирсон.

 

Хэдийгээр нэхэмжлэгч ...2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Г ХХК болон Ш ХХК-иудын байгуулсан 08/19-001 тоот тээвэрлэлтийн гэрээний дагуу бид хамтран ажилладаг байсан, уг гэрээний нөхцөлүүд 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн О гүний уурхайн кемп хүртэл 94,505,063 төгрөгийн үнэ бүхий хүнсний нарийн ногоо, жимс тээвэрлүүлэхээр тохирсон Г ХХК болон Ш ХХК-иудын байгуулсан аман гэрээний хувьд хэвээр үргэлжилж байсан гэж тайлбарлах боловч ийм нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4-т зааснаас үзэхэд гэрээний талууд дагалдах бичгийг заавал үйлдэх ёстой гэдгийг шаардаагүй учир шүүхээс 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Г ХХК болон хариуцагч Ш ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

Аливаа гэрээ хүчин төгөлдөр нөхцөлд гэрээний талууд гэрээний үүргээ нэг тал нь биелүүлээгүй, дутуу биелүүлсэн зэргээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч ГХХК нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзээд өөрт учирсан хохирлыг нэхэмжилжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад үзэхэд 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч Ш ХХК-ийн зүгээс зөрчсөний улмаас нэхэмжлэгчид тодорхой хэмжээний хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогджээ. Ийм учраас нэхэмжлэгчид өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрх үүссэн гэж шүүхээс үзлээ.

 

Харин хохирлыг арилгахад гэрээний үүрэг зөрчсөн хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан хохирлын хэмжээ нотлогдсон байх ёстой ба зохигчид гэрээний дагуу учирсан хохирол буюу үнийн дүн дээр маргаж байгаа.

 

Хэрэгт 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн тээвэрлэлтийн 08/19-001 тоот гэрээний дагуу 0 УАТ улсын дугаартай V маркын 0 Т маркын хөргүүртэй чингэлэгт ачсан жимс нарийн ногооны хайрцагны тоо болон нийт жин гэсэн бичгийн баримт авагджээ. Уг баримтаар нийт хайрцагны тоог 1135, нийт жинг 14,303.7 гэж бичсэн ба тээвэрлэгч байгууллагыг төлөөлж жолооч А, тээврийн менежер Т, тээвэрлүүлэгч байгууллагыг төлөөлж жолооч Г, Л.А нар гарын үсгээ зурсан байна.

 

Харин дээрх бичгийн баримтад хариуцагчийн тээвэрлэсэн нарийн ногоо, жимсний хайрцагны тоо болон жинг бичсэн болохоос нийт үнийн дүнг талууд тохирч бичсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Гэвч хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...бизнесийн ёс зүй, хамтран ажиллаж байснаа бодоод нэхэмжлэгчид 40,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэсэн тайлбарыг үндэслэж энэхүү хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ш ХХК-иас 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54,505,063 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630,475.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ