Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2023/00027/И |
Дугаар | 130/ШШ2023/00300 |
Огноо | 2023-03-30 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 130/ШШ2023/00300
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт Арыстаны Ө-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, Б овогт С,
Хамтран хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, Б овогт Ж нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Киа-Вонго маркийн 0000 БӨҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, түүний өмгөөлөгч С,
Хамтран хариуцагч Ж,
Хариуцагч нарын өмгөөлөгч С,
Гэрч Ж, А, З,
Орчуулагч А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.
Хариуцагч Сд шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч хариуцагч С шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хамтран хариуцагч талын хүсэлтээр хариуцагч Сий эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ө нь хариуцагч С, хамтран хариуцагч Ж нарт холбогдуулан Киа-Вонго маркийн 0000 БӨҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Эгнэшгүй-их” ХХК-аас зохион байгуулсан Хийморьтой 20 сугалаанаас сугалаа авч Ванго-3 маркийн /22000000 төгрөгийн үнэлгээтэй/ машиныг миний нэр дээр байгаа 000091 дугаартай сугалаа таарч азтан болсон юм.
1.2 Иргэн С-ээс сугалаанд нэмэрлэж мөнгө зээлсэн учир таарсан Ванго-3 маркийн машиныг дундын өмч хэмжээн барьцаалсан ба хууль бусаар хувьдаа ашиглан торгууль гаргасан.
1.3 Миний бие хариуцагч С-д албаны тээврийн хэрэгслийг засуулдаг байсан ба миний худалдаж авсан 4 сугалааны эрх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт машинд байсан. Сугалааны тохирол явагдсан өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай албаны тээврийн хэрэгсэл хариуцагчийн хашаанд байсан. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 16-ны орой хөдөөнөөс ирсний дараа Сий гэрт очиж сугалааны эрхээ авах гэсэн боловч манай байгууллагын УАЗ фургон маркийн 0000 БӨА улсын дугаартай машин дотор байсан сугалааны эрхүүдийг хамтран хариуцагч Ж авсан байсан. Миний бие яагаад миний сугалааны эрхийг машин дотроос авсан юм бэ гэхэд С нь энэ сугалааг авахад чинь бие мөнгө зээлсэн шүү дээ тийм учраас энэ бол бидний дундын өмч байх ёстой гэж бодож байгаа тул сугалааны эрхийг машин дотроос авсан тэр сугалааны эрхүүдийн нэгэнд нь сугалааны тохирлоос Киа Вонго 3 маркийн тээврийн хэрэгсэл таарсан байна гэж хэлсэн.
1.4 Чи энэ сугалааны эрхийг авахыг хүсвэл надад энэ машины тал үнийг шилжүүл гэхэд би надад тийм хэмжээний мөнгө байхгүй гэж дансны үлдэгдлээ харуулсан. С тэгвэл хэдэн төгрөг өгөх боломжтой юм бэ гэж асуухад нь би сугалааны эрхээ буцаан авахын тулд аргагүйн эрхэнд найз болох Д-аас 5 сая төгрөг зээлэн Сий надад хэлсэн дансанд шилжүүлсэн ба энэ нь Ж-ын данс байсан. Үүний дараа буюу 10 дугаар сарын 17-ны өдөр миний бие машиныг авсны дараа Сий эхнэр Ж хамаатан садангийн хамт ирж хэрүүл өдөж эхнэрийг маань хэл амаар доромжилж айлган сүрдүүлж миний эзгүйд машиныг авч явсан. Дараагаар нь С-ийн гэрт очиж 5 сая төгрөгийг нь буцааж өгч тээврийг хэрэгслийг буцааж авах гэсэн боловч өгөөгүй тул шүүхэд хандсан.
1.5 Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С болон гэрч нарын мэдүүлгээс харахад хариуцагчийн эхнэр болох Ж нь хамтран хариуцагч гэж үзэж байна. Иймд Киа Вонго-3 маркийн 0000 БӨҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Сий хариу тайлбар, татгалзал: Миний бие нэхэмжлэгч Ө-ын тус шүүхэд гаргасан Ванго-3 маркийн 0000 БӨҮ улсын дугаартай машиныг буцаан авч өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
2.1 Уг Ванго-3 маркийн автомашин нь “Эгнэшгүй-их” ХХК-аас зохион байгуулсан Хийморьтой-20 хонжворт сугалаагаар 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр Ж хожиж авсан ба 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш одоо хүртэл манай хашаанд байгаа.
2.2 Уг асуудал нь манай эхнэр Ж болон Ө нарын хооронд болсон үйл явдал. Ингэхээр би уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш учраас нэхэмжлэлийн шаардлага нь үнэн худал эсэхийг би мэдэхгүй. Уг сугалааг би татаагүй, харин эхнэр Ж татсан.
Иймд нэхэмжлэгч Ө-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хамтран хариуцагч Ж-ын хариу тайлбар, татгалзал: Хариуцагч Ж би тус шүүхэд Ө-аас гаргасан “Киа Вонго 3 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах дэлгэрэнгүй тайлбарыг гаргаж байна.
3.1 Хариуцагч Ж би “Эгнэшгүй-Их” ХХК-аас Б аймаг даяар хонжворт сугалаа явуулах тухай зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон. Ингээд Ө сумын 1 дүгээр багт оршин суудаг, Б аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт жолооч ажилтай Ө бид хоёр 2022 оны 09 дүгээр сарын дунд үед төв талбайд очиж 4 ширхэг сугалаа худалдаж авсан.
3.2 Ингэхдээ 4 ширхэг сугалааны нэг нь үнэ төлбөргүй байсан ба үлдсэн 3 сугалааны нэг бүрийн үнэ нь 30,000 төгрөг нийт 90,000 төгрөг байсан. Ө-тай хамт талбайд очсон нь Ө нь манай нөхөр Сээр байнга автомашинаа засуулдаг тул манай гэрт байнга ирж явдаг учраас сайн таньдаг байсан. Нэг өдөр манайд ирж байхдаа төв талбайд сугалаа зохион байгуулагдах гэж байгаа юм байна, 3 сугалаа авах юм бол нэг сугалаа үнэгүй өгөх юм байна, хамтарч 3 сугалаа авъя гэхээр нь Ж би Ө-тай хамтарч төв талбайгаас уг компаниас 000091, 000079 дугаартай сугалааг худалдаж аваад, харин Ө нь өөр дугаартай хоёр сугалаа аваад уг сугалаануудыг өөр өөрсдөө гэрт аваад явсан.
3.3 Талбайгаас сугалаа худалдаж авах үед Ө-аас надад хандаж “Энэ 4 сугалаанд миний нэрийг бичье, харин юм таарвал өөр өөрсдийн дугаартай сугалаагаар таарсан зүйлээ авъя” гэж хэлэхэд би тэр үед ямар нэгэн маргаан гарахгүй гэж зөвшөөрч байсан. Тэр өдөр бодит байдалд Ж миний худалдаж авсан сугалааны дугаар нь 000091, 000079 дугаартай байсан ба уг 2 сугалааг гэртээ авч ирж хадгалсан.
3.4 Ингээд уг хонжворт сугалааны тохирол нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн төв талбайд явагдсан. Тэр өдөр би гэртээ амарч байсан ба уг сугалааг “Д“ зурагтаар аймаг даяар шууд нэвтрүүлсэн. Би тэр өдөр талбайд очоогүй ба зурагтаар харж байтал миний 2022 оны 09 дүгээр сарын дундуур төв талбайгаас худалдаж авсан 000091 дугаартай сугалаанд Киа Вонго-3 маркийн автомашин таарсан. Би энэ явдалд баярлаж гадаа Ө-ын автомашиныг засаж байсан нөхөр С-д хэлсэн. Тэгээд бид бөөн баяр болж, нөхөр маань С Ө-ын эхнэрт очиж “Сая машин хожсон сугалаа манай эхнэрт таарсан байна. Эхнэр үүнийг зурагтаас өөрийн нүдээр шууд харж надад хэлсэн. Харин та нарт сугалаа таараагүй байна” гэж хэлж байсан.
3.5 Тэр өдрийн орой нь Ө нь эхнэртэй хамт манай гэрт ирж бидэнд баяр хүргэж, хоол ундаа идээд явсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө буюу шөнийн 4 цаг өнгөрч байхад Ө эхнэртэй дахин манай гэрт ирж бид нарыг сэрээж бидэнд “Хонжворт сугалааны авто машиныг өглөө талбайгаас би авч гарья, учир нь сугалаанд миний нэр бичигдсэн байгаа, би сугалаа таарсан гээд нэрээ гаргамаар байна” гэж хэлэхэд би тэдэнд “Болохгүй сугалаа миний гарт байна. Би өглөө нөхөртэй хамт очоод хожсон машиныг өөрсдөө авна, та нарт итгэхгүй байна” гэж хэлсэн. Тэр үед Ө нь би танд 5,0 сая төгрөгийг шилжүүлнэ гэж хэлээд 04 цаг 10 минутын үеэр Ж миний ХААН Банк дахь 00000000 дугаартай дансанд 5,0 сая төгрөг шилжүүлж гарын баримт өгсөн. Уг гарын баримтад “Талбайгаас таны автомашиныг авч ирж өгөөд, одоо таны дансанд шилжүүлсэн 5,0 сая төгрөгийг буцааж авна” гэж бичсэн байсан. Ингээд Ж би Ө болон түүний эхнэрийн хэлсэн үгэнд итгэж гарт байсан 000091 дугаартай сугалааг Өт өгсөн. Тэгээд Ө нь маргааш нь өглөө төв талбайгаас хонжворын авто машиныг хүлээж аваад тэр өдөр би олон удаа түүнд утсаар ярих гэсэн боловч тэрээр утсыг аваагүй байсан. Ингэж байж байтал тэр өдрийн орой нь Ө-ын эхнэр нь Ж над руу заалгаад "Сайн байна уу. Өдөржингөө ажил төрөл гарч бид тантай холбогдож чадсангүй. Бид уг автомашины татварт 4,0 сая төгрөг төлсөн. Автомашины дугаар бусад зардалд 140,000 төгрөг тушаасан. Манай хамаатнууд Өт “Чи бусдын хожсон машиныг авчхаад яагаад хүргэж өгөхгүй байна“ гэж загнаж байна. Иймээс та 9,140,000 төгрөгийг бэлнээр авч ирээд автомашиныг манай гэрээс аваад аваарай” гэж хэлсэн.
3.6 Тэгээд Ж би хөрш зэргэлдээ орших С, Х, Б, Х, хадам дүү Е, түүний эхнэр Р нарын 7 хүн Ө-ын гэрт 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд очсон. Энэ үед Ө-ын гэрт цай уугаад тэгээд 9,140,000 төгрөгийг Ө-ын өөрт нь бэлнээр хүлээлгэн өгөөд автомашиныг Ө өөрөө унаад манай хашаанд авч ирж өгч өнгөрсөн шөнө бичиж өгсөн гарын баримтыг буцаан аваад явсан. Өт 2022 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед өгсөн 9,140,000 төгрөгийг Ж би тэр өдрийн орой нь ХААН банкнаас 6 удаагийн үйлдлээр 8,570,000 төгрөгийг бэлнээр гарган авч үлдсэн 570,000 төгрөгийг гэртээ бэлнээр байсныг нийлүүлээд 9,140,000 төгрөгийг Өт хүлээлгэн өгсөн.
3.7 Тэр үед Ө нь жижиг шар цаасанд бичигдсэн автомашины дугаар, гэрчилгээний үнэ төлсөн баримтыг надад өгсөн. Тэр үед Ө нь надад “жижигхэн шар цаасанд бичигдсэн утасны дугаар руу ярьж та маргааш машинаа өөрийн нэр дээр буулгаж аваарай” гэж хэлсэн. Ингээд Ө-ын хэлснээр би жижиг шар цаасанд бичигдсэн 99429752 дугаартай утас руу залгахад эмэгтэй хүн байсан ба тэрээр “Би Улаанбаатар хотод явж байна. 7 хоногийн дараа ирнэ, тэгээд та машиныг өөрийн нэр дээр буулгаж аваарай” гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа нөгөө эмэгтэй рүү дахин залгаад “Та Ө-д ирсэн үү” гэж хэлэхэд тэр эмэгтэй “Би Өд ирээгүй байна, таны машины улсын дугаар нь манай гэрт байна. Гэрээс очоод аваарай” гэж хэлэхээр утсаар асууж байгаад гэрийн хаягийг тодруулан 0000 БӨҮ улсын дугаарыг авч автомашинд хадсан. Ингээд хэдэн хоногийн дараа аймгийн Авто тээврийн газарт ажилладаг эмэгтэй уулзаад “Ө-ын өгсөн жижиг шар цаасыг” үзүүлж машины техникийн гэрчилгээ бичүүлж авъя гэсэн. Гэтэл тэр байцаагч эмэгтэй “Энэ машин маргаантай байна. Би танд гэрчилгээ өгөхгүй” гэж хэлсэн. Ингээд би буцаад гэр лүү явсан. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бид Ө-ын гэрт очиход ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй тэнд маш тайван байсан. Бид уг автомашины түлхүүрийг хүчээр булаан аваагүй. Ө нь хажуудаа хүүгээ суулган уг автомашиныг унаад манай хашаанд авч ирсэн. Энэ асуудлын тухай шүүхэд гэрчээр асуугдсан нэр бүхий гэрч нар тодорхой мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Өнөөдөр Ө нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой хэрүүл маргаан болсон мэтээр худлаа зүйл бичиж байгаад гайхаж байна. Иймд нэхэмжлэгч Ө-ын “Киа Вонго 3 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ө-ын нэр дээр бичигдсэн 000091 дугаартай сугалааны хуудас, Вонго-3 маркийн тээврийн хэрэгслийн фото зураг, тээврийн хэрэгслийн лавлагаа, Ө-ын иргэний үнэмлэхийн хуулбар, эрх зүйн туслалцаа авах хүсэлт, Ө-аас А.Серикжанд олгосон итгэмжлэл, Эгнэшгүй-их ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай албан бичиг, сугалаа явуулсан талаарх холбогдох баримтууд, эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл /хуулбар/, өмгөөлөгч С-аас Эгнэшгүй-их ХХК-д хансан 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай албан бичиг, Мобиком корпораци ХХК-ийн Б салбарын захирлын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаартай албан бичиг, Ө-ын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ө-ын жолоодох эрхийн мэдээлэл лавлах, компакт диск оршуулгын хамт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг дахь улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэл хяналтын карт, Эгнэшгүй-их ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар албан бичиг, өмгөөлөгч С-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Б аймаг дахь улсын байцаагчид хандсан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаар албан бичиг, “Эгнэшгүй-их” ХХК хийморьтой 20 хонжворт сугалааны тохирлын бичлэгийн оршуулгын холбогдох хэсэг, Киа Вонго маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, А, Ж, З нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргийг,
Хариуцагчаас өмгөөлөгч С-тэй байгуулсан иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэмэлт тайлбар, Жын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Сий тайлбар, фейсбүүк олон нийтийн сүлжээний постын оршуулга, депозит дансны хуулга, 000079, 000091 дугаартай сугалааны хуудас, Е-ийн нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргийг тус тус гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр Р, Г, Б, Ж, С, Е, Х, Ж, А, З нарын гэрчийн мэдүүлгийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч Ө-ын “Киа-Вонго” маркийн 0000 БӨҮ дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч С, хамтран хариуцагч Ж нарын хууль бус эзэмшлээс гаруулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Эгнэшгүй-Их” ХХК-аас зохион байгуулсан Хийморьтой 20 сугалаанаас сугалаа авч Киа Вонго-3 маркийн машин миний нэр дээр байгаа 000091 дугаартай сугалаа таарч азтан болсон. Иргэн С-ээс сугалаанд нэмэрлэж мөнгө зээлсэн учир Киа Вонго-3 маркийн машиныг дундын өмч хэмээн хууль бусаар эзэмшиж байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
7.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Ө нь надаар байнга машин засуулдаг тул байнга ирж явдаг сайн танил билээ. Манай эхнэр Ж болон Ө нар нь 2022 оны 09 дүгээр сарын дунд үед аймгийн төв талбайд очиж 4 ширхэг сугалаа худалдан авсан ба 000091, 000079 дугаартай хоёр сугалааг манай эхнэр, өөр дугаартай хоёр сугалааг Ө өөрөө аваад явсан гэж хэлсэн. Сугалааг худалдаж авах үед Ө нь дөрвөн сугалааг өөрийн нэр дээр бүртгүүлэх талаар хэлснийг эхнэр Ж зөвшөөрсөн байх ба бодит байдал дээр 000091, 000079 дугаартай сугалаанууд Д.Жанрын сугалсан сугалаа байсан ба манай гэрт хадгалаастай байсан. Сугалааны тохирол явагдах үед Киа Вонго-3 маркийн автомашин нь Ж-ын гарт буюу манай гэрт байсан 000091 дугаартай сугалаанд таарсан. Ө-аас автомашин миний нэр дээр бүртгэлтэй байгаа сугалаанд таарсан учраас маргааш талбайгаас машиныг би авч та нарт өгье гэсний дагуу сугалааны тасалбарыг түүнд өгсөн ба машиныг хүлээж авсан орой Ө нь уг машиныг өөрөө сайн дурын үндсэн дээр манайд хүргэж өгсөн. Уг машин нь манай эхнэрийн 000091 дугаартай сугалаанд таарсан ба бид шударгаар эзэмшиж байгаа болно гэжээ.
8.Хамтран хариуцагч Ж нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Би “Эгнэшгүй Их” ХХК-аас Б аймаг даяр сугалаа явуулах гэж байгаа тухай зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон ба Ө бид хоёр 2022 оны 9 дүгээр сарын дунд үед төв талбайд очиж 4 ширхэг сугалаа худалдаж авсан. Ингэхдээ 4 сугалааны нэг нь үнэ төлбөргүй байсан ба үлдсэн 3 сугалааны нэг бүрийн үнэ 30000 төгрөг, нийт үнэ 90000 төгрөг байсан. Уг 4 сугалаанаас Ж би 000091, 000079 дугаартай сугалааг авсан. Сугалаа худалдаж авах үед Ө-аас надад хандаж энэ 4 сугалаанд миний нэрийг бичье, харин юм таарвал өөр өөрсдийн дугаартай сугалаагаар таарсан зүйлээ авъя гэж хэлснийг би тухайн үед зөвшөөрсөн. Би худалдаж авсан 000091, 000079 дугаартай хоёр ширхэг сугалааг гэртээ хадгалсан. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн төв талбайд явагдсан ба би сугалааны тохирлыг зурагтаар харж байхад миний худалдаж авсан 000091 дугаартай сугалаад Вонго-3 маркийн машин таарсан. Тэр орой Ө эхнэртэй хамт ирээд бидэнд баяр хүргээд явсан. Ө нь миний сугалаанд таарсан машиныг сайн дурын үндсэн дээр өөрөө барьж ирээд манай хашаанд оруулаад өгөөд явсан тул түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
9.1 “Эгнэшгүй-Их” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4 дугаартай өмгөөлөгч С-д хаягласан Тоотын хариу хүргүүлэх тухай албан бичигт “... Тус компани 2022 онд зөвхөн Б аймгийн иргэдэд зориулсан “Хийморьтой-20” хонжворт сугалаа зохион байгуулсан. ... Сугалаанд оролцогчоос “Киа Вонго-3” загварын тээврийн хэрэгслийн азтанаар №000091 дугаартай, холбоо барих утасны дугаар: 00000000, оролцогч А.Ө тодорсон. ... “Киа Вонго-3” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 22,000,000 төгрөгт ноогдох 4,000,000 төгрөгийн албан татварыг азтан Ө-аас бүрэн төлснөөр тухайн тээврийн хэрэгслийг түүнд олгосон болно. Өөрөөр хэлбэл таны хүсэлтэд дурдагдсан С, Ж гэх хүмүүсийн аль аль нь сугалааны хонжвор “Киа Вонго-3” загварын тээврийн хэрэгслийн азтанаар тодорч байгаагүй болно” гэж бичигдсэн байдал болон тухайн албан бичгээр ирүүлсэн холбогдох баримт болох Эгнэшгүй-Их ХХК-ийн Азын сугалааны код 5 машин 5 азтан гэх баримтын Вонго-3 портер гэх хэсэгт нэр Ө, утасны дугаар 0000000, код 000091 гэж, 000091 дугаартай сугалаанд утасны дугаар 0000000, нэр Ө гэж тус тус бичигдсэн байна.
9.2 Мобиком корпораци ХХК-ийн Б салбарын захирлын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаартай тодорхойлолтоор Мобикомын 0000000 дугаарыг иргэн А овогтой Ө-ын нэр дээр бүртгэлтэйгээр хэрэглэж байгаа болох нь тогтоогджээ.
9.3 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг дахь улсын байцаагч Б-ийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай албан бичигт “... хүсэлтийн дагуу миний бие 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хөндлөнгийн хяналт тавьж ажилласан болно. “Эгнэшгүй-Их” ХХК-аас зохион байгуулсан “Хийморьтой-20” сугалааны шагнал болох “Киа Вонго-3” загварын тээврийн хэрэгслийг 000091 сугалааны дугаартай 0000000 утасны дугаартай А овогтой Ө гэх иргэн хожсон болно” гэжээ.
9.4 Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт болох 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар 0000 БӨҮ улсын дугаартай KIA маркийн Bongo моделийн 2006 онд үйлдвэрлэсэн, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр орж ирсэн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь А.Ө болох нь тогтоогджээ.
9.5 Гэрч Е “ С бид хоёр баз болдог ба 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орой би ажлаас гарах гээд байхад эхнэр залгаад Ж сугалаанаас машин хожсон байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаас буугаад орой 19 цагт эхнэр бид хоёр С-ийн гэрт очиж бид хоёр баяр хүргэсэн. Ж-аас хоёр сугалаатай байсан ба тэрний нэгд нь машин тарсан, машин тарсан сугалаа аль 000091 гэсэн дугаартай байсан, Ө гэдэг хүнтэй хамтарч 4 сугалаа авсан байсан, тэгээд надад ирсэн нэг сугалаанд машин тарсан гэж ярьсан ба тэгж байхад Ө эхнэрийн хамт орж ирээд бид хэд ярьж сууж байгаад бид явсан байсан” гэж,
Гэрч Х “С миний хөрш байгаа. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орой Сайлау, Бекболат, Ж, Е, Х нарын хамт Ө-ын гэрт очсон. Тэр гэрт очоод сугалаагаар Ж-т таарсан машиныг яагаад аваад явсан бэ гэж хэлсэн. Ж-т сугалаагаар машин таарсан нь үнэн. Тэгээд бид нар Ө-т Ж-т таарсан машиныг яагаад чи аваад явсан бэ, хүний машиныг өөрт нь өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд Ө зөвшөөрөөд сайн дураараа машиныг С-ийн гэрт хүргэж өгсөн” гэж,
Гэрч Б “С миний хөрш байгаа. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орой бид 7 хүн Ө-ын гэрт очсон, одоо тэдгээр хүмүүсийн нэрийг мартсан байна. Тухайн өдөр би жолоочийн хувьд очсон. Тухайн машин сугалаагаар Ж-т таарсан байсан. Ж өөрөө 0000000 төгрөгийг тоолж өгсөн. Машиныг Ө хүүтэйгээ хамт өөрөө хүргэж өгсөн” гэж,
Гэрч Р “Ө-ын гэрт Ж-т таарсан Вонго-3 маркийн машиныг авахаар хөршүүдтэйгээ хамт очсон. Мөнгөө авчирч машинаа аваартай гэж хэлсэн ба 9140000 төгрөгийг авч очсон. Мөнгийг тоолж байхад бусад хүмүүс гараарай гэж хэлсэн. Тэгээд Ө өөрөө хүүхэдтэйгээ хамт машиныг хүргэж өгсөн” гэж,
Гэрч Г “С миний дүү. Ө-ын гэрт очсон огноог санахгүй байна. С болон түүний хүү, А, Ж, Е нар очоод 9140000 төгрөгийг өгч портер машиныг авч явсан” гэж,
Гэрч С “Ө-ын гэрт сугалаанд таарсан машиныг авахаар Х, Г, Б зэрэг 7 хүн очсон. Тухайн сугалаанд таарсан машины татварын мөнгө гэж 4500000 төгрөг өгсөн” тус тус мэдүүлжээ.
10.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч нар нь эс зөвшөөрч маргажээ.
11.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ө нь “Эгнэшгүй-Их” ХХК-аас зохион байгуулсан хонжворт сугалаанд оролцож, азын тохирлын дагуу “Киа Вонго-3” загварын тээврийн хэрэгсэл хожсон байх ба сугалаа зохион байгуулагчаас хонжворт таарсан “Киа Вонго-3” загварын тээврийн хэрэгслийг Ө-т хүлээлгэн өгч шилжүүлсэн, уг эд хөрөнгийг нэхэмжлэгч хүлээж авах үед зохих журмын дагуу тээврийн хэрэгслийн үнийн дүнд ноогдох татварыг төлж хүлээн авсан, авто тээврийн хэрэгслийг бүртгэх байгууллагад бүртгүүлж, улсын дугаар авснаар түүнд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байна. Нэхэмжлэгч Ө нь өөрийн өмчлөлийн зүйл болох 0000 БӨҮ улсын дугаартай KIA маркийн Bongo моделийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн тухай шууд нотлох баримтгүй байх ба хариуцагч С, Ж нарыг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч талаас сугалааны хонжвор болох 0000 БӨҮ улсын дугаартай KIA маркийн Bongo моделийн тээврийн хэрэгсэл бодит байдал дээр Ж-ын гарт байсан сугалааны тасалбарт таарсан гэж тайлбарлаж байгаа боловч сугалаа зохион байгуулсан “Эгнэшгүй-Их” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай өмгөөлөгч С-д хаягласан Тоотын хариу хүргүүлэх тухай албан бичиг болон түүнд хавсаргаж ирүүлсэн баримтуудыг няцаахгүй болно.
12.Гэрчүүдээс сугалааны хонжвор Ж-т таарсан гэж мэдүүлж байгаа боловч тухайн гэрчүүд нь С, Ж нарын хэлж байсныг нотолж байгаа болохоос хариуцагч нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг *******сгэж байгаа үндэслэлд дурдсан маргаантай байгаа үйл баримтын талаар үзсэн, харсан зүйлээ нотлон ярьж байгаа гэж үзэх боломжгүй байна.
13.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Ө болох нь тогтоогдож байх ба өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Киа-Вонго” маркийн 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч С, хамтран хариуцагч Ж нарын хууль бус эзэмшлээс гаруулж нэхэмжлэгч Ө-т олгох нь зүйтэй гэж үзлээ.
14.Нэхэмжлэгч Ө-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С, Ж нараас 267950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Киа-Вонго” маркийн 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч С, хамтран хариуцагч Ж нарын хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Ө-т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С, Ж нараас 267950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК