Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00905

 

 

 

ОӨ-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/00391 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ОӨ-ХХК-ийн хариуцагч ИЛ- ХХК-д холбогдуулан гаргасан тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохиролд 94,505,063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, түүний өмгөөлөгч Г.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, түүний өмгөөлөгч Ц.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ОӨ-ХХК ИЛ- ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 08/19-001 дугаар тээвэрлэлтийн гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан. ОӨ-ХХК-ийн харилцагч Саппорт сервисес монголиа ХХК 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах уурхайд 14 тонн 303 грамм, 95,246,681.81 төгрөгийн хүнсний нарийн ногоо, жимсийг худалдан авах захиалга өгсөн. ОӨ-ХХК 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ИЛ- ХХК-аар дээрх нарийн ногоо, жимсийг тээвэрлүүлэх захиалга өгч тээвэрлэлтийн хөлсийг төлсөн. Тээвэрлэлт хийхдээ хөргүүрийн температурыг +2-1+4 градус байхаар тохиролцсон. ОӨ-ХХК 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тусгай хөргүүрээс нарийн ногоо, жимсийг ИЛ- ХХК-ийн автомашинд ачсан. Тус хүнсний ногоог 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаалиар оруулж ирсэн. Биет үзлэг шалгалтаар ургамлын хорио цээртэй зүйл илрээгүй, гэмтэлгүй, үнэргүй байсан бөгөөд Гаалийн ерөнхий газраас өгсөн Р03223030834 дугаар амьтан, ургамал, түүхий эдийн импортын гэрчилгээ болон камерын бичлэгүүдээр нотлогдоно. Гэвч хариуцагч компани нь тээврийн үйлчилгээ хийж байх хугацаанд тээвэрлэлтийн үеийн температурын горим хангаж, хөргүүрийг ажиллуулж тээвэрлээгүйн улмаас жимс, нарийн ногоонд бүрэн хэмжээгээр өөрчлөлт орсон муудахад бэлэн болсон байдалтай худалдан авагч компанид хүргэсэн. Жимс, хүнсний нарийн ногоонууд хүлээн авагчид очиход хөргүүрийн температур +23.7 градус байсан ба хүнсний ногооны хувийн дулаан 22.8, 20.4 зэрэг температуртай тээвэрлэгдсэн. Худалдан авагч Саппорт сервисес монголиа ХХК хүнсний ногоо, жимсийг хүлээн авахаас татгалзсан. ИЛ- ХХК нь хүнсний ногоо, жимс худалдан авагчид хүлээлгэн өгөх хүртэл гэмтээж муутгахгүй байх үүргээ биелүүлээгүй. 14 тонн 194 грамм буюу 94,505,063 төгрөгийн хүнсний ногоог ...гахайн фермд бордооны зориулалтаар устгалд оруулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг даатгалын компаниар барагдуулна гэсэн боловч төлж барагдуулаагүй. Иймд тээвэрлэлтийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 94,505,063 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

ОӨ-ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа дууссан. Уг гэрээний хугацааг сунгаагүй. Тээвэрлэлт хийхээс 2 хоногийн өмнө автомашины бүрэн бүтэн байдлыг механикаар шалгуулан бэлэн болгодог. Гэтэл ОӨ-ХХК гэнэт захиалга өгч онцгой ачаа тээвэрлэх температурын горимыг бэлэн болгох хугацаа олгоогүй. ОӨ-ХХК-ийн ажилтан 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 14 минутад холбогдож тээвэрлэлт хийлгэх захиалга өгсөн. Манай компанийн зүгээс бараа бүтээгдэхүүн муудах эрсдэлтэй талаар мэдэгдсэн. Манай компанийн жолооч тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг ханган замын түгжрэлээс шалтгаалан 23 цагт ачилт хийх газар очсон. ОӨ-ХХК хүнсний ногоо, жимс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06 цагт худалдан авагчид хүргэгдсэн байх шаардлага тавьсан. Гэвч дээрх бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгсэлд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 06 цагт ачиж дууссан. Бүтээгдэхүүнийг ачих явцад эвгүй үнэртэй байсан талаар хэлэхэд нэхэмжлэгч компанийн зүгээс заримыг сольсон. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагт худалдан авагчид бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөхөд цар тахлын хорио цээрийн улмаас ...буулгах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Ачаатай чингэлэг 5 цаг онгорхой байсан. 18 цаг өнгөрч байхад үндэслэлгүйгээр лацдан буцаасан. Энэ хугацаанд хүлээн авагч тал хөргүүрийг ажиллуулаагүй унтраасан. Барааг илүү муудахаас сэргийлж өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэх санал тавьсан боловч ОӨ-ХХК бүтээгдэхүүнийг буцаан авч ирэхийг шаардсан.

Худалдан авагч бүтээгдэхүүнийг хүлээн авахаас татгалзсан нь тус компанийн үл тохирлын тайланд дурдсанаар сав, баглаа, боодлын шаардлага хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч ачаа тээврийн түргэн гэмтэж муудах ачааны тусгайлсан даатгал хийлгээгүй. Мөн ачаа тээвэрлүүлэх талаар урьдчилан мэдэгдээгүй. Манай байгууллага өөрийн ерөнхий даатгалд хамруулах хүсэлт гаргасан боловч даатгалын байгууллага нийлүүлэгч тал тусгай нөхцөл заасан даатгалыг давхар хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Бүтээгдэхүүний бичиг баримт, падаан өгөөгүйн улмаас буцах замд тээврийн хэрэгслийг цагдаагийн ажилтан саатуулсан. Үл тохирлын тайланд 18.7 тн барааг буцаасан гэх боловч зарлагын баримтад 14.1 тн гэж бичсэн нь жингийн хувьд зөрүүтэй байна. Тээвэрлэлтийн зардлаас 1,500,000 төгрөг аваагүй. Нэхэмжлэгч тал 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаалиар оруулсан 9 төрлийн барааны жин 9.1 тн буюу 13,500,000 төгрөгийн үнэтэй 2,400,000 төгрөгийн гаалийн татвар төлсөн мэдүүлгийг үндэслэн 94,505,063 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч бизнесийн ёс зүй, нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байсныг хүндэтгэн хохиролд 40,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ИЛ- ХХК-аас 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ОӨ-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54,505,063 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630,475.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ОӨ-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

ОӨ-ХХК нь ИЛ- ХХК-аар 104,771,350 төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоо, жимсийг тээвэрлүүлсэн. Дээрх бүтээгдэхүүнийг БНХАУ-аас 145,361 юаниар худалдаж авсан ба Монголбанкны ханшаар тооцоход 67,941,731.4 (145,3611 юань х 467,4 төгрөг) төгрөг болно. Худалдан авалт хийхийн тулд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Мүүн ривар ББСБ ХХК-аас 69,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй зээлсэн. Гэтэл анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, нотлох баримтад дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч хохирлын хэмжээний талаар маргаагүй. 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тээвэрлүүлсэн баримтад хариуцагч компанийн ажилтан гарын үсэг зурсан. Хариуцагч компани нэхэмжлэгчид учирсан хохирлыг даатгалын нөхөн төлбөрөөр төлөхөө илэрхийлж байсан. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хоёр компанийн ажилчид акт үйлдэн 14 тонн 194 грамм хэмжээтэй хүнсний ногоог нэг бүрчлэн гуравдагч этгээдэд нийлүүлэх үнийн дүнгээр тооцож тооцоо гаргасан. Анхан шатны шүүх энэ баримтыг үнэлээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гаалийн ерөнхий газраас ОӨ-ХХК-ийн нэхэмжилж буй барааны төрлөөр улсын хилээр орж ирсэн гаалийн татвар, үнэ, үнэлгээний жагсаалт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хохирол тодорхойлсон баримтууд хэрэгт цугларсан гэж үзсэн боловч шүүхийн шийдвэр гаргахдаа баримт бүрдээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт байхгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Хариуцагч компани тээвэрлэлтийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол нэхэмжлэгч 104,771,350 төгрөгийн орлого олох ёстой байсан. Хариуцагч 94,505,063 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, муудсан ногоог өөрсдөө авсан. Гэтэл тээвэрлүүлсэн ногооны худалдаж авсан үнэ, гаалийн татвар, тээвэрлэлтийн зардал зэрэг бодит зардал 70,000,000 төгрөг болсон байхад шүүх 40,000,000 төгрөг төлөх боломжтой гэсэн тул энэхүү хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тээвэрлэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компанид хохирол учирсан нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар нотлогдож байхад шүүх тээвэрлэсэн нарийн ногоо, жимсний нийт үнийн дүнг талууд тохирч бичсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 14 тонн, 303,7 грамм нарийн ногоо, жимсийг ИЛ- ХХК-д хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч олох байсан орлогыг тооцож шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх талууд хохирлын үнийн дүнг тохирсон байхыг шаардаж хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс тээвэрлэсэн нарийн ногоо, жимсний хайрцагны тоо болон жинг бичсэн болохоос нийт үнийн дүнг талууд тохирч бичсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч өөрийн буруугаас нэхэмжлэгч компанид хохирол учруулсан болохоо зөвшөөрсөн атлаа 40,000,000 төгрөг төлөх боломжтой гэснийг шүүх үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй ба шүүх Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч компанийн ажилтан Ж.Балжирын IPhone X загварын гар утасны цахим зурвас болон хариуцагч компанийн захирал Munkhbat Khaltar гэх цахим хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлд Ж.Балжир оролцсон боловч гарын үсэг зураагүй. Үзлэг хийх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй. Мөн хариуцагчаас Б.Эрдэнэ-Очирт олгосон итгэмжлэл ИЛ- ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Банк бус санхүүгийн байгууллагаас учирсан хохирлоо нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх хуралд хүү алданги төлөх талаар мэтгэлцээгүй. Тээвэрлэлтийн гэрээ 2022 онд дуусгавар болсон. Нэхэмжлэгч гэнэт ачаа тээвэрлүүлэх талаар мэдэгдэж тээврийн хэрэгслийг бэлтгэх боломж олгоогүй. Манай компаниас урьд өмнө нь хамтран ажиллаж байсан тул зөвшөөрсөн. Температурын горимд ажиллах бүрэн хугацаагаар хангаагүй ба цаг хугацааны орон зайн хязгаарлагдмал байдал бий болсон, хурдан хугацаанд ажиллуулах нь өндөр эрсдэлийг бий болгосон. Мөн нарийн ногоог бүгдийг нэг дор ачдаггүй ба хадгалалтын горим нь өөр байдаг. Гэтэл нэхэмжлэгч компани нарийн ногоо ачих талаар мэдэгдээгүй. Хохирлын тайланд 18,7 тонн, зарлагын баримтад 14,1 тонн хэмжээтэй гэж бичсэнээс хэдэн төрлийн ямар үнэтэй ногоонууд байсан талаар дурдаагүй. Тээвэрлэлтийн зардлаас 1,500,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн боловч үлдэгдэл 1,500,000 төгрөгийг аваагүй. Тухайн барааг бизнесийн ёс зүй, урьд нь хамтран ажиллаж байсан гэх шалтгаанаар 3,000,000 төгрөгөөр ачсан. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Нэхэмжлэгч ОӨ-ХХК нь хариуцагч ИЛ- ХХК-д холбогдуулж тээвэрлэлтийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 94,505,063 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлд холбогдох хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрснөөс үзэхэд талууд нэхэмжлэгчид учирсан бодит хохирлын хэмжээний талаар маргасан гэж үзэхээр байна.

 

2. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргах эрхтэй.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хохирлыг улсын хилээр татвар төлж оруулж ирсэн зардал, өртгөөр нөхөн төлөх хүсэлтэй байна гэж тайлбарлаж, ...Гаалийн ерөнхий газраас ОӨ-ХХК-ийн нэхэмжилж буй барааны нэр төрлөөр улсын хилээр импортолсон гаалийн татвар, үнэ, үнэлгээний жагсаалтыг гаргуулах тухай... хүсэлт гаргасан байхад шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн журмаар гаргуулахыг хүссэн баримт хэрэгт авагдсан... гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

4. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч компанийн ажилтан Ж.Балжирын гар утсанд үзлэг хийсэн байх боловч үзлэгийн тэмдэглэлд ...нэхэмжлэгчээс хавсаргасан баримтуудтай таарч байна... гэж тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5, 51.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй буюу тэмдэглэлд үзлэгийн явц, илэрсэн нөхцөл байдлыг бүрэн тусгаагүй бичээгүй, уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүн уншин танилцаж гарын үсэг зураагүй байна.

 

Иймд нэхэмжлэгчид учирсан бодит хохирлын хэмжээ бүрэн тогтоогдоогүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/03365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430,475 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын төсвийн орлогоос буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ