Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2019/00958

 

2019 оны 04 сарын 26 өдөр

    Дугаар 183/ШШ2019/00958

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11, З яам нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ... өөрийн байранд байрлах “Н” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 564 500 141.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, С.М, О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, Д.М ирсэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б  оролцов.

           

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч З яамны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З яам нь Н ХХК-тай №2007-АБ3-28/ тоот гэрээг Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 22.86 км асфальтобетон хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээний нийт дүн                      2 211 600 000 төгрөг байхаар гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр 663 480 000 төгрөгийг олгож санхүүжүүлсэн. Гэрээ байгуулснаас хойш ажил гүйцэтгэгч компанийн зүгээс замын ажлын бэлтгэлийг хангах улмаар барилгын ажлыг эхлүүлэх талаар дорвитой арга хэмжээ аваагүй учраас Авто замын хяналт, судалгааны төвөөс 2007 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1/338 тоот албан бичгээр гэрээнд заагдсан үүргийнхээ дагуу ажлын график төлөвлөгөөгөө батлуулж, барилгын ажлын талбай дээр инженер техникийн ажилтан, машин механизмаа байршуулж, барилгын ажлаа эхлэхийг хүссэн. Гүйцэтгэгч байгууллагаас тус албан бичгийн дагуу бичгээр шаардсан шаардлагыг биелүүлээгүй тул 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр авто замын газрын дарга Д.Б Н ХХК-ийн захирал А.Д зам барилгын ажлыг эхлүүлэх талаар тохиролцож 22.86 км замын барилгын ажлыг 2007 оны 8 дугаар сарын 08-ны өдөр эхлүүлэх шийдвэрийг гаргаж, биелүүлээгүй тохиолдолд ажлын гэрээг цуцлахаар тохиролцсон. Гэвч гүйцэтгэгч компани 2007 оны зам барилгын ажлын бэлтгэлийг хангаагүй, барилгын ажлыг эхлүүлээгүй нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр гэрээний үүргээ биелүүлээгүй, замын ажлыг эхлүүлэх талаар арга хэмжээ авч ажлаагүйгээс Н ХХК-тай хийсэн гэрээг цуцлахыг мэдэгдсэн. Уг албан бичгийн хариуд Н ХХК нь “...2007 онд барилгын ажлыг эхлүүлж чадаагүй талаар дүгнэлт хийж, 2008 онд инженерийн техникийн ажилчид, машин механизмаа хуваарилан, асфальтобетон үйлдвэр, чулуу бутлуурыг нүүлгэн шилжүүлэх график төлөвлөгөө гарган ажиллаж байгаа тул уг ажлыг үргэлжлүүлэн хийх албан бичгээр Авто замын хяналт, судалгааны төвд ирүүлсэн. Зам, Тээвэр, аялал жуулчлалын яам гүйцэтгэгчийн тавьсан хүсэлтийг харгалзан үзэж гэрээний ерөнхий нөхцөлийн 26.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үндсэн гэрээний дагуу гүйцэтгэх 22.86 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг өөрчлөн Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 10 км зам барих нэмэлт гэрээг 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Нэмэлт гэрээ байгуулагдсанаас хойш гүйцэтгэгч компани замын ажлыг эхлүүлэх талаар ямар ч ажил хийгдээгүй тул захиалагчийн зүгээс барилгын ажлын гүйцэтгэл хангалтгүй гэж үзэн, замын барилгын ажлыг шуурхай эрчимтэй зохион байгуулж ажиллахыг мэдэгдсэн. Уг мэдэгдлийг 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/422 тоот албан бичгээр Н ХХК-д хүргүүлсэн. Зам, тээвэр, аялал жуулчлалын яам гэрээний сунгалтыг 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 удаа хийсэн боловч гүйцэтгэгч компанийн замын ажил гүйцэтгэх ажлын биелэлт хангалтгүй байсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу Зам, Тээвэр, барилга хот байгуулалтын яамны 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 4/2493 тоот албан бичгээр тус барилгын ажлын гэрээг цуцалж байгааг албан ёсоор мэдэгдэж гэрээг цуцалсан. Энэ хугацаанд Зам, Тээвэр, аялал жуулчлалын яам урьдчилгаа төлбөрийг шаардсаны хариуд Н ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 166/17 тоот албан бичгээр татгалзсан хариу ирүүлсэн. Иймд  663 480 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гүйцэтгэсэн Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 1,3 км авто замын шинэчлэлтийн барилгын ажлын гүйцэтгэлийн баталгаа  98 979 859 төгрөгийг суутган авсан тул      564 500 141 төгрөгийн хариуцагч Н ХХК-аас гаргуулж улсын төсвийн санд төвлөрүүлэн, улсын төсвийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Н” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Зам, тээвэр, аялал жуулчлалын яамтай 2007/АБЗ-28 тоот гэрээг байгуулсан ба энэхүү гэрээгээр Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 22.86 км хатуу хучилттай авто замын тендэрийн ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан юм. Гэрээнд заасан ажил нь 10, 20 хоногт амжиж ажиллагаа биш байсан тухайлбал манай компанийн зүгээс автозамд ажиллах инженер техникийн ажилчид, машин механизмаа хувиарлах, асфальтобетон үйлдвэр, чулуу бутлуурыг нүүлгэн шилжүүлэх гээд их нүсэр ажиллагаатай, зам тавих бэлтгэн ажил нь хугацаа шаардагдсан ажлууд байсан болно. Гэхдээ гүйцэтгэгч байгууллагаас дээрхи бэлтгэл хангах ажиллагааг маш хурдацтай хийж ажил эхлэхэд бэлэн болсон боловч ажил ахлэх зөвшөөрөл өгөхгүйгээс биднээс шалтгаалахгүйгээр ажил цалгардаж эхэлсэн. Гүйцэтгэгч компани нь гэрээний дагуу ажлаа гүйцэтгэхээр нүүлгэн ирсэн техник тоног төхөөрөмж, машин, ажилчдаа гаргасан боловч Авто зам хяналт судалгааны төвөөс ажил эхлэх зөвшөөрөл олгохгүй байсан. Гэсэн хэдий ч гүйцэтгэгч компаниас гэрээнд заасан хувиарийн дагуу ажлаа эхэлсэн боловч Автозам Хяналт судалгааны төвөөс ажил эхлэх зөвшөөрөл олгоогүй байхад замын ажлаа эхэллээ хэмээн удаа дараа дарамт шахалт үзүүлээд арга буюу ажиллах зөвшөөрөл автлаа түр ажлаа зогсоосон. Ямар шалтгаанын улмаас ажил эхлэх зөвшөөрөл олгохгүй байсныг бид мэдэхгүй байна. Автозам хяналт судалгааны төвөөс ажил эхлэх зөвшөөрөл өгөхгүй байсаар 2008 оныг гаргасан. Энэ нөхцөл байдлыг удаа дараа захиалагч байгууллагад мэдэгдэж байсан болно. Бидний ажлаа эхэлж чадахгүй байдлыг ойлгож гүйцэтгэгч байгууллагаас доорхи шийдвэр гарсан. Ингээд 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 10.8 км хатуу хучилттай автозамыг хэсэгчлэн гүйцэтгэхээр ЗТАЖЯамнаас гаргасан шийдвэрийн дагуу нэмэлт гэрээ байгуулан, ажлаа эхлэх гэсэн боловч Автозам хяналт судалгааны төв нь мөн л ажил эхлэх зөвшөөрөл өгөхгүй ажлын талбайгаас хөөж туух гэх мэт байж боломгүй үйлдлүүд гаргаад байсан. Гүйцэтгэгч байгууллагын зүгээс шаргуу хөөцөлдсөний дагуу 2008 оны 7 дугаар сарын 23-нд ажил гүйцэтгэх зөвшөөрлөө авч, ажлаа эхэлсэн болно. Гүйцэтгэгч талаас Хархорин- Цэцэрлэг гэх маршрутаар замын ажил гүйцэтгэх ажлыг хугацаанд нь чанартай, уг замыг бат бөх эдэлгээтэй зам тавьчих зорилготойгоор өөрсдийн зүгээс шалтгаалах бүхий л зүйлийг хийсэн. Гэтэл зам тавих ажил дээр санхүүжилт илт дутагдаж ирсэн. Захиалагч тал нь нэхэмжлэлдээ зөвхөн манай компанийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээрхи гэрээний санхүүжилтийн нийт дүн нь 2 211 600 000 төгрөг байсан бөгөөд урьдчилгаа болгож Н ХХК-д 663 480 000 төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн байдаг. Н ХХК нь захиалагч талаас урьдчилгаа хэмээн шилжүүлсэн мөнгөөр нүүлгэн шилжүүлэлтийн ажил болон зам тавих ажлыг хийсэн ба бид дараагийн санхүүжилтээс болоод ажил маань цалгардах хэмжээнд хүрээд байгааг захиалагч талд мэдэгдэж байсан. Санхүүжилтийн асуудлаа даруйхан шийдээд өгчихвөл ажлаа хурдан гүйцэтгэмээр байна хэмээн хэлж байсан боловч санхүүгийн асуудлаа шийдэж өгөхгүй байсаар байгаад захиалагч талаас гэрээгээ цуцалсан болно. Бүр сүүлдээ гүйцэтгэгч байгууллагаас өөрсдийн хөрөнгө мөнгөөр сүүлийн ажлаа гүйцээж хийж дуусгасан. Гүйцэтгэгч компанийн зүгээс энэ ажлаас болж алдагдалд орсон бөгөөд энэ тухайгаа тухайн үед захиалагч талд мэдэгдэж байсан. Манай зүгээс бол гэрээ цуцалсан асуудал дээр гомдолтой байсан бөгөөд хэн нэгэн эрх мэдэлтэй хүн манай ажлыг зогсоолгосон хэмээн өнөөдрийг хүртэл ойлгож явдаг. Гэтэл өнөөдөр уг гэрээг хийснээс хойш 11 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй үйлдэл байна. Хэрвээ нэхэмжлэлд дурьдагдсанаар гүйцэтгэгч компанийн ажлыг муу, хангалтгүй хэмээн дүгнэж байсан бол 2009 онд гэрээг цуцалсан даруйдаа Н ХХК-тай ажлаа дүгнэх ёстой байсан болов уу. Нэхэмжлэлд дурьдагдсанаар Н ХХК-г 2007/АБЗ-28 дугаартай гэрээнд заасан ажлаас юу ч хийгээгүй мэтээр тайлбарлаж  байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд манай компани нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор сайн гүйцэтгээд явж байхад үндэслэлгүйгээр гэрээг цуцалсан нь компанид их хохирол учруулса. Учир нь хаа холоос барилгын ажил эхлэх гээд асфальтобетон үйлдвэр болон бутлуурыг нүүлгэн ирсэн зардал, замын ажлыг хийсэн ажилчдын ажлын хөлс, мөн биднээс үл шалтгаалсан ажил эхлэх зөвшөөрөл өгөхгүй байх зэрэг шалтгаануудаас болж компанид асах их хохирол учирсан байдаг гэв.

         

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Зам тээвэр хөгжлийн яам Н ХХК-д холбогдуулан Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 22,86 км асфальтонбетон хучилттай авто замын барилгын ажлын урьдчилгаа төлбөр 663 480 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Зам, тээвэр аялал жуучлалын яам /хуучин нэрээр/ 2007 оны 06 сарын 28-ны өдөр Н ХХК-тай Улсын төсөв, Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр зам гүүрийн барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан 2007-АБЗ-28 тоот гэрээ байгуулж, Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 22,86 км асфальтонбетон хучилттай авто замын барилгын ажлыг 2 211 600 000 төгрөгийн санхүүжилтээр 2007 оны 04 сарын 20-ны өдрөөс эхлэн 2007 оны 11 сарын 01-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсныг талууд 2008 оны 06 сарын 03-ны өдөр Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 10 км асфальтонбетон хучилттай авто замын барилгын ажил, ашиглалтад оруулах хугацааг 2008 оны 10 сарын  01-ний өдөр гэж гэрээний нөхцлийг өөрчилж, нэмэлт гэрээ байгуулжээ. /хх-4,59-75/

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Н ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний сунгалтыг удаа дараа сунган замын барилгын ажлыг гүйцэтгэх боломжоор хангасаар байтал тогтоосон хугацаанд ажлаа хийж захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу ажлын урьдчилгаа төлбөр 663 480 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гүйцэтгэсэн  Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 1,3 км авто замын шинэчлэлтийн барилгын ажлын гүйцэтгэлийн баталгаа  98 979 859 төгрөгийг суутган авсан гэх үндэслэлээр 98 979 859 төгрөгийн  шаардлагаас татгалзаж, үлдэх хэсэг болох 564 500 141 төгрөгийн шаардлагаа дэмжиж байна.

 

            Хариуцагч Н ХХК ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй нь зөвхөн манай компаниас шалтгаалаагүй бөгөөд Авто замын хяналт судалгааны төвөөс ажил эхлэх зөвшөөрлийг өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байсан. Үүнээс шалтгаалан замын барилгын ажил эхлэх улирал дууссан, бараа материалын үнэ өссөн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан ажлыг хугацаанд нь хийж дуусгах боломжгүй болсон. Урьдчилгаа   663 480 000 төгрөгийг гэрээт замын ажилдаа бүрэн зарцуулсан. 8,7 км хайрхан хучилттай сайжруулсан зам хийсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т... “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болон агуулга зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, хоёр талын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд хариуцагч Н ХХК нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдож байх тул захиалагчийн санаачилгаар гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. /хх-30/

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 76 дугаар зүйлийн 76.1-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн шаардах эрх гэрээг цуцалснаар буюу  2009 оны 07 сарын 02 өдөр эхлэн тоологдох тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2012 оны 07 сарын    02-ны өдрөөр дууссан байна.

 

Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Зам тээвэр хөгжлийн яам Н ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 564 500 141 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1, 82 дугаар зүйлийн 82.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгийг баримтлан Зам, тээвэр хөгжлийн яам Н ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 564 500 141 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Зам, тээвэр хөгжлийн яам  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ