Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 87

 

Л.А-ийн нэхэмжлэлтэй, Авлигатай тэмцэх газрын

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Танхимын тэргүүн М.Батсуурь,

Шүүгчид:                   Л.Атарцэцэг,

                                  Г.Банзрагч,

                                  Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:         Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 дугаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0696 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0840 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бт-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0696 дугаар шийдвэрээр: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг тус тус баримтлан Л.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 дугаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0840 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0696 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.А-ийн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 05/890 дугаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4. Учир нь, Л.А-ийн зүгээс ямар нэг сахилгын шийтгэл хүлээх зөрчил гаргаагүй гэдгээ илэрхийлж холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хэрэв маргаж буй захиргааны актад дурдсан зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэж зааснаар сахилгын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Л.А-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатарын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 дугаартай “Хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” захиргааны акт гарсан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг алдагдуулсан төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол улсын иргэд баталгаатай эдлэх ёстой иргэн Л.А-ийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах үндсэн эрхийг ноцтой зөрчсөн. Шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй гэж үзэж байна.

5. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангах зорилт бүхий Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Захиргааны ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэсэн зохицуулалтаас үзэхэд Төрийн албаны тухай хууль тус хуулийн бүрэлдэхүүнд багтаж байгаа нь харагдаж байна.

6. Авлигатай тэмцэх газраас маргаж буй 05/890 дугаартай захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан Сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй, иргэнээс гомдол мэдээлэл ирсэн гэх ба энэ гомдол мэдээллийн агуулгыг Л.А-д танилцуулж холбогдох тайлбар баримтуудыг гаргаж өгөх бололцоогоор хангалгүй шууд ажлаас нь халахаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон байна.

7. Бидний зүгээс магадлалд дурдсанчлан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26-р зүйлийн 26.1, 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ дагуу Авлигатай тэмцэх газраас уг хяналт, шалгалтыг явуулсан гэдэгтэй маргаагүй. Харин уг хяналт шалгалтыг явуулахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй /Захиргааны ерөнхий хуулийн 26, 27/, холбогдох хуулиудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтад үндэслээгүй, зөвхөн гомдол гаргасан гэх иргэний хүсэл сонирхолд хөтлөгдөн алдаатай дүгнэлт хийж хуульд заасан үндэслэл байхгүй байхад иргэн Л.А-ийн эрх ашигт халдсан гэж үзэж байна.

8. Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.” гэж тодорхойлоод 18 дугаар зүйлд Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, бүрэн эрхийг хуульчилж өгсөн. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд Авлигатай тэмцэх газар нь аливаа байгууллага, албан тушаалтны өдөр тутмын үйл ажиллагаанд хутгалдан оролцох, гаргах шийдвэрийг нь шууд тулган заах эрхгүй байна.

9. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэсэн хуулийн зохицуулалттай байтал Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатарын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 дугаартай “Хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” захиргааны актаар ямар ч сонголтгүйгээр тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т зааснаар Л.А-ийг нийтийн албанаас халахыг Архангай аймгийн Засаг дарга Ц.М-д үүрэг болгосон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

10. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0840 дүгээр магадлалыг хүчингүй болгож, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ: 

11. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгч Л.А нь Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 дугаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, давж заалдах шатны шүүхээс уг захиргааны акт нь илт хууль бус захиргааны актын, ялангуяа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжийг агуулаагүй, хариуцагч албан тушаалтан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан захиргааны акт гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

13. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан шинжийг агуулах бөгөөд мөн зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол илт хууль бус захиргааны акт болохоор хуульчилжээ.

14. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 28.1.2-т зааснаар Авлигатай тэмцэх газар нь мөн хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад, тухайлбал хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавих, иргэний өргөдөл, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулах эрх хэмжээтэй, энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь иргэний мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулж, Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга Л.А-ийн өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Б-тай холбоотой шийдвэр гаргахдаа хуулиар хориглосон хязгаарлалтыг зөрчсөн, садан төрөл болох Ж.Б, түүний эхнэр С.М нарыг өөрийн шууд удирдлагад томилж зөрчил гаргасныг тогтоож, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 тоот албан бичгийг үйлдсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

15. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Л.А сумын Засаг даргаар ажиллах хугацаандаа 2013 оны Б/02 дугаар захирамжаар эхнэр Б.Б-ыг хөгжмийн багшаар хавсран ажиллуулж, багшийн үндсэн цалингийн 40 хувиар цалинжуулах, мөн Б/27 дугаар захирамжаар дугуйлангийн сурагчид уралдаанд амжилттай оролцсон гэсэн үндэслэлээр цалингийн 40 хувийн нэмэгдэл, 2014 оны Б/02 дугаар захирамжаар үр дүнгийн гэрээг хангалттай сайн биелүүлсэн үндэслэлээр 1 сарын үндсэн цалингийн 40 хувийн урамшуулал олгохоор тус тус шийдвэрлэхдээ хуульд заасан мэдэгдэл гаргах үүргээ хэрэгжүүлээгүй, мөн Авлигатай тэмцэх газраас Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Ж.Б-н хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/7309 тоот албан бичгээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн талаар мэдэгдсэн байхад түүнийг томилсон, мөн эхнэр С.М-ийг нь Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсвийн ерөнхий нягтлан бодогч буюу санхүүгийн албаны даргаар томилж хууль зөрчсөн байдлууд тогтоогджээ. 

16. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг; 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг тус тус ойлгохоор заасан бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын иргэний бүртгэлийн лавлагаагаар Ж.Б нь нэхэмжлэгч Л.А-ийн эхнэр Б.Б-ын үеэл буюу садангийн хүн байна.

17. Нэхэмжлэгч Л.А-ийн эхнэр Б.Б нь Соёлын төвийн эрхлэгчээр 2013, 2014 онд ажиллахдаа “нөхөр сумын Засаг дарга болсон” гэж ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэн зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргасныг нэхэмжлэгчийг хуулийн дагуу мэдэгдэл, тайлбар гаргасан гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгчээс, өөрийн эхнэр Б.Б-тай холбоотой гаргасан Б/27, Б/02 тоот захирамжуудыг А/55 дугаар захирамжаар хүчингүй болгосон, захирамжид заасан нэмэгдэл, урамшууллыг аваагүй, авсныгаа буцаан суутгуулсан, Ж.Б, С.М нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зэргээр “зөрчил үгүй болсон” гэж тайлбарлаж буй боловч эдгээр нь нэхэмжлэгчийг хуульд заасан зөрчлийг гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

18. Иймээс хариуцагчийн “нэхэмжлэгч Л.А нь өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Б-тай холбоотой шийдвэр гаргахдаа хуулиар хориглосон хязгаарлалтыг зөрчсөн, садан төрлийн Ж.Б, түүний эхнэр С.М нарыг өөрийн шууд удирдлагад томилон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг зөрчин, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг үүсгэсэн гэж дүгнэн, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулах”-аар хүргүүлсэн 05/890 дугаар захиргааны акт хууль зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

19. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар сахилгын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад Л.А-д сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй” гэсэн хяналтын гомдол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Төрийн албаны тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, ...” гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарах бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ. Иймд тухайн маргаанд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хамаарах боловч нэхэмжлэгч Л.А-ийн гаргасан зөрчлүүд нь удаа дараагийн, үргэлжилсэн шинжтэй учир сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

20. Мөн нэхэмжлэгч Л.А-ээс Б.Бт-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан төлөөлөгчийн бүрэн эрх, 20 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн бүх эрх, үүргийг хэрэгжүүлэхээр 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр итгэмжлэл олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содбаярын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д заасан “нэхэмжлэлд гарын үсэг зурах” тусгайлан заасан эрхийг Б.Бт-д олгоогүй” гэх гомдол үндэслэлгүй байна.  

21. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2017/0840 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      М.БАТСУУРЬ

                                 ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА