Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00782

 

Зам, тээврийн хөгжлийн яамны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00958 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1216 дугаар магадлалтай,

Зам, тээврийн хөгжлийн яамны нэхэмжлэлтэй,

НЗГ ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 564.500.141 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нарийн бичгийн дарга  Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яамны шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Зам, тээвэр, аялал жуулчлалын яам нь НЗГ ХХК-тай 2007-АБ3-28 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 22.86 км асфальто бетон хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэх, гэрээний нийт үнэ 2.211.600.000 төгрөг байхаар тохиролцон урьдчилгаа төлбөрт 663.480.000 төгрөгийг олгож санхүүжүүлсэн. Гэрээ байгуулснаас хойш ажил гүйцэтгэгч компанийн зүгээс замын ажлын бэлтгэлийг хангах улмаар барилгын ажлыг эхлүүлэх талаар дорвитой арга хэмжээ аваагүй учраас Авто замын хяналт, судалгааны төвөөс 2007 оны 7 сарын 10-ны өдрийн 1/338 тоот албан бичгээр гэрээнд заагдсан үүргийн дагуу ажлын график төлөвлөгөө батлуулж, барилгын ажлын талбай дээр инженер, техникийн ажилтан, машин механизмаа байршуулж, барилгын ажил эхлэхийг хүссэн. Гүйцэтгэгч байгууллагаас тус албан бичгийн дагуу бичгээр шаардсан шаардлагыг биелүүлээгүй тул 2007 оны 8 сарын 01-ний өдөр авто замын газрын дарга НЗГ ХХК-ийн захиралтай зам барилгын ажлыг эхлүүлэх талаар тохиролцож 22.86 км замын барилгын ажлыг 2007 оны 8 сарын 08-ны өдөр эхлүүлэх шийдвэрийг гаргаж, биелүүлээгүй тохиолдолд ажлын гэрээг цуцлахаар тохиролцсон. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2007 оны 10 сарын 09-ний өдрийн албан бичгээр гэрээний үүргээ биелүүлээгүй, замын ажлыг эхлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллаагүйгээс НЗГ ХХК-тай хийсэн гэрээг цуцлахыг мэдэгдсэн. Уг албан бичгийн хариуд НЗГ ХХК нь ...2007 онд барилгын ажлыг эхлүүлж чадаагүй талаар дүгнэлт хийж, 2008 онд инженерийн техникийн ажилчид, машин механизмаа хуваарилан, асфальто бетон үйлдвэр, чулуу бутлуурыг нүүлгэн шилжүүлэх график төлөвлөгөө гарган ажиллаж байгаа тул уг ажлыг үргэлжлүүлэн хийх албан бичиг Авто замын хяналт, судалгааны төвд ирүүлсэн. Зам, Тээвэр, аялал жуулчлалын яам гүйцэтгэгчийн тавьсан хүсэлтийг харгалзан үзэж гэрээний ерөнхий нөхцөлийн 26.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үндсэн гэрээний дагуу гүйцэтгэх 22.86 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг өөрчлөн Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 10 км зам барих нэмэлт гэрээг 2008 оны 6 сарын 03-ны өдөр байгуулсан. Нэмэлт гэрээ байгуулагдсанаас хойш гүйцэтгэгч компани замын ажлыг эхлүүлэх талаар ямар ч ажил хийгээгүй тул захиалагчийн зүгээс барилгын ажлын гүйцэтгэл хангалтгүй гэж үзэн, замын барилгын ажлыг шуурхай эрчимтэй зохион байгуулж ажиллахыг мэдэгдсэн ба 2008 оны 7 сарын 28-ны өдрийн 1/422 тоот албан бичгээр НЗГ ХХК-д хүргүүлсэн. Зам, тээвэр, аялал жуулчлалын яам гэрээний сунгалтыг 2009 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл 2 удаа хийсэн боловч гүйцэтгэгч компанийн замын ажил гүйцэтгэх ажлын биелэлт хангалтгүй байсан тул Иргэний хуульд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзах эрхийн хүрээнд 2009 оны 7 сарын 02-ны өдрийн 4/2493 тоот албан бичгээр тус барилгын ажлын гэрээг цуцалж байгааг албан ёсоор мэдэгдэж гэрээг цуцалсан. Энэ хугацаанд урьдчилгаа төлбөрийг шаардахад НЗГ ХХК-аас 2017 оны 9 сарын 25-ны өдрийн 166/17 тоот албан бичгээр татгалзсан хариу ирүүлсэн. Иймд 663.480.000 төгрөгөөс Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 1,3 км авто замын шинэчлэлтийн барилгын ажлын гүйцэтгэлийн баталгаа 98.979.859 төгрөгийг суутгаж 564.500.141 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч НЗГ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Гэрээнд заасан ажил нь 10, 20 хоногт амжин хийх ажил биш, манай компанийн зүгээс авто замд ажиллах инженер техникийн ажилчид, машин механизмаа хуваарилах, асфальтобетон үйлдвэр, чулуу бутлуурыг нүүлгэн шилжүүлэх гээд их нүсэр ажиллагаатай, зам тавих бэлтгэн ажил нь хугацаа шаардагдсан. Дээрх бэлтгэлийг хангаж ажил эхлэхэд бэлэн болсон боловч ажил эхлэх зөвшөөрөл өгөхгүйгээс ажил цалгардаж эхэлсэн. Компаниас гэрээнд заасан хуваарийн дагуу ажлаа эхэлсэн боловч Авто зам Хяналт судалгааны төвөөс ажил эхлэх зөвшөөрөл олгоогүй байхад замын ажлаа эхэллээ хэмээн удаа дараа шахалт үзүүлж арга буюу ажиллах зөвшөөрөл автлаа түр ажлаа зогсоосон. Ингээд 2008 оны 6 сарын 03-ны өдөр Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 10.8 км хатуу хучилттай авто замыг хэсэгчлэн гүйцэтгэхээр ЗТАЖЯамнаас гаргасан шийдвэрийн дагуу нэмэлт гэрээ байгуулан, ажлаа эхлэх гэсэн боловч Авто зам хяналт судалгааны төв нь мөн л ажил эхлэх зөвшөөрөл өгөхгүй ажлын талбайгаас хөөж туух гэх мэт байж боломгүй үйлдлүүд гаргаж байсан. 2008 оны 7 сарын 23-нд ажил гүйцэтгэх зөвшөөрлөө авч, ажлаа эхэлсэн. Гэрээний санхүүжилтийн 2.211.600.000 төгрөг байсан бөгөөд урьдчилгаа болгож НЗГ ХХК-д 663.480.000 төгрөгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн. НЗГ ХХК нь захиалагч талаас урьдчилгаа хэмээн шилжүүлсэн мөнгөөр нүүлгэн шилжүүлэлтийн ажил болон зам тавих ажлыг хийсэн ба дараагийн санхүүжилтээс болоод ажил цалгардах хэмжээнд хүрсэн талаар захиалагч талд мэдэгдэж байсан. Гүйцэтгэгч компанийн зүгээс энэ ажлаас болж алдагдалд орсон бөгөөд энэ тухайгаа тухайн үед захиалагч талд мэдэгдсэн. Гэтэл 11 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ ажлыг хангалтгүй хийсэн гэж байгаа бол 2009 онд гэрээг цуцалсан даруйдаа НЗГ ХХК-тай ажлаа дүгнэх ёстой байсан. Манай компани нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор сайн гүйцэтгэж байхад үндэслэлгүйгээр гэрээг цуцалж компанид хохирол учруулсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00958 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1, 82 дугаар зүйлийн 82.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгийг баримтлан Зам, тээвэр хөгжлийн яам НЗГ ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 564 500 141 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Зам, тээвэр хөгжлийн яам улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1216 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00958 дугаар шийдвэрийн 1, 2 дахь заалтын Зам, тээвэр хөгжлийн яам гэснийг Зам, тээврийн хөгжлийн яам гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, С.М нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Магадлалд “...2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгсөн өдрөөс хойш Иргэний хуулийн 75 дугаар 75.2.1-т зааснаар нэхэмжлэгчийг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөр дууссан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна” гэж дүгнэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрээ цуцалснаас хойш хариуцагч талаас гүйцэтгээгүй ажлын урьдчилгаа төлбөрийг удаа дараа шаардахад хариуцагч тал НЗГ ОСК-аас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 166/17 тоот албан бичгээр “...Урьдчилгаа авсан 663,5 сая төгрөгөөс хасах 42,0 сая төгрөгний алдагдалтай ажилласан ...иймээс НЗГ ХХК нь яамтай тооцоо нийлэх, авлага, өглөг байхгүй болохыг мэдэгдэж байна. Биднийг ойлгоно гэдэгт гүнээ итгэж байна” гэсэн хариу ирүүлсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “...гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор заасантай зөрчилдөж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ НЗГ ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 166/17 албан тоотыг шүүгч нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг баримтлаагүй, шүүгч гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөр дууссан гэж хугацаа тогтоосон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч НЗГ ХХК нь банкны баталгаагаа хуурамчаар бүрдүүлж өгсөнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан нотлох баримтыг шүүхэд өгсөөр байхад шүүгч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

НЗГ ХХК-с ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 564.500.141 төгрөг гаргуулах Зам, тээврийн хөгжлийн яамны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам нь хариуцагч НЗГ ХХК-тай байгуулсан 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн болон 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж гэрээг цуцалсны үр дагавар буюу хэлцлээр шилжүүлсэн мөнгийг буцаан шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, “зохих ажлыг хийж шилжүүлсэн мөнгийг зарцуулсан, ажлыг хүлээн аваагүй... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж марган, энэ хүрээнд зохигч мэтгэлцжээ.

Ажлыг гүйцэтгэсэн тухай хариуцагчийн гаргасан баримтыг нэхэмжлэгч няцаагаагүйгээс гадна хоёр шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2007 оны гэрээгээр хариуцагч нь Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 22.86 км хатуу хучилттай автозамын 2.211.600.000 төгрөгийн тендерийн ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулж, урьдчилгаанд 663.480.000 төгрөгийг авсан боловч хожим нь 2008 онд нэмэлт гэрээ байгуулагдаж, Хархорин-Цэцэрлэг чиглэлд 10 км зам тавихаар болжээ.

Уг гэрээг талууд 2 удаа сунгасан, хариуцагч компанийн ажлын биелэлт хангалтгүй  гэж нэхэмжлэгч 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 4/2493 тоот албан бичгээр гэрээг цуцалж байгаагаа мэдэгджээ.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заажээ.

Нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хугацаанд шүүхэд хандаж шаардлага гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн, тухайлбал гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгснөөс хойш хуульд заасан хугацааны дотор буюу 2012 оны 7 дүгээр сарын 02-ны өдрийн дотор шүүхэд хандаагүй хугацаа хэтрүүлжээ.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан... үеэс эхлэн тоолохыг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасан байна.

Шүүхэд шаардлага гаргах хугацаанд буюу 2012 оны 7 дугаар сарын 02-ны дотор хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд, өөрөөр хэлбэл хугацааг зогсоож, үргэлжлүүлэн тоолох, сунгах, шинээр тоолох нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Хариуцагчийн бусад тендерийн дагуу гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 2007-2009 онд  нийт 98 сая төгрөгийг суутган авч, уг хугацаанаас хойш нэхэмжлэгч төлбөрийг шаардсан, хариуцагч төлбөрийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл баталгаа амлалт өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөр огноолсон албан бичиг нь нэгэнт хэтэрсэн хугацааг сэргээх үндэслэл болохгүй байна.

Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00958 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1216 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн яам нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ