Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 142/шш2023/00698

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2023/00698

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Э-ийн 6-51 тоот хаягт байрлах, Х у НҮТББ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б аймаг, Б сум, 5 дугаар баг, Хатанбаатар, Магсаржавын гудамжинд байрлах, Б М ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 19,400,515 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

хариуцагчийн өмгөөлөгч У.Х /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б м ОНӨХК нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан Т х цогцолборыг барих 36 хоногийн хугацаатай, 68,900,515 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 24,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Х у НҮТББ-ын захирал Д.Бы хувийн данс руу 6,000,000 төгрөг, Х у НҮТББ-ийн менежер Б.Рагчаагийн хувийн данс руу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, нийт 49,500,000 төгрөгийг шилжүүлсэн авсан.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан Т х-г 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэтэл Б м ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 19,400,515 төгрөгийг шилжүүлээгүй тул захирал Д.Очирбаттай утсаар ярьж, биечлэн уулзаж шаардахад 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн гэрээ хийсэн байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

 

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 19,400,515 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харицагчийн өмгөөлөгчөөс гэрээний үнэн нь 30,000,000 төгрөг, хүлээж авсан үнэ нь 68,000,000 төгрөг энэ бол тусдаа асуудал гэж байна. Манай маргаан бол ажил гүйцэтгэх гэрээ. Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнг хэн тодорхойлох юм бэ. Үнийн дүнг Т х багана цогцолборын үнэ нь 68,000,000 төгрөг байгаад байгаа. 68,000,000 төгрөгийн үнэтэй гэрээг 30,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх боломжгүй шүү дээ. Хариуцагчийн төлөөлөгчөөс Элчит мател, Дэлгэрэх ган ХХК-аар хөрөнгө оруулсан гэж байна. Түүнээс гэрээ байгуулж энэ ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаагүй. Тус компаниуд нь хөрөнгө оруулсан юм бол тэр компанийн мөнгийг нь танайх яагаад өгөөгүй юм бэ нэхэмжлэгчид, хөрөнгө оруулсан гэж байна шүү дээ. Хөрөнгө оруулах гэдэг чинь тусдаа асуудал. Хөрөнгө оруулсан уу гэвэл хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар хөрөнгө оруулсан байна. Тэр мөнгийг яагаад нэхэмжлэгчид өгөөгүй юм бэ. Элчит метал ХХК, Дэлгэрэх ган ХХК нар тус Тулгат баганан хөшөө цогцолборын захиалагч биш гэдгийг удаа дараа тайлбарласан. Хэрэв тэр компаниуд захиалагч нь байсан юм бол гэрээ байгуулахдаа захиалагчаар тус тус оруулж өгөөд эрх бүхий албан тушаалтнуудаар нь гарын үсгүүдийг нь зуруулаад гэрээний үнийг нь Б м ХХК 30,000,000 төгрөг, Элчит металл 30,00,000 төгрөг, Дэлгэрэх ган ХХК 8,000,000 төгрөгийг өгнө шүү гээд ингээд тус тусдаа гэрээндээ оруулаагүй юм бэ. Гэрээний огноо яригдаал байдаг. Гэрээний огноо тавигдаагүй ч гэсэн 5.1 дээр байдаг. 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлнэ гээд, 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлээд мөнгөө төлөөд эхэлсэн байдаг. Ажлынхаа үнийг урьдчилгааг төлөөд явсан байдаг. Барилга тухай хууль тусгай зөвшөөрлийн асуудал яригдаад байдаг. Манайх бол барилга байгууламж буюу 7 метрээс дээш өндөр барилга байгууламж бариагүй. Т х цогцолбор гээд энэ бол чөлөөт уран бүтээл. Тэгэхээр энэ бол барилгын тухай хууль дээр ямар ч хамааралгүй асуудал. Хэрэв тийм л гэж үзэж байгаа юм бол тухайн үед нь яагаад зөвшөөрөлтэй компаниараа хийж гүйцэтгэхгүй байсан юм бэ. Ажлынхаа үр дүнг хүлээж авчихдаг, үнийг нь төлөх үүргээ биелүүлэхгүй олон шалтаг шалтгаан хэлээд яваад байдаг. Арай дэндүү хариуцлагагүй, дараагийнх нь ой нь болох гэж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 05 сарын 30-ны өдөр 68.900.515 төгрөгийн Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан Т х цогцолборыг барих 36 хоногийн хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гээд уг гэрээг хавсаргасан байна. Энэхүү гэрээний Батлав хэсэгт Б м ХХК-ийн захирал Д.Очирбат гарын үсэг зурж, огноо тавиагүй бөгөөд байгууллагын тамга дарж баталгаажуулаагүй байна. Мөн энэ гэрээний хувь нь манай байгууллагын архив болон санхүүгийн баримтад авагдаагүй байна.

 

Манай компани нь орон нутгийн өмчит ХХК бөгөөд үүсгэн байгуулагч нь Аймгийн ИТХ юм. Аливаа хөрөнгө бэлтгэх төсвийг Компанийн тухай хууль болон Орон нутгийн өмчит хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам, Б м ХХК-ийн дүрмийн дагуу компанийн ТУЗ болон Аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийг үндэслэж үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор Тулгат багана хөшөө цогцолбор барихад 30,000,000 төгрөг төсөвлөж баталсан байна. Үүний дагуу 1,649,593.95 төгрөгийн шатахуун, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Д.Бд бэлэн мөнгөөр 3,000,000 төгрөг, тухайн байгууллагын Төрийн банк дахь дансанд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 24,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,348,828 төгрөг, ус ашигласны татварт 1,578.05 төгрөг нийт 30,000,000 төгрөг төлсөн байна. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Тулгат багана хөшөөнд Б м ХХК-аас оруулсан 30,000,000 төгрөгийн хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлэх талаар 09 дугаартай ТУЗ-ийн тогтоол гарч байсан байна.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар Тулгат багана хөшөө хийгдэх үед Б м ХХК-ийн захирал байсан Д.Очирбат нь Аймгийн ИТХ-ийн Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан 30,000,000 төгрөгийн гэрээ хэлцэл хийх үүрэгтэй бөгөөд 68,900,515 төгрөгийн гэрээ хэлцэл хийх эрхгүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2018 оны 05 дугаар 31-ний өдөр 15,000,000 төгрөг төлсөн гэсэн ба энэ нь нэхэмжлэлд хавсаргасан Х у НҮТББ-ийн Төрийн банк дахь дансны хуулгаас харахад 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг Илчит металл ХХК 15,000,000 төгрөг төлсөн байна.

 

Нэхэмжлэлд хавсаргасан дансны хуулгаас харахад Б.Рагчаагийн хувийн данс руу шилжүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөг хувь хүний данснаас шилжигдсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Х у НҮТББ-ийн захирал Д.Бы хувийн дансанд 6,000,000 төгрөг шилжигдэж орсон гэжээ.

 

Мөн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Булган сумын 6-р баг 6-ийн Б хэсэгт 9-01 тоотод оршин суугч Д.Очирбат нь Б.Рагчаад Т хний ажлын хөлсний үлдэгдэл болох 10,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах гэрээг байгууллагаар биш хувь хүнээр хийсэн байна.

 

Эдгээрээс харахад нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн болох 68,900,515 төгрөг нь зөвхөн "Б м" ХХК-ийн төлөх төлбөр биш байна.

 

Х у НҮТББ-ийн данс, хамаарал бүхий хүний хувийн данс руу болон бэлэн мөнгөөр Илчит Металл ХХК-аас 15,000,000 төгрөг, Б м ХХК-аас 30,000,000 төгрөг, Д.Бы хувийн данс руу 6,000,000 төгрөг, Б.Рагчаагийн хувийн данс руу 4,500,000 төгрөг нийт 55,500,000 төгрөг төлөгдсөн байна. Тулгат багана хөшөөг хийж гүйцэтгэх ажлын хөлсийг 68,900,515 төгрөг гэж тооцвол үлдэгдэл төлбөр нь 13,400,515 төгрөг болж байна. Гэтэл Б.Рагчаа нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Д.Очирбатаас ажлын хөлсний үлдэгдэл болох 10,000,000 төгрөгийг барагдуулах гэрээ хийсэн.

 

Х у НҮТББ-ийн хийж гүйцэтгэсэн "Тулгат багана хөшөөний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 19,400,515 төгрөгийг Б м ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Х у НҮТББ Тулгат баганан хөшөөг барих ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл болох 19,400,515 төгрөгийг Б м ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн үндэслэлээ 2018 онд байгуулсан 68,900,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ гэдэг гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэвч энэ гэрээ нь Б м ХХК-ийн захирлын гарын үсэггүй, тамга тэмдэг, огноо дугааргүй ийм гэрээ байдаг. Энэ гэрээний дагуу шүүх хурлын процесс явагдаад анхан шатны шүүхийн шийдвэр гарч байсан. Тухайн үеийн компанийн захирал байсан Очирбат гэдэг хүнээс Б м ХХК өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлсэн, олгогдсон эрхээсээ давсан гэрээ байгуулсан гэдэг үүднээс нэхэмжлэлэ гаргахад 30,000,000 төгрөгөөр Х у НҮТББ-тай байгуулсан гэрээг тамга тэмдэг гарын үсэг, огноо дугаар бүхий хүчин төгөлдөр гэрээг шүүхийн маргааны явцад гаргаж өгсөн. Энэ гэрээг үндэслээд дууссан байсан хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд дахин хянуулах хүсэлт гаргаад энэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Мөн Б м ХХК орон нутгийн өмчтэй компани байдаг. Манай компани дулаан түгээх зохицуулалт, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай компанийн үүсгэн байгуулагч нь Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал байдаг. Үүсгэн байгуулагч нь Иргэдийн төлөөлөгчидийн хурал, орон нутгийн өмчтэй компанийн хувьд компаний тухай хууль болон компаний дүрмээрээ тухайн компанийн хөрөнгө оруулалт асуудлуудыг төлөөлөн удирдах зөвлөл буюу хувьцаа эзэмшигчдийн хурал, хувьцаа эзэмшигчийн хуралгүй тохиолдолд үүсгэн байгуулагчийн хурлаар шийдвэрлэнэ гэж компанийн дүрэмд заасан байдаг. Үүний дагуу Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчидийн хурлаас аймгийн 80 жилийн ойг угтаж хийгдэж байгаа Тулгат баганан хөшөөнд 30,000,000 төгрөгийг Б м ХХК-аас гаргахыг зөвшөөрсөн. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчидийн хурлын тогтоол байдаг. Манай компани энэ тогтоолыг хэрэгжүүлээд 30,000,000 төгрөгийг төлчихсөн байгаа. Маргаад байгаа асуудал юу вэ гэхээр хүчин төгөлдөр бус 68,900,000 төгрөгийн гэрээгээр үлдэгдэл төлбөр болох 19,400,515 төгрөг нэхэмжлэгдээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэдийн төлөөлөгчидийн хурлаар баталж өгсөн 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа манай компани Тулгат баганан хөшөө НҮТББ-ынх нь данс руу тухайн үеийн захирал байсан хүний данс руу ажил гүйцэтгэсэн шатахуун тос гэх мэтчилэнгээр энэ 30,000,000 төгрөгөө гаргачихсан юм. Энэ нэхэмжлэгдээд байгаа 68,000,000 төгрөг бол 2-3 компани нийлж энэ ажлыг хийх байсан гэж тайлбарлагддаг. Гэтэл Х у НҮТББ өөрөө нотлох баримтандаа сая бас итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дурьдаж байна. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 15,000,000 төгрөгийг Б м ХХК Х у НҮТББ-ын данс руу хийсэн гээд энэ 15,000,000 төгрөг бол Б м ХХК-аас биш Элчит металл гэдэг Булган аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг, нүүр олборлодог энэ компаниас шилжиж орсон мөнгө нь дансны хуулгаараа баталгаажигдаж байдаг. Нэхэмжлэгчийн талаас гаргаж өгсөн нотлох баримт дээр харагдана. 2 хүний дансны хуулга өгөгдсөн байдаг. 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг гэх мэтчилэнгийн мөнгөнүүд байдаг. Энэ мөнгөнүүд дандаа хувь хүний данснаас орсон байдаг. Б м ХХК-аас биш. Хамгийн ноцтой асуудал нь юу бэ гэхээр 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Булган сумын 6-р багийн иргэн Д.Очирбат гэж хүнээс тухайн ажлын үлдэгдэл хөлс болох 10,000,000 төгрөгийг хугацаатай энэ хугацааны дотор гаргуулж авна гэсэн гэрээ №1 гэсэн гэрээ байгуулсан байдаг. Иргэн Д.Очирбат буюу Рагчаа гэсэн хоёр хүний хооронд. Очирбат гэдэг хүн энэ гэрээг байгуулж байх үедээ 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б м ХХК-ийн захирал байсан. Мөн хавтаст хэрэгт өгсөн байгаа 2020 оны 12 дугаар сард энэ хүн ажлаас чөлөөлөгдсөн. Үнэхээр нэхэмжлэгч бөгөөд хариуцагч хоёр талын хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдээд түүний үлдэгдэл төлбөр болох үнийн дүнг нэхэмжилж байгаа бол Санхүү бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн бичиг баримт бусад зүйлүүдээр аж ахуй нэгжүүдийн хооронд өглөг авлага байгаа бол түүнийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулдаг. Мөн санхүүгийн эрх бүхий хүн гарын үсэг зурж тамга тэмдэгээр баталгаажуулдаг. Тэгэхэд тухайн үед Б м ХХК-ийн захирал хийж байхад нь иргэн Очирбат гэж хүнтэй 10,000,000 төгрөгийн гэрээ хувийн зүгээс хийсэн гэрээгээр Б м ХХК-аас одоо ажлын үлдэгдэл хөлс гэж нэхэмжлээд байгаа нь зүй бус юм. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Очирбат гэдэг хүнээс Тулгат баганан хөшөөний ажлын хөлсний үлдэгдэл болох 10,000,000 төгрөгийг төлүүлнэ гэсэн гэрээ байгуулсан хэрнээ 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 19,400,000 төгрөгийг нэхэмжлэл үүсгээд байдаг. Шүүх хуралдааны явцад өнөө 19,400,000 төгрөгийн нэхэмжлэл нь 15,051,000 төгрөг болоод байдаг. Энэ мэтчилэнгээр үнийн дүн нь тодорхойгүй ийм нэхэмжлэл гаргаад байгаа нь эргэлзээтэй ийм нөхцөл байдал байгаад байна. Б м ХХК нь иргэдийн төлөөлөгчидийн хурлаар баталж өгсөн 30,000,000 төгрөгөө Х у НҮТББ-д шилжүүлчихсэн одоо бол ямар нэгэн өр авлага байхгүй. Хэрвээ үнэхээр Тулгат баганан хөшөө 68,900,000 төгрөгийн өртөгтэй бөгөөд үүний үлдэгдэл мөнгийг нэхэмжлэх гээд байгаа бол Элчит метал гэдэг юм уу, иргэнээрээ гэрээ байгуулсан Д.Очирбат гэдэг хүнээсээ юм уу, энэ хүмүүсээс нэхэмжлэл нь зүй ёсны хэрэг юм гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний чөлөөт зарчимын хүрээнд хоёр талын эрх бүхий албан тушаалтнууд Тулгат баганан хөшөөг ажил гүйцэтгэх гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг аль аль нь хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зураад тухайн компанийхаа тамга тэмдгийг дарсан. Энэ үйл баримтаас авч үзэх юм бол ажил гүйцэтгэх гэрээгээр энэхүү гэрээ хүчин төгөлдөр байна. Энэ гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргийн хүрээнд тогтоогдож байна. Үүнээс илүү гарсан мөнгөн төлбөрийг Б м ХХЗ Х у НҮТББ-д өгөх ямар нэгэн шаардах үүрэг үүсээгүй байна. Тийм учраас Х у НҮТББ-ын нэхэжлэээд байгаа төлбөр бол шаардах эрхгүй төлбөр буюу Очирбат гэх иргэнээс шаардах тусдаа маргааны асуудал байна. Иргэдийн хурал 68,000,000 төгрөгөөр бүртгэж авсан хөшөө байна гэж яригдаад байгаа боловч энэ асуудал бол тусдаа харилцаа. Гэрээний маргаан учраас гэрээний маргаанд иргэдийн төлөөлөгчидийн хурлаас 68,000,000 төгрөг төсөвлөсөн асуудал гэрээний хүсэл зоригийг илэрхийлэхгүй. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэв.

 

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хх 5/, Булган аймгийн Засаг дарга З.Батзоригийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Д.Бд олгосон батламж /хх-6/, Ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар /хх-7/, 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Барилга байгууламж хүлээн авсан комиссийн акт-ын хуулбар /хх-8/, 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Д.Очирбат, Б.Рагчаа нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар /хх-9/, Х у гэх эзэмшигчтэй харилцах дансны 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны харилцагчийн хуулга /хх-10-11/, Боргилсайханы Рагчаагийн 5065048816 дугаар депозит дансны 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх-12-14/,

Хариуцагчаас: Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 онэы 3 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай хурлын тогтоол, тогтоолын хавсралтын хуулбар /хх-25-27, 35-36/, Б м ХХК-ийн ЕЖ№5 дугаартай 2018 оны Ерөнхий журналын хуулбар /хх-28/, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар /хх-29-30, 37-38/, Булган аймгийн Дулаан, ус хангамж НАА-н Б м ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаар Хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын хуулбар /хх-31-32, 34/, Б м ХХК-ийн Ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл 1-ийн хуулбар /хх-ийн 39/, Б м ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хх-46/, Булган аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/84 дугаартай Д.Очирбатыг ажлаас чөлөөлсөн тухай захирамжийн хуулбар /хх-ийн 48/, Булган аймгийн дулаан, ус хангамж, нийтийн аж ахуйн Б м ХХК-ийн дүрмийн хуулбар /хх-ийн 49-57/, Х у НҮТББ, Б м ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар /хх-ийн 84-85/ зэргийг

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тохиролцсон хугацаанд Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан Тулгат багана хөшөө цогцолбор-ыг 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээлгэн өгсөн , хариуцагч Б м ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 19,400,515 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 15,051,687 төгрөгийг Б м ХХК-аас гаргуулна, нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,348,828 төгрөгийг татгалзаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х у НҮТББ-ийн хийж гүйцэтгэсэн "Тулгат багана хөшөөний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 19,400,515 төгрөгийг Б м ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Х у НҮТББ, хариуцагч Б м ХХК-ийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч ямар нэг эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус зааснаар 30,000,000 төгрөгийн үнэтэй "Тулгат багана хөшөө цогцолбор хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна /хх.84-85/.

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор Тулгат багана хөшөө цогцолбор-т 30,000,000 төгрөгийг төсөвлөсөн. Зохигчийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-г Х у НҮТББ-ын тэргүүн Д.Б, Б м ХХК-ийн захирал Д.Очирбат нар гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан байна.

Гэрээний дагуу Х у НҮТББ нь ажлын үр дүн болох Тулгат багана хөшөө цогцолбор-ыг Б м ХХК-д хүлээлгэн өгсөн, Б м ХХК нь гэрээгээр тохирсон ажлын хөлс 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Х у НҮТББ-ын дансны хуулга, хэргийн 37-38-р хуудсанд авагдсан бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Гэрч Д.Очирбатын шүүхэд өгсөн мэдүүлгээр Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан Х у НҮТББ-ын хийсэн Тулгат багана хөшөө цогцолборын өртөг нь 68,000,000 төгрөг байсан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг Б м ХХК, Илчилт металл ХХК, Дэлгэрэх Ган ХХК-ууд хамтран хийлгэж, орон нутагт хүлээлгэн өгөх байсан. Б м ХХК нь 30,000,000 төгрөг, Илчилт металл ХХК нь 30,000,000 төгрөг, Дэлгэрэх Ган ХХК нь 8,000,000 төгрөгийг тус тус Х у НҮТББ-д өгөхөөр тохиролцсон байсан. Б м ХХК нь 30,000,000 төгрөг, Илчит металл ХХК нь дансаар 15,000,000 төгрөг, бэлнээр 5,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Харин Дэлгэрэх ган ХХК 8,000,000 төгрөгөө өгөөгүй, Илчилт металл ХХК нь үлдэх 10,000,000 төгрөгийг өгөөгүй болох нь батлагдаж байна.

Гэрчийн Тулгат багана хөшөө цогцолборыг Б м ХХК нь 30,000,000 төгрөг, Илчилт металл ХХК нь 30,000,000 төгрөг, Дэлгэрэх Ган ХХК нь 8,000,000 төгрөгийг тус тус гарган хийлгэхээр тохиролцсон байсан гэх мэдүүлэг нь хэргийн 10-р хуудсанд авагдсан Х у НҮТББ-ын дансанд 15,000,000 төгрөгийг Илчилт металл ХХК-аас, 25,348,828 төгрөгийг Б м ХХК-аас шилжүүлсэн дансны хуулгаар нотлогдож байна гэж дүгнэлээ.

Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан Х у НҮТББ-ын хийсэн Тулгат багана хөшөө цогцолбор-ын нийт өртөг нь 68,000,000 төгрөг байсан бөгөөд Б м ХХК нь 30,000,000 төгрөг, Илчилт металл ХХК нь 30,000,000 төгрөг, Дэлгэрэх Ган ХХК нь 8,000,000 төгрөгийг тус тус гарган хийлгэхээр тохиролцсон болох нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Харин Б м ХХК-ийн хувьд Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор зөвшөөрч,төсөвлөж өгсөн 30,000,000 төгрөгийн хэмжээнд Тулгат багана хөшөө цогцолбор-ын ажил гүйцэтгэсний хөлсийг хариуцахаар гэрээ байгуулсан байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын өртөг 68,000,000 төгрөгнөөс Б м ХХК нь 30,000,000 төгрөг,Илчилт металл ХХК нь дансаар 15,000,000 төгрөг, бэлнээр 5,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг тус тус өгсөн,харин Дэлгэрэх ган ХХК 8,000,000 төгрөг, Илчит металл ХХК нь үлдэх 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Х у НҮТББ-ын хийсэн Тулгат багана хөшөө цогцолбор-ын нийт өртөг 68,000,000 төгрөгнөөс хариуцагч Б м ХХК нь өөрийн төлөх ёстой 30,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х у НҮТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б м ХХК-д холбогдох, 19,400,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,960 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН