Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1246

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01088 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Ч, Н.Б нарт холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, хоршооллын хотхон 50 дугаар байрны 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Н.Ч, Н.Б нарын хооронд 2015 оны 04 сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Бын нэр дээр гаргуулахыг хариуцагч Н.Чад даалгах тухай нэхэмжлэлтэй,

 Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, хоршооллын хотхон 50 дугаар байрны 1 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай Н.Б-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О

Хариуцагч Н.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “И” ХХК-тай Орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 давхар 30 айлын орон сууцны 1 дүгээр орцын 2 давхар, 5 тоотоос 1 өрөө орон сууцыг 26 000 000 төгрөгөөр захиалж, бариулахаар болсон бөгөөд уг орон сууцыг гүйцэтгэгч тал 2009 оны 1 дүгээр сарын 15-ны дотор батлагдсан зураг төсвийн дагуу барьж, захиалагчид хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан.

2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 15 000 000 төгрөг, 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөг, 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3 600 000 төгрөг буюу нийт 26 600 000 төгрөгийг “И” ХХК-д бэлнээр төлж барагдуулсан.

Гэтэл “И” ХХК нь 2 давхрын 5 тоот 1 өрөө орон сууцыг Г.Бд өгөх боломжгүй болсон, уг байрны 1 давхрын 1 тоот нэг өрөө орон сууцыг санал болгосон ба тухай үед зөвшөөр ч хүлээн авсан. 

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, :....... улсын бүртгэлийн дугаартай, 35.55 метр квадрат 1 өрөө байрны өмчлөлийн гэрчилгээг удахгүй гарна гэж хэлсээр өдий хүрсэн.

Г.Б нь 2009 оноос хойш уг орон сууцад амьдарч байгаа бөгөөд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Ч нь өөрийнхөө нэр дээр гарган авч, 2015 оны 04 сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж Н.Бт шилжүүлсэн.

Иймд уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, Н.Ч, Н.Б нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Бын нэр дээр гаргуулахыг Н.Ч даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Бтай байгуулсан 50 дугаар байрны 5 тоотыг худалдах, худалдан авах гэрээг н.До байгуулсан учраас хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Учир нь “И” ХХК нь 1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч нь би, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд н.Д биш.

Тухайн үед 50 дугаар байрны 5 тоот 1 өрөө орон сууцыг 26 600 000 төгрөгөөр худалдах худалдах авах гэрээ хийсэн гэж 21 000 000 төгрөг өгсөн гэж н.Д хэлсэн учраас би зөвшөөрсөн.

Г.Бтай 50 дугаар байрны 20 айлын 5 тоотод орон сууцанд гэрээ хийсэн болохоос 1 тоот орон сууцанд гэрээ байгуулаагүй, гэрээний бус шаардлага шүүхэд гаргаж байна. Гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлсөн гэдэг боловч 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын тогтоолоор 5 600 000 төгрөгийг төлөөгүй гэдэг нь тогтоогдсон.

Тэгэхээр төлбөрөө дутуу төлсөн учир байранд орох эрхгүй. П.А-тай хуувилдаж, 1 тоот орон сууцны цоожийг эвдэж орсон.

Тухайн байрыг би хууль ёсоор бусдад шилжүүлсэн. Г.Б гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, 5 600 000 төгрөг төлөөд байраа өөрийн болгож ав, эсхүл гэрээгээ цуцална, 100 хувь ашиглалтад орсон байранд та орсон гэдгийг тайлбарласан. Үндсэн гэрээгээр 5 тоотыг л шаардах эрхтэй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй бол нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

Манай компани нь 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр татан буугдсан. Үүнээс хойш тухайн компанийн эрх залгамжлагчийг тогтоосон ямар ч эрх зүйн акт гараагүй.

Нэхэмжлэгч Н.Чыг тухайн компанийн эрх залгамжлагч гэдгийг тогтоох ёсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах учиртай.

Н.Бт орон сууцыг 85 000 000 төгрөгөөр худалдаж бэлэглэлийн гэрээ байгуулсан. Г.Бын анх захиалсан байртай ямар ч холбоогүй.

Г.Бтай байгуулсан гэрээ цуцлагдсан учраас өгсөн мөнгөө буцаан авах боломжтой. Нэхэмжлэгч өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлдээ: Г.Б нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 давхар орон сууцны 1 дүгээр орцны 17 тоот 1 өрөө сууцыг орон сууц захиалан бариулахаар гэрээ байгуулсан. Харин Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо,........... 1 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг захиалан бариулсан гэрээ хэлцэл байхгүй.

Г.Бын шаардаж буй объект 50 айлын 1 тоот биш, харин 20 айлын орон сууцны 5 тоот болох нь тогтоогддог.

Би Н.Чтай байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу Баянзүрх дүүргийн ..........1 тоотын өмчлөгч болсон.

Г.Б нь 26 000 000 төгрөгийг И ХХК-д төлөх үүрэг хүлээсэн. П.А нь Г.Б-аас 6 500 000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч, уг мөнгийг Ц.Д хүлээлгэн өгсөн гэж гэрчийн мэдүүлэг өгсөн ч энэ талаар нотолсон баримт авагдаагүй.

Г.Б нь уг байрнд 2009 оноос хойш амьдарч байгаа гэх боловч эрчим хүч дулаан ашиглалтын гэрээг Г.Б 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан байх ба тэрээр энэ үед 50 дугаар байрны 01 тоотын хаалгыг эвдэж дураар авирласан болох нь нотлогдож байгаа.

Баянзүрх дүүргийн .........байрны 01 тоотыг өмчилж авсан ба “И” ХХК уг орон сууцтай холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй.

Иймд Г.Б-ыг Баянзүрх дүүргийн байрны 1 тоот орон сууцнаас албадан нүүлгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  өгнө үү нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 243.1.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Тайчууд овогт Гооройгийн Баянзулыг Баянзүрх дүүргийн ...... байр 1 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ........дугаартай, 33,55 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Н.Ч, Н.Б нар хооронд 2015 оны 04 сарын 23-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заанаар Улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б-ын нэр дээр гаргуулахыг хариуцагч Н.Ч-ад даалгах тухай шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Бын гаргасан Баянзүрх дүүргийн ..........байрны 1 тоот орон сууцнаас Г.Б-ыг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 361 150 төгрөг, хариуцагч Н.Б-аас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ч-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

      Хариуцагч Н.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж , гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн олон заалтыг зөрчиж нотлох баримтыг буруу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ

 

Хариуцагч Н.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөн авсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа нөхцөлд Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчин төгөлдөр байгаа нөхцөлд уг орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ямар нэгэн үндэслэл заагаагүй, түүнчлэн сөрөг нэхэмжлэлийг Н.Ч-ад гардуулж тэр дариуд нь тайлбар авсан хэрнээ, нэхэмжлэгчид гардуулаагүй нь алдаа болсон. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Н.Ч, Н.Б нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн ............. 1 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг даалгуулах, Н.Ч, Н.Б нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч Н.Б уг орон сууцыг Г.Бын эзэмшлээс  албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

“И” ХХК болон Г.Б нарын хооронд 2009 онд “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, “И” ХХК нь  Баянзүрх дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 давхрын 30 айлын орон сууцны 1 дүгээр орцны 2 давхрын 5 тоот 1 өрөө орон сууцыг 2009 оны 01 дүгээр сарын 15-ны дотор батлагдсан зураг төсвийн дагуу барьж, хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгөх, гэрээний нийт үнийг 26 600 000 төгрөг гэж тохиролцож, Г.Б нь  5 000 000 төгрөгийг мөн оны12 дугаар сарын 04, 13 000 000 төгрөгийг мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 8 600 000 төгрөгийг байранд орохдоо төлөхөөр тус тус тохиролцсон.

 

Гэрээнд “И” ХХК-ийн захирал Н.Чыг төлөөлж Ц.Д гарын үсэг зуржээ.  Г.Б-аас “И” ХХК-д  2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн  баримтад “51-р байрны 5 тоот” , мөн оны 12 дугаар сарын 14-ний өдөр 13 000 000 төгрөгийг төлсөн баримтад мөн “51-р байр 5 тоот”, 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 3 600 000 төгрөг төлсөн баримтад “51/1”, 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн баримтад “51/1” гэсэн тэмдэглэгээ тус тус хийгдсэн байна.  Г.Б 26 600 000 төгрөгийг төлж үүргээ гүйцэтгэсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Учир нь тэрээр 21 000 000 төгрөгийг төлсөн нь “И” ХХК-ийн орлогын баримтаар, 5 600 000 төгрөгийг “И” ХХК-ийн ажилтан П.А төлсөн нь Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 19-ний 275 тоот прокурорын тогтоолоор тогтоогдсон байна. Түүнчлэн гэрч П.А мэдүүлгээр н.Д 5 тоот орон сууцанд өөрийн эхийг оруулснаар Г.Бд 1 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.

 

Түүнээс гадна “И” ХХК-ийн захирал Н.Ч болох талаар талууд маргаагүй бөгөөд маргаан бүхий барилгыг 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн комиссын актад хөрөнгө оруулагч, захиалагч нь иргэн Н.Ч гэж тэмдэглэгдсэн байна.

 

Гэрээнд “И” ХХК-ийн захирал Н.Чыг төлөөлж Ц.Доржбадам гарын үсэг зурсан нь Н.Ч, Г.Б нарын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт “төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ” гэж заасныг үзвэл Ц.Д нь Н.Чыг төлөөлөх итгэмжлэл олгосон, уг компанийн менежер гэж харьцаж гэрээний харилцаанд орсноор Г.Бын өмнө хариуцлага хүлээх этгээд нь Н.Ч байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Дээрх баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл Г.Б нь хариуцагч Н.Чтай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.  Өөрөөр хэлбэл, иргэн Г.Бтай гэрээ байгуулахдаа орон сууцны барилгыг “И” ХХК-ийн өмчлөлийн гэж ойлгуулсан атлаа улсын комисст хүлээлгэж өгөхдөө өөрийн нэрээр хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг улсын бүртгэлд өөрийн нэрээр бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Иймд орон сууц худалдагч талыг Н.Ч гэж тодорхойлсон нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Г.Б нь гэрээгээр тохирсон 26 600 000 төгрөгийг төлж үүргээ биелүүлсэн, хариуцагч Н.Ч  нь гэрээний зүйл болох 5 тоот орон сууцыг 1 тоот болгож өөрчилсөн болох нь “И” ХХК-ийн 2010 оны 06 дугаар сарын 07, 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн орлогын баримтууд гэрч П.Амаржаргалын мэдүүлэг, Г.Бын эзэмшилд 1 тоот орон сууцыг хүлээлгэж өгсөн, Г.Б нь уг орон сууцыг 2010 оноос хойш эзэмшиж байгаа, түүний эзэмшлээс орон сууцыг гаргуулах талаар хариуцагч талаас эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй зэрэг үйл баримтуудаар нотлогдож байна.

 

Орон сууцыг ашиглалтад өгсөн 2012 оноос хойш орон сууцны үнийг төлсөн Г.Бд өмчлөх эрхийг нь шилжүүлэх үүргээ хариуцагч Н.Ч биелүүлээгүй тул уг орон сууцны өмчлөгчөөр Г.Быг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Өмчлөгчөөр тогтоох шийдвэрт гэрээний зүйлийн улсын бүртгэлийг үндэслэн Баянзүрх дүүргийн ........ дугаар хороо ..... 1 тоотод байршилтай гэж анхан шатны шүүх тодорхойлсон нь зөв бөгөөд хариуцагч талаас эх хувийг бэлдсэн гэрээнд гарын үсэг зурсан иргэн Г.Бын хувьд хариуцагчийн барьж ашиглалтад оруулж түүнд хүлээлгэж өгсөн орон сууцыг эзэмшилдээ авахад байрны хаягийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд зөв тодорхойлох үүрэг хүлээхгүй юм.

 

Харин анхан шатны шүүх Г.Быг маргаан бүхий 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон атлаа уг орон сууцны өмчлөгчөөр Н.Быг бүртгэсэн бүртгэлийг хүчинтэй үлдээсэн нь буруу болжээ. Учир нь нэг үл хөдлөх хөрөнгийн хувьд үнийг бүрэн төлсөн Г.Б, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн авсан Н.Б нарын өмчлөл нэгэн зэрэг байх боломжгүй, тэдгээрийг орон сууцны  хамтран өмчлөгч гэж үзэхгүй юм.  

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах хүрээнд шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлт оруулах нь талуудын зарчмыг зөрчихгүй юм.

 

Н.Ч нь уг орон сууцыг өмчлөх эрхийг 2013 оны 10 дугаар сарын 03 өдөр улсын бүртгэлд өөрийн нэрээр бүртгүүлж, улмаар 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр  бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг Н.Бт шилжүүлж, Н.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх 13, 28, 171/

 

Н.Б нь уг орон сууцыг өмгөөллийн хөлсөнд авсан гэх тайлбараас үзвэл түүнийг бэлэг хүлээн авсан гэж дүгнэхээргүй байх тул тэрээр уг орон сууцыг шилжүүлж авахдаа улсын бүртгэлийг шалгахаас гадна бусдын эзэмшилд байгаа эсэхийг бодитоор шалгаж авах боломжтой байсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөлийн зүйлийг шударгаар олж авсан гэж дүгнэхэд эргэлзээтэй.

 

Иймд Н.Ч, Н.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц бэлэглэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

 

Н.Б нь өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01088 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар Г.Быг Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо 1 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054706 дугаарт бүртгэлтэй, 33,55 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Н.Ч, Н.Б нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 23-ын өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсүгэй” гэж өөрчлөн найруулж,

4 дэх заалтыг “ олгосугай” гэснийг “олгож, Н.Б, Н.Ч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Н.Чын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 150 төгрөг, хариуцагч Н.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                        

                              ШҮҮГЧИД                                        Т.ТУЯА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА