Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 696

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: Л.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагч: Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Х*******ын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 дугаартай “Хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, П.Оюг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэл болон мэдүүлэгтээ: Л.А  нь анх 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/92 дугаартай Архангай аймгийн Засаг дарга Д.Бийн захирамжаар Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргаар томилогдсон. 2016 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль болж 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Архангай аймгийн Өгийнуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн анхдугаар хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдөөс 11 хүний буюу 52,38 хувийн санал авч Өгийнуур сумын Засаг даргаар томилуулахаар Архангай аймгийн Засаг даргад уламжлахаар болсон. Энэ хурлын шийдвэрийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаартай Архангай аймгийн Өгийнуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Л.А ийг Өгийнуур сумын Засаг даргаар томилуулахаар Архангай аймгийн Засаг дарга Ц.Мө уламжилсан боловч өнөөдрийг хүртэл Л.А ийг Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргаар томилоогүй байна.

Учир нь Авлигтай тэмцэх газарт иргэний гомдол, мэдээлэл ирсний дагуу хяналт шалгалт явуулсан гэх ба энэ хяналт, шалгалтын үр дүнд Авлигтай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Х*******ын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 дугаартай “Хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичиг Архангай аймгийн Засаг дарга Ц.Мд очсон байна.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь иргэний гомдол мэдээлэл ирсэн талаар Өгийнуур сумын засаг дарга Л.А д мэдэгдэж өөрөөс нь ямар нэг тайлбар, баримт гаргуулалгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т зааснаар Л.А ийг шууд ажлаас нь халахаар Архангай аймгийн Засаг дарга Ц.Мд даалгасан байна.

Энэ байдлыг эс зөвшөөрч Өгийнуур сумын Засаг дарга Л.А  2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 46 тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Х*******т тайлбар, хүсэлтээ хүргүүлсэн боловч 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05/2813 дугаартай албан бичгээр татгалзсан хариу өгсөн байна.

Л.А ийн зүгээс Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Х******* өөрийг нь ажлаасаа халагдахуйц зөрчил гаргасан гэж дүгнэснийг эс зөвшөөрч Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Э*******д 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гаргасан боловч Авлигатай тэмцэх газрын тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Б 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03/3763 дугаартай албан бичгээр татгалзсан хариу өгснийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан байна.

Авлигатай тэмцэх газраас Архангай аймгийн Засаг даргад ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05/2813 дугаартай албан бичгүүдэд Өгийнуур сумын Засаг дарга Л.А ийг доорх зөрчлүүдийг гаргасан гэж үзжээ. Үүнд:

1. Өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Б-ад 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалтай хөгжмийн багшийн үүргийг хавсран гүйцэтгүүлж, хавсран гүйцэтгэсэн хугацаанд ТҮСУ-4-1 буюу хөгжмийн багшийн үндсэн цалингийн 40 хувиар нэмэгдэл олгосон.

2. 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар үндсэн цалингийн 40 хувиар нэмэгдэл олгосон.

3. 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 тушаалаар үр дүнгийн гэрээгээ хангалттай биелүүлж “А” үнэлгээ авсан гэх үндэслэлээр 1 сарын үндсэн цалингийн 40 хувиар тус тус тооцож урамшуулал олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг зөрчсөн.

4. Өөрийн садан төрөл болох Ж.Бг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон.

5. Ж.Б*******гийн эхнэр С.Мийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсвийн Ерөнхий нягтлан бодогч буюу санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өөрийн шууд удирдлаганд томилон ажиллуулж байгаа нь дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “Олон нийтийн зүгээс ашиг сонирхолын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг” үүсгэсэн.

6. Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга Л.А  нь гадаадын иргэнд удаан хугацаагаар газар эзэмшүүлсэн, эхнэр, төрөл, садандаа ажилд томилсон ашиг сонирхолын зөрчилтэй. 

Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн хариуцлага тооцох тухай дурьджээ.

Дээрх зөрчил гэж дурьдсан асуудлуудын талаар авч үзвэл:

1. Соёлын төвийн эрхлэгч Б.Бтай холбогдуулан гарсан 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 захирамж нь хөгжмийн багшийн ажлыг хавсран гүйцэтгүүлж, хөгжмийн багшийн үндсэн цалингийн 40 хувийн тооцож цалин олгох гэсэн боловч нэг ч удаа хавсран ажилласан 40 хувийн цалин авч байгаагүй, энэ Б/02 тоот захирамжийг 2013 оны 06 дугаар сарын 19 өдрийн а/55 дугаартай захирамжаар хүчингүй болгосон. 2013 оны ажилчдын цалингийн цэснээс харах боломжтой.

2. Соёлын төвийн эрхлэгч Б.Б*******тай холбогдуулан гарсан 2013 оны 04 сарын 24-ны өдрийн б/27 захирамж нь ажлын үр дүнг тооцож үндсэн цалингийн 40 хувийн урамшуулал олгохоор захирамжилсан байсан. Үүний дагуу үндсэн цалингийн /502457/ 40 хувь болох 200983 төгрөгийг 4 дүгээр сарын цалин дээр нэмэгдүүлэн авсан байгаа, б/27 дугаартай захирамжийг 2013  оны 06 дугаар сарын 19 өдрийн а/55 дугаартай захирамжаар хүчингүй болгосон учир 7 сард бодогдсон цалингаас нь буцаан суутгуулсан байна. 2013 оны ажилчдын цалингийн цэснээс харах боломжтой. Мөн цалингийн санд суутгагдан үлдсэн 200983 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр татварын хэлтэст шилжүүлсэн байна.

3. 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 тушаалаар үр дүнгийн гэрээгээ хангалттай биелүүлж “А” үнэлгээ авсан гэх үндэслэлээр 1 сарын үндсэн цалингийн 40 хувиар урамшуулал олгосон гэсэн нь үр дүнгийн гэрээгээ хангалттай сайн биелүүлж “А” үнэлгээ авсаныг дурьдсан боловч үндсэн цалингийн 40 хувийн урамшуулал авахаар захирамжлаагүй болно. Захирамж, цалингийн цэснээс харах боломжтой. 

4. Албан бичигт дурьдагдсан Ж.Бй болон түүний эхнэр С.М нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээд, 3.1.6-д заасан нэгдмэл сонирхолтой этгээд, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн огт биш юм. Ж.Бг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргаар томилж, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/04 дугаартай захирамжаар Тамгын газрын даргын ажлаас чөлөөлсөн. Ж.Б******* нь Засаг даргын тамгын газрын дарга Д.Трын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Байгаль орчин хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаа.

5. С.М нь Санхүүгийн албаны даргаар ажиллах шалгуур үзүүлэлтийг хангаж байсан, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мтай зөвшилцөж 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсвийн Ерөнхий нягтлан бодогч буюу санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр томилогдсон байсан. С.М нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн б/03 дугаартай захирамжаар Санхүүгийн албаны даргын ажлаас чөлөөлөгдсөн. Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн б/06 дугаар тушаалаар боловсрол хариуцсан нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаа.

Б.Ба анх 1999 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Өгийнуур сумын Засаг дарга Б.Нгийн 17 тоот захирамжаар соёлын төвийн эрхлэгчээр томилогдсон байдаг.

“Ногоон ази” ТББ-т 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/91 дугаартай захирамжаар газар ашиглуулах эрх олгосон. “Н и” ТББ нь цөлжилт, элсний нүүдлийг зогсоох зорилгоор мод тарьж ойн зурвас байгуулдаг, энэ ажилдаа орон нутгийн ажилгүй, амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой иргэдийг татан оролцуулж ажлын байраар хангадаг нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага тул Өгийнуур сумын Засаг даргын энэ шийдвэр нь нутаг орны байгаль экологид ээлтэй төдийгүй орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжсэн, Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан зөв шийдвэр байсан.

Л.А ийг Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын албан үүргээс чөлөөлөх үндэслэл болсон гэх эдгээр зөрчил гэж үзсэн зүйлүүд нь хууль зүйн үндэслэлгүй, үнэн бодит байдалд нийцээгүй, Авлигатай тэмцэх газраас зөвхөн нэг талыг барин буруу дүгнэлт хийсэн.

Нөгөө талаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн хариуцлага тооцох тухай дурьдсан нь Л.А ийг сахилгын зөрчил гаргасан гэж үзжээ.

1. Л.А  нь ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй, албан үүргээ хэвийн гүйцэтгэж Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангаж ажилласан.

2. Хэрэв дээрх үйлдлүүдийг сахилгын зөрчил гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл гогдуулж болохгүй”, гэж зааснаар сахилгын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Х*******ын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 дугаартай “Хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” захиргааны акт нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй, холбогдох хуулиудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтад үндэслээгүй, зөвхөн гомдол гаргасан гэх иргэний хүсэл сонирхолд хөтлөгдсөн алдаатай дүгнэлт хийсэн, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг алдагдуулсан төдийгүй Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэнд баталгаатай эдлэх ёстой иргэн Л.А ийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах үндсэн эрхийг ноцтой зөрчсөн.

Авлигтай тэмцэх газраас дээрх 05/890 дугаартай шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй буюу өөрөөр хэлбэл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд болох Л.Аээс санал, тайлбар авалгүй шууд ажлаас нь халахаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон байна.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Х*******ын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 дугаартай “Хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг нь тогтоон иргэн Л.А ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Авлигатай тэмцэх газарт иргэнээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Архангай амйгийн Өгийнуур сумын Засаг дарга Л.А  нь гадаадын иргэнд удаан хугацаагаар газар эзэмшүүлсэн, эхнэр, төрөл саднаа ажилд томилсон ашиг сонирхолын зөрчилтэй асуудлыг шалгуулах тухай” өргөдөл ирүүлснийг Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн хяналт шалгалт явуулахад дараахь нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

1.Эхнэр Б.Бтай холбоотой захиргааны акт гаргасан үйлдлийн тухай:

Л.А ийн эхнэр Б.Б нь Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга Б.Н*******гийн 1999 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тушаалаар Соёлын төвийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан.

Л.А  нь тус сумын Засаг даргаар ажиллах хугацаандаа 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар эхнэр Б.Быг “2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн мэргэжлийн хөгжмийн багштай болтол түр хугацаагаар ажил хавсран гүйцэтгүүлж, ажил хавсран гүйцэтгэсэн хугацаанд ТҮСУ-4-1 буюу хөгжмийн багшийн үндсэн цалингийн 40 хувиар тооцож цалинжуулах тухай”, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар “Соёлын төвийн эрхлэгч эхнэр Б.Бд бүжгийн дугуйлангийн сурагчдын хамт “Өвлөн бүжицгээе” уралдаанд амжилттай оролцож аймагт 1 дүгээр байр эзлэн улсын уралдаанд оролцон тусгай байр эзэлсэн тул үндсэн цалинг 40 хувиар тооцож урамшуулал олгох тухай” захиргааны актыг тус тус гаргасан байдаг.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг.

Гэтэл Л.А  нь өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Б*******тай холбогдох дээрх захиргааны актуудыг гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх оролцохын өмнө тус бүр ашиг сонирхолын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, 8.2 дахь хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхолын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу холбогдох арга хэмжээг аваагүй, мэдэгдэл, тайлбараа эрх бүхий албан тушаалтанд гаргаагүй байна.

Дээрх зөрчлийн талаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга, “эрх бүхий албан тушаалтан С.Пгээс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 99339777 дугаарын утсаар тодруулахад Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга Л.А  нь эхнэр Б.Бтай холбоотой шийдвэр гаргахдаа мэдэгдэл, тайлбар гаргаж байгаагүй, тухайн үед аймгийн Засаг даргаар  ажиллаж байсан Б.ийн зүгээс “...Ад хандан эхнэр нөхөр 2 нэг дор удирдах албан тушаал хашиж нэг нь нөгөөдөө шууд захирагдаж байгаа нь ашиг сонирхолын зөрчил үүсгэж байх тул зохих арга хэмжээ авах талаар түүнд үүрэг чиглэл өгч байсан боловч хэрэгжүүлээгүй, түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу аймгийн Засаг дарга Л.А д ашиг сонирхолын зөрчил үүссэн талаар мэдэгдэл, тайлбар гаргаж өгөөгүй, 2015 онд эхнэр Б.Бтай холбоотой захиргааны акт гаргахдаа мэдэгдэл, тайлбар гаргасан боловч түүнийг Эрх бүхий албан тушаалтнаас шийдвэрлээгүй, бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зураагүй гэж тайлбарласан. Мөн 2013, 2014, 2015 онд мэдүүлгийн цахим бүртгэлийн санд, эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэл, тайлбар гаргаж бүртгүүлж шийдвэрлүүлсэн мэдэгдэл бүртгэгдээгүй болно.

Харин нэхэмжлэгч Л.А ээс эхнэр Б.Бтай холбогдсон шийдвэр гаргахдаа хуульд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж шийдвэрлүүлсэн мэтээр нэхэмжлэлд дурдсан байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан Л.А ийн бичсэн гэх “Ашиг сонирхолын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл” нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байх бөгөөд хяналт шалгалтын явцад дээрх мэдэгдэл тайлбарыг тус газарт нотлох баримтуудын хамт ирүүлээгүй, уг мэдэгдэл нь дээд шатны албан тушаалтнаас шийдвэрлэсэн ямар ч тэмдэглэгээ, гарын үсэг байхгүй, Эрх бүхий албан тушаалтны бүртгэлийн дэвтэрт хүлээлгэн өгсөн байх боловч хүлээлгэн өгсөн гарын үсэг байхгүй байгаа нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

Харин Б.Бын гаргасан гэх “Ашиг сонирхолын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл” /нөхөр сумын Засаг дарга болгосон” гэж бичсэн/ нь уг асуудалд хамааралгүй бөгөөд харин хамаарал бүхий этгээдийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргаж байгаа буюу Б.Батай холбоотой шийдвэр гаргасан албан тушаалтан болох Л.А  нь мэдэгдэл, тайлбар гаргах үүрэгтэйгээс бус Б.Бын мэдэгдэл гаргаснаар хууль хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

2. Ж.г ажилд томилсон шийдвэрийн тухай:

Тус аймгийн Өгийнуур сумын Засаг дарга Л.А  2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтэн /ТЗ-3/ Ж.Бд Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтай нь хавсран гүйцэтгүүлэх” тухай Б/14 дүгээр захирамж гаргасан байдаг.

Өгийнуур сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Багийн Хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг хянуулах” тухай 229 дугаар албан бичиг ирүүлснийг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хянаад 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 05/7694 дүгээр албан бичгээр “Ж.Баг уг албан тушаалд томилоход Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 буюу “хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын нэгжид хамт ажиллахыг хориглоно” гэх заалт зөрчигдөх, мөн тухайн ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагад заасан “нийгмийн болон төрийн удирдлагын мэргэжилтэй, төрийн захиргааны удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх гэсэн шалгуурыг Ж.Б хангаагүй тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх” талаар анхааруулсан.

Гэтэл Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ хүрээнд хүргүүлсэн дээрх шаардлагыг биелүүлэлгүйгээр Ж.Б*******г 2016 оны 10 дугаар сарын 14-ний б/06 дугаар захирамжаар Өгийнуур сумын ЗДТГ-ын даргаар жинхлэн томилсон.

Улмаар Ж.Бань Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон өдрөө буюу 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эхнэр С.М Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай Б/15 дугаар тушаал гаргасан, Өгийнуур сумын Засаг дарга /Л.А / 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсвийн Ерөнхий нягтлан бодогч буюу Санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг.

С.Мийг тухайн албан тушаалд томилсныхоо дараа түүний хувийн ашиг сонирхолын урьдчилан мэдүүлгийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 130 дугаар албан бичгээр Авлигтай тэмцэх газарт Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлснийг хүлээн авч хянан үзээд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 05/7309 дугаартай албан бичгээр С.М нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй талаар анхааруулсан бөгөөд дээрх шаардлага шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа талаар анхааруулсан.

Дээрх шаардлагыг хангахгүй байгаа этгээдийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгосон.

Түүнчлэн Өгийнуур сумын Засаг дарга Л.А  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай / хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно”, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-т “хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахыг хориглоно” гэж заасан, мөн Авлигатай тэмцэх газраас удаа дараа хүргүүлсэн албан бичгүүдэд заасныг зөрчиж Ж.Б*******, С.М нарыг дээрх байдлаар ажиллах нөхцлийг бий болгосон.

Ж.Бйн 2017 оны 01 дүгээр сарын 03, 06, 08-ны өдрүүдэд 98114191 дугаарын утсанд холбогдон тус сумын Засаг дарга Л.А тэй ямар хамааралтай болохыг тодруулахад”...түүний эхнэр Б.Б бид 2 нь төрсөн ах дүүсийн хүүхэд нь үнэн өөрөөр хэлбэл Б-ын Б нь миний ээж Цэн төрсөн ах юм” гэж тайлбарласнаар Л.А тэй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “хамаарал бүхий этгээд” биш боловч түүний эхнэр Б.Бтай Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” ойлгоно гэж заасны дагуу садан төрлийн хамааралтай, мөн тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй байхад өөрийн шууд удирдлагад төсөв санхүүгийн албаны даргаар томилон ажиллуулж байгаа зөрчлийг гаргасан нь Засаг даргын хувьд орон нутагт хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүргээ хэрэгжүүлээгүй хэрэг юм. 

3. Иргэний гомдлыг хянан шалгахдаа Л.А ээс тайлбар тодруулга аваагүй гэх асуудлын тухай:

Л.А ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн, шинжилгээний хэлтэс нь иргэний гомдол мэдээлэл ирсэн талаар тус аймгийн Өгийнуур сумын Засаг дарга Л.А д мэдэгдэж өөрөөс нь ямар нэг тайлбар, баримт гаргуулаагүй шууд ажлаас халахаар Архангай аймгийн Засаг дарга Ц.Мө даалгасан” гэжээ.

Авлигатай тэмцэх газар нь орон нутагт салбар нэгжгүй бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 05/9560 дугаартай “Баримт материал, дэлгэрэнгүй тайлбар ирүүлэх тухай” албан бичгийг Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга Л.А д хүргүүлсэн. Энэ дагуу Л.А  2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр “Тайлбар хүргүүлэх тухай” хавсралт 33 хуудас бүхий албан бичгийг тус газарт ирүүлсэн.

Мөн Л.А тэй 2017 оны 01 дүгээр сарын 04, 06, 09-ний өдөр дугаарын утсанд холбогдож гомдол мэдээлэлд дурдсан асуудлын талаар танилцуулж тайлбар, тодруулга авч байсан. Л.А  эхнэр Б.Бын хамт тус газарт өөрийн биеэр тайлбар өгч байсан болно.

Л.А ийн ирүүлсэн тайлбар, хавсаргасан баримтуудыг үндэслэн дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан гэж үзэх хангалттай нөхцөл байдалд тогтоогдсон тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн.

Л.А  нэхэмжлэлд “Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсох ажиллагааг явуулаагүй” гэжээ.

Тус газраас Архангай аймгийн Засаг дарга Ц.Мд хүргүүлсэн 2017 оны 1 дүгээр сарын 24-ны “Хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилт хангуулах тухай” 05/890 дугаартай албан бичиг нь Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан “Авлигтай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсын шаардлага...” бөгөөд шууд захирамжилсан шинжтэй захиргааны акт бус тул дээрх хуулийн зохицуулалтад хамааралгүй бөгөөд Л.А ийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч нь шийдвэр гаргах албан тушаалтан буюу Архангай аймгийн Засаг дарга байна.

Мөн Л.А ийн нэхэмжлэлд “Л.А  нь ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй, хэрвээ дээрх үйлдлүүдийг сахилгын зөрчил гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл нь “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах” тухай зохицуулалтыг тусгасан ба Сумын Засаг даргын албан тушаал нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар төрийн улс төрийн албан тушаал тул энэ заалт хамааралгүй болно.

Харин Нийтийн албан тушаалтантай холбогдох асуудлыг Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан буюу зөрчлийн хэм хэмжээнээс нь шалтгаалан сахилгын арга хэмжээ авахаар хуульчилсан болно.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үзэл баримтлал нь нийтийн албан тушаалтныг сонирхлын зөрчилтэй албан тушаалтнаар тухайн албан үүргийг гүйцэтгүүлэхгүй байх, хувийн сонирхлын дагуу албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж болзошгүй тохиолдолд түүний бүрэн эрх, үйл ажиллагааг хянаж, хязгаарлах талаар зохицуулсан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэлгүй болно.

Тус газрын хяналт шалгалтаар албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлэх, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль бус шийдвэр гаргах, бусдад болон өөртөө давуу байдал олгох зэрэг авлига, ашиг сонирхлын зөрчил гаргах асуудал нилээдгүй тогтоогддог бөгөөд уг зөрчилд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухай харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай тусгайлан нарийвчлан зохицуулсан хуулийн дагуу хариуцлага тооцуулан ажиллаж байна.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах, зөрчлийг давтан гаргахгүй байх, зөрчил гаргасан албан тушаалтанд Сахилгын хариуцлага тооцуулахаар тус газраас хуулийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байгаа нь албан тушаалтнуудыг авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал механизм болдог.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.А ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Л.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анх Архангай аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Б/92 дугаар захирамжаар Л.А ийг Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргаар томилсон байна. 

Орон нутгийн сонгууль  2016 оны 10 сард болж 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Архангай аймгийн Өгийнуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн анхдугаар хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдөөс 52,38 хувийн саналаар Л.А ийг  Өгийнуур сумын Засаг даргаар томилуулахаар Архангай аймгийн Засаг даргад уламжилхаар болж энэ хурлын шийдвэрийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар Архангай аймгийн Өгийнуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Л.А ийг Өгийнуур сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Аймгийн Засаг даргаас Авлигтай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 дугаартай “Хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” албан бичиг ирснийг Л.А д танилцуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “дээрх албан бичигт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т зааснаар Л.А ийг шууд ажлаас нь халахаар Архангай аймгийн Засаг дарга Ц.Мд даалгасан захиргааны акт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, холбогдох хуулиудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтанд үндэслээгүй, зөвхөн иргэнээс гомдол гаргасан гэх иргэний хүсэл сонирхолд хөтлөгдөн алдаатай дүгнэлт хийсэн, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг алдагдуулсан төдийгүй Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэнд баталгаатай эдлэх ёстой иргэний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах үндсэн эрхийг ноцтой зөрчсөн. Түүнчилэн Авлигатай тэмцэх газраас дээрх 05/890 дугаартай шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй буюу өөрөөр хэлбэл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөдөгдөж болзошгүй этгээдэд болох Л.Аээс санал, тайлбар авалгүй шууд ажлаас нь халахаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон, Л.А  нь саяхан Өгийнуур сумын засаг даргаар томилогдсон  хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэсний дагуу бид нэхэмжлэлээ дэмжиж байгаа учир нь зөрчигдөөд байгаа болон ирээдүйд зөрчигдөж болзошгүй эрхээ шүүхийн шийдвэрээр хамгаалуулж, нөхөн сэргээлгэх үүднээс нэхэмжлэл гаргасан мөн дээрх албан бичгээс болж Архангай аймгийн засаг дарга Л.А ийг Өгийнуур сумын засаг даргаар томилоогүй” гэх тайлбар хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.  

 Хариуцагчийн “Л.А  нь тус сумын Засаг даргаар ажиллах хугацаандаа 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар эхнэр Б.Быг 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн мэргэжлийн хөгжмийн багштай болтол түр хугацаагаар ажил хавсран гүйцэтгүүлж, ажил хавсран гүйцэтгэх хугацаанд хөгжмийн багшийн үндсэн цалинг 40 хувиар тооцож цалинжуулах тухай, 2013 оны 4 сарын 24-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар бүжгийн уралдаанд бүжгийн дугуйлангийн сурагчдын хамт амжилттай оролцож аймагт 1 дүгээр байранд орсон тул үндсэн цалинг 40 хувиар нэмэгдүүлэх тухай, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар Соёлын төвийн эрхлэгч Б.Бд үр дүнгийн гэрээгээ хангалттай сайн биелүүлж “А” үнэлгээ авсан тул 1 сарын үндсэн цалинг 40 хувиар тооцож урамшуулал олгох тухай тус тус захиргааны актыг гаргасан байдаг. 

Дээрх удаа дараагийн үргэлжилсэн шинжтэй Л.А ийн үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн” гэх тайлбарын тухайд:

Архангай аймгийн Өгийнуур сумын засаг даргаар Л.А  томилогдохоос өмнө эхнэр Б.Б нь 1999 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 17 тоот захирамжаар Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон байна. 

 Аймгийн Соёл спорт аялал жуулчлалын газарт мэргэжлийн хөгжмийн багш, бүжгийн багш хэрэгтэй байгаа саналаа хүргүүлэхэд тухайн мэргэжлийн, ур чадвартай боловсон хүчин байхгүйг мэдэгдэж сумын соёлын төвийн эрхлэгч Б.Баыг ажиллуулахыг зөвлөж байсан байна. 

Л.А  нь 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Соёлын төвийн хөгжмийн багшийн ажлыг эрхлэгч Б.Б*******ад 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн мэргэжлийн хөгжмийн багштай болтол түр хавсран гүйцэтгүүлэхээр, багшийн үндсэн цалинг 40 хувиар цалинжуулахаар Б/02 дугаар захирамж болон 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/27 дугаар “Шагнал урамшуулал олгох тухай” захирамжуудыг тус тус гаргасан байдаг бөгөөд дээрх захирамжуудыг Л.А  нь өөрөө хууль тогтоомжид нийцээгүй байна гэж үзэж 2013 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн а/55 дугаар захирамжаар  хүчингүй болгосон байна. 

Мөн дээрх захирамжуудад дурьдсан нэмэгдэл цалин болон урамшууллыг Б.Баваагүй байх бөгөөд Б.Быг 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар үр дүнгийн гэрээгээ хангалттай биелүүлж “А” үнэлгээ авсан гэж дүгнэхдээ ганц Б.Бдыг биш 2-3 хүний үр дүнгийн гэрээг дүгнэж урамшуулал олгохоор захирамж гаргасан болох нь 2013 оны ажилчдын цэс болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар  нотлогдож байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын нийтлэг бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд Л.А  нь  дээрх захирамжуудыг хууль тогтоомжид нийцээгүй байна гэж үзэж өөрөө хүчингүй болгосоныг буруутгах үндэслэлгүй бөгөөд Л.А ийг удаа дараа үргэлжилсэн шинжтэйгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-ийг зөрчсөн гэж шууд буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Л.А  нь Архангай аймгийн Өгийнуур сумын засаг даргаар ажиллаж байхдаа Б.Быг боловсон хүчин дутмаг гэдэг үндэслэлээр дуу хөгжмийн багшийн ажлыг хавсран гүйцэтгэхээр томилсон, чөлөөлсөн,  нэмэгдэл олгосон, урамшуулсан захирамжаа өөрт олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон үйлдэл нь Сумын соёлын төвийн эрхлэгч мэргэжлийн дуу хөгжмийн багштай болтол хавсарч гүйцэтгэхээр томилогдсоноор хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш шударгаар биелүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэрхэн бий болгож байгаа нь ойлгомжгүй байна.

2. Л.А  нь өөрийн садан төрөл болох Ж.Бг  2016 оны 10 дугаар сарын 14-ний б/06 дугаар захирамжаар Өгийнуур сумын ЗДТГ-ын даргаар жинхлэнэ томилсон. Улмаар Ж.Б******* нь томилогдсон өдрөө 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б/15 дугаар захирамжаар өөрийн эхнэр С.Мийг Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлж, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төсвийн Ерөнхий нягтлан бодогч буюу Санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, хуульд зааснаар хувийн ашиг сонирхолын мэдүүлгийг гаргаж өгөөгүй гэх тайлбарын тухайд:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /цаашид Хуулийн гэх/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг”, 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.3-т “ашиг сонирхолын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг”, 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг”, 3.1.7-д “ашгийн төлөө үйл ажиллагаа” гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг” хэлнэ гэж тус тус ойлгохоор заасан. 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг, 3.1.5-д “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ охин, тэдгээрийн хүүхдийг, 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлнэ гэж тус тус зааснаас үзвэл Ж.Б болон түүний эхнэрийг Л.А тэй садан төрлийн холбоотой өөрт хамаарал бүхий хүнийг албан тушаалд томилсон гэж үзэх үндэслэлгүй байна. 

 Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах” үүрэгтэй гэж заасны дагуу Л.А  нь 2012-2013 хооронд сумын Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохоор нэр дэвших үедээ болон 2014, 2015, 2016 тус тус мэдүүлгийг гаргаж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хариуцагч Л.А ийг Нийтийн албанд хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “ашиг сонирхолын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхолын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж буруутгадаг бөгөөд бодит байдал дээр Л.А  нь хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан, ашиг сонирхолын зөрчилтэй гэж ойлгохуйц  нөхцөл үүссэн байна гэж үзэх үндэслэлгүй  бөгөөд нотлогдоогүй байна.

Хариуцагчийн Төрийн албаны тухай хууль үйлчлэхгүй мөн хуулийн 26 дугаар зүйлд сахилгын зөрчлийг хуульчилсан бөгөөд 26.1-т хуульд өөрөөр заагүй бол гэсэн зохицуулалтын дагуу илүү нарийвчилсан хууль болох Нийтийн албанд хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу хариуцлага тооцуулахаар албан бичгийг явуулсан гэх  тайлбарын тухайд: 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангах зорилт бүхий Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Төрийн албыг төрийн улстөрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний алба гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “Бүх шатны засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын орлогчийг” хэлнэ гэж,

 Мөн хуулийн 26 дугаар зүйлд төрийн албан хаагчид ногдуулах сахилгын шийтгэлийг нарийвчлан заасан бөгөөд 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтаны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж нарийвчлан зааж өгсөн байна. 

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийг буруу тайлбарлаж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэж эрх бүхий албан тушаалтанд хуулиар эрх 

олгосон байхад, хариуцагч өөрт олгоогүй эрхийн хүрээнд Л.А ийн зөрчлийг сайтар нягтлан шалгалгүйгээр иргэнээс ирсэн гомдолд үндэслэн шууд ажлаас халахаар тухайлан зааж 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 дугаартай албан бичгийг Архангай аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна. 

Хариуцагчаас “Хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилт хангуулах тухай” 05/890 дугаартай албан бичиг нь шууд захирамжилсан шинжтэй захиргааны акт бус тул дээрх хуулийн зохицуулалтанд хамааралгүй бөгөөд Л.А ийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч нь шийдвэр гаргах албан тушаалтан буюу аймгийн Засаг дарга байна” гэж тайлбарлах боловч албан бичгийн агуулгаас үзэхэд хариуцлага тооцохыг шууд даалгасан нь захирамжилсан шинжийг агуулсан гэж үзэхээр байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар  бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд дээрх албан бичиг нь эрх зүйн үйлчлэлээрээ гадагш чиглэсэн, хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд бусад субъектэд хандан заавал биелэгдэх чанартай, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон захиргааны акт байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт, гэрээ батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тайлбар, санал авах ажиллагааг явуулах талаар зохицуулсан бөгөөд хариуцагч 05/890 тоот захиргааны актыг гаргахдаа дээрх хуулийн заалтыг зөрчсөн болох нь хариуцагч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Мөн хариуцагч шүүх хуралдаан дээр Л.А ийг гадаадын иргэнд удаан хугацаагаар газар эзэмшүүлсэн гэж тайлбарлан буруутгасан тайлбараа дэмжээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр Л.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 дугаартай “Хариуцлага тооцож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.12 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг тус тус баримтлан Л.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05/890 дугаартай захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                            

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ОЮУНГЭРЭЛ