Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1216

 

 

 

 

 

 

 

 

 

ЗТны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00958 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ЗТны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “НТ” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 564 500 141 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Л.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч ЗТны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЗТ нь “НТ” ХХК-тай 2007-АБ3-28/ тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 22.86 км асфальтобетон хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэх, гэрээний нийт үнэ 2 211 600 000 төгрөг байхаар тохиролцон урьдчилгаа төлбөрт 663 480 000 төгрөгийг олгож санхүүжүүлсэн.

Гэрээ байгуулснаас хойш ажил гүйцэтгэгч компанийн зүгээс замын ажлын бэлтгэлийг хангах улмаар барилгын ажлыг эхлүүлэх талаар дорвитой арга хэмжээ аваагүй учраас Авто замын хяналт, судалгааны төвөөс 2007 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1/338 тоот албан бичгээр гэрээнд заагдсан үүргийн дагуу ажлын график төлөвлөгөө батлуулж, барилгын ажлын талбай дээр инженер, техникийн ажилтан, машин механизмаа байршуулж, барилгын ажил эхлэхийг хүссэн.

Гүйцэтгэгч байгууллагаас тус албан бичгийн дагуу бичгээр шаардсан шаардлагыг биелүүлээгүй тул 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр авто замын газрын дарга “НТ” ХХК-ийн захиралтай зам барилгын ажлыг эхлүүлэх талаар тохиролцож 22.86 км замын барилгын ажлыг 2007 оны 8 дугаар сарын 08-ны өдөр эхлүүлэх шийдвэрийг гаргаж, биелүүлээгүй тохиолдолд ажлын гэрээг цуцлахаар тохиролцсон.

ЗТны Төрийн нарийн бичгийн даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр гэрээний үүргээ биелүүлээгүй, замын ажлыг эхлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллаагүйгээс “НТ” ХХК-тай хийсэн гэрээг цуцлахыг мэдэгдсэн.

Уг албан бичгийн хариуд “НТ” ХХК нь “...2007 онд барилгын ажлыг эхлүүлж чадаагүй талаар дүгнэлт хийж, 2008 онд инженерийн техникийн ажилчид, машин механизмаа хуваарилан, асфальтобетон үйлдвэр, чулуу бутлуурыг нүүлгэн шилжүүлэх график төлөвлөгөө гарган ажиллаж байгаа тул уг ажлыг үргэлжлүүлэн хийх албан бичиг Авто замын хяналт, судалгааны төвд ирүүлсэн.

ЗТ гүйцэтгэгчийн тавьсан хүсэлтийг харгалзан үзэж гэрээний ерөнхий нөхцөлийн 26.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үндсэн гэрээний дагуу гүйцэтгэх 22.86 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг өөрчлөн Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 10 км зам барих нэмэлт гэрээг 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан.

Нэмэлт гэрээ байгуулагдсанаас хойш гүйцэтгэгч компани замын ажлыг эхлүүлэх талаар ямар ч ажил хийгээгүй тул захиалагчийн зүгээс барилгын ажлын гүйцэтгэл хангалтгүй гэж үзэн, замын барилгын ажлыг шуурхай эрчимтэй зохион байгуулж ажиллахыг мэдэгдсэн ба 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/422 тоот албан бичгээр “НТ” ХХК-д хүргүүлсэн.

ЗТ гэрээний сунгалтыг 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 удаа хийсэн боловч гүйцэтгэгч компанийн замын ажил гүйцэтгэх ажлын биелэлт хангалтгүй байсан тул Иргэний хуульд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзах эрхийн хүрээнд 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 4/2493 тоот албан бичгээр тус барилгын ажлын гэрээг цуцалж байгааг албан ёсоор мэдэгдэж гэрээг цуцалсан.

Энэ хугацаанд урьдчилгаа төлбөрийг шаардахад “НТ” ХХК-аас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 166/17 тоот албан бичгээр татгалзсан хариу ирүүлсэн.

Иймд  663 480 000 төгрөгөөс Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 1,3 км авто замын шинэчлэлтийн барилгын ажлын гүйцэтгэлийн баталгаа 98 979 859 төгрөгийг суутгаж 564 500 141 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НТ” ХХК нь 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ЗТтай 2007/АБЗ-28 тоот гэрээг байгуулсан ба энэхүү гэрээгээр Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 22.86 км хатуу хучилттай авто замын тендерийн ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.

Гэрээнд заасан ажил нь 10, 20 хоногт амжин хийх ажил биш, манай компанийн зүгээс авто замд ажиллах инженер техникийн ажилчид, машин механизмаа хуваарилах, асфальтобетон үйлдвэр, чулуу бутлуурыг нүүлгэн шилжүүлэх гээд их нүсэр ажиллагаатай, зам тавих бэлтгэн ажил нь хугацаа шаардагдсан.

 Дээрх бэлтгэл хангах ажиллагааг маш хурдацтай хийж ажил эхлэхэд бэлэн болсон боловч ажил эхлэх зөвшөөрөл өгөхгүйгээс ажил цалгардаж эхэлсэн. Компаниас гэрээнд заасан хуваарийн дагуу ажлаа эхэлсэн боловч Авто зам Хяналт судалгааны төвөөс ажил эхлэх зөвшөөрөл олгоогүй байхад замын ажлаа эхэллээ хэмээн удаа дараа дарамт шахалт үзүүлж арга буюу ажиллах зөвшөөрөл автлаа түр ажлаа зогсоосон.

Ингээд 2008 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 10.8 км хатуу хучилттай авто замыг хэсэгчлэн гүйцэтгэхээр ЗТАЖЯамнаас гаргасан шийдвэрийн дагуу нэмэлт гэрээ байгуулан, ажлаа эхлэх гэсэн боловч Авто зам хяналт судалгааны төв нь мөн л ажил эхлэх зөвшөөрөл өгөхгүй ажлын талбайгаас хөөж туух гэх мэт байж боломгүй үйлдлүүд гаргаж байсан. 2008 оны 7 дугаар сарын 23-нд ажил гүйцэтгэх зөвшөөрлөө авч, ажлаа эхэлсэн.

Гэрээний санхүүжилтийн 2 211 600 000 төгрөг байсан бөгөөд урьдчилгаа болгож НТ ХХК-д 663 480 000 төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн. “НТ” ХХК нь захиалагч талаас урьдчилгаа хэмээн шилжүүлсэн мөнгөөр нүүлгэн шилжүүлэлтийн ажил болон зам тавих ажлыг хийсэн ба дараагийн санхүүжилтээс болоод ажил цалгардах хэмжээнд хүрсэн талаар захиалагч талд мэдэгдэж байсан.

Захиалагч талаас гэрээ цуцалсан, гүйцэтгэгч байгууллагаас өөрсдийн хөрөнгөөр сүүлийн ажлаа хийж дуусгасан. Гүйцэтгэгч компанийн зүгээс энэ ажлаас болж алдагдалд орсон бөгөөд энэ тухайгаа тухайн үед захиалагч талд мэдэгдсэн.

Гэтэл 11 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ ажлыг хангалтгүй хийсэн гэж байгаа бол 2009 онд гэрээг цуцалсан даруйдаа “НТ” ХХК-тай ажлаа дүгнэх ёстой байсан. Манай компани нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор сайн гүйцэтгэж байхад үндэслэлгүйгээр гэрээг цуцалж компанид их хохирол учруулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1, 82 дугаар зүйлийн 82.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгийг баримтлан ЗТ “НТ” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 564 500 141 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ЗТ  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцагч хариу тайлбартаа “ ... гэрээнд заасан ажлаас юу ч хийгээгүй мэтээр тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй ...” гэсэн боловч нэхэмжлэлээс татгалзах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүгч хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй.

Нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлагаа “Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 663 480 000 төгрөг шаардсан” байхад хариуцагч “НТ” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага 663 480 000 төгрөгийн хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 1,3 км авто замын шинэчлэлийн барилгын ажлын гүйцэтгэлийн баталгаа 98 979 859 төгрөг болон Амгалангийн авто замын ажлын хөлсийг суутгасан байх магадлалтай байх тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргаж удаа дараа нотлох баримт цуглуулах” хүсэлт гаргаж байсан нь хариуцагч “нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй өндөр” гэж маргаж байхад шүүгч гомдлын шаардлага гаргах хугацаа 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөр дууссан байна гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “Нутгийн зам” групп ХХК нь тендерт оролцохдоо банкны баталгааг хуурамчаар бүрдүүлж өгсөнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсныг нотлох баримтаа хүргүүлсэн тухай баримтыг шүүхэд өгсөөр байхад энэ талаар шүүхийн шийдвэрт огт дурдаагүй байгаа нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болоогүйг нотолж байна.

Хариуцагч шүүх хуралдааны явцад удаа дараа “нэхэмжлэлийн шаардлагыг багасгах талаар баримт гаргуулах, цуглуулах" хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Шүүгч шүүхийн шийдвэртээ “... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн нь шийдвэрээ гаргахдаа нотлох баримтыг тал бүрээс нь шинжилж судлаагүйг нотолж байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183\ШШ2019|00958 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх боловч шийдвэрийг тогтоох хэсэгт техникийн алдаа гаргасныг залруулан шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ЗТ нь “НТ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр 663 480 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

ЗТ, “НТ” ХХК 2007 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Улсын төсөв, Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр зам гүүрийн барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах” 2007-АБЗ-28 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 22,86 км асфальтонбетон хучилттай авто замын барилгын ажлыг 2 211 600 000 төгрөгийн санхүүжилтээр 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон ба 2008 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 10 км асфальтонбетон хучилттай авто замын барилгын ажил, ашиглалтад оруулах, хугацааг 2008 оны 10 дугаар сарын  01-ний өдөр гэж гэрээний нөхцөлийг өөрчилсөн нэмэлт гэрээ байгуулсныг талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх-4,59-75/ Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

ЗТнь “НТ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж гэрээ цуцалж байгааг мэдэгдэж 2009 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 4/2493 тоот албан бичгийг хариуцагчид хүргүүлж, гэрээг дуусгавар болгосон тухай үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоогдож захиалагчийн санаачилгаар гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

2009 оны 07 дугаар сарын 02 өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгсөн өдрөөс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэгчийг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөр дууссан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч байгууллага дээрх хугацаанаас хойш шаардлага гаргаж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн нэрийг бичсэнийг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00958 дугаар шийдвэрийн

1, 2 дахь заалтын “ ЗТ” гэснийг “ЗТЯ” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ш.ОЮУНХАНД

                                                        

                              ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА